| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/01468/И |
| Дугаар | 102/ШШ2024/02781 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2024/02781
| 2024 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2024/02781 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
3,070,200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 14,280,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай Ө ХХК нь ...орон сууцны төслийг захиалан бариулж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд хариуцагч М ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр UGU/18/1055 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь манай компанийн материалаар ... барилгын блокон хана өрөх, түр дулаалга хийх ажлыг хийж гүйцэтгэх, харин манай компани хариуцагчид ажиллах хүчний зардал 4,066,716 төгрөг, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын зардал 193,112 төгрөг, НӨАТ 425,983 төгрөг, нийт 4,685,817 төгрөг төлөх үндсэн үүргийг тус тус хүлээсэн. Дээрх гэрээний хугацаанд, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч нь UGU/18/1055 тоот ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гадна шатны саарал тор буулгаж хураах нэмэлт ажлын хамт хугацаандаа бүрэн хийж гүйцэтгэсэн тул талууд гэрээт ажлыг актаар хүлээлцсэн. Ингэснээр хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай гүйцэтгэсэн ажлын дүнгийн 60 хувийн санхүүжилт 3,000,000 төгрөгийг олгож өгч туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг манайд ирүүлсэн бөгөөд хүсэлтийн дагуу манай компани түүнд 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр олгосон. Үүний дараа талууд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус гэрээг дүгнэж гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэтэл энэхүү гэрээ дүгнэсэн актыг үйлдэхдээ манай компани гэрээнд заасны дагуу хариуцагчид төлөх 4,685,817 төгрөгийн төлбөрөөс 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүнд бэлнээр олгосон 3,000,000 төгрөгийг суутгах, гэрээт ажлын баталгааны 5 хувь болох 295,999 төгрөгийг барилга ашиглалтад орсноос хойш 48 сарын дараа олгох, түүний хийж гүйцэтгэсэн гадна шатны саарал тор буулгаж хураах нэмэлт ажлын төлбөр 225,000 төгрөг, өвлийн нэмэгдэл 896,966 төгрөг болон тус нэмэгдсэн төлбөрүүдийн НӨАТ-ын зөрүү 112,189 төгрөгийг нэмж тооцох, үлдэгдэл 2,623,973 төгрөгийг төлөхөөр заах ёстой байсан боловч данс бүртгэл, тооцооллын алдаа гаргасны улмаас өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид бэлнээр олгосон 3,000,000 төгрөгийг тооцож суутгахгүйгээр нийт 5,623,973 төгрөгийг олгохоор зааж, үүний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийн Төрийн банкин дахь ... тоот дансанд 5,623,973 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл манай компани UGU/18/1055 тоот ажил гүйцэтгэх гэрээ болон тус гэрээний хүрээнд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын төлбөрт нийт 5,623,973 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй байсан боловч данс бүртгэл, тооцооллын алдаа гаргаж, хариуцагчид 3,000,000 төгрөгийн илүү буюу нийт 8,623,973 төгрөгийг төлснөөр, хариуцагч нь үүнийг мэдсээр байж манай нягтлан бодогч, эдийн засагчдад мэдэгдэлгүйгээр хүлээн авч 3,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Түүнчлэн манай компанийн зүгээс илүү шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч тэрээр тус төлбөрийг бэлнээр шилжүүлэх боломжгүй, харин ажил хийж гүйцэтгэх замаар төлж барагдуулах боломжтой хэмээн одоог хүртэл илүү авсан 3,000,000 төгрөгөө буцаан шилжүүлэхээс татгалзсаар байгаа ба манай компанид хариуцагчаар 3,000,000 төгрөгт дүйцүүлэн хийлгэх ажил байхгүй болно. Иймд манай компани 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн UGU/18/1055 тоот ажил гүйцэтгэх гэрээний гэрээ дүгнэсэн актад данс бүртгэл, тооцооллын алдаа гаргаж хариуцагчид 3,000,000 төгрөг илүү шилжүүлсний улмаас хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,000,000 төгрөг, мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Тухайн төсөл дээр компаниудтай хамтран ажиллаж байсан. Бэлнээр өгсөн 3,000,000 төгрөгийг талаар огт ярихгүй байж байгаад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгч тус нэхэмжлэл нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж дараа нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд компанийг эрэн сурвалжилсан байсан. Н. ХХК-д 3,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээгээр буцаан өгөх боломжтой гэж хэлсэн. 3,000,000 төгрөгийг тухайн компани өөрсдөө манай руу шилжүүлж өгсөн байдаг. Тухайн шаардаж буй 3,000,000 төгрөгийн шаардлага нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жил өнгөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтад зааснаар үүргээсээ татгалзаж байна Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс... барилгын блокон хана өрөх, түр дулаалга хийх ажил гүйцэтгэх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ /хх 9-11/, М. ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25/16 дугаар албан бичиг /хх 12/, гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт /хх 13/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх 14/, кассын орлогын ордер /хх 15/, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт /хх 16/, 206 дугаар байрны барилгын блокон хана өрөх, түр дулаалгын ажлын гүйцэтгэх /хх 17/, нэхэмжлэх /хх 18/, төлбөрийн даалгавар /хх 19/, Ө ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдэл /хх 20/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2996 дугаар шийдвэр /хх 21-22/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг /хх 23/, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх 24/, М ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/19 дугаартай албан бичиг /хх 25/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11361 дүгээр шүүгчийн захирамж /хх 26-27/ шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,000,000 төгрөг, хохиролд 70,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч М ХХК нь төслийн ..барилгын блокон хана өрөх, түр дулаалга хийх, нэхэмжлэгч нь ажиллах хүчний зардалд 5,623,973 төгрөг шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь ... барилгын блокон хана өрөх, түр дулаалга хийх ажил гүйцэтгэх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, 206 дугаар байрны барилгын блокон хана өрөх, түр дулаалгын ажлын гүйцэтгэл, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч М ХХК нь дээрх гэрээний дагуу 5,623,973 төгрөгийн ажил хийж, төлбөрөө авсан боловч илүү 3,000,000 төгрөг авсан болох нь гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт, М ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25/16 дугаар албан бичиг, бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын орлогын ордер зэргээр тогтоогджээ.
Энэхүү тогтоогдсон үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудлаар зохигчид маргаагүй бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буюу ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн үеэс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний үүргийг шаардаж байсан, хариуцагч төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрдөг байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.
7. Хариуцагч МХХК нь төслийн ... барилгын блокон хана өрөх, түр дулаалга хийх, нэхэмжлэгч нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
8. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн боловч тооцооллын алдааны улмаас илүү төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа юм.
Зохигчид 2018 оны 12 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг дуусгавар болгосноос хойш 3 жилийн дотор эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болсон байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаардаг болохоор нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор гаргах байжээ. Талууд ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай байхдаа тооцооллын алдааны улмаас илүү шилжүүлсэн төлбөрийн хэмжээгээр нь гэрээний бус үүрэг үүсэхгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болжээ.
Харин М ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/19 дугаартай албан бичиг нь Н ХХК-д хандсан байхаас гадна зохигч гэрээг дүгнэсэн хугацаанаас хойш буюу 2019 оны 12 дугаар сараас хойш хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой асуудлаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байх тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
9. Иймд хариуцагч М ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэрээний бус үүрэгт 3,000,000 төгрөг, хохиролд 70,200 гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-д холбогдох 3,072,000 төгрөг гаргуулах тухай Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК нь Ө ХХК-иас 14,280,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,074, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ