Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 263

 

П.У, Т.О нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Х.Батсүрэн

                                  Б.Мөнхтуяа

                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ө х” ХХК-д олгосон 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” тухай 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0957 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0225 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч П.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Н.У нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0957 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн Барилгын тухай /2008 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.У, Т.О нарын Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Ө х” ХХК-д олгосон 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай “Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0225 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч П.У, түүний өмгөөлөгч М.Д нарын гомдлын агуулгад: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болохыг заасан энэ эрхийнхээ хүрээнд давж заалдах шатны шүүх хуралд оролцохдоо өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж, өмгөөлөгчөөр М.Д-г сонгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар харилцан тохиролцсон. Тухайн цаг хугацаанд өмгөөлөгчийн амьдарч буй орон нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоогдон үргэлжилж байсан тул тухайн нөхцөлийг дурдан шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн боловч хүлээн авалгүй хуралдааныг хийсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг зөрчөөд зогсоогүй, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.4-т хэргийн оролцогч ...өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэх судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн зарчмыг алдагдуулсан.

4. Шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүйгээс өөрийн гаргасан гомдлын үндэслэлийг бүрэн тайлбарлаж чадаагүй нь шийдвэр гаргахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна. Тухайлбал, нэхэмжлэгч гомдолдоо техникийн нөхцөлүүдийн хугацаа дууссан байхад ерөнхий дүгнэлт гаргасан, он, сар зөрүүтэй дүгнэлтийг үндэслэсэн гэсэн боловч түүнийгээ яаж нотлохоо ойлгоогүйгээс нэг бүрчлэн нотлох баримтаар тайлбарлаагүй.

5. Нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэх гомдлыг хангахгүй орхихдоо зөвхөн хариуцагчийн сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2,5 цаг байх тохиромжтой гэж үзнэ гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн гэсэн тайлбарыг үндэслээд үнэхээр тухайн байранд өдөрт 2,5 цаг нарны гэрэл тусаж байгаа үгүйг тогтоогоогүй байж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэдэгтэй санал нийлэхээр байна.

6. Иймд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангуулахын тулд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч нараас “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, нарны гэрэл хааж, үзэгдэх орчин хязгаарласан” гэх үндэслэлээр зэргэлдээ орших “Ө х” ХХК-ийн барьж буй барилгын магадлалын ерөнхий дүгнэлт, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

9. Барилгын тухай /2008 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар барилга байгууламжид тавигдах шаардлага нь зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байхад оршиж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчлөлийн барилгууд нь байрлалын хувьд жишүү байрлалтай байх бөгөөд барилга хоорондын зай, хэмжээг Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт тооцох тухай дүрмээр зохицуулж байна.

10. Уг дүрмийн 2.5-д зааснаар барилгын тууш талуудын хооронд, барилгын тууш тал болон хөндлөн талын хооронд, сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд, орон сууцны цонхгүй хөндлөн талуудын хоорондын зай хэмжээнээс барилга хоорондын зайг тооцох ба харин жишүү барилга хоорондын зайг тогтоогоогүй байгаа нь жишүү барилгууд “харилцан бие биедээ нөлөөлөхгүй” гэж ойлгогдохоор гуравдагч этгээдийн барилга нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт дээрх журамд нийцжээ.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх чиг үүрэгтэй, энэ дагуу барилгын хоорондын хамаарлын талаар мэргэжлийн байгууллагаас шинжлэх ухаан, тооцооллын үндсэн дээр тусгай мэдлэгийн хүрээнд нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон барилгын норм, дүрмийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, барилгын нормоор нэгэнт тодорхой тогтоосон асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлага байхгүй байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хэт нэг талыг барьсан” тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Нэхэмжлэгч нарын тухайд 2016 оны 6 сард Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед гуравдагч этгээдийн барилга баригдаж байсан буюу 10 давхарын цутгалтын ажил явагдаж байсан, нэхэмжлэгч нар нь тухайн үед өөрийн худалдан авах байрны орчны газрыг судлах, үзэгдэх орчин хязгаарлагдах эсэхийг тооцоолох бүрэн боломжтой байсан, хожим үүссэн эрхээр бусдын барилга барих эрхийг хязгаарлах боломжгүй.

13. Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж тооцох дүрмийн 3.3-д зааснаар тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга, байгууламжид сүүдэрлэгдэхээргүй, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар барилгыг байрлуулах ба тухайн тохиолдолд барилга хоорондын байрлал жишүү байрлалтай, барилгын нүүр талтай зэрэгцээ байрлаагүй тул уг дүрмийн 5.26-д зааснаар тооцоолон нарны тусгал “хангалттай” гэж үзсэн, нэхэмжлэгчийн тухайд үүнийг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, жишүү байрлалтай барилгын тухайд нэхэмжлэгчийн амьдарч байгаа “өрөөний цонхыг өдрийн турш хаасан” гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ талаархи гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгчийн “өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрх хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар өмгөөлөгч ирээгүй байхад түүнийг оролцох боломж олгоогүй” тухай гомдол үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч талын хүсэлтээр, нэхэмжлэгчийг өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангаж, нийтдээ 3 удаа хойшилсон, 4 удаагийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй” гэх боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухайлбал хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжийн хугацаа дууссан байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна. Нөгөө талаас шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангагдах нь хуулиар олгосон боломж бөгөөд шүүхээс энэ эрхийг хязгаарлаагүйн зэрэгцээ өмгөөлөгчийг заавал байлцуулан хуралдааныг явуулах ойлголт биш юм.  

15. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0957 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0225 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ     

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ