Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/0316/З |
Дугаар | 128/ШШ2023/0903 |
Огноо | 2023-11-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2023/0903
2023 11 28 128/ШШ2023/0903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бодато овогт Санжпэрлээгийн Төмөрчөдөр, РД:ЧН64120766,
Нэхэмжлэгч: Эрдэнэ-Очирын Оюунтуяа, РД:УЮ90100709,
Нэхэмжлэгч: Цоохор овогт Ганхуягийн Жавхлан, РД:ЧТ83051875,
Нэхэмжлэгч: Чойнид овогт Базаргарьдын Цэцэгдарь, РД:УС54042608,
Нэхэмжлэгч: Хонгор адуут овогт Алтанцэцэгийн Эрдэнэцэцэг,
РД:ЦЕ70072261,
Нэхэмжлэгч: Онход овогт Галбаатарын Хулан, РД:ФМ87061403,
Нэхэмжлэгч: Зээрднүүд овогт Мангалсүрэнгийн Мөнх-Эрдэнэ,
РД:ЧЗ71021716,
Нэхэмжлэгч: Баабар овогт Бат-Эрдэнийн Дэлгэрбаяр, РД:ШЗ62081307,
Нэхэмжлэгч: Алтанхан овогт Ичинхорлоогийн Цэрэндулам, РД:ШБ46031001,
Нэхэмжлэгч: Зайсан овогт Батзаяагийн Анударь, РД:УТ91031825,
Нэхэмжлэгч: Олхонууд овогт Дашзэвэгийн Мандалбаяр, РД:ЧА66120711,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Лувсанданзанжанцан нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн хавсралтын 101-д заасныг тус тус хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Баасандэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч нарыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газар эзэмшиж, ашиглаж байгаа тул газар чөлөөлөх” 160115 дугаартай мэдэгдэх хуудас өгсөн.
1.2. Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан байна.
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг буюу уг захирамжийн хавсралтын 101-д “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Этүгэн сургуулиас урагш 85 дугаар байрны урд байрлах, 15 ширхэг бетон гарааш” гэснийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч иргэд нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 85 дугаар байрны урд байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр баригдсан, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 85 г тоот гаражийн өмчлөгч иргэд билээ.
Нэхэмжлэгч нар нь ийнхүү хуулийн дагуу газар эзэмших эрх болон өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр эрхээ хэрэгжүүлэн, гаражаа өмчилж байсан байтал Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн огноотой, №160115 тоот дугаартай, нэр бичигдээгүй иргэнд хандсан, “Мэдэгдэх хуудас”-уудыг нэхэмжлэгч нарын дээрх хаягт байрлах гаражуудын хаалган дээр наасан байна. Уг мэдэгдэлд дурдсанаар “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гараж барьж, газар эзэмшиж ашиглаж байх тул 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдэж байна. Заасан хугацаанд газар чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу дээрх хугацаанд тайлбар, саналаа гаргах эрхтэй ба тайлбар саналаа гаргаагүй нь газар чөлөөлөхөд нөлөөлөхгүй” талаар дурджээ.
Дээр дурдсан хаягт байрлах гаражуудын өмчлөгчид бид 2015-2019 оноос эхлэн өөрсдийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан ба гаражуудын доорх газар анх уг гаражийг барьсан иргэний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй бөгөөд ийнхүү холбогдох бүх гэрчилгээ, зөвшөөрлүүд нь байсаар байтал тэдний эд хөрөнгийг зөвшөөрөлгүй, дур мэдэн барьсан гэж үзэж, чөлөөлөх талаар мэдэгдэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх ба ийнхүү мэдэгдэл хүргүүлэх болсон үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” А/388 дугаар захирамж гарсантай холбоотой үйл ажиллагаа гэх мэдээллийг бидэнд өгсөн ч уг Нийслэлийн Засаг даргын захирамжийг бидэнд одоог хүртэл өгөхгүй байна.
Нэхэмжлэгч нарын зүгээс уг Засаг даргын захирамжийг танилцуулахыг хүсэж, гомдлоо гаргасан боловч дээрх мэдэгдэлд зааснаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө албан ёсоор бидэнд танилцуулахгүйгээр, хүч түрэн өмчлөх эрхэд нь халдах эрсдэлтэй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Маргаж байгаа Нийслэлийн Засаг даргын уг захирамж гарсан талаар нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаражуудын хаалган дээр мэдэгдэл наасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагууд дээр биеэр очиж уулзаж байж мэдсэн болно.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар гомдол гаргах, мөн бидний гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага гэж байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Түүнчлэн бидний ойлгож байгаагаар уг захирамж нь нэгдүгээрт нийтийн эзэмшлийн гудамж талбайд, хоёрдугаарт зөвшөөрөлгүйгээр барьсан гаражуудыг буулгах арга хэмжээ авахаар шийдвэр гарсан байхад бидний гаражуудын хувьд холбогдох газрын гэрчилгээ, өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүд рүү маань ийнхүү халдаж, буулгах талаар мэдэгдэж байгаа нь дээрх захиргааны актын агуулга, зорилгод нийцэхгүй, мөн уг Засаг даргын захирамж нь шууд нэхэмжлэгч нарт чиглээгүй боловч нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, тодорхой хууль зүйн үр дагаврыг үүсгэж байна.
Иймээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” А/388 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ мөн хуулийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч нарын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу уг захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бодитой эрсдэл үүсээд байгаа тул зөрчигдөж болзошгүй өмчлөх эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлээ тус шүүхэд гаргаж байна.
Бидний зүгээс харж байгаагаар төр нэг гараараа бидний өмчлөх эрхийг баталгаажуулж өгчихөөд, буцаагаад нөгөө гараараа өмч хөрөнгийг маань нурааж, бусниулж байгаатай адил байх ба энэ нь олон хууль, журмыг ноцтой зөрчиж, бидний өмчлөх эрхэд хууль бусаар халдах оролдлого гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улс бол хувийн өмчийг хуулиар хамгаалдаг улсын гэж бидний зүгээс ойлгож байгаа бөгөөд энэ ч утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” 3/хөдпөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж тус тус заажээ. Гэтэл газрын албанаас Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх нэрийдлээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн гаражуудыг нурааж, албадан чөлөөлөх талаар ийнхүү мэдэгдэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтууд ноцтой зөрчигдөхөд хүргэж байна.
Мөн дээрх хуульд зааснаар бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн төр өөртөө авахаар шийдвэр гаргасан бол Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудад болон Газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам”-д тус тус заасны дагуу өмчийн эзэдтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр, олгох нөхөн олговор буюу гаражуудын үнийг төлсний үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай байсан. Гэхдээ уг гаражуудын өмчлөгчид бид ямар ч тохиолдолд өөрсдийн хувийн өмчлөлийн эд хөрөнгөө буулгуулах, нөхөн олговор авах хүсэлгүй, өмчлөх эрхээ үргэлжлүүлэн эдлэх, цаашлаад үр хүүхдүүддээ өвчлүүлэн үлдээх сонирхолтой байгаа ба бидний өмчлөлийн гражууд нь нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомжийн талбай гэх зэрэг бусдын эрхийг аливаа хэлбэрээр хязгаарласан зүйл байхгүй билээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын хувьд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гудамж, 85 дугаар байрны урд байрлах 85 г авто гаражнуудыг хууль ёсны дагуу өмчилдөг иргэд байгаа. Уг иргэд өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчилж байх үед Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр №160115 дугаартай мэдэгдэх хуудсыг тухайн гаражнуудад наасан байсан. Уг мэдэгдэлд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт тус тус зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гараж барьж, газар эзэмшиж ашиглаж байх тул 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдэж байна гэсэн агуулгатай байсан. Нэхэмжлэгч нарын хувьд уг гаражнуудыг 2015-2019 оноос эхлэн өөрсдийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан байгаа.
Өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгэлтэй өмчилж байгаа. Уг мэдэгдэх хуудас нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийг буюу маргаан бүхий актыг үндэслэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс ойлгож байгаа. Учир нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаартай захирамж нь тухайн үед өөрчлөгдөж гараагүй байсан учраас уг акттай холбоотой гэж үзэж байгаа. Маргаан бүхий актад дурдсанаар нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр баригдсан гаражнуудыг буулгах арга хэмжээ авах гэж байгаа юм байна гэсэн агуулга харагдаж байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг агуулга, зорилгод нийцэхгүй, бодит нөхцөл байдалд тохирохгүй байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгч нар улсын бүртгэлээс өмчлөх эрхийн гэрчилгээ авчихсан байхад нөгөө төрийн байгууллагаас гаражийг буулгана гээд шийдвэр гаргаад байгаа нь төр нэг гартаа өмч хөрөнгөө өгчхөөд, нөгөө гараараа буцаагаад нурааж хая гэж байгаа юм шиг ийм нөхцөл байдал үүсээд байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-д зааснаар зөрчилдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд “хөдлөх үл хөдлөх хөрөнгийг эзэмших өмчлөх өв залгамжлах өмчлөх эрхтэй” гэх мэтээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулийн заалтуудыг маш ноцтой зөрчсөн үйлдлүүд байна гэж харж байна.
Дээрх хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгүүдийг нийгмийн зайлшгүй хэрэгцээ нөхцөлд үндэслэж төр өөртөө авах ч юм уу тохижилт хийхээр авсан гэж үзэх бол Монгол Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаарт тогтоолын дагуу үйл ажиллагаа явагдах ёстой. Үүнд хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журмын дагуу өмчлөгчийн өмч хөрөнгийг авахаар урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр нөхөн олговрыг олгосны үндсэн дээр ийнхүү арга хэмжээг авах ёстой байсан. Гэтэл уг арга хэмжээг авахгүйгээр зөвхөн газартай холбоотой зөвшөөрөлгүй газар гэх маягаар гаражнуудыг буулгахаар бусдын өмчлөлд халдаж байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Маргаан бүхий актын үндэслэлд дурдахдаа нийслэлд оршин суух иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайг хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд гэж дурдсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гэх мэт үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан байгаа баримтуудаас харагдаж байгаа. Тухайн гаражнууд нь 2010 онд баригдсан. Тухайн үедээ хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. Газар эзэмших эрх олгосон захирамжийг үндэслээд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Хуулийн дагуу өмчлөх эрх үүссэн газрыг урьдчилан сонсох ажиллагаа хийлгүйгээр, гаражнуудыг буулгах шийдвэр гарч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны акт гаргах зарчмуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, 4.2.8-д тус тус зааснаар баримтлах ёстой зарчмуудыг бүгдийг нь зөрчсөн, сонсох мэдэгдэх ажиллагаа хийгээгүйгээс нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж байна.Төрийн байгууллага албан тушаалтан акт гаргах эрхтэй. Тухайн акт нь хамгийн гол нь бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн байх, шийдвэр үндэслэл бүхий байх ёстой. Уг захирамжид дурдаад байгаа нийтийн эзэмшлийн зам талбайг хязгаарласан уу, замын түгжрэл үүсгэсэн үү гэх нөхцөл байдал байхгүй байгаа учраас уг актуудыг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэхгүй байна. Уг үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Төмөрчөдөр нарын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн 101-д заагдсан г нарын гараашийг зөвшөөрөлгүй гэж албадан буулгах газар чөлөөлөх тухай холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжаар иргэн Д.Мандахад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо “хуучнаар 01” дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 730 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Иргэн С.Төмөрчөдөр нарын иргэд маргаан бүхий газрыг анхнаасаа холбогдох зөвшөөрлийн дагуу эзэмшээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчиж маргаан бүхий газрыг дур мэдэн ашиглаж байгаа болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдаж байгаа гаражийг буулгаж, газар чөлөөлөх тухай мэдэгдэл буюу шаардах хуудсыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас наасан байдаг. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.2-т “Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчлийг арилгах тухай А/321 дугаартай захирамжийг гаргасан болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий газарт байрлаж байсан гаражууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/321 дүгээр захирамж нь захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, эерэг нөлөөлөл бүхий зөрчил арилгах захиргааны акт юм.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь газрыг хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмшдэггүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй бөгөөд хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж хариуцагчийн
зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/415 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, хуучнаар 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтай 730 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Иргэн С.Төмөрчөдөр нарын гараж байрлаж буй маргаан бүхий газрыг анхнаасаа холбогдох зөвшөөрлийн дагуу эзэмшээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хэсэг газрыг зориулалт, гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээтэй эзэмшүүлнэ гэснийг зөрчиж маргаан бүхий газрыг дур мэдэн ашиглаж, байшин барьж ашиглаж байсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа гаражийг буулгах, албадан чөлөөлөх мэдэгдэл буюу шаардах хуудсыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн. Мэдэгдэх ажиллагааг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас, мэдэгдэх хуудсыг хүргүүлж наасан байдаг. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар газар эзэмшигч, ашиглагчдаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу, үр ашигтай ашиглаж, хамгаалж байхаар хяналт тавих, зөрчлийн арилгах, хэрэгжилтийг зохион байгуулахаар заасан. Нийслэлийн Засаг дарга хуулиар олгосон эрхийн хүрээнд “Зөрчил арилгах тухай” А/321 дүгээр захирамж гаргасан.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа иргэнд газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг бөгөөд маргаан бүхий газарт байрлаж байсан гаражнууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүй газарт барилга байгууламж барьсан, эсвэл дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэлийн сум дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөлгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга нь уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох заалтыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Нийслэлийн Засаг даргын А/321 дүгээр захирамж нь захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг эрх хэмжээнд нийцсэн захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан тусгай зарчимд нийцсэн нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн, эерэг нөлөөлөл бүхий зөрчил арилгах захиргааны акт юм.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ““Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” хэлэх бөгөөд нэхэмжлэгч нарын хуульд заасан ашиг сонирхол нь маргаж буй актын улмаас хөндөгдсөн гэж үзэхээргүй, хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж захиргааны байгууллагын зүгээс үзэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Иргэн Д.Мандахын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/415 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай 250 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь дараах бичиг баримт бүрдүүлнэ гэж заасан бөгөөд газар эзэмшигч Д.Мандах нь газар эзэмших эрхийн гэрчилгээ дууссаны дараа газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг өгч байгаагүй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныг баримтлан иргэн Д.Мандахын газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгож шийдвэрлэсэн байгаа. Маргаан бүхий захиргааны актуудыг Нийслэлийн Засаг даргын зүгээс гаргахдаа нийслэлийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гаргасан бөгөөд газар чөлөөлөх ажлыг хийж, нийслэлийн хэмжээнд гараж чөлөөлөх ажлууд хийгдээд явж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Төмөрчөдөр нарын 11 иргэнээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжийн 101-д заасан нэхэмжлэгч 11 иргэнд хамаарах 13 гараашид холбогдох хэсгийг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “маргаан бүхий газарт байрлах гараашнуудын өмчлөгчид бид 2015-2019 оноос эхлэн гараашнуудаа өөрсдийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан ба гараашнуудын доорх газар анх уг гараашийг барьсан иргэний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, шаардлагатай холбогдох бүх гэрчилгээ, зөвшөөрлүүд байсаар байтал бидний эд хөрөнгийг зөвшөөрөлгүй, дур мэдэн барьсан гэж үзэж, улмаар хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийхгүйгээр, газрыг албадан чөлөөлөх талаар мэдэгдэж байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргажээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэв.
3. “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжийн 101-д заасныг хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжаар нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг зааж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих хууль журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгажээ.
5. Дээрх захирамжийн хавсралтад нэхэмжлэгч нарын өмчлөлийн гарааш бүхий байршлыг “101. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Этүгэн сургуулиас урагш 85 дугаар байрны урд бетон гарааш ,15” гэж заажээ.
6. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 160115 дугаартай “зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн “гарааш” газар эзэмшиж, ашиглаж байх тул 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор газар чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулга бүхий мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн тухайд хариуцагч маргаагүй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... маргаан бүхий газарт байрлаж байсан гараашнууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасны дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан” гэж тайлбарласан.
8. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зохицуулсан.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий гарааш байрлах газрыг зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан”, түүнчлэн нэхэмжлэгч нарын өмчлөлийн гараашнууд нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа, эсхүл нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Үүнд:
9.1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжаар Ц.Мандахад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо (одоогийн 19 дүгээр хороо)-нд байрлах 730 мкв газрыг орон сууцны зориулалттайгаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаартай захирамжаар дээрх газрын 480 мкв газрыг “Туул Өргөө” СӨХ-д орон сууцны зориулалтаар, 250 м.кв газрыг гараашны зориулалтаар Ц.Мандахад 7 сарын хугацаатай эзэмшүүлжээ.
9.2. Дээрх гараашийн зориулалт бүхий газарт баригдсан бетонон гараашнуудын 01 дугаартай гараашийг С.Төмөрчөдөр, 02-Э.Оюунтуяа, 03-Г.Жавхлан, 04-Б.Цэцэгдарь, 05-А.Эрдэнэцэцэг, 08-Г.Хулан, 09 болон 10-М.Мөнх-Эрдэнэ, 11-Д.Мандалбаяр, 12-Б.Дэлгэрбаяр, 13-И.Цэрэндулам, 14 болон 15-Б.Анударь нар тус тус өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдов.
9.3. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг зохих зөвшөөрөлгүй гарааш барьж газрыг дур мэдэн ашигласан гэж үзэх үндэслэлгүй, гараашнууд байрлаж буй газрыг Ц.Мандахад эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаартай захирамж хүчин төгөлдөр байх үед маргаан бүхий гараашнууд баригдсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн агаар сансрын зургаар тогтоогдож байхын зэрэгцээ одоог хүртэл нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байх тул зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан гэж үзэхгүй.
9.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Газар эзэмшигч Ц.Мандах нь газар эзэмших эрхийн гэрчилгээ дууссаны дараа газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг өгч байгаагүй” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлээгүй” гэж зөрүүтэй тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны архивын баримтад хийсэн үзлэгээр “... Мандахаас “Хугацаа сунгах” гэсэн хүсэлтийг 25 хуудас баримтын хамт 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нь “Ирсэн баримт бичгийн бүртгэл” №1, 233 дугаарт, “Ирсэн баримт бичгийн бүртгэл”№3, 593 дугаарт бүртгэгдсэн байна.
9.5. Иргэн Мандахаас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийг бүртгэсэн бүртгэлд Мандахын овгийн үсгийг “Ц”, эсхүл “И” үсгийн аль нь болох нь тодорхойгүй байдлаар гараар бичиж бүртгэсэн, өргөдөл болон хавсаргасан баримтууд архивт эх хувиар хадгалагдаагүй байх тул Ц.Мандахыг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулах өргөдөл гаргаагүй гэж үзэх боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Шүүхээс үзлэг хийхэд Ц.Мандах нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан гэж үзэхээр нөхцөл байдал харагдаж байна” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
9.6. Түүнчлэн шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн өмчлөлийн гараашнууд нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд орон сууцны 85 дугаар байрны урд талд, “Туул өргөө” СӨХ-ийн ашиглалтын талбай болон Туул голын далангийн хооронд, далан дагуу байрлаж байх ба хариуцагчаас энэхүү байршлыг иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй, нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарахгүй байна.
10. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.2-т “Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжийг гаргахын өмнө эрх, ашиг нь зөрчигдөж байгаа нэхэмжлэгч нарт зайлшгүй мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангаж ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага зайлшгүй тогтоох үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нараас газар чөлөөлөх мэдэгдлийн дагуу гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байхад маргаан бүхий актыг гаргажээ.
11. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... гараашийг буулгах, албадан чөлөөлөх мэдэгдэл буюу шаардах хуудсыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хүргүүлж Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн” гэж тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэгч нараас уг мэдэгдлийг эс зөвшөөрч дүүргийн болон нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байхад маргаан бүхий актыг гаргаснаар, тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний 03/2435 тоот, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19/439 тоот албан бичгүүдээр хариу өгснөөр тогтоогдож байх тул уг газар чөлөөлөх мэдэгдлийг сонсох ажиллагааны мэдэгдэл гэж үзэхээргүй байна.
12. Түүнчлэн дээрх 9.3 дахь хэсэгт дурьдсанчлан нэхэмжлэгч нар нь иргэн Ц.Мандахын газар эзэмших эрх, хүчин төгөлдөр байхад уг газрыг эзэмших зориулалтад заагдсан гараашийн барилгыг бариулсан, хариуцагчаас иргэн Ц.Мандахын газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй газар эзэмших эрх дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу хууль ёсны итгэл хамгаалагдах шаардлагатай.
13. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/96 дугаар тушаалаар газрын зөрчил арилгах, чөлөөлөх байршилд орсон боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй гараашны судалгааг нарийвчлан гаргаж, цаашид авах арга хэмжээний саналыг хууль эрх зүйн хүрээнд боловсруулах, иргэдээс ирсэн өргөдлийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байх ба тус ажлын хэсгээс өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий гараашийн асуудлуудыг тусгайлан шийдвэрлэж байгаа болох нь тус ажлын хэсгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01, 06 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлүүд, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд 01-08/711, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 01-08/712, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд 01-08/710, мөн дүүргийн 2 дугаар албанд 01-08/709, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд 01-08/713 “газар дүйцүүлэн эзэмшүүлэх” агуулга бүхий албан бичгийг хүргүүлснээр тогтоогдов.
14. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19/439 дугаартай албан бичигт “...ажлын хэсэг хуралдаж эцэслэн шийдвэр гараагүй байгаа тул шийдвэр гарсны дараа танд эргэж хариу мэдэгдэх болно” гэж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 19/740 дугаартай албан бичгээр “...ажлын хэсэг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хуралдаагүй бөгөөд хурлын тов тодорхойгүй байна” гэсэн, нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний 03/2435 тоот албан бичгээр нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс гаргасан гомдлыг “... гомдол гаргасан иргэдийн гараашийн асуудлыг судалж, хууль журмын дагуу зохих шийдвэрийг гаргаж ажиллах” гэж Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нарын гарааштай холбоотой асуудлыг хариуцагч эцэслэн шийдвэрлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
15. Хэрэгт авагдсан,
15.1. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10/1314 дугаартай албан бичгээр “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр Туул гудамж, 85 дугаар байрны урд байрлах 85г авто гараашнууд байрлаж байгаа газрын төлөвлөлт нь Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хурдны зам баригдах талбайн солбицол батлах тухай” 307 дугаар тогтоолд зааснаар Туул голын хурдны замын солбицолд хамаарч байна”,
15.2. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаар тогтоолоор Гудамж төслийн хүрээнд баригдах “Туул голын хурдны зам”-ын талбайн солбицлыг хавсралтаараа баталж, уг тогтоолоор баталсан талбайн солбицол хэсэгт шинээр зориулалтын бус газар олголт хийхгүй байх, барилгын ажил эхлүүлэхгүй байх, солбицлын зурваст газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, “Туул голын хурдны зам” баригдах талбайн солбицлын зурваст газар чөлөөлөхөд шаардагдах нөхөн олговрыг “Гудамж” төслөөс санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад зөвшөөрч,
15.3. Эдийн засгийн хөгжлийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/1576 тоот албан бичгээр “...Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсанаас хойш тус яамны эрхлэх асуудлын хүрээнд хурдны авто замтай холбоотой концессын гэрээ байгуулаагүй ... 2010 оноос 2014 оны байгууллагын архивын баримтад шүүлт хийхэд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаар “Хурдны зам баригдах талбайн солбицол батлах тухай” тогтоолтой холбоотой баримт материал олдоогүй болно” гэжээ.
16. Дээрх 13, 14, 15 дахь хэсэгт дурьдсан нөхцөл байдлууд нь маргаан бүхий А/321 дугаар захирамжийн “нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах” гэсэн үндэслэлээс болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “хүүхдийн тоглоомын талбай байгуулна, ...” гэсэн тайлбараас зөрүүтэй байна.
17. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарын өмчлөлийн гараашнууд байрлаж буй газрын асуудлыг ажлын хэсгээс хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаар тогтоолоор шийдвэрлэсэнчлэн хурдны зам баригдах эсэх, улмаар Гудамж төслийн хүрээнд нөхөх олговор олгох эсэх, эсхүл маргаан бүхий актын үндэслэлд дурьдсанчлан нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто зам баригдах эсэх нь тодорхойгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
18. Иймд хариуцагч нь дээр нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр хууль тогтоомжид нийцүүлэн нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр уг асуудлыг дахин шийдвэрлэх шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/321 дүгээр захирамжийн 101-д заасан нэхэмжлэгч 11 иргэнд хамаарах 13 гараашид холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
19. “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд,
20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй
21. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан байх бөгөөд уг хавсралтад нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар хамаарахгүй байна.
22. Тодруулбал, нэхэмжлэгч нарын маргаж буй дээрх захирамжаар Хан-Уул дүүргийн 1, 2, 17 дугаар хороонд байрлах 12 байршлын гараашны асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын өмчлөлийн гараашнууд байрлах газар нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд хамаарч байгаа, өөрөөр хэлбэл, дээрх захирамж нь нэхэмжлэгч нарын гарааш байрлаж буй газартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, тэдгээрт ямар нэг байдлаар чиглээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй байна.
23. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу С.Төмөрчөдөр нарын нэр бүхий 11 иргэнээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ