Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 0631

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Тунамал

улсын яллагч: И.А

шүүгдэгч нарын     өмгөөлөгч: С.Э

шүүгдэгч: З.О, Ө.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181  дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт З О, Б овогт Ө С нарт   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201725011153  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын  11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт З О,1992  оны  6 дугаар сарын 18-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо   тоотод оршин суудаг бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  дугаар зүйлийн  дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:УШ92061814

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ө  С,1990  оны  6 дугаар сарын 28-ны  өдөр Архангай  аймгийн Цэцэрлэг  суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эцэг, эх,  дүү нарын  хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  1 дүгээр хэсэг   тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:АН90062815                                                         

Холбогдсон хэргийн талаар:

           З.О, Ө.Снар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо офицеруудын ордны автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн Г.Э хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  З.О    шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

     Шүүгдэгч  Ө.С   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөн нэмж тайлбарлах зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

           Шүүгдэгч З.О    мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Би 2017 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны зүүн тийш явах талын автобусны буудал дээр зүс таних Э тааралдсан. Тухайн үед би тус буудал дээр С цуг байж байсан. Эрдэнэсүх тэрүүгээр явж л байсан. Тэгэхээр нь би очоод Эрдэнэсүхийн шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхэд тэнд халтуур хийдэг жолооч нар салгасан. Би тэгээд С хамт харьсан. Би тухайн үед Э тааралдаад шууд очоод зодсон. Э нь манай танил дүү Д тэр өдөр дээрлэхсэн байсан юм. Би согтуу байсан болохоор шууд очоод зодсон. Э ч мөн согтуу байсан. Би Э шанаа хавьд хоёр удаа л цохисон. С яаж цохисон талаар би мэдээгүй гэжээ. /хх-ийн 43/

     Шүүгдэгч  Ө.С     мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр найз О хамт Улиастайд миний машинд 3 ширхэг том пиво уусан. Тухайн үед машинаа Д бариулаад Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны зүүн тийш явах талын автобусны буудал дээр ойролцоогоор орой 23.00 цагийн орчимд очсон. Тэгээд цааш юу болсон эсэхийг санахгүй байна. Би пиво их уусан болохоор тасарчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд шөнө гэрийнхээ гадаа ирсэн байсан бөгөөд гэрлүүгээ орж амарсан.  Манай гэрт Давааням хүргэж ирсэн. Би гэртээ яг хэдэн цагт орсон эсэхээ мэдэхгүй байгаа юм. Би ямар шалтгаанаар Э цохиж зодсоныг санахгүй байгаа юм. Би тухайн үед О өмөөрч очсон байх. Надад хүн зодсон асуудал байхгүй. Тухайн үед О, Д, Э нар байсан. Э мөн согтуу байсан гэжээ. /хх-ийн 46/

     Г.Э Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна./хх-н 1, 3,/

    Г.Э, З.О,Ө.С, Д.Д нараас асууж авсан тайлбарууд /хх-н 4-8/

         Хохирогч Г.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр офицерүүдийн ордны автобусны буудал дээр найз Б хамт таньдаг жолооч ахтай гар бариад зогсож байтал зүс таних Бакуунаа буюу О гэх залуу гүйж ирээд шууд нүүр лүү гараараа цохисон.Тэгээд би унаад цусаа арчаад босоод иртэл нөгөө Саамкаа буюу С гэгч нь миний нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд би ахиад унаад босож ирсэн чинь тэр хоёр яваад өгсөн. Би С, О гэх нэрийг нь дараа нь мэдэж авсан. Би тэр хоёрыг С, Ба гэдгээр нь л зүс танина. Намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Би хүнтэй гар бариад зогсож байтал О гүйж ирээд үгийн зөрүүгүй миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд хамраас цус гараад цусаа арчаад зогсож байтал С ирээд миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Би тухайн үед мөн согтуу байсан гэжээ.  /хх-н 9-12/

           Гэрч Д.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр танил С, О нартай Улиастайд уулзсан. Тэгээд О, С нар машин дотор пиво уугаад би машиныг барьсан. Тухайн өдрийн орой буюу 3 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө 00.00 цагийн үед офицерүүдийн ордны автобусны буудал дээр ирсэн. Би машиныхаа гадаа зогсож байтал нэг эрээн цамцтай миний үеийн залуу намайг мөрлөөд гарсан. Тэгэхээр нь хартал тэр залуу согтуу байсан ба О зодолдоод унахаар нь би очиж салгасан. Тухайн үед намайг очиход С цаана нь үл таних хэдэн жолооч нар бариад зогсож байсан. Нөгөө залуу Баянзүрх дүүрэг чиглээд яваад өгсөн. Би О, С нарыг аваад Хаанчлал буудал руу явсан. Намайг харахад С зодоонд оролцоогүй цаана нь хүмүүс барьчихсан байсан. О тухайн Э гэгчийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж байсан. Нөгөөдөх нь өөдөөс нь мөн сарвалзаад л байх шиг байсан гэжээ. /хх-н 13-14/

              Гэрч Б.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын буудал дээр өөрийн 1102УБП улсын дугаартай Тоёота Приус 20 маркын автомашинтайгаа Улиастай руу хүн тээвэрлэхээр зогсож байтал 23.00 цагийн орчимд Эрдэнээ буюу Э гэх банди Б гэх найзтайгаа, С гэх нэг залуутай хамт ирсэн. Тэгээд Эрдэнээ нь согтуу тухайн буудал дээр байсан нэг жолооч залуутай маргалдаад байсан. Би тэр залуугийн овог нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн залуу Эрдэнэсүхийг зодож цохисон зүйл байхгүй. Эрдэнэсүхэд ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Харин Э нь өөрөө тэр хүн рүү дайраад байсан. Би тухайн үед халтууранд явж байсан. Тэгээд намайг явсаны дараа Э, Б, Самка гэж зүс харж байсан залуучууд зодолдсон гэсэн гэжээ.  /хх-н 15-16/

          Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   Би 2017 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын автобусны буудал дээр С ахын машинтай дотор нь сууж байтал гадаа бужигнаад явчихсан. Тэгэхээр нь буугаад хартал манай найз Э зодуулсан байдалтай хамраас нь цус гарчихсан байж байсан. Тэгээд цусыг нь арчаад машинд суулгаад байж байгаад гэрлүүгээ харьцгаасан. Эрдэнэсүхийг Бакуунаа, Саамкаа хоёр зодсон гэсэн би өөрөө машин дотор сууж байсан болохоор хараагүй. Юунаас болж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Э бид хоёр нэг том савтай пиво хувааж уусан байсан юм. Э хамраас цус гарсан байснаас өөрөөр гэмтсэн юм харагдаагүй гэжээ.  /хх-н 17-18/

             Гэрч М.Бмөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө ойролцоогоор 23.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын автобусны буудал дээр байж байтал О, Э хоёр заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Би О аваад холдуулсан чинь С Э зууралдчихсан зодолдож байсан. Би   О бариад зогсож байсан чинь тэнд байсан хүмүүс С, Э хоёрыг салгасан. Тэгээд Э яваад өгсөн. Э, О хоёр юунаас болоод зодолдсоныг би мэдээгүй. Би машин дотор сууж байсан юм. С, Э хоёр харилцан бие биенийхээ нүүр лүү л цохиод байсан гэжээ.  /хх-н 19-20/

Гэрч Г.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ойролцоогоор 00.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын автобусны буудал дээр өөрийн 16-60 УНЦ улсын дугаартай автомашин дотроо байж байтал Бат-Эрдэнэ гэх манай танил дүү ирээд ахаа Эрдэнээг зодчихлоо гэсэн. Тэгээд би буугаад очтол Эрдэнээ хамраа барьчихсан газар сууж байсан. Тэгээд би хэн зодсон юм гэж асуухад Бакуунаа цохичихлоо гэсэн. Би Бакуунаатай уулзахаар очтол Бакуунаа байгаагүй. Тэгээд ерөнхийдөө тарцгаасан. Э О цохисон гэсэн. Би яг цохисоныг нь хараагүй. Тухайн үед би машин дотроо байсан юм. Намайг очиход зодоон болоод дууссан байсан. Хэрэг болсоны дараа намайг очиход Эрдэнээгийн хамраас цус гарсан байдалтай байсан, харин С, О хоёрт ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Э, О хоёр согтуу байсан. С тухайн үед надтай тааралдаагүй гэжээ.   /хх-н 21-22/

    Гэрч Н.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ө овогтой С манай аавын ахынх нь хүүхэд байгаа юм. С 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн. Айлын хоёр дахь хүүхэд байгаа юм. Ө.С нь 8 дугаар ангиа Архангай аймагт суралцан төгсөж Улаанбаатар хотод орж ирээд барилгын коллеж төгссөн. Тэрээр бүрэн дунд боловсролтой, эхнэр хүүхэдгүй, Одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрхан  тоотод аав, ээж, дүүгийн хамт амьдардаг юм. С Саамкаа гэж дууддаг юм. Ө.С даруухан зан ааштай, дөлгөөн, хүний үг авдаг ажилд махруу сайн, хүнд их тусархуу хүн байгаа юм. С архи уудаг эсэхийг би мэдэхгүй надтай архи уусан байдалтай тааралдаж байгаагүй гэжээ.  /хх-н 23-24/

  Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:З овогтой О манай нөхөр байгаа юм. З.О 1992 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод айлын 3 дахь хүүхэд болж төрсөн.  Дээрээ хоёр ахтай доороо 2 дүүтэй. З.О нь Баянзүрх дүүргийн  дугаар хороо Улиастайн  дугаар сургуулийг 20 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. З.О одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3-а хэсэг 134 тоотод хашаан дотроо тусдаа байшинд миний бие Б хамт амьдардаг юм. Хажуу байшинд О аав З, ээж Г, дүү О, О нар нь амьдардаг юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй байгаа. Гэхдээ би одоо жирэмсэн байгаа. О Б гэж дууддаг юм. О даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, найрсаг, хүнд тусархуу зантай хүн байгаа юм. Хүнтэй нэг их юм яриад байдаггүй юм гэжээ.  /хх-н 27-28/

  Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх-н 30/

        Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн  4298 дугаар дүгнэлтэд:

        1.Э биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо

        2..5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

        3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31/

Шинжээчийн дүгнэлтийг оролцогчдод танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 32-34/

З.О П.З, Ж.Ц нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 35-37/

    Ө.С Н.З, Г.Б  нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 38-40/

З.О сэжигтнээр тооцох тогтоол,  байцаасан  тэмдэглэл /хх-н41-43/, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 47-49/

    Ө.С сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл/хх-н 44-46/ ,яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 50-52/

   З.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3 дугаар хэсэг Улиастайн  тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 53/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 70-73/

  Ө.С  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо  дүгээр  хэсэг Баатархайрханы   тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58/, Хохирогч Г.Э хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 65/ зэрэг болно.

 

    З.О, Ө.С нар нь 2017 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо офицеруудын ордны автобусны буудал дээр Г.Э хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн хохирол  учруулан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Э биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт

          Хохирогч Г.Э мөрдөн байцаалтад өгсөн … зүс таних Б буюу О гэх залуу гүйж ирээд шууд нүүр лүү гараараа цохисон.Тэгээд би унаад цусаа арчаад босоод иртэл нөгөө Саамкаа буюу С гэгч нь миний нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд би ахиад унаад босож ирсэн чинь тэр хоёр яваад өгсөн. Би С, О гэх нэрийг нь дараа нь мэдэж авсан….. Намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон.Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Би тухайн үед мөн согтуу байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11/

           Гэрч Д.Д  мөрдөн байцаалтад өгсөн … Улиастайд уулзсан. Тэгээд О, С нар машин дотор пиво уугаад би машиныг барьсан. Тухайн өдрийн орой буюу 3 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө 00.00 цагийн үед офицерүүдийн ордны автобусны буудал дээр ирсэн. Би машиныхаа гадаа зогсож байтал нэг эрээн цамцтай миний үеийн залуу намайг мөрлөөд гарсан. Тэгэхээр нь хартал тэр залуу согтуу байсан ба О зодолдоод унахаар нь би очиж салгасан. Тухайн үед намайг очиход С цаана нь үл таних хэдэн жолооч нар бариад зогсож байсан. О тухайн Э гэгчийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж байсан. Нөгөөдөх нь өөдөөс нь мөн сарвалзаад л байх шиг байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 13-14/

         Гэрч Ц.Б  мөрдөн байцаалтад  өгсөн …манай найз Э зодуулсан байдалтай хамраас нь цус гарчихсан байж байсан. Тэгээд цусыг нь арчаад машинд суулгаад байж байгаад гэрлүүгээ харьцгаасан. Э Б, С хоёр зодсон гэсэн би өөрөө машин дотор сууж байсан болохоор хараагүй. Юунаас болж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Э бид хоёр нэг том савтай пиво хувааж уусан байсан юм. Э хамраас цус гарсан байснаас өөрөөр гэмтсэн юм харагдаагүй гэсэн мэдүүлэг   /хх-н 17-18

          Гэрч М.Б  мөрдөн байцаалтад өгсөн …Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын автобусны буудал дээр байж байтал О, Э хоёр заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Би О аваад холдуулсан чинь С Э зууралдчихсан зодолдож байсан. Би   О бариад зогсож байсан чинь тэнд байсан хүмүүс С, Э хоёрыг салгасан. Тэгээд Э яваад өгсөн. Э, О хоёр юунаас болоод зодолдсоныг би мэдээгүй. Би машин дотор сууж байсан юм. С, Э хоёр харилцан бие биенийхээ нүүр лүү л цохиод байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 19-20/

          Шүүгдэгч З.О  мөрдөн байцаалтад  өгсөн … Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны зүүн тийш явах талын автобусны буудал дээр зүс таних Э тааралдсан. Тухайн үед би тус буудал дээр С цуг байж байсан. Э тэрүүгээр явж л байсан. Тэгэхээр нь би очоод Э шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохисон.. Би согтуу байсан болохоор шууд очоод зодсон. Э ч мөн согтуу байсан. Би Э шанаа хавьд хоёр удаа л цохисон. С яаж цохисон талаар би мэдээгүй гэсэн мэдүүлэг  /хх-ийн 43/

     Шүүгдэгч  Ө.С мөрдөн байцаалтад  өгсөн … Би ямар шалтгаанаар Э цохиж зодсоныг санахгүй байгаа юм. Би тухайн үед О өмөөрч очсон байх. Надад хүн зодсон асуудал байхгүй. Тухайн үед О, Д, Э нар байсан. Э мөн согтуу байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 46/  зэрэг болно.

  З.О нь согтуурсан үедээ гудамжинд явж байсан Г.Э ямарч шалтгаангүйгээр нүүр лүү цохиж унагаахад Ө.С ирээд дээрээс нь нэмээд 2-3 удаа цохисон, дээрх цохилтын улмаас Г.Э хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба  З.О, Ө.С нарт  холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг  зөв тохирсон байх тул З.О, Ө.С нарыг  тус бүр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах  гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн, хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн   гэм буруутайд тооцох нь зүйтэй.     

     2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэхүй, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан заалтыг үндэслэн З.О,Ө.С нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх,11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон  тус тус өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

   З.О, Ө.С нар нь гэм буруугаа хүлээсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдүүдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

  Яллах дүгнэлтийн биеийн байцаалтын хэсэг дээр С эцгийн нэрийг Ө гэж бичигдсэн байна. Хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа болон өөрийнх мэдүүлсэнээр түүний эцгийн нэр Ө гэж байх тул шийтгэх тогтоол дээр Ө гэж засаж бичсэн болно.

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно.

             З.О, Ө.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

            Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6 ,36.7, 36.8,.36.10, 36.12, 36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. З.О,Ө.С нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон  тус тус өөрчилсүгэй.

2. З.О,Ө.С нарыг тус бүр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар З.О, Ө.С нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.О, Ө.С нарыг тус бүр 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.О, Ө.С  нарт оногдуулсан ялуудыг тус тусд нь эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.О,Ө.С нар нь торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.О,Ө.С  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар З.О,Ө.С   нарт  тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг, 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

8. З.О,Ө.С  нарт тэнссэн нэг жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн прокурорын газар хяналт тавьсугай.

9. З.О,Ө.С нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.О, Ө.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлргэлжлүүлсүгэй.

11.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,  З.О,Ө.С  нар нь  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

12. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн  шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

13.Шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН