Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

2017         11           03                                                   175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны “А” танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

   Улсын яллагч Л.Мөнхбаяр

   Шүүгдэгчийн  өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

   Хохирогч А.Мөнхжаргал

   Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч П.Гантулга, түүний өмгөөлөгч   С.Одгариг,

   Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Даваапүрэв

   Шүүгдэгч Ян Цинг Хай нарыг оролцуулан 

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ян Цинг Хайд холбогдох эрүүгийн 201511000493 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, БНХАУ-ын Хар мөрөн мужид 1973 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний олборлолтын 19 дүгээр талбайд гагнуурчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, БНХАУ-ын Хар мөрөн мужийн Чичихар хотын Нинзи Шан дүүргийн Жа Юу Хао Ей хорооллын Б хэсгийн 5 дугаар байрны 1 давхарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, Ян Цинг Хай.

 

            Шүүгдэгч Ян Цинг Хай нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Ихэр тойром” гэх газарт 2015 оны 09 сарын 20-ны өдөр иргэн Д.Дамдинбатын малын хашааны төмөр шонг холбон гагнаж байгаад буюу галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч Дорнод аймгийн Матад сумын 567 га бэлчээрийн талбай шатаж 6492717 төгрөгийн шууд, 384100 төгрөгийн шууд бус, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2597 га бэлчээрийн талбай шатаж 29738247 төгрөгийн шууд, 468000 төгрөгийн шууд бус, “Алтан дэлт” олон улсын кино бүтээл ХХК-ний 990 га талбайд хадсан 105930 ширхэг боодолтой өвс шатаж 402534000 төгрөг, хөнжил пүүгээ, майхан зэрэг эд зүйл шатаж 216000 төгрөг, нийт 402750000 төгрөгийн шууд хохирол, хохирогч А.Мөнхжаргалын техник хэрэгсэл шатаж 12469000 төгрөг, 85502000 төгрөгийн шууд бус нийт 97971000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.Гантулгын 168 га талбайд хадсан 18000 ширхэг боодолтой өвс шатаж 68400000 төгрөг, 3832 га талбайд хадаж тарамдсан өвс шатаж 459840000 төгрөг, нийт 540709000 төгрөгийн шууд хохирол, Хилийн цэргийн 0146 дугаар ангид 583200 төгрөгийн шууд бус хохирол, нийт 979.689.964  шууд, 1435300 төгрөгийн шууд бус хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ян Цинг Хай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. Энэ яллах дүгнэлт дотор болсон бүх яриа худал байна. Ямар ч байсан би гагнуур огт хийж байгаагүй. Сая уншиж танилцуулсан улсын яллагчийн яллах дүгнэлт дотор намайг гагнуураа хийж байгаад гал гарах үед хийж байсан ажлаа хаяад зугтсан гэж байна. Тийм юм болоогүй. 2015 оны 9 сарын 20-ны өглөө би ажиллаж байсан байгууллагын удирдлагаасаа “гагнуурын машин аваачиж өгөөд ир” гэсэн даалгавар авсан. Би тэр даалгаврыг аваад Эзэннайрамдах гэдэг хүн дээр очиж гагнуурын машинаа өгөөд ирэх байсан. Би Монгол хэл мэдэхгүй бас хаана очихоо мэдэхгүй байсан учраас машиндаа нэг Монгол хүн суулгаад очих газраа заалгуулж явсан. Газрын тосны гадаа ирээд гагнуурын машинаа өгсөн. Арилдий гэдэг хүн гагнуур хийж байсан. Арилдий гэх хүнийг яаж таниад байна вэ гэхээр өмнө “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д ажиллаж байсан болохоор нь танисан. Арилдийг яг гагнуурын ажил хийж байхад нь би машин дотор сууж байсан. Юу болж байгааг хараагүй. Тэгсэн гадаа хүмүүс орилоод эхлэхээр нь би машинаас бууж хартал гал гарч байсан. Намайг Эзэннайрамдах гэх хүн хараад буц, яв гэж хэлээд ажлын зүгт зааж байсан. Тэгээд би машиндаа сууж ажил руугаа буцсан. Байгууллагын дотоод дүрэм бол байдаг. Ер нь бол байгууллагаас даалгаж байгаа гагнуурын ажилд 2-4 хүнтэй явдаг. Нэг нь гагнуур хийж байхад нөгөөдүүл нь туслах үүрэгтэй явдаг. Тэр өдөр гагнуур хийх биш өгөх ажилтай явсан болохоор ганцаараа явсан. Яагаад юунаас болоод гал гарсан талаар бол мэдэхгүй байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв. 

Хохирогч А.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 8 сард Вангийн цагаан ХХК-ний захирал П.Гантулгатай уулзаж гэрээ хийсэн. Тус гэрээ нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 10,000 га газар хадаад 1 га газрыг нь 100 юань буюу 37,800 төгрөгөөр хадаж тарамдахаар тохирч байгуулсан. Гэрээ хийгдсэн болохоор би Дорнод аймгаас 30 ажилчин аваад 2015 оны 8 сард хадланд гарсан. Тэгээд 2015 оны 9 сарын 20-нд Улаанбаатар хот руу ажлаар явж байхад манай хадлангийн даамал Элбэгжаргал над руу утсаар яриад “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-иас гал гараад бүх өвс шатчихлаа. Хурдан ир” гэж хэл дуулгасан. Намайг очиход 2 ширхэг тармуур, 1 трактор, 3 хадуур шатаж, 2 ажилчин маань бага зэргийн түлэгдсэн байсан. Энэ гал түймрийн улмаас  би 30 хүний ажилчны цалин, түлш, тос, хоол, хүнс, трактор зэргээр хохироод байна гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Даваапүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумтай гэрээ хийж Тэрхийн цагаан овоо гэдэг газар 5000 га газарт хадлан хадахаар болсон. 2015 оны 09 сарын 20-ны өдөр гарсан гал түймрийн улмаас 990 га газар болон хадаж боосон 105,400 боодол өвс шатсан. Үүнээс болж манай компанид 402,750,000 төгрөгний хохирол учирсан гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч П.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх бол өвсөө нэхэмжилж байна. Үнэлгээний газар болохоор Мөнхжаргал бид хоёрын хохирлын үнэлгээг нэгтгэж гаргасан байсан. Нийт хохирол үнэлгээгээр 540,709,000 төгрөг гэж гарсан. Үүнээс Мөнхжаргал нь өөрийнхөө хохирол болох 103,370,000 төгрөгийг тусдаа салгаж нэхэмжилж байгаа. Ингээд манай компани 540,709,000 төгрөгний хохирлоос Мөнхжаргалын хохирол болох 103,370,000 төгрөгийг нь хасаад зөвхөн 437,338,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Энэ 437,338,000 төгрөг бол зөвхөн өвсний мөнгө бусад зардлыг бол нэхэмжлээгүй байгаа гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч И.Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай суманд нийт 567 га газар шатаж байгаль экологид 6492717 төгрөгийн хохирол учирсан... Хятад хүн гагнуур хийж байгаад түймэр гаргасан гэж Үүрдмөнх хэлсэн...” гэжээ. /1-р хавтас 116-117/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Цэвэгмэд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай компани Сүхбаатар сумын Засаг даргатай 2015 оны 07 оны 22-ны өдөр 50000 га талбайд өвс хадаж бэлтгэх гэрээ байгуулсан. Үүнээс 8000 гаруй га газарт хадлан бэлтгэснээс 800 га талбай түймэрт шатсан. Бидний тооцоогоор 176000 боодол өвс шатсан...” гэжээ. /1-р хавтас 120-121/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Шинэбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай хилийн цэргийн 0146-р ангийн алба хаагч нар 2015 оны 09 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумаас орж ирсэн хээрийн түймэр унтраах гэж нийт 4 машин ажилласан юм. Түймэр унтраахад манай ангиас нийт 583200 төгрөгийн зардал гаргасан...” гэжээ. /1-р хавтас 124/

Гэрч Д.Дамдинбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 20-ны өдөр Энхбат Хятад хүний хамт цэнхэр өнгийн трактортой ирсэн. Би хашаа барих трубаг зөөж, Таж болон түүний хүүхэд, Монхоон нар нүх ухаж шон суулгасан. Арилдий төмөр тасдаж байсан шиг санагдаж байна. Нэг талаасаа шонгоо суулгаж дуусгасны дараа Хятад иргэн гагнуур хийж эхэлсэн. Хятад хүнтэй хамт Энхбат, Монхоон нар хажуу талд нь туслалцаж байсан. Миний мэдэхийн Монхоон, Энхбат хоёр төмөр труба болон оч үсрэхээс сэргийлж гөлмөн төмөр бариад зогсож байгаа харагдаж байсан...Хятад хүн гагнуур хийж байсан газрын хажуу талд хураасан задгай өвч байсан чинь түүн дотор гэнэт гал гарлаа гэж хашгирсан...” гэжээ. /1-р хавтас 107/

Гэрч Д.Арилдий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 20-ны өдрийн 06 цагийн орчимд газрын тосны 21-р талбайгаас 19-р талбай руу 08 цагийн үед Дамдинбатын гэрт цуглараад Эзэннайрамдах ахын өвөлжөө рүү Наранбаяр, Дамдинбат болон түүний эхнэр, Тажив хүүхдийнхээ хамт, Энхбат, Эзэннайрамдах болон түүний эхнэр Ням нар явсан. Өвөлжөө нэлээн зайтай байсан бөгөөд Энхбат хятад иргэний хамт явсан...Өвөлжөө барихын тулд газарт труба суулгаж дээгүүр нь хөндлөн нуруу барьж гагнасан бөгөөд гагнуурыг Хятад иргэн хийсэн. Урд талын эгнээний шонг босгож дээд талын хөндлөн трубаг холбож гагнаж байсан бөгөөд өвсний хашаатай залгаа трубаг гагнаж байхад хураалттай өвсөнд гагнуурын оч үсэрч гал гарсан. Тухайн үед бүгд сандарч ус, шороо, төмөр хаясан боловч дийлэхгүй хураасан өвс рүү гал алдсан. Гагнуурыг Хятад иргэн хийсэн бөгөөд хажууд нь би, Энхбат, Тажив бид гурав хамт байсан...” гэжээ. /1-р хавтас 142-144/

Гэрч Н.Сүх-Ялалт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн Матад сумын 6-р баг Ихэр тойром гэх газарт 2015 оны 09 сарын 20-ны өдөр хээрийн түймэр гарч түймрийн хохирлын акт тогтоох ажлын хэсэгт оролцож явсан юм. Түймэр гарсан газар очиход шинээр малын хашааг трубагаар хийсэн байсан бөгөөд гал гагнуураас гарсан гэж хүмүүс ярьж байсан юм. Уг түймрийн улмаас манай сумын 567 га газар шатсан байсан...” гэжээ. /1-р хавтас 130-131/

Гэрч Т.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 29-ний өдрийн 19-20 цагийн орчимд Эзэннайрамдах ах миний гар утас руу залгаад маргааш завтай бол ахтайгаа малын хашаа барилцаад өгчих хашаагаа гагнах гэж байгаа юм ахдаа тус болоод өгчих гэж хэлсэн. 2015 оны 09 сарын 20-ны өдрийн 07 цагийн орчимд Хүдрээ гэдэг жолоочоо явуулаад намайг авахуулсан. Тэгээд 09 цаг өнгөрч байхад малын саравч барьж байгаа газарт Хятад хүний хамтаар очсон. Бид хоёрыг очиход тэнд байсан хүмүүс шонгийн төмрийн нүхийг ухсан байсан бөгөөд төмрөө зоогоод хооронд нь холбож гагнахаар Хятад хүн гагнуур хийж эхэлсэн юм. Тэгээд гагнуур хийж байгаад өвсний хашааны баруун дээд талын нуруу төмрийг Хятад хүн гагнаж байхад гэнэт өвснөөс гал гарч эхэлсэн...” гэжээ. /1-р хавтас 133-134/

Гэрч Б.Үүрдмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Малын саравчны төмөр гагнахаар болж Энхбат гагнуур хийж байсан төмрийг нь барьж харин Хятад хүн төмөр хувин дээр гараад гагнуур хийж байхад оч төмрийн хажуугаар үсэрч өвсөн дээр унаад гал гарч эхэлсэн. Тэгээд унтраах гэж ус болон шороо цацсан боловч хуурай өвч байсан болохоор боломжгүй болж, гал алдаж урд зүгт түймэр гарч эхэлсэн...” гэжээ. /1-р хавтас 135-136/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн  778 тоот дүгнэлтэд:

1.Х.Элбэгжаргалын биед түлэгдсэн шархны сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь өндөр хэмийн хэсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл.

3. Дээрх тогтоогдсон гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /2-р хавтас 43/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн  854 тоот дүгнэлтэд:

1.Б.Буянсүхийн баруун сарвуу, чихэнд өнгөц түлэгдсэн шархны сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь өндөр хэмийн хэсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /2-р хавтас 45/

Хөрөнгийн үнэлгээний “BENDO” ХХК-ний 2015 оны 11 сарын 20-ны өдрийн P15-23 тоот дүгнэлтэд:

“Дээрх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жиших хандлагын аргаар тооцов. Уг эд зүйлийн үнэлгээ нь нийт 77409000 /далан долоон сая дөрвөн зуун есөн мянган төгрөг/-р үнэлэгдлээ.

Үнэлгээг ашиглаж болох нөхцөл: Үнэлгээний тайлан тооцоонд үнэлэгдсэн хөрөнгийн дүнг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтанд ашиглах зориулалтаар хийсэн болно” гэжээ. /2-р хавтас 56/

Хөрөнгийн үнэлгээний “BENDO” ХХК-ний 2016 оны 01 сарын 08-ны өдрийн P16-1 тоот дүгнэлтэд:

“Дээрх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жиших хандлагын аргаар тооцов. Уг эд зүйлийн үнэлгээ нь нийт 402750000 /Дөрвөн зуун хоёр сая долоон зуун тавин мянган төгрөг/-р үнэлэгдлээ.

Үнэлгээг ашиглаж болох нөхцөл: Үнэлгээний тайлан тооцоонд үнэлэгдсэн хөрөнгийн дүнг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтанд ашиглах зориулалтаар хийсэн болно” гэжээ. /2-р хавтас 68/

Хөрөнгийн үнэлгээний “BENDO” ХХК-ний 2016 оны 02 сарын 05-ны өдрийн P16-8 тоот дүгнэлтэд:

“Дээрх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жиших хандлагын аргаар тооцов. Уг эд зүйлийн үнэлгээ нь нийт 689640000 /Зургаан зуун наян есөн сая зургаан зуун дөчин  мянган төгрөг/-р үнэлэгдлээ.

Үнэлгээг ашиглаж болох нөхцөл: Үнэлгээний тайлан тооцоонд үнэлэгдсэн хөрөнгийн дүнг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтанд ашиглах зориулалтаар хийсэн болно” гэжээ. /2-р хавтас 240/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 05/092/03 тоот дүгнэлтэд: “Хавтаст хэрэгт авагдсан материалуудтай танилцахад БНХАУ-ын иргэн Ян Цинг Хай нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гэрээг “Эрээний олон улсын эдийн засаг техникийн хамтын ажиллагаа хязгаарлагдмал компани”-тай 2014 оны 11 сарын 19-нд байгуулж Монгол улсын “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д “гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар байгуулсан гэрээ” гэж заасныг үндэслэн мөн зүйлийн 8.3-д “Эрх бүхий байгууллага нь холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан шалгасны үндсэн дээр Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээнд багтаан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно” гэж заасан хуулийн үйлчлэлийн хүрээнд “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-нд хөдөлмөр эрхэлж байсан байна.

БНХАУ-ын иргэн Ян Цинг Хай нь “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-нд гэрээ, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхлэж байсан боловч уг гал түймрийг гаргасан хэрэгт холбогдох үед үндсэн гэрээт буюу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй, Газрын тосны 19 дүгээр талбай хариуцсан төлөөлөгч С.Эзэннайрамдахын хувийн зөвшилцөөнөөр иргэн Дамдинбат гэх хүний хувийн саравч барих ажлыг гүйцэтгэж байгаад гал түймэр гаргасан байна.

Иймд БНХАУ-ын иргэн Ян Цинг Хай нь “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагаатай холбоотой ажил үүрэг гүйцэтгээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

БНХАУ-ын иргэн Ян Цинг Хай, Газрын тосны 19 дүгээр талбай хариуцсан төлөөлөгч С.Эзэннайрамдах, иргэн Дамдинбат нарын хоорондын харилцаа нь иргэн, иргэдийн хоорондын хувийн харилцаа гэж дүгнэж байна.

Иймд дээрхи хөдөлмөрлөх харилцаа, аюулгүй ажиллагаа зөрчигдсөн эсэх асуудлууд нь “Иргэний хууль”-ийн холбогдох заалтуудын хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэж байна.

“Иргэний хууль”-ийн үйлчлэлд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт тавих эрх зүйн үндэслэл байхгүй болно” гэжээ. /3-р хавтас 96-97/

Хэрэгт цугларсан бичмэл бусад нотлох баримтууд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 9-15/

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 69 тоот акт /1-р хавтас 47-48/

Ой хэрийн түймрээс учирсан хохирлын акт /1-р хавтас 49-55, 2-р хавтас 109-111/

Хилийн цэргийн 0146 дугаар ангийн зардлын нэгтгэлийн тооцоо /1-р хавтас 57-67/

Хохирлын баримтууд /1-р хавтас 68-89/

Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 92-94/

Насанд хүрээгүй гэрч Ү.Алтан-Очирын мэдүүлэг /1-р хавтас 140-141/

Гэрч Б.Нямын мэдүүлэг /1-р хавтас 150-152/

Гэрч Ц.Түмэннастын мэдүүлэг /1-р хавтас 153-155/

Гэрч Н.Наранбаярын мэдүүлэг /1-р хавтас 156-157/

Гэрч Ван Гуо Лены мэдүүлэг /1-р хавтас 159-160/

Гэрч Жян Чен Көгийн мэдүүлэг /1-р хавтас 161-162/

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хавтас 177-183/

Хөрөнгийн үнэлгээний “BENDO” ХХК-ний дүгнэлт /2-р хавтас 58-60/

Хамтран ажиллах гэрээ /2-р хавтас 112-121/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ян Цинг Хай нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Ихэр тойром” гэх газарт 2015 оны 09 сарын 20-ны өдөр иргэн Д.Дамдинбатын малын хашааны төмөр шонг холбон гагнаж байгаад буюу галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч Дорнод аймгийн Матад сумын 567 га бэлчээрийн талбай шатаж 6492717 төгрөгийн шууд, 384100 төгрөгийн шууд бус нийт 6876817 төгрөг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2597 га бэлчээрийн талбай шатаж 29738247 төгрөгийн шууд, 468000 төгрөгийн шууд бус нийт 30206247 төгрөг, “Алтан дэлт олон улсын кино бүтээл” ХХК-ний 990 га талбайд хадсан 105930 ширхэг боодолтой өвс шатаж 402534000 төгрөг, хөнжил пүүгээ, майхан зэрэг эд зүйл шатаж 216000 төгрөг, нийт 402750000 төгрөгийн шууд хохирол, хохирогч А.Мөнхжаргалын техник хэрэгсэл шатаж 20254500 төгрөг, 83116500 төгрөгийн бусад зардалд нийт 103.371.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.Гантулгын 168 га талбайд хадсан 18000 ширхэг боодолтой өвс шатаж 68400000 төгрөг, 3832 га талбайд хадаж тарамдсан өвс шатаж 368938000 төгрөг, нийт 437338000  төгрөгийн шууд хохирол, Хилийн цэргийн 0146 дугаар ангид 583200 төгрөгийн шууд бус хохирол, нийт 979689964 төгрөгийн  шууд, 1435300 төгрөгийн шууд бус нийт 981125264 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад удаа, дараагийн өгсөн хохирогч А.Мөнхжаргал, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөлөгч Б.Даваапүрэв, П.Гантулга, И.Батмөнх, Ц.Цэвэгмэд, Г.Шинэбат, гэрч  Д.Дамдинбат, Д.Арилдий, Т.Энхбат, Б.Үүрдмөнх нарын мэдүүлгүүд болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн  778 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн  854 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 9-15/, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 69 тоот акт /1-р хавтас 47-48/, ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт /1-р хавтас 49-55, 2-р хавтас 109-111/, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн зардлын нэгтгэлийн тооцоо /1-р хавтас 57-67/, хохирлын баримтууд /1-р хавтас 68-89/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 92-94/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ян Цинг Хайд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдан нотлогдсон, шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгчийг галтай болгоомжгүй харьцсаны  улмаас хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүүгдэгч Ян Цинг Хайгийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “шүүдэгч Ян Цинг Хайгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдохгүй байна. Хэргийн газрын үзлэг дутуу хийгдсэн,  Ян Цинг Хай өөрөө гагнуур хийгээгүй, түүний  болгоомжгүй үйлдлийн улмаас түймэр гараагүй гэж мэтгэлзэж байх боловч энэ нь  гэрч Д.Дамдинбатын мөрдөн байцаалтад өгсөн “... Хятад иргэн гагнуур хийж эхэлсэн. Хятад хүнтэй хамт Энхбат, Монхоон нар хажуу талд нь туслалцаж байсан. Миний мэдэхийн Монхоон, Энхбат хоёр төмөр труба болон оч үсрэхээс сэргийлж гөлмөн төмөр бариад зогсож байгаа харагдаж байсан...Хятад хүн гагнуур хийж байсан газрын хажуу талд хураасан задгай өвч байсан чинь түүн дотор гэнэт гал гарлаа гэж хашгирсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 107/, гэрч Д.Арилдийгийн мөрдөн байцаалтад өгсөн “... гагнуурыг Хятад иргэн хийсэн. Урд талын эгнээний шонг босгож дээд талын хөндлөн трубаг холбож гагнаж байсан бөгөөд өвсний хашаатай залгаа трубаг гагнаж байхад хураалттай өвсөнд гагнуурын оч үсэрч гал гарсан. Тухайн үед бүгд сандарч ус, шороо, төмөр хаясан боловч дийлэхгүй хураасан өвс рүү гал алдсан. Гагнуурыг Хятад иргэн хийсэн бөгөөд хажууд нь би, Энхбат, Тажив бид гурав хамт байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-144/, гэрч Т.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн “...Бид хоёрыг очиход тэнд байсан хүмүүс шонгийн төмрийн нүхийг ухсан байсан бөгөөд төмрөө зоогоод хооронд нь холбож гагнахаар Хятад хүн гагнуур хийж эхэлсэн юм. Тэгээд гагнуур хийж байгаад өвсний хашааны баруун дээд талын нуруу төмрийг Хятад хүн гагнаж байхад гэнэт өвснөөс гал гарч эхэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134/, гэрч Б.Үүрдмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн “...Малын саравчны төмөр гагнахаар болж Энхбат гагнуур хийж байсан төмрийг нь барьж харин Хятад хүн төмөр хувин дээр гараад гагнуур хийж байхад оч төмрийн хажуугаар үсэрч өвсөн дээр унаад гал гарч эхэлсэн. Тэгээд унтраах гэж ус болон шороо цацсан боловч хуурай өвч байсан болохоор боломжгүй болж, гал алдаж урд зүгт түймэр гарч эхэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд  шүүгдэгч Ян Цинг Хайгийн иргэн Д.Дамдинбатын малын хашааны төмөр шонг холбон гагнаж байгаад буюу галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа болно.

Шүүгдэгч Ян Цинг Хайгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэ Эрүүгийн хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д хорих ялын дээд хэмжээг 2 жил хүртэл хугацаагаар заасан бол 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож байгаа тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ян Цинг Хайд Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ян Цинг Хай нь “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-нд гэрээ, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан боловч уг гал түймэр гарсан хэрэгт холбогдох үед үндсэн гэрээт буюу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй, өөр газар оронд буюу Газрын тосны 19 дүгээр талбай хариуцсан төлөөлөгч С.Эзэннайрамдахын хувийн гуйлтаар иргэн Дамдинбат гэх хүний саравч барих ажлын гагнуурын ажлыг гүйцэтгэж байхдаа гал түймэр гарсан тул гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг Петро Чайна Дачин Тамсаг ХХК хариуцах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Ян Цинг Хайгаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болон хор уршигт 103371000 /нэг зуун гурван сая, гурван зуун далан нэг мянга/ төгрөгийг хохирогч А.Мөнхжаргалд, 402750000 /дөрвөн зуун хоёр сая, долоон зуун тавин мянга/ төгрөгийг Алтан дэлт олон улсын кино бүтээл ХХК-нд, 540709000 /таван зуун дөчин сая долоон зуун есөн мянга/ төгрөгийг Вангийн цагаан ХХК-нд тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн Матад сумын Засаг даргын тамгын газарт 6876817 /зургаан зуун наян долоон мянга, найман зуун арван долоо/ төгрөг төлөгдсөн, Хилийн цэргийн 0146 дугаар ангид 583200 /таван зуун наян гурван мянга, хоёр зуун/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар 30206247 /гучин сая хоёр зуун зургаан мянга, хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн диск 1 ширхэг, флаш диск 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн болон хураан авсан эд зүйлгүйг тус тус дурдаж, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ян Цинг Хай нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөөгүй болон төлөхөө илэрхийлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлэх болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ян Цинг Хайд Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар зүйлчилсүгэй.

             2. Шүүгдэгч Ян Цинг Хайг галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар шүүгдэгч Ян Цинг Хайг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ян Цинг Хайгийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ян Цинг Хайгаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 943459000 /есөн зуун дөчин гурван сая дөрвөн зуун тавин есөн мянга мянга/ төгрөгийг гаргуулж, 103371000 /нэг зуун гурван сая, гурван зуун далан нэг мянга/ төгрөгийг хохирогч А.Мөнхжаргалд, 402750000 /дөрвөн зуун хоёр сая, долоон зуун тавин мянга/ төгрөгийг “Алтан дэлт олон улсын кино бүтээл” ХХК-нд, 437338000 /дөрвөн зуун гучин долоон сая, гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг “Вангийн цагаан” ХХК-нд тус тус олгож,  Матад сумын Засаг даргын тамгын газарт 6876817 /зургаан зуун наян долоон мянга, найман зуун арван долоо/ төгрөг төлөгдөж, Хилийн цэргийн 0146 дугаар анги 583200 /таван зуун наян гурван мянга, хоёр зуун/  төгрөгийг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар 30206247 /гучин сая хоёр зуун зургаан мянга, хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн диск 1 ширхэг, флаш диск 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргасугай.

 7. Шүүгдэгч Ян Цинг Хай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн болон хураан авсан эд зүйлгүйг тус тус дурдаж, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбарыг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ян Цинг Хайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхаан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                            Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ