Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2023/0016/З |
Дугаар | 125/ШШ2023/0036 |
Огноо | 2023-12-01 |
Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 125/ШШ2023/0036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х ” ХХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн “Х ” ХХК-нд холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “Х ” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х ” ХХК-нийн захирал Ш.Т , хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д , С.Б , Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Хандмаа, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-гийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/186 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүсэд байрлалтай 29933 кв метр талбай бүхий газрыг мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн.
1.2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Х ” ХХК-нийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
1.3. Улмаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар гэж, мөн өдрийн 13/15 дугаар тогтоолоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “Х ” ХХК-нийн захирал Ш.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “Х" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо 2021, 2022, 2023 онуудын газрын төлбөр төлөөгүй, мөн гэрээгээ дүгнүүлээгүй гэжээ.
“Х ” ХХК-ийг манай ээж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Б.Лхамжав, аймгийн Засаг дарга байсан н.Дамба дарга, Ойн ангийн дарга байсан н.Бадрах гэдэг гурван хүн 1998 онд байгуулсан. Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2006 онд хувь нийлүүлсэн хоёр хүн Улаанбаатар хот руу шилжиж, миний ээжид компани нь үлдсэн. 1998 оноос хойш Ойн бүс гэдэг газар хараа хяналтгүй, эзгүй хоосон байхад анх ойг нөхөн сэргээж мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн ба бүх зүйл хуулийн дагуу явж байсан.
Анх 2007 онд ойн мэргэжлийн байгууллагуудын шалгаруулалт болоод “Х ” ХХК анхны тусгай зөвшөөрлөө авсан ба 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгагдсан. Энэ хугацаандаа ногоон байгууламжийн чиглэлээр олон удаа батламж, шагнал авч байснаас өнөөдөр шүүх хуралдаанд онцлох шагналуудыг нотлох баримтаар хуулбарлан гаргаж өгсөн. 2011 онд “Ойд ээлтэй байгууллага” гэх батламж авсан ба энэ нь “Монгол Улсын хаана ч мод тарьж, ойг нөхөн сэргээх эрхтэй” батламж юм. Мөн 2010 онд “Монгол Улсын тэргүүний ойжуулагч байгууллага”-аар өргөмжлөгдөж байсан өргөмжлөл, аймгийн Засаг дарга Д.Нямдаваагаас Ховд аймаг Улсын тэргүүний ойжуулагч аж ахуй нэгжтэй боллоо гээд баярлаж талархаж өгч байсан өргөмжлөл, “Х ХХК-ийн зөвлөх болох миний эх Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан баримтууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн нотлох баримтаар анх ойн бүс үүсгэн байгуулагдаад тэр ойн бүс нь устаад үгүй болж байхад харандаа мөчир бэлдээд тарьсан моднууд ургасан түүхэн зургуудыг гаргаж өгсөн.
Тариалалтыг хийхдээ бид өөр аймгуудаас харандаан мөчир худалдаж авч нөхөн тариалалт хийдэг. Энэ жил Увс аймгаас 15240000 төгрөгийн харандаан мөчир худалдаж авсан. Ховд Политехник коллежийн Ойжуулалтын анги манай компанитай хамтарч ажилладаг ба манай байгууллагад харандаан мөчир их байгаа тул танай компани худалдан авч үйл ажиллагаандаа ашиглах талаар хүсэлт тавьсны дагуу Ховд политехникийн коллежоос энэ жил нийт 25000000 орчим төгрөгөөр худалдан авч тариалалт хийчихсэн байгаа. Сум дундын Ойн ангийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Ховд аймгийн “Х ” ХХК нь 1998 оноос хойш мод үржүүлэг, ойг нөхөн сэргээх, ойн арчилгааны чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Замын-Үүд, Өвөрхангай, Төв, Увс зэрэг аймгуудад 2500 орчим га талбайд 2,000,000 орчим мод ургуулсан байна. Тус компани өөрийн эзэмшлийн 3 га мод үржүүлгийн талбайд 2023 оны модны тооллогоор 120.000 ширхэг бургас, 90.000 ширхэг улиас, 20.000 ширхэг хайлаас, 20.000 ширхэг үхрийн нүд, 5.000 ширхэг чацаргана, 6.000 ширхэг агч, 3.500 ширхэг шар хуайс, нийт 246.500 ширхэг навчит болон жимсний модны суулгацтай байна” гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байгаа.
“Х ” ХХК нь хувь хүн биш аж ахуй нэгж юм. Компани нь улирал, хагас жил, жилийн тайлангаа татварын цахим программаар гаргаж татвараа төлдөг. Манай компани татварын тайлан улирал бүр гаргаж, бүх өр төлбөрөө төлөөд дуусгадаг. Манай компани улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа ногоон байгууламж, ойг нөхөн сэргээх, ойн арчилгаа цэвэрлэгээ хийх гэх мэт төсөл хөтөлбөрт их оролцдог. 2020 онд гэхэд Байгаль орчны яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс зарласан төсөлд шалгараад холбогдох төслийн ажлаа хийж дуусгасан. Хэрвээ 2020 онд татварт ямар нэгэн өртэй байсан бол энэ төсөл хөтөлбөрт оролцож чадахгүй шууд хасагдах ёстой. 2021 онд Ховд аймагт хэрэгжсэн төсөл хөтөлбөрт оролцсон ба мөн шалгарсан. 2022 онд Байгаль орчны яамнаас зарласан Ногоон байгууламж нэмэгдүүлэх төсөлд шалгарсан. Төсөлд оролцоход Сангийн яамаар давхар хянуулдаг ба тухайн компани 100 төгрөгийн татварын өртэй байвал шууд хасагддаг учраас манай компани олон жил татварын ямар нэгэн өргүй байгаа гэдгээ нотлох гэж мэдэгдлүүдийг нотлох баримтаар өгсөн.
Мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгаас “Ногоон байгууламжийг нөхөн сэргээх, ойн цэвэрлэгээ хийх” төсөл хөтөлбөр зарлагдсан ба энэ төсөлд манай компани оролцсон ч тухайн өдрөө хасагдсан байсан. Ямар учраас хассан талаар мэдээлэл авахад “2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр татсан татварын тодорхойлолтоор танай компани 598,660 төгрөгийн татварын өртэй байна” гэсэн хариу өгсөн. Энэ талаар санхүү хариуцсан хүмүүстэй холбогдож тодруулахад “газрын төлбөр төлөөгүй байна” гэсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай компанид 1,973,020 төгрөгийн газрын төлбөр тогтоогдсон байсныг бид мэдээд энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдөр газрын төлбөрөө төлсөн.
2021 онд татварын цахим системээр газрын төлбөрт 410,400 төгрөг төлөгдчихсөн байгаа. 2019, 2018 онуудад 85,000 төгрөг байсныг мөн тус тус төлсөн.
Гэхдээ 2021 онд газрын төлбөр төлөөгүй нь манай компани санаатай үйлдэл биш бөгөөд энд хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна. Учир нь 2021 онд Газрын алба газрын төлбөрийн ногдуулалт хийгээд татварын цахим бүртгэлд орж ирээд компани төлбөрөө төлөх ёстой. Хэрвээ төлөөгүй бол жилийн эцэст манай компани өртэй гарч ирээд Монгол Улсын хар жагсаалтад орох ёстой ч тэр жагсаалтад ороогүй.
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан.
Гэтэл манай компанид энэ талаар мэдэгдээгүй. 2023 онд газрын төлбөр 1,197,000 төгрөг, 2021 онд 400 гаруй мянган төгрөгийн татвар төлнө гэдгийг ч мэдэгдээгүй. Би өөрөө тайлангуудаа шүүж байхдаа мэдсэн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Ховд аймгийн Жаргалант сум, Татварын алба болон төлбөр хариуцсан хүмүүс өөрсдөө хариуцлагагүй байдал гаргачхаад өөрсдийн хариуцлагагүй гаргасан үйлдлээ “аж ахуй нэгж газрын төлбөр төлөөгүй” гэж биднийг буруутгаж болохгүй. 2023 оны санхүүгийн тайлангаас “манай компани ямар нэгэн өр төлбөрийн үлдэгдэл тооцоо байхгүй” гэдэг нь харагдах учраас нотлох баримтаар гаргаж өгсөн.
Мөн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13/05 дугаартай “...манай эзэмшлийн мод үржүүлгийн талбайн газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох” тогтоол гарсан. Энэ тогтоол нь илт хууль зөрчиж, бусдын эзэмшлийн талбай дээр хийсэн ажлыг үгүйсгэж, хүч түрэмгийлж байгаа тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “Х ” ХХК-д холбогдох хэсгийг мөн хүчингүй болгож өгнө үү гэв.
2.2. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Х " ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч "Х " ХХК нь Ховд аймгийн Жаргалант сум, 12-р баг, Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын 8414007082 дугаар бүхий 29933 м2 талбай газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 11-р сарын 07-ны өдрийн А/186 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай, мод үржүүлгийн газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2-р заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2023/00058 тоот гэрээ байгуулагдсан.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон.
Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 11-р сарын 07-ны өдрийн А/186 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2021/00058 тоот гэрээний 2.3-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж тус тус заасан.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..." газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч “Х " ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 11-р сарын 07-ны өдрийн А/186 дүгээр захирамжаар газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.
Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2021 оны 1197320, 2022 оны 1197320 2023 оны 1197320 төгрөгийн газрын төлбөрийг тухайн ондоо хугацаанд нь төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч эдгээр газрын төлбөрөө маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
2. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг"-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх", 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно.
Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болно.
УДШ-ийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаартай тайлбарын 1.9-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ". удаа дараа ..." гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино" гэж хууль хэрэглээний УДШ-ийн албан ёсны тайлбар байдаг. Тиймээс гэрээнд заасан гэрээгээ жил бүр дүгнүүлэх үүргээ нэхэмжлэгч 2021, 2022 онд биелүүлээгүй, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ 2021, 2022 онд огт тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж уг хуулийг хэрэглэж, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон болно.
Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзсэн бөгөөд уг үндэслэлд хамаарах Газрын тухай хууль тогтоомж, гэрээний заалтыг 2 буюу түүнээс дээш удаа нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж энэ үндэслэлээр хүчингүй болгосон болно. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч "Х " ХХК- ийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаяг байрлалтай, 8414007082 тоот нэгж талбарын дугаартай 29933 м2 талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/186 дугаар захирамжаар “Х ХХК”-д мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшүүлж, уг захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ болон гэрчилгээг олгосон байдаг. Газар эзэмших гэрээнд газар эзэмшигчийн эрх үүргийг тодорхойлж заасан байгаа ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Ховд аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаартай албан бичгээр “Х ” ХХК нь газрын төлбөр төлсөн эсэх лавлагааг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “Х ” ХХК нь 2020, 2021, 2022, 2023 онуудад төлсөн татвар байхгүй” гэсэн байгаа.
Ийм учраас Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “Х ” ХХК-нийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ямар учраас “Х ” ХХК-нийн эзэмшлийн газрын төлбөрийн ногдуулалтыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хийснийг мэдэхгүй байна. Хэрвээ газрын төлбөрийн ногдуулалт үүсээгүй тохиолдолд яагаад ногдуулалт үүсээгүй байгаа талаар газрын даамлаас ирж асуух боломжтой байсан.
Улсын байцаагчийн дүгнэлтийн тухайд би уг дүгнэлт гаргахад оролцоогүй тул ямар учраас тийм дүгнэлт гарсныг мэдэхгүй. “Х ” ХХК нь газар эзэмших гэрээгээ 2 жил дүгнүүлээгүй, тухайн жилүүдэд юу хийсэн нь тодорхой бус, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй байсан учраас газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхэд хэцүү. “Х ” ХХК тухайн оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор гэрээгээ дүгнүүлэх ёстой. Энэ компани ерөөсөө гэрээгээ дүгнүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед гэрээгээ ирж дүгнүүлж байсан бол “зориулалтын дагуу ашиглаж байна” гэж үзэх боломжтой. Гэрээ дүгнүүлээгүй, улсын байцаагчаас ямар дүгнэлт гарч байгааг бид мэдэх боломжгүй учраас тэр талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Харин газар эзэмшүүлэх гэрээний тухайд Тухайн хүн, хуулийн этгээд https://egazar.gov.mn сайт руу нэвтэрч орохоор газрын төлбөрийн бүх мэдээллүүд нь байгаа. Цахим гэрчилгээ үүсчихсэн бол манай албанаас бүх мэдээллийг оруулаад өгнө. Тухайн иргэн, хуулийн этгээд нь https://egazar.gov.mn сайт руу нэвтэрч ороод өөрөө хэвлээд авах боломжтой. Манай байгууллагаас материалуудыг нь бүрэн цахимжуулаад оруулсан учраас өөрөө хэвлээд авах боломжтой.
Газар эзэмшүүлэх гэрээний 4.14-д “газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх” гэж оруулсан байгаа бөгөөд “газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмших гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч нь 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан дүгнэнэ” гэж заасан, энэ үүргээ нэхэмжлэгч компани биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
2.5. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан “Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Ховд аймгийн Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байдаг.
Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйл гэх мэт заалтуудаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаас “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай болон 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан.
Дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн заалтуудыг хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгах, иргэдийн чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх орчны нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх, ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэрүүд юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.
Хариуцагчаас “Х ” ХХК-ийн эзэмшлийн 29.933 мкв талбай бүхий мод үржүүлгийн зориулалттай эзэмшлийн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон.
“Х ” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу ажлын 10 хоногт багтааж шүүхэд хугацаандаа нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа газар эзэмшигч этгээдүүдэд мэдэгдэх үүрэгтэй байсан ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. “Х ” ХХК-ийн 29.933 кв метр талбай бүхий газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байгаа.
Нэгдүгээрт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон. “Х ” ХХК удаа дараа ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй бөгөөд үндэслэлгүйгээр дээрх хуулийн заалтыг барьж хүчингүй болгосон байна гэж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Энэ нь гэрч Э.Цогтсайханы мэдүүлгээр нотлогдсон. Учир нь гэрч “Х ” ХХК зөрчил гаргаагүй учраас дүгнэлт гаргаагүй” гэдэг талаар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хоёрдугаарт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Татварын албанаас болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авсан холбогдох баримтуудаар “ямар нэгэн өр төлбөр байхгүй” гэх нөхцөл байдал тогтоогдсон учраас “газрын төлбөрөө төлөөгүй” гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч талаас тайлбарлахдаа “татварын албанаас авсан тодорхойлолтоор өртэй байна” гэж гэж байна. Иргэн, аж ахуй нэгж хоёр ялгаатай. Аж ахуй нэгжийн хувьд улирлын тайлан өгөх болгонд газрын төлбөрөө төлж байдаг ба 2020, 2021, 2022 онуудад “Х ” ХХК нь татварын тайлангаа өгсөн. Уг татварын тайланд газрын төлбөр төлөгдсөн учраас өр төлбөргүй гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын гаргасан захирамжийн үндэслэл болж байгаа дээрх хуулийн заалт нь үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй байна. Шүүхээс тухайн маргаан бүхий газарт үзлэг хийгээд “тухайн газарт тарьсан мод, ургамлуудыг тоолох боломжгүй” гэдэг нь үзлэгийн явцад тогтоогдсон.
Х ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа чанарын өндөр түвшинд явуулж байгаа бөгөөд энэ ч үүднээсээ захирлаар ажиллаж байсан Б.Лхамжавын хувьд “Монгол улсын гавьяат” гэсэн цол, тэмдгийг авсан. Одоо тухайн компанийн захирлаар Ш.Т ажиллаж байгаа. Ховд аймгийн сум дундын ойн ангиас тухайн компанийн мод тооллогын дүнг гаргасан ба энэ тооллогын дүнгээр 246.500 ширхэг навчит болон жимст модны суулгацтай” гэсэн бөгөөд ийм нөөцтэй үйл ажиллагаагаа явуулж компанийг гэрээгээ дүгнүүлээгүй гэж ярих үндэслэлгүй юм.
Ийм учраас гэрээ дүгнүүлээгүй, газрын төлбөр төлөөгүй гэдэг хоёр шалтгааны улмаас “Х ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамж нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, хуулийг ноцтой зөрчсөн байна.
Мөн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудаас “Х ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээрх шийдвэрүүд хууль зөрчсөн.
Тухайн маргаан бүхий газартай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсээр байж маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргаж ойн бүсийг нийтийн эзэмшлийн болгосон нь хууль зүй үндэслэлгүй. Эзэмшигч хүмүүс нь хуулийн байгууллагад хандчихсан, шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад яагаад хүчээр нийтийн эзэмшлийнх болгож тогтоол гаргасан учраас үндэслэлгүй гэж байна.
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн “Х ” ХХК-д холбогдох хэсэг, мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “Х ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.7. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бол тогтоогдсонгүй гэж үзэж байна.
Яагаад гэвэл газартай холбоотой бүхий л асуудал 2019 оноос эхэлж цахимжсан ба гэнэт 2023 онд цахимжсан асуудал биш. Нэхэмжлэгч талаас “...Б.Лхамжавтай гэрээ байгуулсан. Гэтэл захирал нь солигдоод Ш.Т болсон. Энэ чинь өөр...” гэдэг агуулгаар тайлбар хэлээд байна. Шүүгчээс шүүх хуралдаанд “газрын хэмжээ өөрчлөгдсөн үү, кадастрын зураг өөрчлөгдсөн үү” гэж асуусан. Энэ тохиолдолд гэрээг шинэчилнэ. Зөвхөн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь тухайн гэрээг шинэчилж байгуулах, гэрээний нөхцөл болзлууд өөрчлөгдөх үндэслэл болохгүй. Газрыг ашигт чанараас гаргасан эсэхээс нь үл хамаараад газрын төлбөрөө газрын хууль тогтоомжид заасны дагуу төлнө гээд Газрын тухай хуульд тусгайлан заасан бөгөөд мөн газрын төлбөр төлөх хугацааг нь заагаад үүрэг болгож өгсөн ч “хугацаандаа газрын төлбөрөө төлөх үүргээ” нэхэмжлэгч биелүүлээгүй.
Шүүх хуралдаанд шинээр нотлох баримт болгож газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж өгсөн ба уг баримтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн гэдгийг нотолж байна. Учир нь 2030 он хүртэл Ховд хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд маргаан бүхий энэ байршил нийтээрээ ногоон байгууламж байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Газрын тухай хуульд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлнэ гэж хуульчилсан учраас газар эзэмшигчийн эрх ашиг сонирхол нь сэргэх боломжгүй юм гэдэг нь хэлэлцүүлгийн явцад тодорхой боллоо гэж бодож байна.
Захирамж гарсан талаар мэдэгдээгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ ярьж байна. Захиргааны ерөнхий хуульд сонсох, мэдэгдэх ажиллагааг тус тусад нь хуульчилсан. Мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй буюу мэдэгдсэн гэдгээ хариуцагч талаас хүсэлт гаргаад шүүхээр үзлэг хийлгүүлээд хавтаст хэрэгт хавсаргасан. Нөгөө талаас нэхэмжлэгч өөрөө захирамж гарсан гэдгийг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь “мэдэгдээгүйн улмаас өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн” гэдэг нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3-д зааснаар “аймаг, нийслэлийн газрын алба газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх” эрх хэмжээтэй байна. Үүний дагуу 2019 оноос хойш мэдээллийн сан хэрэгжээд явж байгаатай хэн ч маргаагүй. Тийм учраас энэ мэдээллийн санд нэхэмжлэгч маргаан бүхий захирамжийг гаргах үед буюу жишээлбэл 2023 оноос 09 дүгээр сар хүртэл нэвтэрч чадахгүй байх, орж төлбөрөө төлж чадахгүй” байсан гэх юм уу ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолж чадаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж хуульчилсан. “Х ” ХХК-тай байгуулсан гэрээнд “хугацаанд нь газрын төлбөрөө төл” гэдэг шаардлага байсан ба энэ шаардлагыг 2013 оноос хойш Ш.Т мэдэж байсан, 2022, 2023 онд ч энэ шаардлагын талаар мэдэж байсан. Хуульд заасан шаардлагыг биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор хуульд заасныг Ш.Т мэдэж байсан. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлд “би танайхтай гэрээ байгуулж чадаагүй” гэдэг үндэслэл огт яриагүй. Хуульд Е дугаарыг бүртгэгдсэн өдрөөс гэрээ байгуулагдсан, гэрчилгээ олгогдсон гэж үзнэ ээ” гэж хуульчилсан байна. Нэхэмжлэгчээс Е гэрчилгээг хэзээ авсан талаар тодруулсан. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбараас “Х ” ХХК-ийг байнга тендерт оролцдог юм байна гэж ойлгосон. Одоо бүх зүйл цахимжсан учраас цахимаар нэвтэрч чадахгүй байх ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж харж байна.
Хяналт шалгалтын дүгнэлтэд энэ талаар тусгаагүй гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлсэн этгээд нь дүгнэлттэй, дүгнэлтгүйгээр газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй бөгөөд заавал дүгнэлтийг үндэслэж газрын хууль тогтоомжид хяналт тавина гэдэг хуулийн заалт байхгүй. Засаг даргад “мэргэжлийн хяналтын дүгнэлттэй, дүгнэлтгүйгээр” эрх нь байгаа учраас маргаан бүхий акт үндэслэл бүхий байна.
Татварын ерөнхий хуульд заасны дагуу аж ахуй нэгж газрын төлбөрийг төлдөг ба Газрын тухай хуульд тусгайлан заагаагүй. Газрын тухай хуульд “Газрын төлбөрийн тухай хууль болон гэрээнд заана” гэж хуульчилсан. Нарийвчилсан хууль нь Газрын төлбөрийн тухай хууль бөгөөд Татварын ерөнхий хууль биш. Газрын төлбөрийн тухай хууль болон Газрын тухай хуульд “газрын төлбөрийг хойшлуулж он гаргаж төлж болно” гэсэн зохицуулалт байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.
2.8. Хариуцагч, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х ХХК нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай”, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудын “Х ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 60.1.8-д “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу аймгийн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанд хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг саналаар оруулж ирсэн ба тавдугаар асуудалд “Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” байсан.
Үүний дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд маргаан бүхий актуудыг гаргасан. Тухайн саналыг оруулахдаа Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас төлөөлөгч нарт хурал болохоос хоёроос доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дундын групп чат болон бичгийн хэлбэрээр хүргүүлсэн. 7 хоногийн өмнө буюу Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/42 дугаартай захирамжаар тухайн хуралдаанаар хэлэлцэх 10 асуудлын жагсаалтыг баталсан.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 41 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ба нэг төлөөлөгчийн эрх нь түдгэлзсэн байсан тул 40 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй орох байсан. Тухайн өдрийн хуралдаанд 5 төлөөлөгч цахимаар, 26 төлөөлөгч танхимаар, нийт 31 төлөөлөгч оролцож, маргаан бүхий актуудыг хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн олонхын саналаар баталж, эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.1, Газрын тухай хууль болон бусад тогтоолд дурдагдсан үндэслэлүүдээр тогтоол гаргасан.
Ийм учраас Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа шиг хууль зөрчсөн, хууль бус актууд гаргаагүй ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий акт гаргасан учраас нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн нэмж хэлэхэд Ховд аймаг цэцэрлэгт хүрээлэн, хүүхдээ тоглуулах талбай, агаарлах орчин байхгүй. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал “хүүхдүүдээ салхилуулах, залуучуудын хөгжилдөх, цаг заваа боловсон өнгөрөөх” зэрэг нөхцөл байдлуудаас болж дээрх тогтоолыг гаргасан. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлээд, хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар 20-ны өдөр шүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөрийн А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.
3. Нэхэмжлэгч компанийг мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр Жаргалант сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлаас уг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэнээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
4. Нэхэмжлэгч компани нь анх Жаргалант сумын Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 123 дугаар захирамжийг үндэслэн олгосон 0014090 тоот гэрчилгээгээр 2.6 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж, 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар захирамжаар 2.99 га, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/186 дугаар захирамжаар 2.96га газар болгож эзэмшүүлсэн байна.
5. Хариуцагч Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгчөөс нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул эзэмшил хууль бус гэж маргасан ч энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээний асуудалд шууд хамааралгүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
6. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг 2021, 2022 оны газрын төлбөрийг төлөөгүй 2023 онд 1197320 /нэг сая нэг зуун ерэн долоон мянга гурван зуун хорин/ төгрөгийг хугацаанд нь төлөөгүй болон 2021, 2022 онд газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ.
7. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.
8. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2021-2023 онд газар төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.
9. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Батсайхан гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг би программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.“ гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргахгүй байна.
10. Шүүхээс газрын кадастрын мэдээллийн системд хийсэн үзлэгээр 2022 онд 8414008665 нэгж талбар буюу маргаан бүхий газраас өөр эзэмшил газрын төлбөрийн ногдуулалт цуцлагдсан талаар, 2023 онд маргаан бүхий газар буюу 8414007082 нэгж талбарын газрын төлбөрийн бүтэн жилийн ногдуулалт 1197320 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “төлөгдсөн” гэх төлөвтэй бүртгэгджээ.
8. Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2022 оны газрын төлбөрийн ногдуулалт, төлөлт байхгүй, 2023 оны газрын төлбөр 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гүйлгээ хийгдэж төлөгдсөн талаар бүртгэгдсэн байх ба Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд нэхэмжлэгч компанид 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс өмнө болон 2022 оны газрын төлбөрийн ногдуулалт, төлөлт бүртгэгдээгүй байна.
9. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж заасан байх ба газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд хийсэн үзлэгээр 2021, 2022 онд газрын төлбөр ногдуулалт хийгдсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүй гэж буруутгахааргүй байна гэж үзлээ.
10. Мөн нэхэмжлэгчээс “компанийн санхүүгийн бүртгэл мэдээллийн системд бүх төрлийн татвар, төлбөрийн мэдээлэл буюу үүссэн нэхэмжлэл, мэдэгдлүүд цахимаар илгээгддэг болсон. Хагас, бүтэн жилээр санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнахад татвар, төлбөр төлөгдөөгүй бол өр үүсч харагддаг.” гэж тайлбарласан ба шүүхэд гаргаж өгсөн 2021, 2022 оны баталгаажсан санхүүгийн тайланд өргүй гарсан байгааг дурдаж байна.
11. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг газар эзэмшүүлэх гэрээгээр газрын төлбөрөө улирал бүр төлөх үүрэгтэй, 2023 оны улирлын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж маргасан.
12. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно.
13. Харин нь газрын төлбөр төлөх үүрэг нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ. 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж гэж тус тус зааснаар газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллагаас ногдуулалт үүсгэж татварын албанд хүргүүлж, татварын албанаас газар эзэмшигчид мэдэгдсэнээр үүсэхээр байна.
14. Нэхэмжлэгч компанийн 2023 оны газрын төлбөрийн тухайд газрын кадастрын мэдээллийн сангийн системд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдэж мөн оны 9 үгээр сарын 30-ны өдөр буюу 3 дугаар улиралд багтаан жилийн төлбөрийг бүрэн төлсөн нь хууль зөрчөөгүй.
15. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4- д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж зааснаар 2022 онд нэхэмжлэл үүсээгүй, 2023 онд ногдуулалт хийгдсэнээр жилийн төлбөрийг бүтнээр төлсөн байхад газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус гэж дүгнэв.
15. Газар эзэмшүүлэх гэрээний үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Хариуцагч нэхэмжлэгч компанитай 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг цахимаар байгуулсан гэх боловч Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн маргаан бүхий газрын хувийн хэрэгт 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тухайн үед Х ХХК-нийн захирлаар ажиллаж байсан Б.Лхамжавтай байгуулсан гэрээнээс өөр гэрээ байхгүй байна. Б.Лхамжав нь 2006 оноос эхлэн Х ХХК-нийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан байх ба 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс Ш.Т гүйцэтгэх захирлаар томилогджээ.
16. Хариуцагчийн төлөөлөгч П.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...2021 оноос газрын хууль тогтоомжийн өөрчлөлтөөр газрын гэрчилгээг цахимжуулснаар бүх гэрээ, гэрчилгээг шинэчлэх ажил хийгдсэн. Нэхэмжлэгч 2022 онд гэрчилгээгээ цахимжуулж авсан. Ийм учраас гэрээ шинэчлэгдэж байгуулагдсан. Учир нь цахим гэрчилгээг бүртгэхэд гэрээг дагалдаж шинэчлэгдэн байгуулагддаг...” гэж тайлбарлаж, нэхэмжлэгч “...гэрээ шинэчилж байгуулсан талаар мэдээгүй, гэрээний хувийг өгөөгүй гэжээ.
17. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.”гэж заасан ба 34.6.1-ээс 34.1.11-д заасан газар эзэмших гэрээнд тусгах зүйл дотор гэрээний үүргийг тайлагнах талаар зохицуулаагүй байна.
18. Түүнчлэн газар эзэмшүүлэх гэрээний нэг талд захиргааны байгууллага байгаа боловч 2 талын эрх, үүргийг тухайлан зохицуулсан, гэрээний үүргийн хэрэгжилтийг дүгнэх нь зөвхөн 1 талаас хамаарахгүй. Тодруулбал, гэрээг дүгнэх гэдгийг зөвхөн тайлан ирүүлэх гэдэг утгаар ойлгох нь учир дутагдалтай бөгөөд гэрээний үүргийн тайлангаа ирүүлэх талаар газрын асуудал хариуцсан захиргааны байгууллагаас мэдэгдэж газар эзэмшигч тайлангаа хүргүүлэх хугацаа олгох боломжтой.
19. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан ба энэ нь гэрээний нөхцөл, болзол гэдэгт үл хамаарна.
20. Гэтэл гэрээг дүгнэх талаар мэдэгдээгүй, талууд ярилцаагүй атлаа нэг тал дангаараа гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэж баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.
21. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж зааснаар нэхэмжлэгч 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь “гэрээний нөхцөл болзлын удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахгүй гэж дүгнэв.
22. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га газрыг тусгахаар санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.
23. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.
24. Аймгийн Засаг дарга болон хурлын төлөөлөгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон иргэд, хуулийн тэгээд шүүхэд хандан маргаан үүсгэсэн байгаа талаар мэдээлэлтэй байсан энэ талаар хуралдаан дээр зарим төлөөлөгч нар тодруулж асуусан талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ч захирамж хүчин төгөлдөр болсон гэж тайлбарлан шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
25. Уг газарт нэхэмжлэгчийн маргаан бүхий газар хамаарч байх ба газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болох нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулах үндэслэлгүй.
26. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдсон, маргаан бүхий тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүрэн сэргэх боломжтой байх тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
27. Маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч “Х “ХХК-нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв .
28. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х “ХХК-нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ