Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1466

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямба, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/888 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямбын өмгөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох эрүүгийн 2008012400465 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.Б-, 1974 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, хадам эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Октябрийн районы ардын шүүхийн 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 271 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн А хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн,

            - Октябрийн районы ардын шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 241 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Б.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны В2 тоот өрөөнд Б.Тулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун шанаан тус газар гараараа цохиж, биед нь “баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун хажуу ховдлын их бие болон арын эвэр, зүүн хажуу ховдлын арын эвэр 3, 4 дүгээр ховдлын цус иврэлт, зүүн зулайн тархины эдийн цусан хураа, лямбда заадаснаас зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зулайн орой, баруун чамархай, дух, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-аас нийт 4.335.931 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямбад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Тулга, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямба нар тус хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямбын өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болон мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн шалгаагүйн улмаас хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдөж байгаа талаарх хүсэлтийг прокурор, шүүхэд удаа дараа гаргаж байсан. Дээрх нөхцөл байдлыг тогтоосноор хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, түүний хор уршгийг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг олж тогтоох, хохирогчийн зөрчигдсөн эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэргээх чухал ач холбогдолтой юм. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасны дагуу эрүүлжүүлэгдэх этгээд буюу Б.Тулгыг хамгаалах, тусламж үзүүлэх зорилготой байсан эсэх нь эргэлзээтэй ба эсрэгээрээ түүний эрүүл мэндэд хүнд хохирол учрах бодит нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж үзэхээр байна. Хагалгаа хийсэн эмч, шалгаж явсан цагдаагийн ажилтнуудаас “согтолтын зэрэг бага байсан” гэж хэлж байсан бөгөөд Б.Тулга хэр зэргийн согтолттой байсан, хэр согтолттой хүнийг эрүүлжүүлдэг эсэхийг тодруулах шаардлагатай. Ямар албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас уг хэрэг гарсан эсэхийг тодруулж, буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, цаашлаад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгавал зохих этгээдийг тогтоох нь зүйтэй. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд эрүүлжүүлэх байрны дэг сахиулах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг бүхий төрийн тусгай албан хаагч нар буюу цагдаагийн албан хаагч, эмч гэх этгээдүүд хаана байсан нь тодорхойгүй, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг нэн даруй таслан зогсоогоогүйн улмаас мөн гэмт хэрэг гарсан гэж үзэх үндэслэлтэй. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс албан хаагч нарынхаа өмнөөс хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс дээр дурдсан ажиллагааг хийлгэхээр хяналтын болон ерөнхий прокурорт удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар Цагдаагийн Ерөнхий газрын даргад гомдол гаргасны дагуу тус хэлтсийн холбогдох албан тушаалтнуудыг зөрчил гаргасан болохыг тогтоож, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2-т зааснаар сахилгын арга хэмжээ авсан болохыг мэдэгдсэн болно. Мөн дээр дурдсан үндэслэлээр дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч нэгэнт яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн тул уг гомдлыг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх гомдлыг шийдвэрлэлгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Түүнчлэн хохирогч Б.Тулга нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.Б-ын учруулсан гэмтлийн улмаас нас барсан. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй учраас энэ талаарх баримтыг гаргаж өгсөнгүй. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон хохирол, хор уршгийн асуудлыг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.  Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямба тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямбын өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Э.Түвшинбаярын давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Хохирогч Б.Тулга нь гэмтэл авснаас хойш 3 шатны эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Иймээс шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг буцааж өгнө үү.” гэв.

            Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа тодорхой тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчаар татах үндэслэлийг тодорхой зааж өгсөн байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүлжүүлэх байрыг иргэний хариуцагчаар татах тухай хүсэлтийг прокурорт гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газраас албаны шалгалт явуулж, тухайн зөрчил гаргасан алба хаагчдад сахилгын арга хэмжээ авсан болохыг мэдэгдсэн ба тухайн эрүүлжүүлэх байрыг иргэний хариуцагчаар татах үндэслэл тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Б.Б-ыг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны В2 тоот өрөөнд Б.Тулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун шанаан тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Б-ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүйн гадна, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад үүссэн дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Тухайлбал;

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны В2 тоот өрөөнд албадан эрүүлжүүлэгдэж байсан Б.Б-, Б.Тулга нар нь таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж,  улмаар Б.Тулгын биед “баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун хажуу ховдлын их бие болон арын эвэр, зүүн хажуу ховдлын арын эвэр 3, 4 дүгээр ховдлын цус иврэлт, зүүн зулайн тархины эдийн цусан хураа, лямбда заадаснаас зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зулайн орой, баруун чамархай, дух, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүнд хохирол учирчээ.

            Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Эрүүлжүүлэх байр нь цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, захиргааны удирдлага, ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, харуул, хамгаалалтыг хэрэгжүүлэх чиг үүргийг цагдаагийн байгууллага хариуцна.” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.” гэж тус тус заажээ.

            Гэтэл тус эрүүлжүүлэх, саатуулах байр хариуцсан цагдаагийн алба хаагч нар гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд “үйлчлүүлж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах” хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс явуулсан албаны шалгалтын үр дүн /1хх 245/-ээр тогтоогдсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтлэг болон тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэслэл болохоос гадна, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгавал зохих этгээдийг тогтооход ач холбогдолтой.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямба, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих ... хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаж болно.” гэж заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийг иргэний хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шат шатны прокурорууд хангахаас татгалзаж, шүүх шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

            Өөрөөр хэлбэл, шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн өмгөөлөгчийн “Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийг иргэний хариуцагчаар татаж, хохирол төлбөрийг хамтран хариуцуулах” талаар гаргасан санал, түүний үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй нь энэ хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил болно.

            Мөн шүүгдэгчийн өмнө баривчлагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад тусгахдаа “...шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг ... эдлэх ялаас хассугай.” гэж хуульд заагаагүй,   ойлгомжгүй үг хэллэгээр бичсэнээс гадна, шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэлдэхүүн, оролцогч нарын асуулт, хариултын үйл явц дутуу, заримыг нь огт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй байна.

            Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Тулга нас барсан талаар тус шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямбын өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ц.Баасанжаргал нараас мэдүүлсэн бөгөөд нас барсан шалтгааныг шүүгдэгч Б.Б-ын учруулсан хүнд гэмтэлтэй холбон тайлбарлажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах”, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

             Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгах, өөрөөр хэлбэл хохирогч Б.Тулга нь хүнд гэмтлийн улмаас нас барсан, эсхүл уг гэмтлээс үл шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг асуудлыг нарийвчлан шалгасны эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Онцгойбямбын өмгөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан прокурорын газарт хавтаст хэрэг очтол Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/888 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН