Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 201/МА2020/0007

 

2020        02         12                                                  201/МА2020/07

                  Ш.Бгийн нэхэмжлэлтэй,

       “А” ХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 138/ШШ2019/00829 дугаар шийдвэртэй Ш.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны үлдэгдэл цалин 11 001 677 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ш.Бгийн давж заалдах гомдлоор 2020 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А” ХК-д 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр захирлын туслахын албан тушаалд томилогдсон.  2018 оны 03 дугаар 05-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж эхэлсэн. Намайг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаас халсан. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэр хяналтын шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хүчин төгөлдөр болсон. “А” ХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, намайг ажилд авах Б/66 тоот тушаалыг гаргуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох” тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасны дагуу намайг ажилд эгүүлэн тогтоосон. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байдаг. Үүний дагуу миний бие тооцоолол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч байгууллагын над руу шилжүүлсэн 9 929 347 төгрөгийг хасч тооцон 11 001 677 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж “А” ХК-ийн захирлын Б/66 тоот тушаалаар Б-г төлөвлөлт хангамж хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хувь хүний орлогын албан татвар болон бусад шимтгэлийг хасч тооцон 9 929 347 төгрөгийг Б-ийн “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Манай байгууллага анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Б-д 12 181 696 төгрөгийн цалин хөлс олгосон ба хувь хүний орлогын албан татвар шимтгэлийг суутгаад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дээрх мөнгийг шилжүүлсэн. Бд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн цалинг олгосон байтал тэрээр 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойших цалинг дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Б нь нийтээр амрах амралтын өдрийг ажлын хоногт тооцсон. Тухайлбал 2018 оны 11 дүгээр сард ажлын 20 өдөр байсныг ажлын 22 өдөр, 2019 оны 02 дугаар сард ажлын 17 өдөр байсныг ажлын 20 өдөр, 2019 оны 3 болон 7 дугаар сард ажлын 20 өдөр байсныг ажлын 21 хоног байсан гэж ажлын хоногийг илүү тооцсон байна. Мөн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагыг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Бгийн гомдол нь шүүхээр шууд шийдвэрлэх хэрэг маргаан биш байна гэж үзэж байна. Б нь манай байгууллагад байгаа хөдөлмөрийн маргаан таслах комисст цалин хөлстэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхээр өнөөдрийг хүртэл хандаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бгийн гомдол нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Бгийн гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 429 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсан байна. Мөн нэхэмжлэгч Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр татвар шимтгэл хассан 1 жилийн цалин болох 9 929 347 төгрөгийг өөрийн “Хаан” банкны данс руу авсан боловч тухайн үед цалингийн тооцооллын талаар маргаагүй бөгөөд холбогдох байгууллагад гомдол гаргаагүй. Б нь эрх нь зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргаагүй байна. Иймд Б нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримтлаагүй бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 138/ШШ2019/00829 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар “А” ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 8 141 915 /найман сая нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 895 762 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бд олгох 8 141 915 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг “А” ХК-д үүрэг болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 976 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “А” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 145 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан “Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “А” ХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 8 141 915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 895 762 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хариуцагчийн хариу тайлбарыг орхигдуулж, тооцооллыг буруу хийсэн гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч О.Гангамөрөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой байсан 2 433 840 төгрөгийн олговрыг оролцуулан ... 9 929 347 төгрөгийг Ш.Бгийн “Хаан” банкны данс руу шилжүүлсэн” гэдэг. Нэхэмжлэгч Ш.Б би хариуцагч байгууллагын над руу шилжүүлсэн 9 929 347 төгрөгийг хасч ажилд авах тушаал гарах өдөр хүртэл цалингийн тооцоолол хийсэн байтал анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэрээр тооцсон 40 хоногийг давхар хасч тооцсон нь тооцооллын алдаатай болсон байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1-т ... “А” ХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 10 575 755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож ... гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч “А” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны үлдэгдэл цалин /олговор/ 11 0001 677 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн цалин хөлсний маргаантай холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох /69.1, 128.1.5/ зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар ажилтан Ш.Б нь “А” ХК-д Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 05 сарын 21-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар ажлаас халагдсаны улмаас шүүхэд гомдол гаргаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дугаар шийдвэрээр Ш.Бг урьд эрхэлж байсан Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 433 840 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 201/МА2018/00029 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00429 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 138/ШШ2018/00664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, ажил олгогч “А” ХК-ийн захирал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2019 оны 09 сарын 24-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар ажилтан Ш.Бг “А” ХК-д Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн авч ажиллуулсан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 4, 5-8, 40-45 дахь талууд/

Ажил олгогч “А” ХК нь ажилтан Ш.Бд 2018 оны 05 сараас 2019 оны 05 сарын цалин гэх 9 929 347 төгрөгийг 2019 оны 05 сарын 16-ны өдөр Ш.Бгийн ХААН банкны дансанд шилжүүлжээ. /хх-ийн 31 дэх тал/

Хариуцагчийн төлөөлөгч О.Гангамөрөн нь “анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дугаар шийдвэрээр ажилтан Ш.Бд ажилгүй байсан хугацааны олговорт /40 хоногийн/  олгох байсан  2 433 840 төгрөгийг Ш.Бгийн дансанд шилжүүлсэн 9 929 347 төгрөгт оруулан тооцсон” гэсэн, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбаярын “шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсний улмаас Ш.Б урьд эрхэлж байсан ажилдаа буцаан орсон, ажилгүй байсан хугацааны олговор 2 433 840 төгрөгийг биелүүлсэн гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болж хаагдсан” гэсэн тайлбаруудаар ажил олгогч “А” ХК нь ажилтан Ш.Бд 664 дугаар шийдвэрээр олгох байсан 2 433 840 төгрөгийг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх өмнөх 664 дугаар шийдвэр гарснаас хойших /2018 оны 07 сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 сарын 24-ний өдөр хүртэлх/ Ш.Бгийн  ажилгүй байсан хугацааны  297 хоногийн олговор 18 071 262 төгрөгөөс /Ш.Бд олгосон 9 929 347 төгрөгөөс өмнөх шийдвэрээр олгох байсан 2 433 840 төгрөгийг хасч, 7 495 507 үлдсэн/  7 495 507 төгрөгийг хасч, үлдэх 10 575 755 төгрөгийг нэхэмжлэгчид олгох байтал тооцооны алдаа гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой  гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Ш.Бгийн давж заалдах гомдол хангагдсан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 891.44 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Бгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 138/ШШ2019/00829 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар “А” ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 10 575 755 /арван сая таван зуун далан таван мянга долоон зуун тавин тав/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 425 922 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “ ... хариуцагч “А” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 145 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.” гэснийг “ ... хариуцагч “А” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 184 162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бгийн давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 891.44 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧИД                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ