Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 12

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын иргэн Ш.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн  *******гийн зохицуулагч Г.д холбогдох

 “2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу 393600 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хассан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Г., нарийн бичгийн даргаар Б.Цэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* би Завхан аймгийн Цагдаагийн байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах зүйлүүдээр уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 12 цагийн үед төв тойрог дээр Завхан аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч Ж.*******д шалгуулахад 0.27 хувийн  согтолттой байна гэж үзсэн. 2016 оны 04-р сарын 08-ны өдөр замын цагдаагийн байцаагч Г. согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байхад 393,600 төгрөгөөр торгож, автомашин барих эрхийг 6 сараар хассан нь надад хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэр нь миний эрхийг зөрчиж байсан тул гомдол гаргах эрхийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын даргад 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Прокурорын газар өргөдөл гаргахад миний өргөдлийг хүлээн аваагүй болно. 1.Тухайн үед би огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгээ замын цагдаад хэлж, цусны шинжилгээ өгөх хүсэлт тавихад хүлээж аваагүй болно. 2. 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өглөө замын цагдаагийн байцаагч Г.д би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй гэдгээ хэлж шалгуулахаас 30 орчим цагийн өмнө 2-3 хундага виски уусанаа хэлж би гайхаж байна гэдгээ тайлбарлан дахин цуснаас шинжилгээ өгөх талаар хүсэлт тавихад хүлээж аваагүй болно. 3. Замын байцаагч Г.д зүрхний эм болох долоогоны хандыг 4-н удаагийн давтамжтай 20-30-н дуслаар уусан гэдгээ хэлсэн. 4. Миний зүрх өвдөх үед эм хэрэглэдэг, зүрхний хэм алддаг гэдгээ гар утсан дээр S HeaIth программаар замын байцаагчийн зүрхний хэмнэлтэй нь өөрийн  зүрхний хэмээ харьцуулан үзүүлсэн. 5. Журмын хашаанд байсан автомашинаасаа эмээ авчран эм уухаасаа өмнө драгер багажаар шалгаж үзэхэд 0.0 хувь гарч байсан. 6. Уудаг байсан эмээ нэг удаа уудаг тунгаараа уусны дараагаар 5-10 минут хүлээсний дараа шалгуулж үзүүлэхэд 1 хувь гарч байхад хүлээж аваагүй. 7. Надтай хамт автомашинд засвар хийсэн  хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Дутуу шалгалт хийсэн. 8. 2016 оны 04-р сарын 13-ны өдөр Завхан аймгийн Прокурорын газар өргөдөл гаргахад замын цагдаад анх шалгуулахад эм уусан гэдгээ хэлээгүй, эм уусан гэдгийг нотлох хангалтгүй байсан гэсэн байсан. Би тэр эмнээс гардаг гэж мэдэхгүй байсан тул цагдаад хэлээгүй байсан. Гарч магадгүй гэж үзэн байцаагчтай хамт туршиж үзсэн. 9. Эм уух заавар дээрээ ч хориглох заалт байхгүй байдаг. 10. Тэр эмнээс болж 0.27 хувь гарсан гэдэг нь тогтоогдсоор байтал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэн миний эрхийг зөрчиж байгаа тул гомдолтой байна. Миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар замын цагдаагийн байцаагчийн шийдвэрийг хүлээн аваад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсний дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 04 дүгээр сарын 03-ны өдөр амралтын өдөр байсан. Өөрийнхөө авто машиныг янзлуулах шаардлага гарчихаад тэр өдөржин машинаа янзлуулсан. Тэгээд засвар хийсэн хүмүүсийг хүргэж өгч явж байгаад замын цагдаагийн зохицуулагчид шалгуулсан. Шалгуулахад намайг архи уусан байна гэхээр нь ах нь архи уугаагүй драгераар чинь үлээлгэе гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн газар очоод үлээлгэсэн. Хэргийн материалаас уншихад зохицуулагч намайг драгер үлээхээс зайлсхийсэн гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Тийм зүйл болоогүй би өөрийнхөө хүсэлтээр очоод драгер үлээсэн. Хамгийн гол нэхэмжлэлийн шаардлага юу вэ? гэхээр ямарч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад эрх хассанд гайхаж байна. Тухайн үед би зүрхний эм болох долоогоны хандыг уудаг тунгаараа 3-4 удаа уусан байсан. Үүнээс болж гарах магадлалтай юм байна гээд байцаагч  Г.н өрөөнд долоогоны хандыг уудаг тунгаар нь хэрэглээд 10-15 минутын дараа драгер үлээж үзэхэд 1 бүхэлтэй гарч байсан. Энэхүү зүйлээс болж гардаг юм байна гэдгийг тухайн үед мэдсэн. Ийм байхад миний жолоо барих эрхийг 6 сараар хасаад 400000 төгрөгөөр торгосонд хохиролтой байна. Хамгийн гол нь согтууруулах ундаа хэрэглэсэн бол би энд ажлаа үрээд явах шаардлагагүй гэв. 

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймаг дахь *******гийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахлах дэслэгч Г. би 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчил гаргасан Ш.*******ын согтуурал шалгасан магадлал, эд зүйл,  бичиг баримт хураасан тэмдэглэл зэргийг цохолтоор хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны арга хэмжээ авсан болно гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хууль зүйн сайдын баталсан журмын дагуу согтолтын хэмжээ 0.19-өөс дээш гарвал эрх хасах үндэслэл болдог. Нэхэмжлэгч 4 дүгээр сарын 03-ны өдөр зохицуулагч *******, ******* нарын согтуурлыг шалгах магадалгаа дээр 0.27 хувьтай гарсан. Ш.******* тайлбартаа өмнөх орой нь би виски уусан байсан. Тэгээд маргааш нь юу ч идэж уулгүй байж байгаад орой нь шалгуулсан гэсэн тайлбар өгсөн. Хүний биеийн онцлог физилогиос болж согтууруулах ундааны зүйл гарахгүй байх тохиолдол байдаг. Долоогоны ханд гэдэг эмийг 3-4 удаа уусан гэж байгаа боловч туршилт хийж үзэхэд эмийг нь уулгаад 2 цагийн дараа үлээлгэхэд согтууруулах зүйл хэрэглээгүйгээр гарсан. Тэгэхээр тэр өдөр юу ч идэж уугаагүй хүн хоёр хоёр цагийн давтамжтайгаар уусан гэж бодоход уугаад үлээлгэхэд гарах тийм л үндэслэл байгаа. Ш.******* манай багажийг ажиллахгүй байна гэхээр нь эмийг нь 30 дуслаар нь уулгаж байгаад 10-15 минутын дараа биш 1 минутын дараа үлээлгэхэд 1 бүхэлтэй гарсан. Би тэгж шалгадаг нь согтолтын хэмжээг шалгадаг багажаа стандарт хэмжил зүйгээр шалгаад баталгаажсан гэдгийг нь нотлохоор тэгсэн юм. Тэр эмийн тагийг онгойлгоход спирт бол үнэртдэг юм байна лээ. Дөнгөж уугаад үлээхэд гарна мөн манай багаж ажилладаг юм шүү гэдгийг хэлээд хийж үзүүлсэн үйлдэл байгаа юм. Би хуульд заасны дагуу арга хэмжээгээ авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь Завхан аймгийн *******гийн тасгийн зохицуулагч д/ч Г.н 2016 оны 04 сарын 07-ны өдрийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлоо аймгийн Цагдаагийн газрын даргад 2016 оны 04 сарын 08-ний өдөр /хавтаст хэргийн 6-р хуудас/, аймгийн прокурорын газар 2016 оны 04 сарын 13-ны өдөр /хавтаст хэргийн 3-р хуудас/  тус тус гаргаж хариу авсан байх тул  Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-ийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.*******ыг 2016 оны 04 сарын 04-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргасан гэж 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараар хасч, 384000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Нэхэмжлэгч нь тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй, зүрхний эм болох долоогоны хандмал уусан гэж маргаж байх бөгөөд түүний согтуурлын хэмжээ бага, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй байхад хариуцагч түүнийг шалгаж тогтоолгүйгээр арга хэмжээ авсныг зөвтгөх боломжгүй байна.

Гэрч М.*******, Ж.******* нар түүнийг тухайн өдөр архи, согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг гэрчилж мэдүүлсэн ба замын цагдаа ажилтай Ж.*******, Г.******* нар түүнийг гадна байдлаараа архи уусан гэж мэдэгдэхээргүй байсан гэж мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгчийн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Хууль зүйн Сайдын 1999 оны 73 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 56 дугаар зүйлд  Хууль Зүй Дотоод хэргийн Сайдын 2009 оны 260 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль буюу түүнээс илүү байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн амьсгал дахь согтуурлын хувь хэмжээ журамд заасан 0,20 гэсэн хэмжээнээс ялимгүй илүү байх ба хариуцагч зөвхөн согтуурал шалгах багаж үлээлгэснээр түүнийг согтуу байсан гэж үзэж арга хэмжээ ногдуулсан нь хангалтгүй байна.

Нэхэмжлэгчийн эмчлүүлэгчийн карт /хавтаст хэргийн 60-62-р хуудас/-аас харахад Ш.******* нь 2015 оны 8 дугаар сарын 25-нд “*******” өрхийн эмнэлэгт үзүүлж, түүнийг зүрхний эм болох долоогоны хандмал хэрэглэхийг эмч зааварласан байна.

Долоогоны хандмал эмийн хэрэглэх заавар дээр уг эм нь 70%-н спиртэн хандмалын найрлагатай болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Ж.******* “...цуснаасаа шинжилгээ өгье гэж байсан. Тэгэхэд нь та эмнэлэг дээр очиж өгөх боломжтой. Манайх цуснаас шинжилгээ авах боломжгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-р тал/, зөрчлийн талаар асуусан тэмдэглэл /хавтаст хэргийн 35-р тал/-ээр нэхэмжлэгч Ш.******* нь тухайн үед зүрхний эм уусан талаараа хэлж, цуснаасаа шинжилгээ өгье гэж хүсэлт гаргасан байхад түүний хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс туршилт хийж, Ш.*******ыг зүрхний эм болох долоогоны хандмалыг уудаг тунгаар нь уулгаж 2 цагийн дараа согтуурал шалгах багаж үлээлгэж шалгахад 0,00 хэмжээтэй гарсан бөгөөд нэгэнт хариуцагч тухайн үед уг байдлыг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй байх тул шүүх дээрх туршилтын үр дүнг үнэлж дүгнэх шаардлагагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зөрчил гаргасан байдлыг хариуцагч хангалттай шалгаж тогтоолгүйгээр хариуцлага ногдуулсан байх тул шүүх Ш.*******ыг тухайн үед зүрхний эм болох долоогоны хандмалыг хэрэглэсэн эсэх, энэ нь согтуурал шалгах багажаар илрэх эсэхийг шалгаж тогтоох боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч архи уугаагүй, зүрхний эм болох долоогоны хандмал уусан байсан гэж маргаж байхад хариуцагч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж дээрх эргэлзээтэй байдлыг шалгаж тогтоогоогүй байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна, мөн зүйлийн 3-т “энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулахдаа энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтан шийтгэвэр гаргана” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд замын цагдаагийн тасгийн зохицуулагч Г. нь Ш.*******ын гаргасан зөрчилд шийтгэл ногдуулахдаа хуульд зааснаар шийтгэвэр гаргах ёстой байжээ. Хариуцагч нь зөрчил гаргагчид  захиргааны шийтгэл ногдуулахдаа шийдвэрийн хэлбэрийг зөрчиж, захиргааны шийтгэлийг тэмдэглэлээр ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Ш.******* нь 393600 төгрөгөөр торгосон арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба гэрч Ж.*******, Г.******* нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар тухайн өдөр нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх болон бусад бичиг баримтгүй явсан болох нь тогтоогдож байна. Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 34 дүгээр зүйлийн “б”-д үнэмлэхгүйгээр автомашин жолоодсон бол тээврийн хэрэгслийг түр саатуулахаар байх тул Ш.*******ын машиныг журмын хашаанд саатуулж 9600 төгрөг төлүүлснийг буруутгах боломжгүй байна.

Захиргааны шийтгэл ногдуулах тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 37-р хуудас/, шийтгэвэр /хавтаст хэргийн 32-р хуудас/-ээс харахад Ш.*******ыг 384000 төгрөгөөр торгосон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 393600 төгрөг гэсэн шаардлагаас 9600 төгрөгийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн арга хэмжээ ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах үндсэн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас бүрэн гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас автомашин журмын хашаанд хийж саатуулсны төлбөр 9600 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн *******гийн тасгийн зохицуулагч Г.н гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараар хасч, 384000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан шийдвэр-“Захиргааны шийтгэл оногдуулах тухай тэмдэглэл,  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай тэмдэглэл, шийтгэвэр/-ийг хүчингүй болгосугай

2. Ш.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээж, үнэмлэхийг түүнд буцаан олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Цагдаагийн газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах журамтай болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Н.АМАРЗАЯА