Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02783

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02783

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: И ХХК-д холбогдох,

 

35,192,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов. Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.М нь хариуцагч И  ХХК-ийн ... 2 өрөө орон сууцыг 1 метр квадратын үнэ 2,600,000 төгрөгөөр тооцож нийт 150,384,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны 50 хувийн урьдчилгаа төлбөр болох 75,192,000 төгрөгийг төлж худалдан авсан. Талууд үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан өдрөөс ажлын 30 хоногийн дотор төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 58,000,000 төгрөгийн үнийн дүнд кровон маркийн авто машин өгч үлдэгдэл болох 17,192,000 төгрөгийг И ХХК-ийн дансанд шилжүүлж 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц захилгын гэрээг байгуулсан. Гэвч тус захиалсан барилга нь 2022 оны 12 дугаар сард ашиглалтад орно гэж захиалга авсан хэдий ч хугацаандаа ороогүй учир нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сард зарахаар шийдэн хариуцагч компанид хандахад хариуцагч нь өөрсдөө зарж бидэнд мөнгийг гаргаж өгнө гэж тохирч гэрээгээ цуцалсан бөгөөд хариуцагч И ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны 5068248915 тоот дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 35,192,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хариуцагч И  ХХК нь 2023 оны 6 дугаар сард үлдэгдэл төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлнө гэсэн агуулга бүхий албан бичгийг нэхэмжлэгчийн эхнэр Т.А-н и-мэйл хаягаар ирүүлсэн байдаг. Иймд И  ХХК-иас байрны төлбөрийн буцаалтын үлдэгдэл болох 35,192,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь хариуцагч компаниас үлдэгдэл мөнгөө нэхэмжилж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хариуцагчийг шүүхээр эрэн сурвалжлуулсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, энэхүү эрэн сурвалжлах ажиллагааны дагуу хариуцагч ИХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Р. нь...тоот хаягт орон сууц хөлслөх гэрээний дагуу түр оршин суудаг болохыг тогтоосон бөгөөд Р.Э-с компанийн хаягийг тодруулахад хариуцагч компани нь одоогоор байрлах байргүй байгаа буюу хувьцаа эзэмшигч Р.Э-ын хаягт үйл ажиллагаа явуулж байгаа болохыг мэдэгдсэн гэсэн. Хариуцагч нь тухайн хаягт түрээсийн гэрээний дагуу оршин сууж байгаа учир хорооны тодорхойлолт гарах боломжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулж хугацаа их алдсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн хугацаанд явуулж маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй болно.

3. Нэхэмжлэгчээс орон сууц захиалгын гэрээ /хх 5-12/, И Эм Эн констракшн ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 32/23 дугаартай төлбөр төлөхийг зөвшөөрсөн албан бичиг /хх 13/, О.Мөнхтулгын хаан банкны депозит дансны хуулга /хх 14/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5036 дугаар шийдвэр /хх 15-16/ шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас 35,192,000 төгрөг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй байна.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан .... талбайг нь 2,600,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна.

Энэхүү гэрээний нийт үнэ 150,384,000 төгрөгийн урьдчилгаанд бэлнээр 58,000,000 төгрөг, Тоёота кровн маркийн автомашиныг 17,192,000 төгрөгт нийт 75,192,000 төгрөгийг хариуцагч шилжүүлэн авсан талаараа гэрээнд тусгажээ.

Улмаар талууд гэрээнээс татгалзаж, хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хаан банкны ... дугаар дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхээ 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэхээр хүлээн зөвшөөрсөн болох нь И  ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 32/23 дугаартай албан бичиг, О.М-н хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогджээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч И .ХХК нь нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

8. Талууд ... талбайг нь 2,600,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авахаар тохиролцсон тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагджээ.

Гэвч талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх замаар гэрээний зүйлийг буцаан шилжүүлэхээр тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон учир үлдэгдэл төлбөр болох 35,192,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар И ..ХХК-иас 35,192.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 333,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ