Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2020/0004

 

2020       02          04                                                   201/МА2020/04

          Э.Юын нэхэмжлэлтэй Хэрлэн

              сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдох

          хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2019/00850 дугаар шийдвэртэй  Э.Юын нэхэмжлэлтэй, хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдох цалин 2 226 095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Ю, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлоор 2020 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ю, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

   Нэхэмжлэгч Э.Ю шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр ээлжийн амралтаа авахаар захирлын өрөөнд ороход надад ажлаас халагдах тушаал өгсөн. Тэгээд надад хандаж “Чамайг үргэлжлүүлэн ажиллуулах боломж байхгүй, чи шүүхээр заргалдаж сурсан юм чинь шүүхдээ хандаарай” гэж хэлсэн. Ингээд би ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд гомдлоо гаргасан. Шүүхийн шийдвэрээр би ажилдаа буцаж томилогдсон. Намайг ажилдаа буцаж ороход надад үзүүлдэг дарамт, шахалт нь хэвээр байсан. Намайг ажилгүй байсан хугацааны цалингаа авъя гэхэд эхэндээ өгнө гэдэг байсан боловч сүүлдээ чи шүүхдээд ав гэдэг болсон. Ингээд би 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжилж шүүхэд хандсан”  гэжээ.

   Хариуцагчийн төлөөлөгч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ю нь ажлын байранд заагдсан чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг байсан. Иймээс ч хэд хэдэн удаа сахилгын шийтгэл авч ажлаас чөлөөлөгдөж байсан. Ажлаас халах шийдвэрт Ю нь гомдол гаргаж бид шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 01 сарын 01-ний өдөр Э.Юыг ажилд нь буцааж авч байсан. Э.Ю нь ажилдаа буцаж орсны дараагаар ажилгүй байсан хугацааны цалин авна гэж надад нэг ч удаа хандаж байгаагүй. Ингээд Э.Ю нь ажилдаа ороод удаагүй жирэмсэн болсон. Бид жирэмсэн гэдгийг нь харгалзан ногоо арилгах гэх мэт хөнгөн ажлыг хийлгэдэг байсан. Ингээд 2018 оны 06 дугаар сар хүртэл ажиллаад Э.Ю нь жирэмсний амралтаа авсан. Энэ хугацаанд ч гэсэн Э.Ю нь надаас ажилгүй байсан хугацааны мөнгийг огт нэхэмжилж байгаагүй. Э.Ю нь 2019 оны 8 дугаар сард ажилдаа буцаж орох хүсэлт гаргасан. Тухайн үед Э.Ю нь өмнө нь хийж байсан туслах багшийн ажилд оруулж өгнө үү гэж хүссэн. Бид хариуд нь чи төрөхийнхөө өмнө үйлчлэгчийн орон тоон дээр ажиллаж байсан тул чамайг үйлчлэгчээр л авах боломжтой, туслах багшийн орон тоо байхгүй талаар хэлсэн. Тэгэхэд Э.Ю нь тэгвэл би шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулна гэж хэлсэн. Э.Ю нь 2019 оны 8 сард ажилд орохдоо л анх удаагаа ажилгүй байсан хугацааны мөнгө авах талаар надад хэлсэн. Тэгэхээр нь би ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох боломжгүй байна. Тиймээс үйлчлэгчийн ажилдаа ор гэсэн шаардлага тавьсан. Ингээд Э.Ю нь үйлчлэгчийн ажилдаа буцаж орсноос хойш өөрийнх нь шаардлагыг хүлээж аваагүй тул ажлаа хангалттай гүйцэтгэдэггүй байсан. Биднийг зүй ёсны шаардлага тавихад ажлын байрны дарамт мэтээр хүлээж авч, орилж хашхирч, ажлын байраа орхин хаяж явдаг. Хүмүүст 12 дугаар цэцэрлэгийн хамт олон байнгын дарамталж байна гэж ярьж, олон газарт гомдол гаргаж явдаг. Аймгийн Засаг даргад хүртэл өргөдөл гомдлоо гаргаж байсан. Э.Ю нь хийх ёстой ажлаа хийдэггүй, зүй ёсны шаардлагыг хүлээж авдаггүйгээс болж зөрчил үүсдэг байсан. Э.Ю нь надад ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авахаар өргөдлөө өгч байсан гэж ярьж байна. Өнөөдрийн байдлаар надад огт өргөдөл өгч байгаагүй. Хэрэв надад өргөдөл өгсөн бол бид тухайн өргөдлийг шийдвэрлэх ёстой байсан. Өмнөх нягтлан бодогчийг байхад Э.Ю нь ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээгүй юм чинь нийгмийн даатгалын дэвтрийг бөглөөд өгчих гэж хэлж байсан. Он дуусаж байсан тул Э.Юын хүсэлтийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

   Хариуцагчийн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 12 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилладаг. Э.Ю нь 2017 оны 07 дугаар сард 20 хоногийн ээлжийн амралтын мөнгө 306 034 төгрөг авсан. Мөн Э.Ю нь 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж үүний дагуу нийгмийн даатгалын шимтгэлд 148 405 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь Э.Юын нийгмийн даатгалын шимтгэлд сард 29 681 төгрөг төлсөн гэсэн үг. Иймд Э.Ю нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1 771 656 төгрөг нэхэмжлэх ёстой байсан гэж үзэж байна” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2019/00850 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дугаар зүйлийн 129.1-д зааснаар хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдох нэхэмжлэгч Э.Юын цалин 2 226 095 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Ю, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сум дундын шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 965 дугаартай шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож ажилдаа эгүүлэн тогтоогдсон ч давж заалдаж, уг шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Ингээд би 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс ажилдаа орсон. Шүүхээр ингэж 2 удаа ажилдаа эгүүлэн тогтоолгож байсан болохоор манай цэцэрлэгийн эрхлэгч Алтансувд намайг байнга дарамталж, доромжилж хэцүү байдаг. Өмнө нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхсэн учир загнуулж, арга хэмжээ авч, өө сэв ямар нэгэн аргаар бий болгодог байсан учраас ажилдаа ороод 3 сард, Мартын өмнөхөн ажилгүй байсан хугацааны цалингаа авъя гэж өргөдөл бичиж орсон. Манай өмгөөлөгч өргөдөл бичиж ор гэж зөвлөж байж орсон. Тэгэхэд цалин хүрэхгүй, тийм мөнгө байхгүй гэж үглэж байгаад нягтлантай ярилцъя гэсэн. Ингээд шийдэх болов уу гээд хүлээж байгаад нягтлантай уулзсан. Тэгэхэд би мэдэхгүй. Ийм мөнгө байхгүй. Дарга мэднэ, даргатай ярина гэсэн. Ингээд өгөхгүй гээгүй болохоор нь аяыг нь дагаж хүлээцтэй хүлээсэн. 4 сард даргатай дахин уулзахад өгөх л болох байх, ямар юмнаас гаргах юм ярилцана гэсэн ба намайг ороход илтэд уурлаж байсан. Тэр үед би жирэмсэн болохоор хэл ам хэрүүлээс айж тэсээд, тэвчээд бүх дарамтыг нь тэвчсэн. Тэгэхэд миний ажилгүй байсан хугацааны мөнгийг өгөхгүй гээгүй зохицуулна гэхэд нь хүлээсэн “байж бай, өгнө санхүүгийн боломж алга” гээд байсан. Би ч юу юугүй амаржихын амралт авах болсон. Одоо л зохицуулах байх гэтэл чимээгүй л байсан. Тэгээд 8 сарын 02-ны өдөр төрсөн. Ингээд нялх хүүхэдтэй байхад хэсэгтээ хэл ам хийгээгүй. Өгнө гэсэн болохоор хүлээж байсан. Ер нь би хэд хэдэн удаа царайчлан гуйж үзсэн, өргөдөл ч өгсөн. Гэтэл нэхэж байгаагүй, өргөдөл өгч байгаагүй гэж байгууллагын дарга хүн байж шүүхийн өмнө худлаа хэлж байна. Гэтэл анхан шатны шүүх байгууллагын талд үйлчилж, өргөдөл өгснөө нотлохгүй, өргөдөл өгч байгаагүй гэж тайлбарласныг няцааж чадаагүй гэж дүгнэсэн нь илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасны нотолгоо болж байна. Э.Ю өргөдөл өгсөн гэснийг байгууллагын баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэж болох байсан. Шүүгч илтэд нэг талыг барьж байсан. Нөгөө талын нэхэмжлэлийн шаардлагад хамаагүй олон юм ярихад хориглоогүй байж намайг түүнд нь хариу хэлэхэд хамааралгүй юм ярилаа гэж хязгаарлаж байсан. Би байгууллагын даргад бичсэн өргөдлөө өгсөн. Гэтэл дарга гаргаж өгөхгүй, эрх мэдэлтэй болоод шүүхэд өгөхгүй байна. Би өргөдөл өгөхдөө дараа нь аваагүй гэж хэлнэ гэж яаж мэдэх вэ. Өргөдөл өгөхөд дарга л авдаг. Ямар нэг зүйл бүртгэдэггүй. Уншиж үзээд л ууртай ширээн дээрээ шидэж байсан. Нягтланд өгөхөд даргад өг гээд өгсөн. Үнэхээр цэцэрлэгийн эрхлэгчийн дэргэд өчүүхэн муу үйлчлэгч би эрх мэдэлгүй, өөрийгөө хамгаалах боломжгүй байна. Хэрэв дарга энэ мөнгийг өгөхгүй, шүүхдээд ав гэсэн бол би тэр үед нь өгөх л байсан. Гэтэл өгнө байж бай гээд одоог хүрсэн. Манайд хамтын маргаан шийдэх комисс гэж байдаггүй. Манай үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч бол ажилтны эрхийг хамгаалдаг хүн биш. Хүүхдээ би ядаад л өргүүлсэн. Эгч ч авъя гэсэн. Тэгээд өгөхөд хөхөөрөө, өвчин ороогоод хүүхдээ дагаж хотод очиж дасгаж байгаад ирсэн. Миний ажилгүй байсан хугацааны цалинг өгөх үүрэгтэй болохыг хуулиар тогтоосон. Байгууллагаас энэ хугацаанд өгөхгүй гээгүй өгнө гээд байсан. Тиймээс  миний цалингаа авах эрхийг хохироох тухай яригдаагүй байсан. Үнэхээр шал угаах вок, алчуур авч өгч чадахгүй байгааг мэдэж байгаа болохоор боломж гарахгүй л хүлээгдээд байна гэж бодож явсан. Уг мөнгийг өгөхгүй гэдэг шийдвэрийг 2019 оны 8 сарын 26-нд ажилдаа орох үед “даргаа би мэргэжлийнхээ ажлыг хиймээр байна гэхэд боломжгүй, чи өөр цэцэрлэгээр хөөцөлдөж үз” гэсэн. Тэгэхэд нь би “нөгөө ажилгүй байсан хугацааны цалингаа авмаар байна” гэхэд анх удаа “өгч чадахгүй, чи шүүхдэж сураагүй биш шүүхдээд авахгүй юу” гэхэд өгөхгүй гэж байна гэж ойлгосон. Тэр болтол цалин өгөхгүй гэсэн маргаан үүсээгүй байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш... ” гэсэн байдаг. 2019 оны 8 сарын 26 хүртэл миний эрхийг зөрчөөгүй. Харин энэ өдөр “өгөхгүй, шүүхдээд ав” гэсэн үг бол ойлгомжтой. Миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Г.А, Б.Г нар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “... шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзэн дэмжиж, хэвээр үлдээлгэх саналтай байна. Гомдол гаргагч нь эрхээ зөрчигдсөн өдрийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гэж 2019.08.26-ны өдрийг онцлон маргаж байгаа энэ хугацааг цалин хөлс нэхэмжлэх эрхээ эдлэх өдөр гэж буруу тайлбарлаж байна гэж ойлгож байна. Байгууллагын төлөөлөгч түүний гаргасан нэхэмжлэлд 2019 оны 10 сарын 07-ны өдөр хариу тайлбар гаргаж өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж татгалзсан няцаалт өгсөн цаг хугацаанаас хойш Э.Ю нь байгууллагын даргад өргөдөл өгсөн, амаар хэлсэн гэж янз бүрээр тайлбарладаг болсон. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа байгууллагад өргөдөл өгсөн гэж хэлээгүй сайн дураараа төлөх байх гэж бодоод нэхэхээ хойшлуулж байсан гэж тайлбарлаж байсан. /нэхэмжлэлд байгаа/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгууллагад цалин хөлсөө авсан тухай өргөдөл гаргаж байсан түүнийгээ гаргуулан авъя гэсэн хүсэлт огт гаргаагүй. Учир нь бичгээр ч амаар ч цалингийн тухай хүсэлт гаргаагүй тул ийм хүсэлт гаргахгүй нь ойлгомжтой. Ажилдаа эгүүлэн орох тухай нэхэмжлэл гаргахдаа цалин хөлс нэхэмжлээгүй учраас шүүхээс энэ талаар шийдвэр гараагүй. Анх энэ нэхэмжлэлээ гаргахдаа цалин хөлс нэхэмжлэх эрх нь байсан бас энэ хугацааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацаагаар ч тооцох боломжтой. Шүүхэд маргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйл ярьдаг, хэрэгт хамааралгүй өөр нотлох баримт гаргахад шүүхээс хэрэгт хамааралтай зүйл ярих хэрэгтэй гэдэг нь зөв гэж бид дэмжиж байна. Ер нь ажлаа сайн хий гэсэн шаардлага тавихад ажлын байрны дарамт үзүүллээ гээд цэцэрлэгээр нэг орилж, гарч гүйгээд та нарын мууг үзнэ гээд БСУГ, Аймгийн Засаг даргын нээлттэй утсанд гомдол өгч байнга ажлыг маань шалгуулж байдаг. Үнэндээ өөрийнх нь ааш араншин л өөрийгөө ийм байдалд оруулаад байна гэдгээ мэддэггүй, эрх дархтай ажилчин болоод байгаа юм гэдгийг шүүхэд зөв ойлголт өгөх үүднээс тайлбарлалаа. Түүний эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн гэх хугацаа 2019 оны 8 сарын 26-ны өдөр гэж өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь худлаа. Хамгийн гол нь энэ хүн маргаж байгаа үндэслэлээ нотлох нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тул шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул Э.Юын гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Нэхэмжлэгч Э.Ю нь хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин /олговор/ 2226 095 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар ажилтан Э.Ю нь Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 06 сарын 30-ны өдөр ажлаас халагдсаны улмаас шүүхэд гомдол гаргаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00965 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 201/МА2017/00038 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 138/ШШ2017/00965 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, ажил олгогч 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь шүүхийн магадлалыг үндэслэн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар ажилтан Э.Юыг үйлчлэгчийн ажилд эгүүлэн авч ажиллуулсан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 7-17, 45 дахь талууд/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн цалин хөлс /олговор/-тэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3 дахь зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Ю нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “2019 оны 08 сарын 26-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Э.Юын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2019/00850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Юын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Э.Юын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.лээгү хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын    

              

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

  ШҮҮГЧИД                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                 З.ЭНХЦЭЦЭГ