Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/505

 

 

 

 

 

  2022             05            11                                         2022/ДШМ/505                                                                                                                                                                                    Т  M 546                    

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дэлгэрмөнх,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10ы өдрийн 2022/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хохирогч О.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.М-д холбогдох 2211000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ийн М-, Дорнод аймагт 1984 оны 06 дугаар сарын 12ы өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, “-” ХХК-д гагнуурчин ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 2 жил 3 сар хорих ял тус тус шийтгүүлсэн.   

Б.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчдад саатуулагдан явж байхдаа О.Г-ийн нүүрэн тус газар мөргөж дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд, доод уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулж, хохирогч О.Г нь цаашид эмчилгээ хийлгэх эмчилгээний зардал, хохиролтой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.Г- давж заалдах гомдолдоо: “...Би цагдаад саатуулагдаад явж байхдаа согтуу этгээд Б.М-д мөргүүлж дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл авч, шүдээ авхуулсан. Дээд 2 шүднээс болж доод 2 шүд хөдөлгөөн орсон тул эмчид үзүүлэхэд 4 шүд хийлгэх шаардлагатай гэсэн. Иймд миний хүсэлтийг хүлээн авна уу ...” гэжээ.

Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ” гэжээ.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа жолооч Р.Доржготов, эргүүлийн офицер Д.Оюунбаатар, хохирогч О.Г нарыг байлцуулан, тухайн өдрийн дуудлаганд явж байсан цагдаагийн автомашинд болсон гэх үйл явдлын талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүднээс туршилт хийлгэх, хохирогч О.Г нь хэрэг болсон орой Лувсандорж гэх хүнтэй архи уусан ба хэн, хаанаас ямар агуулгатай дуудлага өгсөн талаарх баримтыг цагдаагийн байгууллагаас гаргуулах, яллагдагч Б.М-, хохирогч О.Г- нарыг нүүрэлдүүлэн байцаах, хэргийн сэдэл санаа зорилгыг бүрэн дүүрэн шалгуулсны эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн нь гэм буруугаа хүлээгээгүй гэдгээр өндөр ял шийтгэх үндэслэл болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч нь баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй ба энэхүү эрхээ эдэлж шүүх хуралдаанд оролцсон нь гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид, яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заасны дагуу шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруутайд тооцохоос өмнө хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн ч, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна.

Б.М- нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр нь нярайлсан. Одоо хүүхэд нь 1 сар гарантай, мөн 3-16 насны 3 хүүхэд, нийт 4 хүүхэдтэй ба Б.М- нь гагнуурын ажил хийдэг байсан. Одоо “-” ХХК-д гагнуурчин-засварчин хийж, сарын 800,000 төгрөгийн цалинтай, тогтмол орлоготой болж гэр бүлээ тэжээн тэтгэж байгаа.

Иймд уг хэргийн нөхцөл байдлыг харгалзан торгох ялаар сольж өгнө үү. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны төлөө гэм буруугаа хүлээсэнгүй, маргасан гэх шалтгаанаар өндөр ял шийтгэгдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг зөрчиж байна.

Б.М- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна.

Иймд Б.М-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл зэргийг харгалзан үзэж ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс тохирсон ял шийтгэл шийтгэсэн. Тухайн үед агсам согтуу тавьж, улмаар хохирогчийг мөргөсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Мөргөх үед хохирогчийн хоёр шүд гэмтсэн. Тухайн үедээ унасан асуудал байгаагүй. Машин дотор унасан шүдийг олж тогтоогоогүй гэж байна. Үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Хохирогчийн хоёр шүд унаж, нөгөө хоёр шүд нь суларч авахуулах шаардлагатай болсон нь баримтаар тогтоогдсон. Цагдаагийн машины ар талын хоёр хаалга онгойдоггүй гэж байна. Зүүн талын хаалга нь онгойдоггүй. Баруун талын хаалга нь онгойдог. Хэргийн нөхцөл байдлыг харахад, шүүгдэгч Б.М- нь өөрийнхөө эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгч авсан байж хохирогчид ганц эм аваад өгчих сэтгэл гаргасангүй. Хохирлоо төлөөгүй байхад торгуулийн ялаар өөрчлөх нь зохимжгүй. Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч Б.М-гийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршигт нь тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.М-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсны зэрэгцээ оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байна.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчдад саатуулагдан явж байхдаа хамт саатуулагдсан О.Г-ийн нүүрэн тус газар мөргөж, түүний биед дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд, доод уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч О.Г-ийн “... намайг хүүхдүүдийн хажууд архи уусан гээд цагдаад дуудлага өгч бариулаад явсан. Намайг цагдаагийн автомашинд суугаад явж байх замд “Жирэмсэн эхнэрээ зодсон” гэх залуу гавлуулсан байдалтай суусан. Тэр согтуу залуу цагдаагийн араас суудал руу нь хөлөөрөө жийгээд зүгээр явахгүй байсан. Цагдаа нар дахин нэг дуудлагаар очоод гадаа хүмүүстэй уулзаж байх хойгуур нөгөө залуу миний уруул руу нэг удаа мөргөж үүдэн нэг шүд унагаад, хажуу талын шүд хөдөлгөөн орсон. Би буугаад цагдаа нарт хэлсэн. Тэр хүнтэй маргаж муудалцаагүй...” /хх 6-7/,

гэрч, цагдаагийн ахлах ахлагч Р.Доржготовын “...Дуудлагын дагуу очиход О.Г- нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул хэлтэс рүү түр саатуулахаар авч явсан юм. Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу очиход Б.М-г ...шаардлага биелүүлэхгүй байсан тул гавлаж, автомашинд суулгасан. Өөр дуудлагын газар очоод байж байтал О.Г- нь “Гавтай залууд шүдээ мөргүүлчихлээ” гээд амнаас нь цус гарсан байдалтай автомашинаас бууж ирсэн...” /хх 16/,

гэрч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Оюунбаатарын “...автомашины арын хэсэгт О.Г-, Б.М- нар үлдсэн. Шаардлага биелүүлээгүй хүнийг гавлаж байтал О.Г- нь “Шүдээ мөргүүлчихлээ” гээд амнаас нь цус гарсан байдалтай бууж ирсэн. О.Г- анх дуудлагын дагуу очиход биед нь ямар нэгэн шарх, гэмтэлгүй байсан...” /хх 18/,

гэрч Б.Б-ийн “... нөгөө хөгшин ах Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт ирэн иртлээ “Миний шүд хугарчихлаа” гэж байсан ...” /хх 21/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч О.Г-эд дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд доод уруулын салстад шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 11897 тоот шинжээчийн дүгнэлт /хх 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.М-гийн хохирогчийн нүүрэн тус газарт мөргөж 2 шүдний хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд үйлдэл, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, тодорхой шалтгаангүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байдлаар шударга ёсны зарчим хангагддаг тул “... гэм буруугаа хүлээгээгүй үндэслэлээр шүүх хүнд ял шийтгэсэн ...” гэсэн гомдол үндэслэлгүй.

Ял, албадлагын арга хэмжээ нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэн эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учир шүүгдэгчийн хүсэл зориг, амьдралын нөхцөл, боломжид таарсан байх албагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсны дагуу шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг баримтлан шүүгдэгч Б.М-д нийтэд тустай ажил хийлгэх 720 цагаар сонгож хэрэглэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдалд уг ялыг эдлэхэд харшлах хуульд заасан үндэслэл алга байна.

Түүнчлэн, гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй эсэхийг судалж үзэхэд хохирогч О.Г- нь цагдаагийн автомашинд суухдаа биедээ ил харагдах гэмтэл, шархгүй байсан ба сүүлд Б.М-тэй автомашинд үлдсэн үедээ мөргүүлсэн гэх шалтгаан хэлж амнаас нь цус гарсан байдалтай бууж ирснийг гэрчилсэн цагдаагийн алба хаагчдын мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирсоноор тухайн гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд өмгөөлөгчийн гомдолд дурьдсан туршилт хийх, цагдаад дуудлага мэдээлэл гаргасан түүхийг хэрэгт хавсаргах, хохирогч, шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь хэрэгт ач холбогдол бага гэж үзэв.

Хохирогч О.Г-ийн давж заалдсан гомдлын хувьд хохирол төлбөр гаргуулах агуулгатай байх боловч хавсаргасан баримт /хх 193/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, баримтын хэмжээнд бодитой зардал гараагүй байх тул шийтгэх тогтоолд заасны дагуу хохиролтой холбоотой нэхэмжлэлээ баримтаа бүрдүүлэн иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгож хөнгөлөх ...” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын, “... шүүгдэгчээс 4 шүдний эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий хохирогч О.Г-ийн давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар болон хохирогч О.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                  Б.ЗОРИГ

 

                    ШҮҮГЧ                                                  М.ПҮРЭВСҮРЭН