Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02780

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02780

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.О-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, хариуцагч Т.О, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.О-тэй 2009 онд танилцаж, 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Х.А нь 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, охин Х.Э нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. 2015 онд бид тусдаа амьдарч 2016 онд манай ээж хүүхдээ бод гээд буцаж нийлж байсан. Ингээд 2018 оноос 2022 он хүртэл БНСУ-д ажиллаж амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд миний ээж хүүхдүүдийг маань асарч байсан. 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2 хүүхэд маань миний асрамжид өсөн торниж байна. Т.Онь хүүхдүүдээ ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй, хоёр хүүхэдтэйгээ уулздаггүй. Миний зүгээс уулзуулахыг хориглодог зүйл байхгүй. Уг нь бол амьдардаг гэр нь манай гэртээ ойрхон байдаг. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Х.А, охин Х.Э нарын өөрийн асрамжид үлдээж өгнө үү. Тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х-тай 2009 онд танилцаж, 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас Х.А, Х.Э нар төрсөн. 2015 онд бид хоёр салаад эргэж нийлээд 2017 онд Г.Х Солонгос улс руу явсан. Тухайн үед хоёр хүүхэдтэйгээ хадам ээжийнд үлдсэн. Явснаас нь хойш нэг жилийн хугацаанд хоёр хүүхэдтэйгээ ярьж байнга холбоотой байсан боловч 2018 оноос хойш холбоо тасарсан. 2019 онд хоёр хүүхдээ аваад төрсөн гэртээ очсон. Хадам ээж хоёр хүүхдийг нь аавынх нь оронд хамт өсгөөд өгье гээд хоёр хүүхдийг минь өөр дээрээ авсан. Том хүүгийнхээ сургуулийн төлбөрийг би төлдөг. Хоёр хүүхдэдээ хэрэглээний зардал бусад зүйлүүдийг өгдөг. Хоёр хүүхдийг аав нь биш эмээ нь өсгөж байгаа. Г.Ходоо өөр эмэгтэйтэй хамт амьдарч байгаа. Тэр эмэгтэй нь хоёр хүүхэдтэй, хоёр хүүхдийг нь миний хүүхдүүд гээд дуудаад явж байгаа. Миний хоёр хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байгааг хүртэл өнөөдөр энэ хүн бодоогүй л байгаа. Хүүхдүүдтэйгээ уулздаггүй гэж байна. Би хичээлийг нь тарахаар хоёр хүүхдээ авъя гэж хэлээд очихоор авчихсан байдаг. Утас руу залгахаар яриулдаггүй. Сургуулийнх нь багш хүртэл хүүхдүүдийн сэтгэлзүй тогтворгүй байна гээд ээжтэй нь уулзуулах гэсэн юм гэж залгадаг. Гэрлэлтээ гурван жилийн өмнө цуцлуулах гэж байсан боловч хадам ээж цуцлуулаагүй. Гэрлэлт цуцлахыг дэмжиж байна. Хүүхдийн асрамжийн асуудал дээр охиноо авмаар байна. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, хүүхдийн эрүүл, өсөж бойжиж байгаа тодорхойлолт /хх 5-6/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 7-8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл /хх 9/ шүүхэд гарган өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.А, Х.Э нарын саналыг асуужээ. /хх 21-24/

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Г.Х болон Т.О нар 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү Х.А, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Х.Э нар төржээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5378 дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

6. Зохигч хариуцагчтай эвлэрэх боломжгүй нь тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

Шүүхээс 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Х.А, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Х.Э нарын саналыг үндэслэн, төрж өссөн гэртээ аавтайгаа хамт байдаг, тухайн орчиндоо сургуульд хамрагддаг байдлаас үзвэл хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Цаашид эцгийн зүгээс хүүхдүүдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдвэл асрамжийг солиулах эрх нээлттэй байдаг.

 

8. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Х, Т.О  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Х.Э, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.А нарыг эцэг Г.Х-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь

 

 

хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ