Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/01466

 

 

 

 

 

 

 

2024 04 10 181/ШШ2024/01466

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: холбогдох,

 

Түрээсийн гэрээний дэнчин 1,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л, хариуцагч Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О миний бие 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөрЛ 1 жилийн түрээсийн гэрээ хийсэн. Гэтэл Л нь 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэнэт байрнаасаа хөөж барьцаа төлбөр болох 1,100,000 төгрөгийг өгөлгүй, хаалганы голоо солиулж, доторх эд хогшлоо авч чадахгүй өвлийн хүйтэнд хөөгдөж гарсан. Иймд түрээсийн гэрээ хийсэн дэнчин болох 1,100,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,950 төгрөгийн хамт гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л нэг жилийн хугацаатай, миний байрыг түрээсэлж суусан. 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ дуусаж 2024 оны 2 дугаар сарын 04-ний шөнө энэ айл нүүсэн. Л ,Л 8-18 насны 3 хүүхэд Лгийн төрсөн эгч, гээд 6-аас дээш ам бүл миний байранд бүтэн 1 жил 1 хоног ая тухтай амьдарсан. Би энэ айлыг хөөгөөгүй, түрээсийн гэрээ дуусаад нүүсэн. 2023 оны 12 дугаар сард Лд гэрээний харилцаа дуусгаад, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байрны түлхүүрээ авна гэж утсаар албан ёсоор мэдэгдсэн. Өвлийн хүйтэнд гэнэт хөөгөөгүй, урьдчилж 60 хоногийн өмнө хэлсэн. Байрнаас гарахдаа 1,100,000 төгрөг барьцаа мөнгөө огт аваагүй гэж гүтгэж байна. Өр төлбөр нь банк дээр 211,735 төгрөгийн төлбөрөө төлөөгүй, мөн 1 сарын 18-ны өдрөөс хойш хэрэглэсэн халуун хүйтэн ус халаалт, домофон, сөх, цахилгааны төлбөр бичигдээгүй байсан. Бид барьцаа 1,100,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг дансаар өгөөд үлдэгдэл төлбөр болон, байрны бүрэн байдлыг шалгаад үлдэгдэл мөнгийг өгнө гэсэн. Хаалганы гол зөвшөөрөлгүй сольсон. Би өөрийн хаалганы голыг авах шаардлага тавьсан. Миний хаалганы голыг өгөөгүй. Л өөрийнхөө сольсон голыг манайд түлхүүртэй нь үлдээнэ гэсэн. Энэ бол хүний өмч хөрөнгөд шунасан санаатай үйлдэл. 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэрэглэсэн. Ус тог, сөх, домофон хаалганы төлбөрүүд 3 сарын 02-нд банк дээр нэхэмжлэлээр ирэхэд үзүүлэх болно. Байранд орохдоо 2 хүн ( Л эх Л) нар амьдарна гэж гэрээ хийсэн боловч 6-аас дээш ам бүлээрээ амьдарсан. ЛЛ 8-18 насны 3 хүүхэд Зам тээврийн сайд-туслах гэж улаан үнэмлэх үзүүлсэн авгай (Лэгч, гурван хүүхдийн ээж эмэгтэй) Байранд зөвшөөрөлгүй сансар кабелийн утас, бас өөр төрлийн цахилгаан утас оруулсан. Түрээслэгч, байрны эзэнд заавал хэлж мэдэгдэх ёстой. Байрны хана, цонх, хаалганд хадаас шруф зоож нүх (гэмтэл) гаргасан. 00-ын өрөөний суултуур хагалсан. 00-ын почки доторх ус татдаг татуурга хугалсан. 2021 онд шинээр сольсон иж бүрэн, бүтэн 00 байсан. Энэ айлыг оруулахад, байрандаа будаг обойны засварыг бүрэн хийсэн гэтэл энэ айл шинэ обой цонх хаалга шинэ будагтай байранд маш муухай болгосон байсан. Хивс дрожоо сэгсэрсэн юм уу гэмээр байрны хана обой нил шороо тоос орон сууц минь хав хар нэг л бараан саарал болсон байсан. Шалны будгийг зориудаар ховхолсон эвгүй муухай болгосон. Хаалганы гадна байгаа univision-ы утсыг оролдож гал гарах аюултай болгосон. Цахилгааны мөнгөө 3 сараар төлдөггүй, цахилгааны газраас заавал мэдэгдэл авч байж төлдөг, үүнийг дагаад сөх, домофоны төлбөрийг төлдөггүй байсан. Төлбөрөө төлөөрэй гэж, зүй ёсны шаардлага хэлэхэдЛЧамайг байргүй болгоно гэж хэл амаар дайрч доромжилсон. Гэрээний 4.10 дахь заалт, гэрээний 5.6 дахь заалт зөрчсөн. 4 сарын 09-нд Цахилгаан, домофон, сөх-ийн төлбөр 2023 оны 2 сар, 3 сар, 4 сар огт төлөөгүй 2023 оны 11, 12, 2024 оны 01 сар цахилгаан, сөх домофон, 3 сараар төлөгдөөгүй банкны баримт хавсаргав. Би маш их гомдолтой байна. 1 сард байрны үүдэнд ОСК-оос байрны 00-д хог, даавуу олон төрлийн хог хийсэн шугам бөглөрсөн гэж айлуудад санамж бичиг наасан байсан. (10-р байр, 2-р орц, 3-р хороо, СБД) амьдарч байсан 00-оо огт цэвэрлэхгүй ялгадсаа цацаж хаячхаад гарсан байсан. Энэ нар нь гэрээ сунгахгүй болохыг мэдээд хорон муухай санаагаар 00-д элдэв зүйл хог, тос, ариун цэврийн хэрэглэл даавуу хийсэн байх магадлалтай гэж үзэж байна. Зөвхөн намайг байргүй болгох гэж хорлоод зогсохгүй олон олон айлын өмч хөрөнгөд санаатай хохирол учруулж байгаа гэмт хэрэг гэж үзэж байна. Шалгаж өгнө үү. Мөн байранд хиртэй даавуу, ороосон хар навчит ургамал, эвдэрхий сагс төмөр, хогны сав, эвдэрхий гэрлийн босоо төмөр хуванцар усны сав зэрэг хог орхиж гарсан. Хогоо ирж ав гэж мессеж бичихэд drafft гараад мессеж яваагүй. Залгахад холбогдох боломжгүй гэж хариу өгсөн. Л энэ өдрийг 2 сарын 29-нийг хүртэл хог новшоо авах гэж нэг ч удаа залгаагүй. Сарантуяагийн үлдээсэн хогийг 15 хоног хадгалсан. Цаашид хадгалах орон сав боломжгүй тул хогонд хаяж байраа чөлөөлсөн. Байрны камерт бичигдсэн байгаа. Би сэтгэл санааны маш их гомдолтой байна. Лнь 400,000 төгрөг (барьцаа мөнгөнөөс авсан банкны баримт байна) Байранд санаатайгаар хог үлдээж гарсан. Хогийг хадгалсан хоног тутмын мөнгө, 15 хоногийн мөнгийг үлдэгдэл мөнгөнөөс суутгаж авна. 528,000 төгрөг ус цахилгаан сөх, 2023 оны 1 сарын 18-наас 2023 оны 2 сарын 05-ны өдрийн домофоны төлбөрийн банкны баримтаар авна 150,000 төгрөг. Байраа өөрөө угааж цэвэрлэсэн 250,000 төгрөг. 00-д ялгадсааа цэвэрлээгүй, цацаад гарсан байсан. Зөвшөөрөлгүй сансар кабель утас хана цоолж оруулсан. Орон сууц гэмтээсэн 2,000,000 төгрөг, цахилгаан утсыг огтолж тасалж авсан. Гал гарах аюултай болгосон. Санаатай үйлдэл гэж үзэж байна. 2,000,000 төгрөг, орцонд байгаа univision-ийн кабель утсаар оролдож, гал гаргах аюултай болгосон 2,000,000 төгрөг. Хэрэглээний төлбөрөө төл гэж шаардлага тавихад Чамайг байргүй болгоно гэж хүн доромжилж, бүтэн жил дарамталсан, миний байранд хүчээр амьдарсан. Түрээсийн төлбөр 1,100,000 төгрөгийг сар сараар авч байсан. Сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Түрээсийн мөнгийг сар бүрийн 03-ны өдөр өгдөггүй байсан. 0,3 хувийн алдангиар тооцсон 110,000 төгрөг банкны баримт дээр үндэслэв. Гомдлын 4 хуудас. ОСК-оос 00-ын шугам битүүрсэн сануулгын дагуу, ЛЛ нарыг 00-д хог хаягдал хийж битүүрэл үүсгэсэн байх магадлалтай тул, хэргийг шалгаж өгөхийг хүсэж байна. Худал мэдүүлэг шүүхэд гаргасан, 00-д хог цавуу хийж битүүрэл үүсгэсэн байх магадлалтай гэж үзэж байна. Нийт нэхэмжилж байгаа 9,038,000 төгрөгөөс барьцааны үлдэгдэл 700,000 төгрөгийг суутгаад 8,338,000 төгрөгийг Сарантуяагаас гаргуулж өгнө үү. Мөн ЛЛ нарыг олон олон айлыг хохироосон 00-ын шугам битүүрүүлсэн хэрэгт шалгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас хэрэгт: түрээсийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зэрэг баримтууд авагдсан байна.

 

Хариуцагч талаас: Голомт банкны шилжүүлгийн баримт, төлбөрийн баримт, орон сууц хөлслөх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар,Л 8 анхааруулга, цахилгаан, кабель, сөх, домофон зэргийн нэхэмжлэл, туршилтын үйлчилгээ үзүүлэх түр фото зургууд, канондсон 7 хуудас баримт, төрийн банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэг, итгэмжлэл зэрэг баримтууд авагдсан байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Л нь хариуцагч Лд холбогдуулан Орон сууц хөлсөх гэрээний дагуу барьцаа болгож урьдчилан шилжүүлсэн 1,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ Л нь иргэнЛ 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр хөлслүүлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байр 27 тоот хаягт байрлах, 29 м.кв 2 өрөө орон сууцыг нэг сарын 1,100,000 төгрөгийн хөлстэйгөөр 1 жилийн хугацаатай хөлслөхөөр тохирсон. Орон сууц хөлслөх төлбөрийг зохих сард нь төлж байсан боловч 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэнэт байрнаас хөөгдөж гарсан, гэрээг байгуулахад барьцаа болгож 1,100,000 төгрөгийг өгсөн, орон сууцыг хүлээлгэн өгөхөд хөлсүүлэгчийн хүүхэд нь ирж байрыг хүлээн авсан, ингэхдээ одоохондоо надад мөнгө байхгүй, гэсэн үндэслэлээр уг мөнгийг буцааж өгөөгүй, удаа дараа шаардахад шүүхэд хандаж аваарай гэдэг тайлбарыг өгсөн. Орон сууцыг хүлээлгэж өгөхөд ямар нэгэн үлдэгдэл төлбөрийн болон бусад асуудал гараагүй учир барьцааны мөнгийг буцаан шаардах эрхтэй. 400,000 төгрөгийг орон сууцыг хүлээлгэж өгөхөд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Орон сууцнаас гарахдаа өөрийн зарим зүйлийг үлдээсэн байсан, тэр орой нь буцаж ирээд авахаар тохирсон боловч түрээслүүлэгч утсаа авахгүй, холбогдох боломжгүй болж, өөрийн үлдээсэн зүйлийг авч чадаагүй. Гэтэл тэдгээр зүйлийг нэхэмжлэгч нь хаясанд гомдолтой гэж маргажээ.

 

3. Хариуцагч Л нь нэхэмжлэгчтэй орон сууц хөлслөх гэрээний харилцаанд орсон талаар маргаагүй боловч барьцаа хөрөнгийн үлдэгдэл 700,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа орон сууцыг ердийн хэмжээнээс илүү муутгасантай холбоотойгоор өөрөө засвар хийсэн, мөн зарим эд зүйлээ нэхэмжлэгч шалтгаангүйгээр орхиж явснаас болж орон сууцыг ашиглах боломжгүй болсон, кабелийн телевиз, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, цахилгаан, орон сууцын төлбөр зэргийг дутуу төлсөн, мөн сэтгэл санааны хохирол учруулсан, орон сууцны шугам сүлжээ бөглөрсөн шалтгаан нь хариуцагчийн үйлдэлтэй шууд холбоотой тул мөн хохирол гарсан гэсэн олон шалтгаан, нөхцөлийн улмаас их хэмжээний зардал гарсан, цаашид гарах ёстой талаар тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч Л нь хариуцагч Лгийн өмчлөлийн орон сууцыг ашиглах зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр хөлслүүлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байр 27 тоот хаягт байрлах, 29 м.кв 2 өрөө орон сууцыг нэг сарын 1,100,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай хөлслөхөөр тохирчээ.

 

5. Л нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хөлслөгч Лгийн эзэмшилд түр шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон зэргээс дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.

 

6. Орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцыг ашигласантай холбоотойгоор шилжүүлсэн барьцаа хөрөнгийн үлдэгдлийн талаар талууд маргасан.

 

7. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

8. Талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ-гээр орон сууц хөлслөх төлбөрийг сарын 1,100,000 төгрөг, дэнчингийн мөнгөн хөрөнгийг 1,100,000 төгрөг, хугацааг 1 жил байхаар гэрээний ерөнхий нөхцөлийг харилцан тохирчээ./Гэрээний 3.1-3.4/

 

9. Зохигчид гэрээний үүргийг 1 жилийн хугацаатай байгуулсан хугацаагаар дуусгавар болгосон талаар, мөн гэрээний үргэлжлэх хугацаанд орон сууц хөлслөх төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй боловч гэрээг байгуулахад урьдчилан барьцаа болгож шилжүүлсэн 1,100,000 төгрөгийг буцаан гаргуулах эсэх асуудлаар маргажээ.

10. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд маргахдаа, хөлслөгч Л нь орон сууцыг ашигласан хугацааны орон сууц, СӨХ-ийн төлбөр, домофон, кабелийн телевизийн хураамж зэрэгт өөрийн ашигласан хугацааны нийт үлдэгдэл төлбөрт 193,465 төгрөгийг төлөх ёстой, мөн орон сууцанд засвар хийсэн тул төлбөрт нь 350,000 төгрөгийг гаргуулах ёстой, мөн ариун цэврийн өрөөний суултуурыг эвдэлж, гэмтээсэн тул цаашид 350,000 төгрөгөөр худалдан авах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч хөлслүүлэгч талыг орон сууцыг чөлөөлж, гэрээг дуусгавар болгох үед уг дэнчин, барьцаанаас 400,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Лд буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

11. Нэхэмжлэгч Л нь 400,000 төгрөгийг хариуцагч буцаан шилжүүлсэн тухай тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг уг хэмжээгээр багасгаж, 700,000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаарджээ. Харин үлдэгдэл 700,000 төгрөгийг хөлслөгчид буцаан шилжүүлэхээс татгалзсан ямар, шалтгаан үндэслэл байсныг нотлох үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчаас 700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

12. Учир нь талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.4-т Хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож, 1,100,000 төгрөгийг 2023.02.07-ны өдөр энэхүү гэрээний 3.2.1-т тусгасан дансаар хөлслөгч тал хөлслүүлэгчид өгнө. Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна. Үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол хөлслүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон буюу орон сууцыг хүлээн авсан өдөр хөлслөгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг дэнчин мөнгийг 100 хувь хөлслөгч талд буцаан олгоно гэж заажээ.

 

13. Тодруулбал, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт урьдчилан 1,100,000 төгрөгийг хөлслүүлэгч нь авахдаа гэрээнд зааснаар дэнчин гэх нэршилтэй боловч орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл үүрэг бий болсон тохиолдолд уг мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн зорилгоор 1,100,000 төгрөгийг урьдчилан хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, гэрээний 3.4-т заасан агуулгаар тус тус тогтоогджээ.

 

13.1. Түүнчлэн аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулах зорилгоор уг мөнгөн хөрөнгийг хөлсүүлэгчээс хөлслөгчид урьдчилан шилжүүлжээ.

 

14. Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 700,000 төгрөгийг буцаан хариуцагч шилжүүлэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

 

15. Учир нь талуудын хооронд гэрээг байгуулах, мөн гэрээг дуусгавар болгох үе шатанд гэрээний үүргийг харилцан дүгнэж учирсан хохирол болон үлдэгдэл төлбөрийн үүргийн талаар акт үйлдээгүй байна.

 

16. Нэхэмжлэгч Л нь барьцаа хөрөнгийн үлдэгдэл төлбөр болох 700,000 төгрөгийг Л нь буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул буцаан гаргуулна гэж шаардах эрхээ үндэслэснийг хариуцагч эс хүлээн зөвшөөрч татгалзахдаа орон сууцанд хохирол учруулсан, мөн хэрэглээний төлбөрийг бүрэн төлөөгүйгээс төлбөр үүссэн, орон сууцанд засвар хийсэн тул нөхөн төлбөр авах ёстой, ариун цэврийн өрөөний суултуурыг эвдэлсэнтэй холбоотой цаашид зардал гарах болсныг суутгасан гэж татгалзсан боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг няцаах, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

17. Орон сууц хөлслөх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т хөлслүүлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг хөлслөгч талд хүлээлгэн өгөхдөө тавилгатай бол хүлээлцэх акт үйлдэж, гэрээнд хавсаргана, мөн гэрээний 7.2-т гэрээний хугацаа дуусаж, хугацаа сунгахгүй болсон тохиолдолд төлбөрийг бүрэн төлж хөлслөн авсан эд хөрөнгийг хөлсүүлэгчид хүлээлгэн өгснөөр хөлслөгч талын хүлээх үүрэг дуусгавар болно гэж заасан, анх гэрээг байгуулахад орон сууц, түүнд хамаарах хөрөнгө нь ямар байдалтай байсан талаар акт үйлдээгүйг хэн алин нь хүлээн зөвшөөрснөөс гадна гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор хөлслөгч нь орон сууцыг хүлээлгэн өгч, түрээсийн зүйлийг бүрэн чөлөөлжээ.

 

18. Ийнхүү чөлөөлөх явцад хөлслөгчийн үүргээс шалтгаалан үүрэг, хохирол үүссэн эсэхийг тодорхойлсон үйл баримт тогтоогдоогүй тул Орон сууц хөлслөх гэрээнд заасан хөлслөгчийн үүрэг бүрэн дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

 

19. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үргэлжилсэн, талууд гэрээг дуусгавар болгоход хөлслүүлэгч нь хөлслөгчид орон сууцыг ашиглуулсантай холбоотойгоор орон сууцны эд хөрөнгийн доголдол, хохирлын асуудлаар харилцан тохирч, үлдэгдэл үүргийн талаар акт үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 1,100,000 төгрөгийг саатуулан барих эрхгүй гэж үзэв.

 

20.Талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хөлслөгч Лгийн үйлдлээс шалтгаалан орон сууцанд эвдрэл гэмтэл үүссэн гэх үйл баримт нотлогдоогүй тул барьцаа хэлбэрээр хүлээн авсан мөнгөн хөрөнгөөс түрээслэгчид буцаан шилжүүлээгүй 700,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

21. Л нь хариуцагч Лд холбогдуулан 700,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу үүссэн бусад хохирол, үлдэгдэл төлбөр зэрэг маргаантай асуудлаар тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Лгаас 700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Лд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Лгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Лгаас 21,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Лд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД