Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ц-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02479 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Ц-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02641 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар О.О-ы нэхэмжлэлтэй, Т.Ц-, А.Я нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 80,909,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийж байх ба Т.Ц-гийн өмчлөлийн Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх эд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээний байгууллага буюу шинжээчээр үнэлүүлж 795 000 000 төгрөгөөр үнэлсэн байх ба энэ талаар төлбөр төлөгч Т.Ц-д болон төлөөлөгч Э.Т- нарт хуульд заасан арга хэлбэрээр мэдэгдээгүй болно. Төлбөр төлөгч Т.Ц-н зүгээс хуульд заасан эрхийн дагуу өөрийгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлүүлэхээр Э.Т-т 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд тус итгэмжлэлийг мөн өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Н-д хүлээлгэн өгсөн бөгөөд уг итгэмжлэл шийдвэр гүйцэтгэлийн материалд байхгүй гэх ба шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс гээгдүүлсэн гэж үзэж байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.М-ы зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Т.Ц-д Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шинжээчээр үнэлсэн үнэлгээ болох 795 000 000 төгрөгийн 70 хувиар тооцож 556 500 000 төгрөгийн үнийн дүнгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг утсаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч Т.Ц-н зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэгэн үнэлгээг гаргаж өгөөгүй, мөн Т.Ц-н өмчлөлийн Ү-2203027433 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо 13, Автозамчдын гудамж 40-р байр 8 тоот, Ү-2203026998 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо 13, Автозамчдын гудамж 40-р байр 14 тоот, Ү-2202009578 2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Гүнт билгүүн гудамж 151 тоот хөрөнгүүдийг битүүмжилсэн атлаа Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг сонгон авч үнэлгээ гаргуулан, албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйг туйлын ихээр гайхаж байгаагийн зэрэгцээ гомдолтой байна. Т.Ц- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 795 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнээс илтэд доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дахин үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа болно. Мөн НШШГГ- болон шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж заасан ажиллагааг хийгээгүй буюу огт тайлбарлаж өгөөгүй. Мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүйн улмаас иргэн Т.Ц-н хууль ёсны эрх, ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Т.Ц- дээрх үнэлгээг эс зөвшөөрч мэдсэн даруй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана, 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдаж иргэн Т.Ц-н хуулиар олгогдсон эрх, ашгийг хохироож байх тул Т.Ц-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхар хаягт байршилтай орон сууцыг 795 000 000 төгрөгөөр тооцсон үнэлгээг хүчингүй болгож, мөн үнэлгээний 70 хувь болох 556 500 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2641 дугаар захирамжаар Т.Ц-гээс 75 532 950 төгрөгийг гаргуулж О.О-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Т.Ц-н эд хөрөнгийн талаар холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009578 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Гүнт-Билгүүн 151 хаягт байрлах 228.8 м.кв талбайтай хувийн сууц хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17281184/150 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хурааж төлбөр төлөгч Т.Ц-гээс үнийн санал авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 800 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202017479 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 5 дугаар байр 3 давхарт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 795 925 800 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Дээрх үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч Ц-гийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд 2019 онь 8 дугаар сарын 20-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол-оор шинжээчийн үнэлсэн үнэ болох 795 925 800 төгрөгийн 70 хувиар тооцон 557 148 060 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц- намайг хууран мэхэлж 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр надаас мөнгө зээлдэж, Чоно финанс ББСБ-д төлөх ёстой ээж А.Я-гийн зээлийг хаалгачихаад, миний мөнгийг өнөө маргаашийн дотор өгнө гэж хуурч зальдсаар гурван жил орчим болсны эцэст арга буюу анхан шатны шүүхэд хандсан юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн Т.Ц-гээс 75 сая төгрөгийг гаргуулж, надад төлөх шийдвэр гарсан юм. Шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний бие өгсөн. Хариуцагч Т.Ц-, А.Я- нар Удахгүй хятадаас мөнгө орж ирнэ. Таныг мөнгийг төлнө гэж хэлээд энэ онд дуудлага худалдаанд орсон байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг надад хадгалуулсан юм. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд төлбөрийг барагдуулах талаар ямар нэг ажиллагаа явуулахгүй алгуурлаад байхаар нь хариуцагч Т.Ц-, түүний ээж А.Я- нараас төлбөрөө төлөхийг олон удаа гуйсан. Хариуцагч Т.Ц- мөнгийг төлөх талаар өчүүхэн санаа тавих нь бүү хэл өөрийнх нь шүүхэд гаргасан өргөдөлдөө бичсэн олон үл хөдлөх хөрөнгийнхөө аль нэгийг нь зарж борлуулаад тус болсон хүнийхээ өрийг төлчих сэтгэл байсангүй. Т.Ц-гийн хөрөнгийг ганц сонинд нэг удаа зарлах төдийгөөр шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн 9 дүгээр сард дуудлага худалдаанд оруулсан боловч нэг ч хүн ирээгүй гэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд бараг хоёр жилийн хугацаанд ямар ч гүйцэтгэл явуулахгүй байж байгаад нэг удаа дуудлага худалдаа явуулахдаа хариуцагчид мэдэгдэж хууль номынх нь дагуу хийхгүй, мэргэжлийн хуульчид мөртлөө асуудалд хэт гоомой хандсан эсвэл хариуцагч талтай илт үгсэн хуйвалдсан байж болзошгүй шинж харагдаж байна. Ийнхүү зориуд юм шиг алдаа гаргаж зальт этгээдэд таатай боломж олгосонд нэн харамсаж байна. Ийм байдлаар сунжруулаад байвал хэдий хугацааны дараа мөнгөө олж авч чадахыг хэлэхэд хэцүү байна. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүх асуудалд нухацтай хандаж, төлбөрийг төлөхгүй таван жил болж иргэн миний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгааг харгалзан үзэж, миний мөнгийг төлүүлэх талаар хуулийн байгууллага шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Ц-н хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2019/10552 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02479 дугаар шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардан авч танилцаад анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан. Маргааны үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэл бүхий хууль ёсны давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол улсын иргэн Т.Ц-н өмчлөлийн Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж эд хөрөнгийн үнэлгээний байгуулла буюу шинжээчээр үнэлүүлж 795 000 000 төгрөгөөр үнэлсэн байх ба энэ талаар төлбөр төлөгч Т.Ц- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т- нарын хэн алинд нь хуульд заасан арга хэлбэрээр мэдэгдээгүй болно. Улмаар дахин зах зээлийн үнэнд нийцүүлэн үнэлгээ тогтоолгох бүрэн боломжтой байтал тэгэлгүй 795 000 000 төгрөгөөр тооцож түүний 70 хувь буюу 556 500 000 төгрөгийн үнийн дүнгээр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон дуудлага худалдааг хүчингүй болгох болон 795 000 000 төгрөгөөр тооцсон үнэлгээг хүчингүй болгож өгөхийг шаардсан юм. Уг шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт "...НШШГГ- хөрөнгийн үнэлгээний талаарх 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4/8970 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Ц-д Монгол шуудан ХХК-аар дамжуулан хүргүүлсэн...” хаягаар мэдэгдлийг хүргүүлэхэд уг хаягт эзэнгүй байсны улмаас мэдэгдэл буцаж ирсэн явдалд шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна гэжээ. Энэ нь тухайн хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гарсан үнэлгээг хүлээн авч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн мэдэгдлийг зөвхөн гэрийн хаягаар нь хүргүүлээд зогсох бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дуудан ирүүлж танилцуулах бүрэн боломжтой байсан гэж үзнэ. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс илтэд доогуур хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй хэмээн шүүх тайлбарладаг ч энэ нь өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг харгалзан үзэлгүй ийм дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний талаарх 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4/8970 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Ц- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн алинд нь мэдэгдсэн бол энэ нь дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Т.Ц- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02641 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Ц- 75 000 000 төгрөгийг нэхэмжлэгч О.О-д төлж барагдуулахаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Хариуцагч дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн арилжааны банкнууд дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хийжээ./хэргийн 113-114 дүгээр тал/ Дээрх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байна.

 

            Иймд хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч этгээдийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Авто замчдын гудамж 40 дүгээр байр, 14 тоотод байрлах 194.34 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 150/03 тоот тогтоолоор, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 5 дугаар байр, 3 дугаар давхар хаягт байрлах 130.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 150/6 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17281184/02 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй, улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 5 дугаар байр, 3 дугаар давхар хаягт байрлах 130.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгч 800 000 000 төгрөг гэснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй байх тул хариуцагч байгууллагаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь зөв.

           

            “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг 795 925 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэлгүй үнэлгээ хийсэн, үнэлгээний журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хэргийн 38-46 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч этгээдийн хувьд оршин суугаа хаяг нь албан ёсоор өөрчлөгдсөн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дах хэсэгт хуульчилсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгчээс албан ёсоор өгсөн хаягийнх нь дагуу хөрөнгийн үнэлгээ хийгдсэн талаарх мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Монгол шуудан” ХК-аар хүргүүлсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч энэ маргааны талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа дээрх мэдэгдлийг хүргүүлсэн хаягыг бичжээ.

 

            Иймд хариуцагч НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02479 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                              С.ЭНХТӨР