Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 17380032000102 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Ц, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн.

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт эхнэр Т.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт эхнэр Т.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч  Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-нд манай нөхөр Д.Ц миний хоёр найз явах гэж байхад цай хоол хийж өгөхгүй алга боллоо гээд хацар руу алгадаж аваад... толгой руу цохиж унагаагаад хөл рүү өшиглөж авсан. Тухайн үед гэрт байсан залуу гарч ирээд аваад гэр рүү орохоор нь би гэртээ орохоор бас зодох байх гэж бодоод хажуу айл Э ахынд буцаж ороод тэндээ уйлж сууж байгаад Б-ийн хөлд хэвтээд унтаад өгсөн.  ...Тэгээд би галаа түлээд сууж байхад алгадаж унагаагаад өшиглөөд үснээс чирээд зодсон. Тэгээд болиод утсаар яриад орон дээр суухаар нь би гараад Д ахынд ороод Д эгчээс утсыг нь гуйж аваад Мөрөн сум руу эгч рүүгээ залгаад болсон явдлыг хэлсэн чинь хүрээд ир гэхээр нь тэр өдрөө Мөрөн сум руу ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-15 дугаар хуудас/,

Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд гэртээ ирээд байж байтал Г эгч уйлсаар баруун хөл нь доголсон, үс нь өрвийсөн, нүүр нь хүрэн улаан болчихсон орж ирээд утсаа өгөөч гээд ээжийн утсыг аваад гарч утсаар ярьж байгаад орж ирээд уйлж сууж байгаад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 632 дугаартай

- Т.Г-ийн биед зүүн бугалга, шуу, баруун тохой, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.

- Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ц нь гэм буруу, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1738000000032 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Ц-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тогтсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН