Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2020/0005

 

2020        02          05                                                   201/МА2020/0005

                         “П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                               “Г В М” ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00798 дугаар шийдвэртэй, “П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г В М” ХХК-д холбогдох гэрээний үүргийн биелэлт 73 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаярын гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Давааням, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Галтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П Э” ХХК нь “Г В М” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлэх гэрээг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 35570 литр түлш, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 35570 литр түлш, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 39360 литр түлш нийлүүлсэн. Нийт 110500 литр түлшийг “Г В М” ХХК-д нийлүүлсэн. Гэрээнд заасны дагуу 1 литр түлшийг 2270 төгрөгөөр тооцож нийт 250 123 600 төгрөгийн түлшийг ”Г В М” ХХК-д нийлүүлсэн. “Г В М” ХХК нь гэрээнд заасны дагуу түлшний үнийг 30 хоногийн дотор “П Э” ХХК-д төлөх үүрэгтэй байсан. Гэтэл “Г В М” ХХК нь мөнгөө бөөнөөр нь төлөлгүй бага багаар төлж 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 200 823 600 төгрөгийг төлж, 49 300 000 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Гэрээнд заасны дагуу хоног тутмын 0.2 хувийн алданги тооцсон. “П Э” ХХК нь алдангийг тооцохдоо 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсон. Учир нь: Хамгийн сүүлийн түлшийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нийлүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар “Г В М” ХХК нь 89 347 200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. ”Г В М” ХХК-ийн төлөх ёстой алданги нь 166 158 333 төгрөг болсон. Хуульд заасны дагуу алдангийн хэмжээ нь үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 24 650 000 төгрөг гэж тооцсон. Иймд үндсэн төлбөр болон алданги нийт 73 950 000 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г В М” ХХК нь ”П Э” ХХК-аас 250 123 600 төгрөгийн үнэ бүхий түлшийг авсан байдаг. Үүнээс 41 удаагийн төлөлт хийж 49 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байгаа бөгөөд зээлээр худалдах худалдан авах гэрээний хэлбэр буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь 263.2-т заасан нөхцөл буюу төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгаагүй байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээний 2.5-т заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагч тал дараагийн шатахуун нийлүүлэлтийг мөнгө төлөх хугацаа хүртэл зогсооно гэж заасан. Худалдагч тал ийм урт хугацаанд алданги тооцоод явалгүй шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлж болох байсан. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 49 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00798 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ”Г В М” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 73 950 000 /далан гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П Э” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527 700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ”Г В М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 527 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П Э” ХХК-д олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ”Г В М” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 73 950 000 /далан гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П Э” ХХК-д олгосугай гэснийг эс зөвшөөрч алданги болох 24 650 000 төгрөгийг хасуулахаар гомдол гаргаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Хэрэгт авагдсан гол нотлох баримт болох “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г шүүх үнэлсэнгүй.

2. Мөн хариуцагчийн төлөөлөгч 2019 оны 10 сарын 29-ний өдөр гаргасан “Г В М” ХХК-иас “П Э” ХХК-ийн “Хаан” банк, “Худалдаа хөгжлийн банк”-ны данс руу шилжүүлсэн 2018 оны 12 сарын 21-ний өдрөөс 2019 оны 7 сарын 29 хүртэлх хугацааны төлбөрүүдийн хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулж хавтаст хэрэгт авахуулж өгнө үү гэсэн хүсэлтийг буруу ойлгож, хариуцагч компанийн хуулгыг гаргаж өгсөн нь нэхэмжлэгчид төлөх тооцооллыг алдаатай гаргахад хүргэсэн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасныг өөрчилж өгнө үү” гэжээ.   

                                                   ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “П Э” ХХК нь хариуцагч “Г В М” ХХК-иас гэрээний үүргийн биелэлт 73 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Г В М” ХХК нь нэхэмжлэгч “П Э” ХХК-тай 2018 оны 12 сарын 05-ны өдөр №2018/а/20 дугаар бүхий “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүэх” гэрээ байгуулж, гэрээний дагуу 2018 оны 12 сарын 06-ны өдөр 35 570 л буюу 80 388 200 төгрөгийн дизелийн түлш, 2018 оны 12 сарын 17-ны өдөр 35 570 л буюу 80 388 200 төгрөгийн дизелийн түлш, 2018 оны 12 сарын 26-ны өдөр 39 360 л буюу 89 347 200 төгрөгийн дизелийн түлш, нийт 110 500 л буюу 250 123 600 төгрөгийн дизелийн түлш авсан, мөн хариуцагч нь олон удаагийн гүйлгээгээр нийт  200 823 600 төгрөгийн төлбөрийн тооцоог хийж, 2019 оны 07 сарын 29-ний өдрийн байдлаар 49 300 000 төгрөгийг төлөөгүй үйл баримтууд тогтоогдсон байна. Энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 8-10, 38-39 дэх талууд/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг /ИХ-ийн 243, 262, 263, 232.4, 232.6/ зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г шүүх үнэлээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн 2019 оны 10 сарын 29-ний өдөр  гаргасан хүсэлтийг хангаж, нотлох баримтуудыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Анхан шатны шүүхийн  2019 оны 10 сарын 29-ний өдрийн 138/ШШ2019/02356 дугаар шүүгчийн захирамж болон захирамжинд дурдсан банкуудаас ирүүлсэн нотлох баримтуудад /дансны хуулга/ хариуцагчийн төлөөлөгчөөс ямар нэгэн гомдол гаргаагүй тул хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. /хх-ийн 45-46, 61-77 дахь талууд/

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримт болох алданги тооцсон тухай баримт, авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг ирүүлсэн байхад хариуцагч тал түүнийг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаагүй байна.  /хх-ийн 6, 38-39 дэх талууд/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч тал өөрийн татгалзлын үндэслэлийг нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын “... гэрээг үнэлсэнгүй, ... нотлох баримтын шаардлагыг хангуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж шүүх дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Г В М” ХХК-ийн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.лээгү хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                     Ж.ДОЛГОРМАА

                                                                      Я.АЛТАННАВЧ