Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00649

 

Ж.Амгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 101/ШШ2016/01350 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 652 дугаар магадлалтай,

Ж.Амгалангийн нэхэмжлэлтэй

Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд холбогдох,

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байр, 108 тоот байранд орон сууц түрээслэх гэрээг сунгахыг хариуцагчид даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 4 дүгээр хороо, 14 дүгээр байр, 108 тоот орон сууцнаас албадан гаргуулах, 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ахуй үйлчилгээ, байр хөлсөлсний төлбөр, алдангид нийт 8.202.251 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан, өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, Х.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зимирев В.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Монгол дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын дарга, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захиралтай гэрээ байгуулж, мөн өдрөөс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байрны 7 дугаар орцны 108 тоот байранд амьдарч эхэлсэн. Гэрээ байгуулсанаас хойш 4 жил 5 сар болсон ба гэрээнд сарын түрээсийн төлбөрт 200 ам.долларыг төлөхөөр заасан. Түрээсийн төлбөрийг ам.доллараар тооцохоор заасан нь өнөөгийн санхүүгийн хүндрэл, ам.долларын үнийн өсөлттэй холбоотойгоор миний хувьд ихээхэн хохиролтой байсан тул түрээсийн төлбөрийг төгрөгөөр тооцож өгөөч гэсэн хүсэлтийг түрээслүүлэгч талд хэд хэдэн удаа тавьсан боловч хүлээн аваагүй. Иймд  тус байрны дэргэд байгуулагдсан орон сууц түрээслэгчдийн түр зөвлөлөөс шийдвэр гарган 2013 оноос эхлэн Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас Россотрудничествогийн төлөөлөгчийн газрын тэргүүн Е.Г.Михайловт хандан түрээсийн гэрээний төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэхийг анхааруулсан. Гэтэл түрээслүүлэгч түрээсийн төлбөрийг 400.000 төгрөгөөр тооцно гэсэн нь надад хохиролтой байсан тул хүлээн зөвшөөрөөгүй ба 2014 оны 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Энэ хугацааны төлбөрийг гэрээний дагуу 20 ам.долларыг тухайн үеийн ханшаар төлөхөд татгалзах зүйлгүй. Уг байранд 4 жил амьдарсан тул орон сууц хөлслөх гэрээг байгуулах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч К.Султанбек шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Амгалан нь Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24798 тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн 2204008829 дугаарт бүртгэгдсэн Оросын Холбооны Улсын өмч болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, Хилчдийн гудамж, 14 дүгээр байрны 108 тоот орон сууцыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасны дагуу хөлслөхөөр тохирч 19/12-к тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 1.4 дэх заалтаар гэрээ 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох түрээслэгч нь гэрээний 3.1.2-т зааснаар байр хөлсөлсний болон орон сууцны ашиглалтын төлбөрийг цаг тухайд нь төлөх үүрэг хүлээсэн. Ж.Амгалан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй 200 ам.доллар их байна, ам.доллараар төлөхгүй гэсэн гомдол гаргасан тул 400.000 төгрөг болгон өөрчлөхөд хохиролтой байна гээд 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны байр хөлсөлсний төлбөр болон ахуй үйлчилгээний төлбөрийг төлөөгүй хохироосоор байна. Энэ хугацааны ахуйн үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байсан тул түүнийг манай байгууллага "Эдельвайсторг" ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр РЗ-73-333 тоот мэдэгдлээр орон сууц хөлслөх гэрээг, гэрээнд заасан хугацаанд дуусгавар болгон цаашид сунгахгүй гэж мэдэгдэл өгсөн боловч Ж.Амгалан нь гэрээний 3.1.11 дэх заалтыг зөрчиж байраа суллан хүлээлгэж өгөхгүй байгаа бөгөөд гэрээгээр болон хуулиар байрыг чөлөөлж өгөх үүрэгтэй юм. Мөн хөлслүүлэгч эд хөрөнгийн элэгдэл хорогдол, хөлсөлсөн хугацааны төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд Ж.Амгаланг орон сууцнаас албадан гаргаж, ахуй үйлчилгээний болон байр хөлсөлсний төлбөр алдангид 8.202.251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Амгалан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Уг байрны түрээсийн гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түрээсийн төлбөр, алданги, 2015 онд алдсан ашиг, өмгөөлөл хууль зүйн туслалцааны зардал, орон сууцны үйлчилгээний хөлс нийт 8.202.251 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Тус байранд 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн оршин сууж байгаа болно. Би 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2014 оны 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 400 ам.долларыг Оросын соёл, шинжлэх ухааны төвийн ХХБ-ны 499032909 тоот валютын дансаар нь шилжүүлсэн. Шүүх дээр маргаантай байгаа тул түрээсийн төлбөрөө өгөөгүй байгаа. Мөн 2015 онд алдсан ашгаа нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 101/ШШ2016/01350 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Амгалангийн хариуцагч Оросын шинжлэх ухаан, соёлын төвд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байрны 108 тоот орон сууцанд орон сууц түрээслэх гэрээг сунган байгуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байрны 108 тоот орон сууцыг Ж.Амгалан болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, Оросын шинжлэх ухаан, соёлын төвд олгож, орон сууц хөлсөлсний төлбөр, ахуй үйлчилгээний төлбөр нийт 6.366.371 төгрөгийг Ж.Амгалангаас гаргуулж, Оросын шинжлэх ухаан, соёлын төвд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.186 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 116.811 төгрөгийг гаргуулж, Оросын шинжлэх ухаан, соёлын төвд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 86.760 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Оросын шинжлэх ухаан, соёлын төвд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучнаар/ шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 7166 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 652 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6...” гэж нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.4, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзэмшлээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байрны 108 тоот орон сууцыг чөлөөлүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5198600 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3003651 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...116811 төгрөг...” гэснийг “...98127 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан, өмгөөлөгч Ц.Монгол нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гаргасан гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүйгээс гадна мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, байрны өмчлөл эзэмшлийн талаар илтэд ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь Нийслэлийн БЗД-ийн бүртгэлийн хэлтсээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2015 оны 8/1602 албан тоотоор “Танай 2015 оны 37212 тоот захирамжинд дурдсан БЗД, 4-р хороо, 15-р хороолол, Хилчидийн гудамж 14-р байрны 108 тоот хаягт байрлах орон сууц өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичгээр нотлох баримт шүүхэд ирсэн уг баримтаар тус байрны 108 тоот нь хэний ч өмч биш гэсэн байна.

2. РЦНК нь түрээсийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш болох нь шүүх хуралдааны явцад нотлогдсон. Оросын шинжлэх ухаан, соёлын төв нь соёлын үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө бус байгууллага байх бөгөөд шүүхэд түрээсийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд болохоо нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад шүүх уг байрны “эзэмшигч” гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 652 дугаартай магадлалд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчсөн асуудлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд өмгөөлөгч нь хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахаар анхан шатны шүүхэд өгсөн нотлох баримтыг үнэлээгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд “хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтэй байгаагаа бичгээр илэрхийлсэн байтал өмгөөлөгчгүй шүүх хурлыг хуралдуулж өмгөөлүүлэх эрхийг маань ноцтой зөрчсөн тул уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн.

Энэхүү байрыг ОХУ-ын өмч гэж олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд уг шүүхээс Захиргааны хэрэг үүсгэн шалгаж байгаа тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу түдгэлзүүлэх үндэслэл болж байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бас нэг үндэслэл мөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Богино хугацаагаар орон сууц түрээслэх гэрээгээр нэхэмжлэгч Ж.Амгалан нь ОХУ-ын өмч болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 14 дүгээр байрны 108 тоот 43.77 м.кв бүхий талбай 2 өрөө орон сууцыг сарын 200 ам доллараар хөлсөлсөн, гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /1 дүгээр хавтаст 5-25 дугаар тал/.

Зохигчид орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т нийцжээ. 

Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн гурван жил эзэмшиж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй ба гэрээний 3.3.3-т “энэхүү гэрээний бүх нөхцөлийг биелүүлж чадсан тохиолдолд түрээслэгч нь байрны түрээсийн гэрээний хугацааг сунгах ба гэрээг дахин байгуулах давуу эрх эдэлнэ” гэжээ.

Нэхэмжлэгч орон сууцны хөлс болон ахуйн зардлыг цаг хугацаанд нь төлөөгүй өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон, шүүх эдгээр нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Ж.Амгаланг 108 тоот байрыг эзэмших, цаашид түрээслэх давуу эрхээ алдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-г зөрчөөгүй байна.

Гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч байрыг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хөлс төлөөгүй болохоо үгүйсгээгүй байна.

Анхан шатны шүүх, сөрөг нэхэмжлэлээс орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэх, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл хугацааны хөлс 5.198.600 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан нь зөв боловч ахуйн үйлчилгээний зардалд 1.166.701 төгрөгийг гаргуулахдаа хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй байна.

Дээрх зардалд хариуцагч хичнээн хэмжээний төлбөр төлсөн нь тодорхой бус энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, давж заалдах шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй гэх байдал тогтоогдоогүй тул “...өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 652 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан, өмгөөлөгч Ц.Монгол нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ