Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0309/З |
Дугаар | 221/МА2017/0649 |
Огноо | 2017-09-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2017/0649
|
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0571 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0571 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №58 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ХВ 019535, ХВ 019441 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.
Учир нь Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр нэр бүхий 10 компанид холбогдох тусгай зөвшөөрлийг цуцалсан атал шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргаагүй, тэдгээр компаниас итгэмжлэл авч шүүх хуралдаанд оролцоогүй оролцогчдын талаар дүгнэлт хийж цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Мөн шүүх шийдвэрээрээ Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон атлаа “Т” ХХК-ийн ХВ-019535, ХВ-019441 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.
Шүүх “нэхэмжлэгч “Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу тус компанийн захирал Г.Энхтуяа нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Солонгос улсад хэвтэн эмчлүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эмчийн хяналтад байсан нь эмч нарын тодорхойлолт, гадаад паспортын тэмдэглэгээ зэргээр нотлогдож байна” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсад ирээд эмчийн хяналтад орсон нь нотлох баримтаар нотлогдож байх тул тухайн жилийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой байсан.
“Т” ХХК нь Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд болохын хувьд, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-д “хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх” гэж хуульчилснаас үзвэл тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын ажил эрхлэхдээ зөвхөн үүсгэн байгуулагч захирлаас хамааралгүйгээр үйл ажиллагаа үргэлжилж байхаар байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.7-д “энэ хуулийн 36-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх” гэснээр нэхэмжлэгч компани нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд төлбөр алдангийг төлөх боломжтой байжээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүх буруу дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Т” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ХV-19441, ХV-19535 дугаар тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэж нэр бүхий 9 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшлийн ХV-19441, ХV-19535 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүд багтсан байна.
Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ “компанийн захирал Г.Энхтуяа нь БНСУ-д хагалгаа хийлгэж хэвтэн эмчлүүлсэн, хагалгааны дараах хүндрэлийн улмаас эмчийн хяналтад байсан...” нь хүндэтгэн үзэх шалтгаан хэмээн тайлбарлаж, холбогдох баримтуудыг ирүүлснийг анхан шатны шүүхээс зөв дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээд хүлээн аваагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдлийг нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлж мэдэгдсэн” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “мэдэгдэл өгөх” гэдгийг төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/2675 дугаар албан бичгээр “Т” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн боловч энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, хариуцагч захиргааны байгууллагад буцаан хүргэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “...тухайн хаяг дээрээ байгаагүй учраас буцаалт ирсэн...” гэх тайлбар[1], хариуцагч захиргааны байгууллагын “Явуулсан бичиг”-ийн бүртгэлийн дэвтэр дэх “Буцалт I/07” тэмдэглэгээ[2]-гээр тогтоогдож байна.
Нөгөөтэйгүүр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т” ХХК-аас гадна нэр бүхий 8 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байхад шүүх “Т” ХХК-ийн нэхэмжлэлээр уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Дээрх байдалд үндэслэн шүүхийн шийдвэрт маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулахаас гадна хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0571 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-19441, ХV-19535 дугаар тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН