Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

“Б-” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02819 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б-” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х-” ХХК-д холбогдох,

                                                 

Хамтран ажиллах гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 250 798 539 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, “Б-” ТӨХК-д холбогдох хохиролд 1 110 123 400 төгрөг гаргуулахыг хүссэн “Х-”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А-, А.Л, өмгөөлөгч А.К, хариуцагчийн төлөөлөгч О.П, өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А-: “Х-”  ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, Б-ад туршилтын эрчим хүчний зуухаар хагас коксжсон нүүрс, дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх харилцан ашигтай ажиллахаар тохирсон. “Х-”  ХХК нь өөрийн хөрөнгөөр манай станцын к-4, к9 зууханд хагас кокс үйлдвэрлэх техникийн хийцийн өөрчлөлт хийж, улмаар хагас кокс үйлдвэрлэх туршилтын ажил эхэлсэн. Туршилтын ажлын явцад зуухан төхөөрөмжүүдийн дулаан үйлдвэрлэлтийн өөрчлөлт ороогүй байх үеэсээ 20-30 хувь хүртэл буурснаас гадна зарим нэг сөрөг үр дагаврууд ажиглагдсан. Үүнд кокс, хагас кокс үйлдвэрлэлтийн явцад дээрх үндсэн тоноглолууд үндсэн үйлдвэрлэл талдаа бүрэн ачаалал авч ажиллаж чадахгүй байгаа нь өвлийн их ачааллын үед өгөгдсөн горимын зохих түвшинд ажиллах боломжгүй болж станцын шуурхай ажиллагаанд ноцтой хүндрэл учруулсан. Хослон үйлдвэрлэлийн үед гарч буй хагас коксны өртөг харьцангуй өндөр гарах, засварын ачааллын болон халаалтын бус улиралд орон нутгийн дулааны эрчим хүчний хэрэглээний хэмжээнээс үүдэн тасралтгүй ажилууллах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Эрчим хүчний сайдын 2018 оны 19 дүгээр тушаалаар Б-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник ашиглалтын санхүү эдийн засгийн байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг нь “Б-” ТӨХК, “Х-”  ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцлаад к-4, к-9 зуухыг 2018-2019 оны улиралд халаалтын үндсэн зориулалтаар нь ашиглах зохион байгуулалтын арга хэмжээ авч ашиглахаар үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1/641 тоот албан бичгээр “Х-”  ХХК-д хандсан боловч хариу ирүүлээгүй. Компанийн удирдлагууд өөрийн биеэр хамтран ажиллах гэрээг дүгнэх асуудлаар уулзсан боловч шийдэлд хүрээгүй. 2018-2019 оны халаалтын улирал эхлэхэд техникийн өөрчлөлт хийгдсэн к-4, к-9 зуухыг хуучин байдалд нь шилжүүлэн ажиллахгүй бол станцын шуурхай ажиллах горимд ноцтой хүндрэл үүсгээд зогсохгүй станц аваарын байдалд хүрэх хэмжээний маш хүнд нөхцөлд хүргэж болзошгүй, халаалтын үед халуун бэлтгэлд байх зуухны тоо хүрэлцэхгүй нөхцөл байдалд хүрээд байна. Дээрх шалтгаануудын улмаас “Х-”  ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцлан к-4, к-9 зуухыг 2018-2019 оны халаалтын улиралд хуучин хэвэнд нь шилжүүлж, үндсэн зориулалтаар нь ажилууллах үүргийг ТУЗ-өөс өгсөн. Иймд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/208 тоот албан бичгээр гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Иргэний хуулийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах болон гэрээг цуцлах бол нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавигдаагүй боловч гэрээний 9.1-т заасны дагуу бичгээр мэдэгдсэн. Хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн явцад “Х-”  ХХК гэрээний 5.9-т заасан үүргээ удаа дараа зөрчсөн, удаа дараа мэдэгдэж байсан боловч үр дүн гарахгүй байсан. Хамтран ажиллах гэрээний үргэлжлэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. Талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө тохиролцоогүй бол гэрээг шууд дуусгавар болгоно гэсэн эрх зүйн үр дагавар байдаг. Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бөгөөд урт хугацаанд ашиг олохгүй болох нь тодорхой болсон. Ийм учир “Х-” ХХК-аас 2 зуухыг хэвийн үйл ажиллагаанд нь буцаан оруулж, зуухны горим ажиллагааг хэвийн болгоход шаардагдах зардлаа Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна. Техникийн өөрчлөлтөд хамрагдсан хоёр зуухан төхөөрөмжийн галын хутгуурыг хэвийн байдалд нь оруулахын тулд техникийн өөрчлөлтөөр хийгдсэн галын хутгуурын хэсгийн нүүрсний дэгдмэлийг хийжүүлэх тавцан, кокс хуримтлуулан бункерийг бүрэн хэмжээнд буулгалт хийж шинээр нэмэлт тал гадаргуу савхлуур бүхий шаталтын тавцан, агаарын зооны хэсэг, хоолойн системийг иж бүрнээр нь гүйцэтгэх өөрөөр хэлбэл буцламтгай үед шаталтын горим галын хутгалтыг шинээр угсрах шаардлагатай байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд к-4, к-9 зууханд нийт 250 798 539 төгрөгийн шууд зардал шаардагдаж байна. Иймд уг зардлыг “Х-”  ХХК-аас нэхэмжилж байна. Мөн “Х-” ХХК нь уул, уурхайн хагас кокс үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан нь гэрээ байгуулсны дараа илэрсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээг цуцалсантай холбоотой хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хоёр талын гэрээнд нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд нөгөө тал гэрээний үүргийг ноцтой зөрчсөн байхыг шаарддаг. Энэ тохиолдолд “Х-”  ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн талаарх баримт байхгүй. Иргэний хуулийн 227.2-т зааснаар нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол хохирол шаардахгүй байх талаар зохицуулсан байдаг. Манай тал гэрээг зөрчөөгүй. Хэрвээ зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар зөрчил гаргасан, ямар үндэслэлээр гэрээг цуцалж байгаагаа нотлох баримт байхгүй, нэхэмжилж байгаа 250 798 539 төгрөгийг зөвшөөрөхгүй. Гэрээгээр “Х-”  ХХК нь “Б-” ТӨХК-ийн к-4, к-9 зуухыг нөхөн сэргээж хагас коксжсон түлш үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг засварлахад 1 110 123 400 төгрөгийн хөрөнгө оруулж суурилуулсан. Хөрөнгө оруулалт хийж засан сайжруулалт хийснээр дулааныг үйлдвэрлэх нөхцлийг бууруулсан гэж байгаа нь үндэсгүй. Харин Б-ын гүйцэтгэх захирлын тодорхойлолт, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, техникийн комиссын акт зэргээр тухайн үйлдвэрлэлийг явуулахад дулаан үйлдвэрлэлд сөрөг нөлөөгүй гэдгийг нотолсон. Хэрэв тухайн үед дулаан үйлдвэрлэлтэд нөлөөлсөн нь тогтоогдсон бол гэрээний нөгөө талд мэдэгдэж доголдлыг арилгуулахыг шаардах эрхтэй байсан. Нэхэмжлэгч нь 250 798 539 төгрөгийн хохирол учирсан гэж шаардаж байгаа боловч ийм хохирол бодитоор учирсан талаарх баримт байхгүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь гэрээ цуцалсантай холбогдуулан Б- ТӨХК-аас 1 110 123 400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 171 дүгээр зарлигаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан. Энэ хорооны ажлын үндсэн зорилго нь агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, шинжлэх ухаан, техникийн үндэслэлийг судлахыг Эрчим хүчний яам, Уул, уурхайн яаманд үүрэг болгож ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд “Х-” ХХК-ийн эзэмшдэг оюуны өмчийн 2240 дугаартай ашигтай загварын гэрчилгээтэй дулааны эрчим хүч болон хагас кокс хослон үйлдвэрлэх зуухны хийцийг танилцуулж туршилт, сорилын ажлуудыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж шийдвэрлэсэн. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 13/29 тогтоол, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тэмдэглэл, Эрчим хүчний сайдын 2013 оны Б/295 дугаар шийдвэрийг үндэслэн “Б-” ТӨХК-ийг түшиглэн хамтран ажиллахаар болсон. Ингээд “Б-” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг удирдлага болгон 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20160501 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Эрх бүхий газруудаас тавьсан шаардлага нь тухайн үйлдвэрийг байгуулахад 100 хувь өөрөө хөрөнгө гаргах байсан бөгөөд манайх өөрийн хөрөнгөөр буюу 1 110 123 400 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж үйлдвэрийг барьсан. Гэрээгээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байсан, талуудын аль нэг нь гэрээг цуцлах, хугацаанаас өмнө дуусгавар болгох санал гаргаагүй бол өмнөх нөхцлөөрөө нэг жилийн хугацаагаар сунгагдах буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгагдах байсан. Гэтэл 2018 онд “Б-” ТӨХК-ийн зүгээс гэрээг цуцалсан тухай манайд мэдэгдсэн, гэрээг цуцалсантай холбоотой гэрээнд заасан үүрэг болох оруулсан хөрөнгийн хэмжээг талуудаас бүрдсэн комисс байгуулж шийдвэрлэх асуудлыг шийдвэрлээгүй өдийг хүрсэн. Тийм учраас тухайн комисс нь хэзээ байгуулагдаж, оруулсан хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдэгдэхийг хүлээж байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирол шаардсанаар гэрээг цуцалсантай холбоотой үүссэн ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон байна. Иймд оруулсан хөрөнгөөрөө хохирсон гэж үзэж Иргэний хуулийн 227.1, гэрээний 8.1-т зааснаар сөрөг шаардлага гаргасан. Иймд “Б-” ТӨХК-аас 1 110 123 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд хамтран ажиллах гэрээг 2016 онд байгуулсан, 2018 онд гэрээ цуцлах асуудлыг дулааны станц гаргасан гэжээ. Мөн чанартаа 2016 онд гэрээ байгуулж, зуухны өөрчлөлт хийгдсэний дараа туршилт хийх гэж бид маш их ажилласан, энэ төсөл нь маш том төсөл юм. Хэд хэдэн удаагийн туршилтаар биш урт хугацаанд олон туршилт хийж байж тогтоогддог асуудал юм. Актын тухайд эхний ээлжинд туршилт хийж байхад сайн гарч байсан. Дараа нь асуудал гарч дахин засч байсан, өөрөөр хэлбэл, хамтарсан болон дангаараа гаргасан акт ч байгаа. 2016 оны 4 сарыг хүртэл хэд хэдэн удаа хамтарч туршилт хийхэд туршилтын хариу адил биш, хэвийн гарахгүй байсан. Ийм учраас манайд алдагдалтай байгаа тул гэрээг цуцлах тухай албан бичиг манайд хэд хэдэн удаа ирж байсан. Эцсийн үр дүн гараагүй байхад хариуцагч тал 2016 оны эхний хагаст ажлаас буусан, 2017-2018 онд ажиллаагүй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан Засгийн газар н.Алтанхуяг сайдыг огцруулснаар Монгол улс даяар нүүрсний үнэ буурсан. Манай зүгээс хэд хэдэн удаа хандаж, зуухыг буцааж хэвийн ажиллагаанд нь оруулъя гэсэн шаардлагыг тавьсан. Дулаан буурсан буураагүйг тухайн үед ч тогтоох боломжтой байсан, одоо ч тогтоох боломжтой. Хагас кокс гэдэг бол шахмал түлшний хамгийн гол түүхий эд, коксоо аваад бусад үйлдвэрлэлийн дамжлагаар ороод эцсийн бүтээгдэхүүн болж гардаг зүйл юм. Гэрээг хагас кокс гэдгээр байгуулсан, шахмал түлшний асуудлыг тусад нь гэрээгээр зохицуулахаар заасан. Шахмал түлшний хувьд хариуцагчтай хамтарч ажиллаагүй. Үйлдвэрийг хариуцагч барьж, бүтээгдэхүүнийг өөрсдөө гаргасан. Манайд энэ тал дээр ажиллах боловсон хүчин, орон тоо байхгүй. Манайх хагас коксоо хариуцагчид зарах л асуудал байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х-”  ХХК-иас 250 798 539 /хоёр зуун тавин сая долоон зуун ерэн найман мянга таван зуун гучин ес/ төгрөг гаргуулахыг хүссэн “Б-” ТӨХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Б-” ТӨХК-аас 1 110 123 400 /нэг тэрбум нэг зуун арван нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж “Х-”  ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 411 942 /нэг сая дөрвөн зуун арван нэгэн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг, хариуцагчаас төлсөн 5 708 567 /таван сая долоон зуун найман мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Б-” ТӨХК-аас 5 708 567 /таван сая долоон зуун найман мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулж “Х-”  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 102/ШШ2019/02819 тоот шийдвэрийн зарим хэсгийг/сөрөг нэхэмжлэлийг хангасан/ эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд, анхан шатны шүүх "Б-" ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, “Х-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүйгээс, шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй болно. Үүнд: Анхан шатны шүүх "Б-" ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х-” ХХК-д холбогдох К-4, К-9 зуухны горим ажиллагааг хэвийн болгоход шаардлагатай байгаа 250 798 539 төгрөгийн зардлыг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Б-" ТӨХК-д холбогдох "гэрээ цуцалсантай холбоотой оруулсан хөрөнгө оруулалт болох 1 110 123 400 төгрөг гаргуулан авах" сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хамтатган шийдвэрлэхдээ, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг дараах байдлаар ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т "Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ" гэж хуульчилсан ба энэ нь "Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдаа холбоо бүхий байх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үүдэлтэй байхыг хуулиар тогтоосон явдал юм. Энэ тохиолдолд шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэж болохоор хуульчилсан байна. Гэтэл дээрх “Х-” ХХК-ийн сөрөг нэхэмжпэлийн шаардлага нь "Б-" ТӨХК-ийн үндсэн нэхэмжпэлийн шаардлагатай уялдаа холбоогүй, үндсэн нэхэмжпэлийн шаардлагатай тооцогдохооргүй байхад шүүх уг хоёр хэрэг маргааныг хамтатган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь заалтыг ноцтой зөрчиж, үүнээс улбаалж талуудын үндсэн болон сөрөг шаардлага бүхий хэргийн маргааны үйл баримтыг шүүх зөв тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм. Угтаа бол "Б-" ТӨХК-ийн нэхэмжпэлийн шаардлага, түүний үндэслэл нь 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б/225 тоот албан бичгээр "Эрчим хүчний яамнаас Багануурын           дулааны станц дээр КВТС-20 маркийн зуухыг энерги технологийн горимд шилжүүлж, хагас коксжсон утаагүй түлш гаргаж авах туршилтын ажил явуулах, уг ажпыг дэмжиж, “Х-” ХХК-тай хамтран ажиллахыг анхааруулж байна гэх үүрэг, даалгаврын дагуу 2013 оны 3 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд “Х-” ХХК-тай "Б-" ТӨХК-ийн 4, 9-р зуухан дээр хагас кокс үйлдвэрлэх туршилт тохируулгын ажпыг “Х-” ХХК-ийн зардлаар хийж, цаашид хагас кокс үйлдвэрлэх туршилтын ажлыг талууд хийсэн юм. /ХХ-н 58-60 хуудас,/ Улмаар нэхэмжлэгч "Б-" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын дугаар №143/2013.09.16/тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд, хагас кокс гаргах технологийн өөрчлөлт хийгдсэн К-9 зуухны туршилтын ажлыг шалгаж, ...ажиллагааны хувьд К-9 зуух нь үйлдвэрлэлийн зорилт биелэгдэхгүй байна, харин К-4 зуухны галын хотлын өөрчлөлтийг К-9 зуухныхтай адил болгох гэж дүгнэлт гаргасан. /хх-н 64-69 хуудас/ Хагас кокс гаргах “Х-” ХХК-ийн хөрөнгөөр хийгдсэн К-4, К-9-р зуухны технологийн өөрчлөлт бүрэн хийгдээгүйгээс К-4, К-9-р зууханд хагас кокс үйлдвэрлэх явцад дулааны үйлдвэрлэлийн ачаалал 20-30 хувь хүртэл буурч, үйлдвэрийн зохих параметрийг барих боломжгүй болж, станцын шуурхай ажиллагаанд ноцтой хүндрэл учирч, К-4, К-9 зуух нь ажиллагаагүй болсон юм. Ингээд Эрчим хүчний сайдын 2018 оны 9 дүгээр тушаалаар батлагдсан ажпын хэсэг "Б-" ТӨХК-ийн К-4, К-9-р зуухыг үндсэн зориулалтаар нь ажиллуулахыг үүрэг болгосон юм. Учир нь мөнхүү Эрчим хүчний сайдын тушаалын дагуу "БНДС" ТӨХК-ийн үйлдвэрлэл үйл ажиллагаа, техник ашиглалтын байдал, санхүү эдийн засгийн төлөв байдалд дүгнэлт гаргах үүрэг бүхий ажпын хэсэг нь "БНДС" ТӨХК-ийн К-4, К-9-р зуухны хагас кокс үйлдвэрлэх зориулалт бүхий тёхнологиин өөрчлөл"т нь бүрэн хийгдээгүй, одос байгаа хагас КОКС үйлдвэрлэх техникийн өөрчлөлт нь дулааны үйлдвэр болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд, санхүү, эдийн засгийн төлөв байдалд ноцтой хохирол учруулж байгаа тул дээрх хоёр зуухыг хуучин байдлаар ажиллуулахыг үүрэг болгосон болно. Нэхэмжлэгч "Б-" ТӨХК нь энэхүү дээрх процессын дагуу хийгдсэн "Б-" ТӨХК-ийн К-4, К-9-р зуухыг хагас кокс үйлдвэрлэх зориулалтаар технологийн өөрчлөлт хийж, улмаар уг зуухнуудыг ажиллуулах боломжгүйгээс дулааны үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа, үндэсний аюулгүй байдал, санхүү, эдийн засгийн төлөв байдалд учруулж буй хохирол, алдагдлыг барагдуулах зорилгоор “Х-” ХХК-иас үйлдвэрийн К-4, К-9-р зуухыг өмнөх үйлдвэрийн технологийн өөрчлөлтийг хийхэд зайлшгүй шаардагдах хөрөнгийг нэхэмжилж, Үндсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон билээ. Гэтэл хариуцагч “Х-” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ ... "БНДС" ТӨХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №2016/05/01 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний дагуу манай компани өөрийн 100 хувийн үндсэн хөрөнгөөр үйлдвэр байгуулсан ба гэрээ дуусгавар болоход оруулсан хөрөнгө оруулалт буюу үйлдвэрийг байгуулахад гаргасан зардал нь манай байгууллагад учирсан хохирол тул гэрээ цуцалсантай холбоотой оруулсан хөрөнгө оруулалт болох 1 110 123 400 төгрөгийг "Б-" ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан байна. Гэвч хариуцагчийн энэхүү сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж буй нэхэмжлэгчтэй байгуулсан гэх 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Хамтран ажиллах гэрээ" нь "...БНДСТӨХК-ийг түшиглэн эрчим хүчний зуухыг хагас кокс, Дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх зорилготой ба харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг хамтран үйлдвэр барих, харилцан ашиг хүртэх, гэрээ биш болно. Угтаа бол "хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барих, асуудлыг талууд тусгай гэрээгээр зохицуулна гэж 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Хамтран ажиллах гэрээ"-ний 4.3-т тусгаж, уг гэрээний 1.1-т энэхүү гэрээ нь "...БНДСТӨХК-ийг түшиглэн эрчим хүчний зуухыг хагас кокс, Дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх зорилготой гэж тусгасан нь талуудын хоорондын хамтын ажиллагаа нь "зөвхөн хагас кокс үйлдвэрлэх зуухны технологийн өөрчлөлтийн хүрээнд" харилцан ашигтай ажиллахаар байна. Харин хариуцагч хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх, үйлдвэр барихад гарсан зардал нь манай байгууллагад учруулсан хохирол гэж шаардаж буй сөрөг нэхэмжлэлийн дээрх үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох хагас кокс үйлдвэрлэх зуухны технологийн өөрчлөлт, түүнийг өмнөх байдалд нь оруулах нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй асуудал байна. Угтаа бол хагас кокс үйлдвэрлэх зуухны технологийн өөрчлөлт хийх талуудын хамтын ажиллагаа, "Хөх чоно фупп" ХХК-ийн хагас кокс авч, хагас коксожсон шахмал түлш үйлдвэрлэх, үйлдвэр барих асуудал нь өөр өөр харилцаатай байхад шүүх маргааныг харилцан тооцогдох маргаан бүхий хэрэг гэж дүгнэж, хамтатган шийдвэрлэсэн нь нэг талаараа шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, нөгөө талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хориглолтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан хариуцагчийн санхүүгийн баримтуудад үндэслэгдсэн байна. Маргаан бүхий хэрэг нь 4 хавтас, 861 хуудас баримт бүхий иргэний хэрэг ба хавтаст хэрэгт авагдсан, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж буй санхүүгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт "Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж, мөн зүйлийн 44.2 дах хэсэгт “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй" гэж хуульчилсан хуулийг шаардлагад нийцээгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагуудыг ноцтой зөрчиж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн юм. Угтаа бол хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 1 110 123 400 төгрөг нь шахмал түлшний үйлдвэр барихад оруулсан хөрөнгө оруулалт гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон боловч, шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь хэрэгт авагдсан /1 хавтас 97-99/ Багануур дахь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын бараа материалын жагсаалтаас тэс ондоо, огт үйлдвэрт байхгүй бараа материалын санхүүгийн баримтууд нь хэрэгт авагдсан; санхүүгийн баримтууд нь олгосон газар, огноо нь тодорхойгүй маш олон баримтууд хэрэгт байсаар байхад шүүх уг баримтуудыг үндэслэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж буй нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх хуулийн заалтыг зөрчсөн юм. Тухайлбал, Хэрэгт авагдсан хариуцагчийн санхүүгийн баримт нь нэхэмжилж буй 1 110 123 400 төгрөгт хүрч буй эсэх, санхүүгийн баримт тус бүр хуулийн шаардлага хангаж буй эсэхэд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хуул ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагад.,огтоос нийцээгүй болно. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагчийн санхүүгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд нэг бүрчлэн дурдаж, хянуулах, гомдлын үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус, тодорхойгүй байх талаар: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ... талууд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх, ашгаа хуваахаар тохирсон байна гэж дүгнэжээ. Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулах ба уг гэрээний 1.1-т энэхүү гэрээний зорилго нь "БНДС" ТӨХК-ийг түшиглэн эрчим хүчний зуухыг хагас кокс, ДЭХ хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх, харилцан ашигтай ажиллахад талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж хамтын ажиллагааны гэрээний зорилтыг тусгасан бол уг гэрээний 4.3-т хагас коксжсон шахмал үйлдвэрийг барьж ашиглахтай холбоотой асуудлыг тусгай гэрээгээр зохицуулна гэж, 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Агаарын бохирдлыг бууруулах, үндэсний хорооны 13/24 тоот агаарын чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дэх заалтад: " хагас коксжсон болон шахмал түлшний үйлдвэр байгуулах санал ирүүлсэн компаниудаас төсвийн санхүүжилтгүйгээр хөрөнгө оруулалтаа бие даан шийдэх, ...“Х-” ХХК-тай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулах нь зүйтэй гэж 2 дахь заалтаар агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдол бүхий дээрх төсөл хэрэгжүүлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, үйлдвэр барихад шаардлагатай газар, дэд бүтцийг шийдвэрлэх, арга хэмжээ авахыг холбогдох байгууллагад даалгасан байна. "Хамтран ажиллах гэрээ" нь шахмал түлшний үйлдвэр барих, харилцан ашиг хүртэх, хамтын ажиллагааны гэрээ биш тул “Х-” ХХК нь төсөл хэрэгжүүлэх явцад барьсан үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг "БНДСТӨХК-иас нэхэмжлэх, хууль болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнээгүй байна. Угтаа бол хариуцагч “Х-” ХХК-ийн нэхэмжилж буй үйлдвэр барихад зориулсан хөрөнгө оруулалт гэх, мөнгө дүн нь хохирол биш нэг талаар үйлдвэрийг барихад зориулсан санхүүгийн хөрөнгө оруулалт, нөгөө талаар уг үйлдвэр нь “Х-” ХХК-ийн өөрийн өмчлөл хэвээрээ тул уг өмч хөрөнгийхээ төлбөрийг "БНДС" ТӨХК-иас гаргуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн үндэслэл хууль зүйн үндэслэлгүй байхад, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэлдээ "...”Х-” " ХХК нь дээрх техникийн шинэчлэл, өөрчлөлт шинэчлэл хийхэд /К-4, К-9-зуухны/ 1 110 123 400 төгрөгийн хөрөнгө оруулсан нь санхүүгийн баримтуудаар тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болох 1 110 123 400 төгрөг нь шахмал түлшний үйлдвэр барихад зориулсан хөрөнгө оруулалт гэж хариуцагч сөрөг нэхэмжлэлээ гаргасан байхад шүүх, эсрэгээрээ хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн 1 110 123 400 төгрөг нь К-4, К-9 зуухны техникийн шинэчлэл, өөрчлөлт хийх зориулсан хөрөнгө оруулалт гэж дүгнэж буй нь анхан шатны шүүх анхнаасаа, дээрх гомдлын 1 дэх үндэслэлд дурдсанчлан, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн харилцан хамаарлыг ойлгоогүй, хоёр өөр өөр харилцаатай маргааныг хамтатган шийдвэрлэснээр, шүүхийн шийдвэр ийнхүү ойлгомжгүй болж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Б-” ТӨХК нь “Х-” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 250 798 539 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 1 110 123 400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ туршилтын ажлын явцад к-4, к-9 зуухан төхөөрөмжийн  дулаан үйлдвэрлэлт өмнөхөөсөө 20-30 хувь буурсан, зарим сөрөг үр дагавар гарсан тул гэрээг цуцалж, төхөөрөмжийг өмнөх байдалд нь шилжүүлж, зориулалтаар нь  ажилууллахад  гарах зардал 250 798 539 төгрөг гаргуулахаар, харин хариуцагч нь хамтран ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, цаашид энэ гэрээ хэрэгжих боломжгүй болсонтой холбоотойгоор хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө болох  1 110 123 400 төгрөгөөр хохирсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан тус тус маргажээ.

 

            Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүнтэй холбоотой үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 479 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх ба үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад аль хуулийн зохицуулалт хамаарч байгаа нь тодорхойгүй байна.

 

            Нэхэмжлэгчийн санаачилгаар зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах нэртэй гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй боловч, гэрээг хууль буюу гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цуцалсан эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна. Мөн талууд аль нэг талдаа хохирол учруулахгүйгээр хамтран ажиллах гэрээнээс гарахтай холбоотой агуулга бүхий заалтыг баримтлан шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэг нь хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тохиолдолд хамтран ажиллах гэрээний аль нэг тал сайн дураар гэрээнээс гарч байгаа үед хэрэглэгдэнэ. Энэ тохиолдолд талуудын хооронд үүссэн хамтран ажиллах гэрээнээс олсон орлого, ашиг, гарсан зардал, түүнтэй холбоотой талууд харилцан тооцоо нийлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байх шаардлагатай талаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заажээ.

 

Харин шүүх нэхэмжлэгч гэрээг цуцласан нь үндэслэлтэй эсэх, гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг хэн гаргасан, үүнтэй холбоотойгоор аль тал нь өөрт учирсан хохирлыг нөгөө талаас шаардах эрхтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 225 дугаар зүйл буюу талуудын хооронд аль нэг тал гэрээний үүрэг, эсхүл 2 тал гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор гэрээг цуцалж, түүний үр дагаврыг шийдвэрлэхтэй холбоотой заалтыг баримталжээ.

 

            Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь К-4, К-9 гэсэн зуухнуудыг буцаан засварлахтай холбоотой зардал гэсэн агуулгаар шаардаж байх боловч энэ нь ямар гэрээний үндсэн дээр үүссэн зөрчилтэй холбоотой шаардлага болох нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талтай К-4, К-9 гэсэн зуухнуудыг хуучин байдалд нь оруулахтай холбоотой гарах зардлыг ямар учраас хариуцагч хариуцах ёстой вэ гэдэг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг шүүх тодруулаагүй байна. Хэрвээ ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийсэн ажил нь үр дүн гарахгүй, ашиглах боломжгүй буюу доголдолтойн улмаас К-4, К-9 гэсэн зуухнуудыг буцааж засах шаардлагатай гэх үндэслээр зардлыг гаргуулах гэж байгаа бол ажил гүйцэтгэх гэрээнд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэн дүгнэлт хийх бөгөөд үүний тулд К-4, К-9 зуухнуудад доголдол гарсан эсэх асуудал маргааны зүйл болох ёстой.

 

            Хэрвээ хамтран ажиллах гэрээтэй холбоотой үүссэн хохирол гэвэл хамтран ажиллах гэрээний дагуу хэн аль нь ямар зөрчил гаргасан гэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээний заалтууд нь үйлдвэр барьж ашиглалтад оруулахтай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай байна уу, эсхүл үйлдвэрийг хамтран барьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнээс ашиг орлого хуваахтай холбоотой хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан эсэхийг тодруулж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэлгүй тодорхой бус байдалтайгаар хэргийг шүүх шийдвэрлэсэн байна.

 

            Дээрх гэрээний 4.3-т “Хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглахтай холбоотой асуудлыг тусгай гэрээгээр зохицуулна” гэж заасан байна. Ийм гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээ нь хамтын ажиллагаанд чиглэсэн үү, эсхүл талуудын тайлбарт дурдагдаж байгаагаар үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийг нийлүүлэх, засан сайжруулах буюу ажил гүйцэтгэх, ажлын үр дүн бий болгох шинжтэй гэрээ байсан уу гэдэг нөхцөл байдал тодорхойгүй үлджээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсны үндсэн дээр үүргийн зөрчил, түүнээс үүсэх үр дагаврыг тодорхойлно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзахын тулд талууд нөгөө талдаа урьдчилан сануулга өгөх буюу ямар үүрэг зөрчсөнийг нь мэдэгдэх, зөрчлийг залруулах боломж олгох ёстой. Гэтэл гэрээний талууд гэрээг юуны учир цуцалсантай холбоотой баримт хэрэгт байхгүй, тодорхой бус байдалтай байна.

 

            Хэрвээ нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй юм.

 

            Гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар нь анхны байдалд буцаан сэргээх агуулгатай бөгөөд гэрээ байгуулахаас өмнө дээрх зуухнууд ямар байдалтай байсан үйл баримт ач холбогдолтой. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг хэрэглэх эсэхэд шүүх дүгнэлт өгөх юм.

 

            Түүнчлэн, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж авах талаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч талын учруулсан хохирол гэж заагаагүй байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь эргэлзээтэй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулах шаардлагатай. Оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан шаардаж байгаа бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт заасан гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардлыг мөнгөн хэлбэрээр буцаахтай холбоотой эсэхэд дүгнэлт хийнэ.

 

            Дээрх байдлаас дүгнэвэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүх хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэрийн үндэслэх хэсэгт заах хуулийн зохицуулалтыг зөрчиж, тогтоох хэсэгт хоорондоо зөрүүтэй хуулийн заалтуудыг баримтласан нь хууль хэрэглээний хувьд буруу бөгөөд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Ийм учраас анхан шатны шүүхэд талуудын мэтгэлцээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02819 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 5 708 567 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                             С.ЭНХТӨР