Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2024/00171

 
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө-р багт оршин суудаг, утас:******, Б овогт Дгийн С;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, РД:*****, СХХК (захирал Х.А, утас:******, ******);

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө  *** дугаар багт оршин суудаг, СХХК-ийн захирал ажилтай, утас:******, ш овогт Кы А;

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ 350,000,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т,

Хариуцагч СХХК болон хариуцагч Х.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай,

Гэрч Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч СХХК болон Х.Ат холбогдуулан анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны үнэ 200,000,000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны хамгийн доод үнэ 350,000,000 төгрөг байгаа тул урьд нэхэмжилсэн 200,000,000 төгрөг дээр 150,000,000 төгрөгийг нэмж, нийтдээ хоёр өрөө байрны үнэ 350,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие К.А болон түүний 100% эзэмшдэг СХХК-тай харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Ингээд гэрээний 1.1.-д зааснаар Д.С миний бие үүргээ бүрэн биелүүлж барагшун худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авч, зээл авахад холбогдох бичиг баримтуудыг нь бүрдүүлэн өгч өөрийн үүргээ биелүүлсэн.

1.2.Гэрээний 2.7-д Компани нь Б тал болох Д.Сд гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байгаа тул Хотын төвийн 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнээр 200,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна.

1.3.2020 оны 11 дугаар сараас хойш хариуцагч нь Ковид гарсныг шалтгаалан борлуулалт хийгээгүй гэж гэрээний дээрх үүргээ биелүүлээгүй явсан бөгөөд 240,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн болохыг сонссон тул түүнээс байр авч өгөхийг шаардсан боловч шалтаг, шалтгаан хэлсээр үүргээ биелүүлээгүй болно.

1.4.Мөн хариуцагч компани гүйцэтгэх захирал К.А тул худалдан борлуулалт хийсэн банкны дансны гүйлгээг шалгах боломжгүй байсан. 2023 онд К.А нь борлуулалт хийсэн гэж миний дансанд бага хэмжээгээр төлбөр төлж байсан. Г банкны СХХК-ийн 5805008988 тоот дансны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн арилжаа хийв гэсэн утга бүхий 46765600 төгрөг, 36700000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ нь гэхэд гэрээний 2.7-д зааснаар гадаад улс руу борлуулалт хийсэн гэдгийг нотолж байна. (Дансны хуулгыг хавсаргав). Бусад банкны дансны мэдээлэл хуулгыг авах боломжгүй тул бусад дансаар өндөр дүнтэй гүйлгээ хийсэн байх боломжтой.

1.5.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны хамгийн доод үнэ 350,000,000 төгрөгийг хариуцагч СХХК болон хариуцагч К.А нараас гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч СХХК болон хариуцагч К.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие тус СХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулж хөл дээр нь босгож бүх хэрэгтэй зүйлүүдийг нь бүрдүүлж албан ёсны болгож 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж ***** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Улсын бүртгэлийн дугаар нь 0211002047 байна. Тус компани нь 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж 01 дүгээр шийдвэрээр компанийнхаа дүрмийг баталсан юм. Компани дүрмээр хөрөнгийн хэмжээ 1000000 төгрөг ба гишүүдийн тоо нэг бөгөөд би өөрөө юм. Компани нь ажил, бүтээгдэхүүнээ гэрээ болох захиалгаар хийдэг ба худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд дагавраар Үр тарианы гурил үйлдвэрлэл, Бетонон үйлдвэрлэл, барагшун савлах зэрэг жижиг үйлдвэрлэлийг улирлын чанартай явуулдаг гэж гэрээнд тусгасан байгаа.

2.2.Уг гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин шинээр өөрчилж авсан. Уг гэрчилгээний арын хуудсанд: Компани зүгээс миний хүү болох А.Бын Х банк дахь *****, *****, ******дугаарын данснуудаар харилцаж байгаа. Нэмэлт өөрчлөлтөд: Кы Аийг захирлаар томилж бүртгүүлсэн. Эцсийн өмчлөгч 1 хүн иргэн гэж бүртгэгдсэн. Хувьцаа эзэмшигчдийн тоо 2 болж өөрчлөгдөж бүртгэгдсэн ба ажилтанд миний хүү А.Б, эхнэр Б.Снарын нэр бичигдсэн.

2.3.Олон жил буюу 17 жил гаруй Монгол Улсын зарим гараас Мумия буюу Барагшунгийн баас гэх байгалиас олдох нэг төрлийн түүхий эдийг зөвшөөрлөөр цуглуулах ажлыг хийж ирсэн бөгөөд энэ түүхий эдийг анхны үйлдвэрлэл явуулж, уух түрхэх зэрэг эмийн зориулалтын бараа бүтээгдэхүүн гарган авч чанар савлагааны үзлэг шалгалтад оруулж заримаас нь үзэсгэлэн худалдаанд гаргаж байсан юм.

2.4.Ерөнхийдөө 2007 оноос эхлэн энэ СХХК буюу жижиг дунд үйлдвэрлэлийг би хариуцаж ажиллуулж байгаа. Цаашид өргөжүүлэх, гадаад оронд бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах гэж хичээж байгаа. Надад нэг хүн энэ Сг тохиолдлоор 2020 оны намар 10 дугаар сарын дундуур байх танилцуулсан юм. Стай уулзахад тэр өөрийгөө зөнч, илбэч, хувилгаан, бариач эмч, бүтэхгүй байгаа зүйлийг бүтээж өгнө гэж улмаар миний шуунаас барьж судсыг үзээд чиний бизнест том саад байна. Би аргалж өгнө гэхэд түүнээс нуулгүй би Барагшуны асуудлаар барьцтай байна гэсэн. Тэр би баттай янзалж өгнө миний хий гэснийг хий гэсэн юмыг хийж, хэлсэн болгоныг биелүүлнэ гэж амлаарай гэж шаардлага тавьсан. Би мэргэ төлөг шашны зан үйлд маш их итгэдэг зантай хүн болохоор итгэл хүлээлгэсэн юм.

2.5.Нэхэмжлэгч Д.С нь 2020 оны 10 дугаар сарын дундуур байх миний бүх бичиг баримтууд, компани гэрчилгээ, барагшунгийн бэлэн бүтээгдэхүүн зэргийг авч яваад Скомпанийн бэлдсэн барагшун бүтээгдэхүүнийг орос улсад сурталчлах, зарим туршлага судлах, бүтээгдэхүүн солилцох, борлуулах боломжийг хайх зэрэг зөвшөөрөл авахаар боллоо. Иймд би танай компанийн хувьцаа эзэмшигч болох ёстой юм байна. Мөн СХХК-ний шинэчилсэн дүрэм гарахаар боллоо, би тэр дүрмийн төслийг төлөвлөн бичиж авч ирсэн. Эхлээд дүрмийг бичиж батална. Тэр дүрмээр компани үүсгэн байгуулагч нь А чи, нөгөө нь би байх болно, чи бид хоёр СХХК эзэн хамтран эзэмшигч болсон тохиолдолд бүх юм сайхнаар болох юм. Түүнээс гадна би энэ бэлдэж бичсэн бичиг баримтаар яам, газар холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг элдэв байдлаар хууран мэхэлж бай өөртөө итгүүлээд зөвшөөрөл авахаар болсон тул миний бичсэнийг болон хэлснийг чи зөвшөөрөх ёстой. Гэхдээ би чамд наалдахгүй ажил дуусгахад яваад өгөх бөгөөд хоёулаа хөдөлмөрийн гэрээ байгуулна. Түүнд ажиллах хугацаа 3 жилээр менежер гэх албан тушаалд ажиллахаар тусгана. Би 2023 оны 7 дугаар сарын 01-нд дуусгаад явах болно. Бүх бичиг баримтыг чинь янзлах болно гэж хэлж сард 450,000 төгрөгийн цалин авч байхаар тохирч ажилд орсон ба орсон тушаалын нэг хувийн авсан юм.

2.6.Миний бие бичиг цаасны хувьд чадварлаг биш болохоор тэр гэрээ дүрэм гэх бичиг баримтыг Д.С өөрөө боловсруулж надаар гарын үсэг зуруулж улсын бүртгэлд бүртгүүлж янзалж явснаас гадна компани маань зарим ажилд тусалж байсан нь үнэн. Иймээс миний бие Д.Сд итгэж дээрх бичиг цаасны бүрдэлтийн ажлыг даалгасан байсан билээ.

2.7.Гэтэл сүүлийн хэдэн жилд Д.С нь компани маань бүх эрх мэдлийг авч улмаар янз бүрийн хүмүүсийг дагуулж, хөрөнгийг маань үрэн таран хийж гадаад улс руу явна гэж хэлж орлого санхүүг дур мэдэн зарцуулах болсон ба надыг хэл амаар доромжлон хөрөнгийг чинь авна гэж заналхийлэх болсон. Тэгээд би энэ Д.С гэх авгайд залилуулж: 1.Компанийн 2 гишүүний нэг нь болж, 2.Компанийн хөрөнгийн талын өмчлөгч болж, 3.Эцэст нь компани энэ этгээдэд алдаж хохирохоор гэрээ тохиролцоо хийгдсэн болохоор түүний гэрээнд заасан хугацаа дууссаныг үндэслээд цаашид компанид ажиллах хөдөлмөрийн гэрээг нь цуцалж тушаалын нэг хувийг түүнд өгсөн юм.

2.8.Гэтэл тушаалыг өглөө гээд надад өш хонзон санаж Д.С нь надаас асар их буюу олон зуун сая төгрөг нэхэмжилж үндэслэлгүй шаардлага тавьсан байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Д.С нь намайг хууран мэхэлсэн, Компани дүрэм бол миний бичсэн танилцсан баримт биш байна. Д.Сд гүйцэтгэсэн ажлын хөлс, урамшил зэргийг хангалттай өгсөн. Д.Сгийн компанид ажиллах гэрээ нь дуусгавар болсон, компанид ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй жирийн менежер нэрээр туслахаар ажиллаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №***** дугаартай Монгол Улсын Улсын бүртгэлийн гэрчилгээ, СХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, СХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Г банкны Дансны хуулга, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгосон №0003627 дугаартай Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ, СХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа гэсэн Хүсэлт тавих тухай албан бичиг, К.Аийн Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон №24020002000558 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон №*****дугаартай СХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан С Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, С ХХК-ийн менежер Д.Сд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон Үнэмлэх зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШЗ2023/03613 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Г банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/216 дугаартай албан бичгээр хүргүүлсэн С ХХК-ний Г банк дахь MNT төгрөг, USD доллар, CNY юань, RUB рувль-ийн данснуудын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-ууд, Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5180/646 дугаартай албан бичгээр хүргүүлсэн СХХК-ны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-ууд, Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон 01/286 дугаартай албан бичгээр хүргүүлсэн СХХК-ний нэрээр гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/5902 дугаартай албан бичгээр хүргүүлсэн СХХК-нд тусгай зөвшөөрөл олгосон Эрүүл мэндийн сайдын тушаалыг хуулбар, мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэсэн тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШЗ2024/00157 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон А ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт, Гаалийн Ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01-1.2/458 дугаартай албан бичгээр хүргүүлсэн СХХК, иргэн К.А нарын нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл зэрэг бичгийн нотлох баримтууд тус тус хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Д.С дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний бие гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж барагшун худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авч, зээл авахад холбогдох бичиг баримтуудыг нь бүрдүүлэн өгсөн боловч хариуцагч нь гэрээний 2.7-д Компани нь Б тал болох Д.Сд гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул Хотын төвийн 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнээр тооцоолж хариуцагч нараас 350,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

7.Хариуцагч СХХК болон хариуцагч К.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:

7.1.Нэхэмжлэгч Д.С надаас асар их хэмжээний буюу олон зуун сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Д.С нь намайг хууран мэхэлсэн, Компани дүрэм бол миний бичсэн танилцсан баримт биш байна. Д.Сд гүйцэтгэсэн ажлын хөлс, урамшил зэргийг хангалттай өгсөн. Д.Сгийн компанид ажиллах гэрээ нь дуусгавар болсон, компанид ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй жирийн менежер нэрээр туслахаар ажиллаж байсан.

7.2.Нэхэмжлэгч Д.Стай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, манай компанид гэрээ ёсоор 3 жилийн хугацаагаар менежерийн албан тушаалд ажилласан. Компанийн бүх бичиг баримтыг янзлах зэрэг ажлуудыг хийгээд сард 450,000 төгрөгийн цалин авч байхаар тохирч ажилд орсон ба орсон тушаалын нэг хувийг өгсөн

7.3.Миний бие бичиг цаасны хувьд чадварлаг биш болохоор тэр гэрээ дүрэм гэх бичиг баримтыг Д.С өөрөө боловсруулж надаар гарын үсэг зуруулж улсын бүртгэлд бүртгүүлж янзалж явснаас гадна компани маань зарим ажилд тусалж байсан нь үнэн. Иймээс миний бие Д.Сд итгэж дээрх бичиг цаасны бүрдэлтийн ажлыг даалгасан байсан билээ.

7.4.Гэтэл сүүлийн хэдэн жилд Д.С нь компани маань бүх эрх мэдлийг авч улмаар янз бүрийн хүмүүсийг дагуулж, хөрөнгийг маань үрэн таран хийж гадаад улс руу явна гэж хэлж орлого санхүүг дур мэдэн зарцуулах болсон ба надыг хэл амаар доромжлон хөрөнгийг чинь авна гэж заналхийлэх болсон. Тэгээд би энэ Д.С гэх авгайд залилуулж: 1.Компанийн 2 гишүүний нэг нь болж, 2.Компанийн хөрөнгийн талын өмчлөгч болж, 3.Эцэст нь компани энэ этгээдэд алдаж хохирохоор гэрээ тохиролцоо хийгдсэн болохоор түүний гэрээнд заасан хугацаа дууссаныг үндэслээд цаашид компанид ажиллах хөдөлмөрийн гэрээг нь цуцалж тушаалын нэг хувийг түүнд өгсөн юм.

7.5.Гэтэл тушаалыг өглөө гээд надад өш хонзон санаж С нь надаас асар их буюу олон зуун сая төгрөг нэхэмжилж үндэслэлгүй шаардлага тавьсан байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Д.С нь намайг хууран мэхэлсэн, Компани дүрэм бол миний бичсэн танилцсан баримт биш байна. Д.Сд гүйцэтгэсэн ажлын хөлс, урамшил зэргийг хангалттай өгсөн. Д.Сгийн компанид ажиллах гэрээ нь дуусгавар болсон, компанид ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй жирийн менежер нэрээр туслахаар ажиллаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.Хариуцагч СХХК-ийн регистрийн дугаар *****, улсын бүртгэлийн дугаар 0211002047, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь (8292 код) барагшун савлах үйл ажиллагаа явуулах болох нь 2007 оны 11 дүгээр сарын 21-ний бүртгэж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин олгосон №*****дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.

8.2.Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгосон №0003627 дугаартай Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ-нд Бүртгэлийн дугаар: L2021106Supp002275; Биологийн идэвхт бүтэгдэхүүний нэр: Цэвэршүүлсэн өтгөрүүлсэн барагшун; Савлалтын хэмжээ: 100р, 25кг өтгөрүүлсэн бэлдмэл; Үйлдвэрлэгчийн нэр: СХХК; Гарал үүслийн улс: Монгол; Бүртгэл нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хүчинтэй гэж бичигдсэн байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/5902 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/1381 дугаартай Тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох, хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт хийх, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай тушаалаар эрүүл мэнд, эм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох байгууллагын нэрсийн нэгдүгээр....хавсралтаар баталсан байна.

Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралт Эрүүл мэнд, эм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох байгууллагын нэр, чиглэл, хугацаа-ны Шинээр тусгай зөвшөөрөл олгох байгууллагын жагсаалт-ын 1-д СХХК, РД:*****, үйл ажиллагааны чиглэл: Биологийн идэвх бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох; хаяг байршил: Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 13-р баг, тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жил гэсэн байна.

8.3.Нэхэмжлэгч Д.С (Б тал) болон хариуцагч СХХК-ийн захирал К.А (А тал) нарын хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ-гээр СХХК нь цэвэршүүлж, өтгөрүүлсэн барагшуныг гадаад улсуудад худалдан борлуулах ажил үйлчилгээ эрхлэхтэй холбогдуулан тус компани дүрэмд заасны дагуу хувь эзэмшигч Д.Сд ногдол ашиг хуваарилах, компанийн удирдлагыг хэрэгжүүлэх болон бусад зүйлийг зохицуулах тодорхой нөхцөлтэйгөөр тусгасан байна.

Энэхүү 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ-ний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь А талаас СХХК (цаашид компани гэх)-ийн 15 хувийг энгийн хувьцааг Б талын компанид оруулсан хувь нэмрийг (тусгай зөвшөөрлүүдийг төрийн байгууллагаас гаргуулан авсан, ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авах бичиг баримтыг бүрдүүлж, зээл авахад хувь нэмрээ оруулсан) үнэлж шилжүүлэхээр тохиролцож, компанийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж харилцан ашигтай хамтран ажиллах юм гэж, 2.7-д Компани нь Б тал болох С-д гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан байна.

8.4.Хариуцагч СХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл-д: СХХК-ийн захирал Х.А хурлын нээж үг хэлэхэд: Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Миний СХХК нь Д.С эгчийн итгэл зүтгэл дээр 2005 оноос хойш бүтэхгүй байсан цэвэршүүлсэн өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрөл, гадаад худалдааны лиценз ЖДҮ зээл бусад их зүйлийг зүйлийг (бидэнд) хийж бүтээж өгсөн тул Д.С эгчийнхээ компанийнхаа нэг хувьцаа эзэмшигч болгож дүрмээр олон гишүүнтэй ХХК болох нь оновчтой шийдэл болно гэж үзлээ. Мөн түүний оруулсан нь хувь нэмрийг үнэлж гадаад улсад эхний борлуулалт хийснийг дараа түүнд Улаанбаатар хотын А бүсэд 2 өрөө байр авч өгч Д.С эгчийн нэр дээр шилжүүлнэ. Мөн Д.С эгчтэй байгуулна хамтран ажиллаж гэрээг байгуулж санал солилцоно... гэхэд, Д.С (нэхэмжлэгч): За баярлалаа. Энэ бол бидний хоорондын том итгэлцүүр боллоо. Би компанид 15 хувийн хувьцаа эзэмшихэд бэлэн байна. Мөн тохиролцсоны дагуу 2 өрөө байрыг хотын төвийн А бүсэд авна. Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээг компанийн дүрмийн салшгүй хэсэг болгон улсын бүртгэлд бүртгүүлж өгнө үү. Гэрээний бусад заалтыг зөвшөөрч байна гэсэн байна... К.А (хариуцагч): За таны саналыг би хүлээн авч байна. Нэгдүгээрт, хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээг компанийн салшгүй хэсэг болгон бүртгүүлнэ. Компанийн дүрэм гэрээтэй зөрчилдсөн тохиолдолд гэрээний заалтыг баримтлан. Мөн нийт борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 15 хувийг таны дансанд шилжүүлнэ. Компанийн хувьцааны 15 хувийг Д.Сд шилжүүлнэ. Гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа Улаанбаатар хотын төвийн А бүсэд 2 өрөө байр компанийн өмнөөс авч Д.Сгийн нэр дээр шилжүүлнэ. Эдгээр асуудлаар санал хураая...К.А (хариуцагч) Би 100 хувь зөвшөөрч байна гэсэн байна.

8.5.Хариуцагч СХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр-ээр Иргэний хуулийн 279-р зүйлийн 279.1, Компанийн тухай хуулийн 17.1, СХХК-ийн дүрмийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн СХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Сг бүртгэж, Компанийн шинэчилсэн дүрэм болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ-г компанийн шинэчилсэн дүрмийн салшгүй хэсгээр тооцож баталж, Компанийн шинэчилсэн дүрэм болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр тогтоож, тус шийдвэртэй холбоотой компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд холбоотойгоор компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд холбогдох улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг хувь эзэмшигч Д.Сд олгосон байна.

8.6.Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон №24020002000558 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-нд Регистрийн дугаар:*****; Хуулийн этгээдийн нэр Сауап; Үндсэн мэдээлэл гэдэгт: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн; Хуулийн этгээдийн төрөл: ашгийн төлөө; Хуулийн этгээдийн хэлбэр: ХХК; Хуулийн этгээдийн өмчийн хэлбэр: хувийн; Үүсгэн байгуулсан баримт бичиг: Дүрэм; Дүрмийн он.сар. өдөр: 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр; шийдвэрийн дугаар: 01; Хаягийн мэдээлэл гэдэгт: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р баг, утас ******, ******; Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл гэдэгт: Хувьцаа эзэмшигч Д С энгийн хувьцаа нийт дүн 150.00, хувь 15.00; Хувьцаа эзэмшигч К А энгийн хувьцаа нийт дүн 850.00, хувь 85 гэж 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн; Гүйцэтгэх удирдлагын мэдээлэл гэдэгт: Гүйцэтгэх удирдлага К А гэж 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн; Үүсгэн байгуулагчийн мэдээлэл гэдэгт: Үүсгэн байгуулагч К А гэж 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн; Эцсийн өмчлөгчийн мэдээлэл гэдэг: Эцсийн өмчлөгч К А гэж 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн; Эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл гэдэгт: код 8292, Барагшун савлах үйл ажиллагаа гэж 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн байна.

8.7.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчээс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуулбарлан хүргүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан СХязгаарлагдмал Хариуцлагатай Компанийн дүрэм-ийн 6.5-д Компанийн удирдлагатай холбоотой 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага шударгаар биелүүлнэ, 6.6-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд зааснаар хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлага үйл ажиллагаандаа баримтлан ажиллах үүрэгтэй. Компанийн дүрэм болон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ хороонд зөрчилдсөн тохиолдолд гэрээний заалтыг баримтална, 7.5-д Гүйцэтгэх удирдлага нь 80.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэрээ хэлцэл хийх тохиолдолд бүх хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх бөгөөд бичгээр зөвшөөрөл авна. Бичгээр зөвшөөрөл авах боломжгүй тохиолдолд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд заасан цахим хаягаар и мэйл илгээн зөвшөөрлийг цахимаар авна, 7.6-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигч Д.Сгийн өмнө хүлээнэ, 8.9-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд зааснаар компанийн хувьцаа эзэмшигч Д.Сд түүний түний тус компанид оруулсан хувь нэмрийг үнэлж гурван жилийн хугацаанд борлуулалт бүрээс борлуулалтын нийт үнийн дүнгийн 15%-ийг шилжүүлнэ гэж тус тус тусгасан байна.

8.8.Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01-1.2/458 дугаартай албан бичгээр хүргүүлсэн СХХК-ийн нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр хилийн чанадад бүрмөсөн гаргасан барагшун цэвэршүүлж өтгөрүүлсэн; био бэлдмэл барагшунгийн; биологийн идэвхт бүтээгдэхүүнийг авч үзвэл:

2021.06.23-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 3,000.0 кг, статистик дүн (USD): 21,000.0; 2021.10.24-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 3,000.0 кг, статистик дүн (USD): 23,576.1;

2022.12.10-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 2,500.0 кг, статистик дүн (USD): 19,882.4;

2022.12.19-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 500.0 кг, статистик дүн (USD): 4,271.8;

2022.12.19-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 1,000.0 кг, статистик дүн (USD): 8,543.5;

2023.03.01-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 4,550.0 кг, статистик дүн (USD): 30,328.0;

2023.03.29-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 800.0 кг, статистик дүн (USD): 5,244.8;

2023.04.01-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 5.7 кг, статистик дүн (USD): 52.7;

2023.04.21-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 50.0;

2023.04.21-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 50.0;

2023.04.22-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 1,000.0 кг, статистик дүн (USD): 6,122.0;

2023.05.05-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 4,000.0 кг, статистик дүн (USD): 25,315.0;

2023.05.30-нд барагшун, цэвэршүүлж өтгөрүүлсэн 2,000.0 кг, статистик дүн (USD): 12,506.8;

2023.06.06-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 1,250.0;

2023.07.03-нд био бэлдмэл,барагшунгийн 5,000.0 кг, статистик дүн (USD): 28,623.4;

2023.07.08-нд био бэлдмэл,барагшунгийн 2,500.0 кг, статистик дүн (USD): 13,607.9;

2023.07.26-нд био бэлдмэл,барагшунгийн 1,200.0 кг, статистик дүн (USD): 6,659.4;

2023.07.27-нд био бэлдмэл,барагшунгийн 2,000.0 кг, статистик дүн (USD): 11,115.4;

2023.08.21-нд био бэлдмэл,барагшунгийн 2,000.0 кг, статистик дүн (USD): 10,775.4;

2023.08.24-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2023.08.24-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2023.09.08-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2023.09.08-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 7.2 кг, статистик дүн (USD): 72.0;

2023.09.22-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 5.0 кг, статистик дүн (USD): 50.0;

2023.09.29-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 20.0 кг, статистик дүн (USD): 200.0;

2023.09.30-нд био бэлдмэл,барагшунгийн 3,300.0 кг, статистик дүн (USD): 16,979.4;

2023.10.09-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 100.0;

2023.10.14-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 100.0;

2023.10.26-нд био бэлдмэл,барагшунгийн 1,300.0 кг, статистик дүн (USD): 6,974.9;

2023.10.26-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 10.0 кг, статистик дүн (USD): 100.0;

2023.10.26-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2023.11.10-нд био бэлдмэл,барагшунгийн 3,600.0 кг, статистик дүн (USD): 19,603.3;

2023.11.10-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 100.0 кг, статистик дүн (USD): 1000.0;

2023.11.23-нд био бэлдмэл,барагшунгийн 1,300.0 кг, статистик дүн (USD): 7,389.3;

2023.12.08-нд био бэлдмэл,барагшунгийн 2,700.0 кг, статистик дүн (USD): 14,579.9;

2023.12.26-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 20.0 кг, статистик дүн (USD): 1,300.0;

2023.12.27-нд био бэлдмэл,барагшунгийн 400.0 кг, статистик дүн (USD): 2,179.1;

2024.01.04-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 50.0 кг, статистик дүн (USD): 500.0;

2024.01.04-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 25.0 кг, статистик дүн (USD): 250.0;

2024.01.11-нд биологийн идэвхт бүтээгдэхүүн 100.0 кг, статистик дүн (USD): 1,000.0;

2024.01.26-нд био бэлдмэл,барагшунгийн 3,200.0 кг, статистик дүн (USD): 18,065.7;

Мөн Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон 01/286 дугаартай албан бичгээр хүргүүлсэн СХХК-ийн нэрээр гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээллээр давхар нотлогдож байна.

Үүгээр хариуцагч СХХК нь цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг гадаад улс руу эхний борлуулалтаа 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хийсэн болох нь нотлогдож байна.

8.9.Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШЗ2023/03613 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Г банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/216 дугаартай албан бичгээр хүргүүлсэн СХХК-ний Г банк дахь MNT төгрөг, USD доллар, CNY юань, RUB рувль-ийн данснуудын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-аар 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 46,765,600 төгрөг орлого, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 36,700,000 төгрөг орлого, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 900,000 төгрөг орлого, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 42,540,080 төгрөг орлого, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 46,610,234 төгрөг орлого, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 36,727,880 төгрөг орлого, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 900,000 төгрөг орлого, 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 57,538978 төгрөг орлого тус тус СХХК-ийн дансанд гадаадаас орж ирж байсан байна.

Харин Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5180/646 дугаартай албан бичгээр хүргүүлсэн СХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны Дансны хуулга-аар ямар нэгэн орлого зарлага хийгдээгүй байна.

8.10.Шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Агийн мэдүүлэгт: Миний бие Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл хариуцах менежерээр ажиллаж байх үед надад Д.С тухайн СХХК-д барагшуны зөвшөөрөл авахыг хөөцөлдөж хэд хэдэн удаа ирж байсан. Тухайн үед уг тусгай зөвшөөрөл авахын тулд ямар материалууд бэлдэх талаар надаас зөвлөгөө аваад явсан. Мөн би холбогдох хэрэгтэй материалуудыг бүрдүүлж ирэхийг зөвлөсөн. Зөвхөн Д.С СХХК-ийн материалуудыг авч ирж, бүрдүүлсэн холбогдох материалуудыг надад танилцуулж байсан. Тухайн компани эзэн нь А гэдэг хүн гэдгийг мэддэг байлаа. Гэхдээ А нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Тухайн үед зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас авдаг байсан. Гэхдээ уг зөвшөөрлийг амархан авч чадахгүй гэдгийг миний бие анхааруулж хэлж байсан. Улмаар миний бүрдүүлэх ёстой гэсэн бүх холбогдох нотлох баримтуудыг Д.С сар гаруй хугацааны дотор бүрдүүлээд аваад ирсэн. Миний бие материалыг хүлээж аваад ажлын албаар авч хэлэлцсэн шалгаад, материалаа албан тоотоор яам руу явуулсан. Тэгээд Д.С хэсэг хугацааны дараа Яамнаас тусгай зөвшөөрлийн эрхээ авсан гээд гэж ирээд надад бүртгүүлж байсан. Бид нарын зүгээс тусгай зөвшөөрлийн эрх өгөхгүй, харин компанийн авсан тусгай зөвшөөрлийн эрхийг жагсааж бичдэг. Манай аймгаас анхны барагшуны тусгай зөвшөөрлийн эрхийг СХХК авч байсан. Одоогоор цаг хугацаа огноог санахгүй байна. Болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн гэсэн байна.

9.Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.С нь Cауап ХХК-нд цэвэршүүлсэн өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрөл (гадаад худалдааны лицензи)-ийг авч өгөхөөр тус компанийн нэрийн өмнөөс холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, эрх бүхий байгууллага алба тушаалтнуудад хандаж зуучилж, улмаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас №0003627 дугаартай Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ гаргуулж байсан нь бүрэн нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Д.С болон хариуцагч Cауап ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410-д зааснаар зуучлалыг гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

10.Дээрх 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ-ний 2.7 дахь заалт, мөн СХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр хариуцагч (зуучлуулагч) СХХК нь нэхэмжлэгч (зуучлагч) Д.Сд өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрлийг авч өгсний хөлс, шагналд Улаанбаатар хотын А бүсээс 2 өрөө байрыг худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болох нь нотлогдож байна.

11.Хариуцагч СХХК нь цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг гадаад улс руу эхний борлуулалтаа 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хийсэн боловч Д.Сд Улаанбаатар хотын А бүсээс 2 өрөө байрыг худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.С Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлал хийсэн хөлс, шагналаа шаардах эрхтэй байна.

12.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

13.Иймд хариуцагч СХХК нь цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг гадаад улс руу эхний борлуулалтаа 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хийсэн ба нэхэмжлэгч Д.С 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч СХХК-ийн захирал К.А нь ...Д.Стай хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнийг тус компанийн менежерийн албан тушаалд томилсон. Ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалыг Д.Сд гардуулж өгч байсан. Сард 450,000 төгрөгийн цалин авч байхаар тохирсон гэж тайлбарладаг боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

15.Хариуцагч СХХК-аас Д.Сд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр менежерийн үнэмлэх болгосон боловч түүнийг СХХК-ийн менежерээр томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг хөдлөнгийн бусад баримтаар нотлогдохгүй байна.

16.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн СХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа гэсэн Хүсэлт тавих тухай албан бичигт тус компани захирал гарын үсэг зураагүй, тамга дарсан нь эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

17.Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШЗ2024/00157 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон А ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт-ээр 2023 оны 11 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын 2 өрөө (дунджаар 50 м.кв) шинэ орон сууцны дундаж үнэ 202,130,450 төгрөг байх боломжтойг тодорхойлсон байна.

Иймд хариуцагч СХХК-аас Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ 202,130,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 147,869,550 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Д.С нь хариуцагч К.Атэй хувь хүний хувьд харилцан тохиролцсон гэрээ хэлцэл байхгүй тул хариуцагч Б.Ат холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

18.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШЗ2023/03159 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээх нь зүйтэй байна.

19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлийн шаардлага 350,000,000 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,065,900 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэл шаардлагын хангасан хэмжээ болох 202,130,450 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 1,168,602 төгрөгийг хариуцагч СХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх заалтыг баримтлан хариуцагч СХХК-аас Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ 202,130,450 (хоёр зуун хоёр сая нэг зуун гучин мянга дөрвөн зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 147,869,550 (нэг зуун дөчин долоон сая найман зуун жаран есөн мянга таван зуун тавин) төгрөгийг болон хариуцагч К.Ат холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамж 2,065,900 (хоёр сая жаран таван мянга есөн зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч СХХК-аас 1,168,602 (нэг сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШЗ2023/03159 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120,2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК