Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1225

 

 

 

 

 

 

2019               12            12                                        1225

 

         Ө.Бд холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

                                                                                             

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 269 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Гантулгын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ө.Бд холбогдох 1907003760147 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн 5-3 тоотод иргэн Т.Дашнямын монгол гэрт хамтран амьдрагч Т.Оыг бусадтай хардсаны улмаас зодож биед нь “нүүр, зүүн чамархай, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хэвлийд зулгаралт, зүүн гаймрын хөндийн урд болон гадна ханын хугарал” гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ө.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн хэсгийн 5.1.6-т “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа этгээдийг ойлгоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан... үйлдэл эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.Б, хохирогч Т.О нар нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн бөгөөд шүүгдэгч Ө.Б болон хохирогч Т.О нар гэр бүлийн хамааралтай, хамтран амьдрагч гэдэг нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан: “Би Т.Отой 10 жил хамт амьдарч байна” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтдээ “...хамтран амьдрагч Т.Оыг бусадтай хардсаны улмаас зодож биед нь нүүр, зүүн чамархай, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүү, хэвлийд зулгаралт, зүүн гаймрын хөндийн урд болон гадна ханын хугарал” гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэсэн атлаа Ө.Бгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд яллагдагч Ө.Бд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ө.Бд урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Прокурор Б.Гантулга бичсэн эсэргүүцэлдээ: “...Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 130 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Ө.Бд холбогдох эрүүгийн 1907003760147 дугаартай хэргийг Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус удирлага болгон хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дүгнэлт хийсэн байдал нь хэргийн  бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналт, шүүх хуралдааны явцад гараагүй нөхцөл байдлыг гарсан мэтээр хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, хуулийн зүйл заалт буруу баримталсан.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн /Хууль ёсны зарчим/ 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэжээ. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан... гэж тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий хүний биед учирсан гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгохоор байна.

Хэрэгт авагдсан дараах төрлийн бичгийн хэлбэрийн нотлох баримтуудаар Ө.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас 1 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

Хохирогч Т.Оын “...Бэр эгч Болороо надад гэрийнхээ хойгуур ор засаж өгөөд би хувцсаа тайлаад хөнжил нөмрөөд унтаж байхад гэнэтхэн дуу чимээ гарч сэрэхэд Ө.Б орж ирчихсэн миний хөнжлийг хуу татаад хэвлий гэдэс, бөгсөн бие, нүүр рүү энд тэндгүй олон удаа өшиглөж зодсон. Би тухайн үед юу болж байгааг ч сайн ойлгоогүй ухаан балартсан байсан, нэг сэргэхэд Ө.Б миний уруулын будгаар нүүр ам, биен дээр зурчихаад гарч явсан. Тэр үед шөнө 03 цагийн орчимд зодуулсан байсан. Тэгээд манай ээж, аав ирж түргэн, цагдаа дуудаж би эмнэлэг дээр ирсэн. Налайхын эмнэлэгт ирээд тэндээсээ Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт очоод шинжилгээ хийлгэж буцаж ирээд Налайхын эмнэлэгт 10 хоног хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

Гэрч А.Болорцэцэгийн “...Гантулга буцаад манайд ирчихсэн миний орны хөлд суугаад О хойно газар, ор засаад унтчихсан. Би баруун талд байх орон дээр хүүхдээ хөхүүлээд хэвтэж, зурагтын гэрэлтэй байхад хаалга хүчтэй балбаад Гантулга босож онгойлгож өгөхөд, Ө.Б Гантулгыг жийж өшиглөж орж ирээд, хойно унтаж байсан эхнэрийнхээ хөнжлийг сөхөхөд, өмдгүй шалдан байтал Оыг нүүр нүдгүй, тархи толгой, бие хаа таарсан газраа цохиж өшиглөөд эргэж хараад, Гантулгыг 2 удаа өшиглөхөд гарч зугтсан. Намайг салгах гэхэд мангасдаж холдуулаад Оыг зодож, утсаараа хадам руугаа залгаж кармаандаа хийгээд нэмж зодоод ор дэрийг цус нөж болгосон. Тэгээд цагдаа ирж байна гэх сургаар гараад зугтаачихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 дугаар хуудас/,

3. Шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №08шэ/423 дугаартай “Т.Оын биед нүүр, зүүн чамархай, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хэвлийд зулгаралт, зүүн гаймрын хөндийн урд болон гадна ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.... дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/

4. Яллагдагч Ө.Бгийн “Би 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Батсүмбэр сумаас Налайхад ирээд Бадралаар жаахан пиво ууж явж байгаад, шөнө 03 цаг өнгөрч байхад Болороогийн гэрт очиход, манай эхнэр гэрийн хойгуур шалдан унтаж байхаар нь би эхнэрээ бос гэхэд өндийгөөд буцаад хэвтэхээр нь биеийнх нь хаа таарсан газар ойролцоогоор 10 гаруй удаа өшиглөж, толгой нүүрэн тус газар нь хэдэн удаа алгадсан тэгээд авч явах гээд босгоход, явахгүй цааш нь түлхэж ширээ мөргөж унасан. Дараа нь гарч явснаа буцаж ороод уруулын будгаар нь нүүр, биен дээр нь зурж эрээчээд гараад явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 66-69 дүгээр хуудас/

Мөн түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 392 дугаартай тогтоолоор гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнгын шинжтэй үйлдлээр гэмтэл учруулаагүй бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэхээр практик тогтоосон байна.

Иймд Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 269 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив ...” гэжээ.

Прокурор О.Баярсайхантус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Ө.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүх, шүүгдэгч Ө.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокурорын шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасан зохицуулалтын хүрээнд оролцогч талуудын хүсэлтээр гэрч, бусад оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан. 

Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно.

Энэ хэргийн хувьд Ө.Б нь нэг удаагийн үйлдлээр Т.Оод хүнд хохирол санаатай учруулсан байх тул байнгын шинжтэй үйлдлээр “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 269 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нь буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ө.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ