Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/616

 

 

 

 

 

 

    2021           6              24                                       2021/ДШМ/616

 

Х.Чд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Чын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2108 00000 0329 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Хийн Ч, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Х.Ч нь 2021 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө ... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Эгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Х.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Чаас нийт 2.553.000 төгрөг гаргуулж хохирогч С.Эд олгохоор, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг бүрэн үнэлээгүй, хохирогчид учирсан хохирлоос хэт өндөр төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн эхнэр, гэрч Д.Цэрмаа “Эмчилгээ нь 350.000-2.500.000 төгрөг болно гэсэн.” гэх мэдүүлгээс үзэхэд хохирогчийн эмчилгээний зардал яг хэд болох нь тодорхойгүй. 350.000 төгрөгөөр ч эмчлүүлэх боломжтой харагдаж байна. Би хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, хамт шүдний эмнэлэг орж үзүүлэх талаар удаа дараа хэлсэн. Цаашид ч хамт шүдний эмнэлэгт үзүүлж, бодит зардлыг өөрөө шууд төлж барагдуулах талаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу бодит хохирлыг төлөх боломж олгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор П.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Х.Ч нь 2021 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө ... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Эгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хохирогчийн үүдэн 2 шүдийг нь гэмтээсэн. Хохирол төлбөрийн хувьд 350.000-2.500.000 төгрөгийн хооронд эмчилгээний зардал гарахаар болсон. Хохирогч “Арвин сувд” шүдний эмнэлгээс баримт авч хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол учраас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Ч 350.000-2.500.000 төгрөгийн хооронд эмчилгээний зардал гарахыг мэдсэн байгаа. 2.500.000 төгрөгөөр хохирогч эмчлэгдсэн асуудал байхгүй. Гарах зардлыг тогтоосон ба хохирогч мөнгөө гаргаад эмчлүүлэх боломжгүй учраас нэхэмжилж байгаад шүдээ эмчлүүлнэ гэж тайлбарладаг Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.Ч нь 2021 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7-3 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Эгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Эгийн: “...2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед сэрэхэд би эхнэр Цэрмаагийн хамт Энх-Отгоны гэр унтаж байсан. Тэгээд бостол миний баруун талын нүд хавдсан, баруун дээд талын 3 шүд юм идэж чадахгүй өвдөөд байхаар нь “Намайг хэн зодсон юм бэ” гэхэд Энх-Отгоны дүү Болормаа “Таныг танай хамаатан гэх Ч зодсон” гэж байсан. ...Болормаагийн хэлснээр Ч миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиод, миний эрүүн доороос 1 удаа өвдөглөсөн. ...” /хх 8-9/,

гэрч Д.Цэрмаагийн: “...эргээд ороход манай нөхөр Эгийн хамраас нь цус гарсан байсныг Болорчимэг арчуураар арчиж өгөөд сууж байсан. ...” /хх 20/,

гэрч М.Мөнхзулын: “...Манай нөхөр Э ахыг нэг удаа нүүрэн тус газар нь гараа атгаж байгаад цохисон. ...” /хх 23/,

гэрч П.Энх-Отгоны: “...Маргааш нь сэртэл Ч Э хоёр хоорондоо маргалдсан юм шиг байсан. ...” /хх 29/,

гэрч Э.Болормаагийн: “...Э хүрч ирээд Чын өвөр дээр суух гэтэл Ч цаашаа бай гээд түлхсэн. Гэтэл Э Чын өөдөөс зууралдаад автал Ч Эгийн нүүрэн тус газар нь хоёр удаа гараараа цохиход нь Э Чын энгэрээс заамдаад авах үед нь Ч Эгийн эрүүн доороос нь өвдөглөх шиг болсон. ...” /хх 34/,

шүүгдэгч Х.Чын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. ...Би Э ахын нүүрэн тус газар нь хоёр удаа гараа атгаж байгаад цохиод, гараараа намайг заамдаад, доош тонгойхоор нь Эгийн эрүүн доороос нь өвдөглөсөн. ...” /хх 67-68/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч С.Эгийн эрүүл мэндэд зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1873 дугаартай дүгнэлт /хх 37-38/ зэрэг  хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Х.Чыг тухайн зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж дүгнэв.

Хохирогч С.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.553.000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хохирогчид зайлшгүй эмчилгээний зардал учирсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд эрүүгийн шүүн таслах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, сэргээлгэх үүрэг хүлээлгэдэг.

“Арвин сувд” шүдний эмнэлгийн шүдний эмчилгээ хийх, шүдний имплант хийж шүд сэргээх төлбөр 2.500.000 төгрөг гэсэн нэхэмжлэх баримт нь хохирогч шүдний эмчилгээ хийлгэсний үр дүнд одоогоор бодитой гарсан зардал биш, харин ирээдүйд хийлгэх боломжтой эмчилгээний үнийн санал байна.

Түүнчлэн, хавтас хэргийн 75 дугаар талд авагдсан “Арвин сувд” ХХК эмнэлгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй байх бөгөөд энэ цаг хугацаанд тус эмнэлгийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, түүнийг сунгасан баримт хэрэгт байхгүй. Тус эмнэлгээс гаргасан 2.500.000 төгрөгийн үнийн санал нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй, хууль ёсны гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хохирогч С.Эгийн нэхэмжилсэн 2.553.000 төгрөгийн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, үлдэх 53.000 төгрөгийг шүүгдэгч Х.Чаас гаргуулан хохирогч С.Эд олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүдний эмчилгээ нь 2.500.000 төгрөг болох тухай дээрх баримт нь эмчилгээг хийлгэсэн тухай баримт биш болохыг дурьдав.

Харин хохирогч С.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.Чаас жич нэхэмжлэх эрхтэй.

Иймд, шүүгдэгч Х.Чын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолд хохирлын талаар зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Х.Чаас нийт 2.553.000 төгрөг гаргуулж хохирогч С.Эд олгосугай.” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Х.Чаас 53.000 төгрөг гаргуулж хохирогч С.Эд олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсэгт “Хохирогч С.Эгийн нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Х.Чаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.МЯГМАРЖАВ