| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2022/05542/И |
| Дугаар | 102/ШШ2024/02716 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02716
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/02716 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Г
Нэхэмжлэгч: Д.Г нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н-д холбогдох,
43,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Д.Г-с 95,335,810 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.И, нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ч.Г, хариуцагч Г.Н, түүний өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Г, Д.Габид нар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Г.Нгийн хүсэлтээр 43,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар зээлийн аман гэрээ хэлцэл хийж Г.Нд зээлдүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Гын Хаан банкны .. тоот данснаас 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.Г-н Голомт банкны ... данснаас 3,000,000 төгрөгөөр 3 удаа шилжүүлэг хийж нийт 9,000,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Д.Га-н Голомт банкны 1205157620 данснаас 4 удаа шилжүүлэг хийж 9,000,0000 төгрөг, 2,900,000 төгрөг, 2,100,000 төгрөг, 2,000,000 төгрөг нийт 16,000,000 төгрөгийг тус тус Г.Нгийн Хаан банкны 5035319963 тоот дансанд шилжүүлж нийт 43,000,000 төгрөгийг зээлсэн. Иргэн Г.Нд удаа дараа зээлийн эргэн төлөлт хийх талаар сануулсан боловч мөнгө зээлж авсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Иймд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 43,000,000 төгрөгийг буюу иргэн Д.Год 18,000,000 төгрөг, иргэн Д.Г-т 25,000,000 төгрөгийг тус тус иргэн Г.Нгоос гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Би Д.Га гэдэг залуутай үерхдэг байсан. Манай гэрт орж ирээд манай гэрийнхэнтэй бүгдтэй нь танилцсан, бид дотно харилцаатай байсан. Манай ээж Туркээс жимс оруулж ирж худалдаалдаг байсан. Тэгээд тухайн үед жимс оруулж ирэх санал ирсэн байсан ч ээж бид хоёрт мөнгө байхгүй гэж Д.Ганбаярт хэлэхэд аягүй ашигтай юм байна гээд наадахыг чинь хиймээр байна гэж хэлсэн. Би ахаас мөнгө олчихно, н.Идэрхангай гээд манай найз байгаа очоод уулзъя гэж хэлсэн. Ингээд н.Идэрхангай гэх найзтай нь хамт очиж уулзахад Барс зах дээр бөөний жимс зардаг байсан. Ингээд н.Идэрхангайтай ийм жимс оруулж ирэх санал байна гэхэд би та хоёрт итгэхгүй байна ээжтэй чинь очиж уулзъя гээд ирж ээжтэй уулзсан. Тэр үед Д.Гань хамт байсан. Ээжтэй уулзахад надад мөнгө байхгүй, та нар өөрсдөө хийвэл би холбож тусалж өгье гээд Турк улсад байгаа төлөөлөгч нартай ярьсан. Тэрний үндсэн дээр тэр жимсийг оруулж ирэх наймаанд Д.Га оролцсон. Хэсэг хугацааны дараа 18,000,000 төгрөг миний данс руу орж ирсэн. Д.Га ах чиний данс руу мөнгө хийсэн, одоо над руу шилжүүлчих гээд би буцаагаад хийсэн. Тэр үед Ковидтой холбоотойгоор Монгол улсад жимс тасарсан байсан тул жимс оруулж ирвэл ашигтай байна гээд шинэ жилээс өмнө оруулж ирэх шаардлагатай байна гээд тухайн жимс нь яг бүрэн гүйцэд мөнгөн дүнгээ шилжүүлэхэд тээвэртэйгээ холбоотой 90,000,000 төгрөгөөр авахаар болоод мөнгөн дүнг шилжүүлэх гэсэн чинь Турк улс руу мөнгө шилжүүлэхэд 3 хувийн шимтгэл авдаг байсан. Тэрийг өгөхгүйн тулд доллар болгоод найдвартай хүнээр явуулахаар болоод ээжийн найз н.А гээд цагдаа эгч Турк улс руу ажлаар явах болоод цаг хугацаа нь таарахад н.А эгчээр өгч явуулах гээд миний данс руу Д.Га нь 25,000,000 төгрөг, н.И нь 25,000,000 төгрөг явуулахад би тэр өдөр Найман шарга валютын захаас 18,000 доллар болгоод н.Агэдэг эгч рүү өгч явуулсан. Тус мөнгийг Турк улсад очоод тэнд ажиллаж байгаа төлөөлөгч, ээжийн найз н.Туяа гэдэг эгчид хүлээлгэж өгсөн. Тэр эгч жимснийхээ мөнгийг 100% шилжүүлсэн. Тэр нь банкаар шилжүүлсэн учраас дансны хуулга нь байдаг. Монгол руу жимс тээвэрлэхэд ээж бид хоёрын олсон Турк жолооч нар татгалзсан. Жолооч олдохгүй машин олдохгүй байна гэхэд Д.Гаманай ах Номин супер маркетын гадаад харилцааны менежерийг таньдаг. Турк улсын консулд нь ажилладаг жолооч байгаа тэрийг холбож өгье гээд тэр хүмүүстэй уулзаад тээврийн мөнгийг өгсөн. Тэр хугацаанд би Турк руу бараанд явах хэрэг гараад би Турк-д очсон байсан. Би Туркт очсон учраас өөрөө жимсээ харж байгаад ачуулъя гээд Станбул хотоос н.Эн гэдэг эгчийг дагуулж очоод жимсээ гаалиас гарахад нь ашгүй дээ гээд би өөрийнхөө ажлыг хийх гээд явсан. Тухайн нөхцөлд би тээврийн компанитай холбогдож чадахгүй байсан. Хаана явж байгаа нь мэдэгдэхгүй байна гэж Д.Г-т хэлэхэд чиний хийж байгаа ажил биз дээ гэж хэлсэн. Би Турк хэлийг сайн мэдэхгүй тул н.Э эгчээр би байнга залгуулдаг байсан. Тээврийн компани надаас дахиж мөнгө нэхсэн. Тухайн үед бид хоёр үерхдэг байсан над руу дутуу мөнгө шилжүүлснийг мэдэж байгаа учраас жимс ирэхээр чиний мөнгийг өгчихье гээд байхаар нь би тээврийн зөрүүний мөнгийг өгсөн. Тус жимс нь замдаа явж байгаад машин нь эвдрээд 3 хоносон байсан. Монголд гаалиар орж ирэхэд гаалийн байцаагчтай энэ жимс 45 хоног явж ирж байна. Надад нотлох хүн хэрэгтэй байна гээд би гаалийн байцаагчийг дагуулаад, Д. Г-с хамт байсан. Ингээд жимсээ авахад жимс нь муудсан байсан. Ингээд тээврийн компанитай холбогдоод манайх 100 хувь төлбөрөө төлсөн жимс танай тээврийн байгууллагаас болоод муудсан байна гэхэд нэгдүгээрт нь устгах акт, мэргэжлийн хяналтын дүгнэлт, шинжилгээнд оруулсан баримтыг над руу явуул бид нар даатгалаасаа танай жимсний мөнгийг гаргаж өгнө гэж хэлсэн. Энэ асуудлаар Турк улсад өмгөөлөгч авч маргаан үүсгэсэн байгаа. Нэхэмжлэгч нарын надаас нэхэмжлээд байгаа мөнгийг би зээлж аваагүй. Д.Га-н найзтайгаа нийлж, Турк улсаас жимс оруулж ирэх ажлын мөнгө байсан. Зөвхөн миний дансаар дамжсаныг далимдуулж надаас нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
3. Хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Д.Га-т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: миний бие Д.Га-тай 2020 оны 5 дугаар сараас эхлэн 2022 оны 7 сар хүртэл хугацаанд найзалж үерхэж байсан. Танилцах үед Д.Га нь 1xbet гэх нэртэй онлайн мөрийтэй тоглоом тоглодог байсан ба өөрөө мөнгөгүй болсон үедээ миний данснаас тухайн мөрийтэй тоглоом тоглуулдаг, данс цэнэглэдэг нэр бүхий иргэдийн данс руу өөрийн тоглоомын нэр болох Skinzo gano нэрээр олон удаагийн давтамжаар мөнгөн шилжүүлэг хийлгэдэг байсан бөгөөд мөн мөнгөгүй болсон үедээ надаас мөнгө зээлж байсан боловч уг мөнгөнүүдийг хагас дутуу буцааж өгч байсан. Г.Н миний Голомт банкны ..тоот харилцах данснаас Д.Га-н Голомт банкны .. тоот харилцах данс руу зарлага хэлбэрээр 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 35,524,260 төгрөг, мөн миний Хаан банкны .. тоот харилцах данснаас Д.Га-н Голомт банкны ... тоот харилцах данс руу зарлага хэлбэрээр 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 84,307,550 төгрөгийг нийт 119,831,810 төгрөгийг Д.Га нь зээлэх болон тоглоомд зориулан авсан. Д.Га нь дээрх авсан мөнгөнөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 40,2610,000 төгрөгийг надад буцааж дансаар шилжүүлсэн бөгөөд 79,570,810 төгрөгийг одоог хүртэл надад өгөөгүй байгаа тул Д.Га-с 79,570,810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлжээ.
Д.Га нь Хаан банкны ...тоот харилцах данснаас тухайн мөрийтэй тоглоом тоглуулдаг, цэнэглэдэг нэр бүхий иргэдийн данс руу өөрийн тоглоомын нэр болох s rэх нэрээр олон удаагийн буюу 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 29,205,000 төгрөгийг бусдын болон өөрийн дансаар дамжуулан шилжүүлэн авсан. Дээрх мөнгөнөөс Д.Гань 13,440,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл 15,765,000 төгрөгийг буцаан өгөөгүй байгаа тул Д.Ганбаяраас нэмж 15,765,000 төгрөг, нийт 95,335,810 гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгч Д.Га сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Г.Н нь Д.Ганадад холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 79,570,810 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 15,765,000 төгрөг нийт 95,335,810 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Г.Нгийн Хаан банкны ..., .., Худалдаа хөгжлийн банкны .., Голомт банкны ...тоот данснуудаас миний Голомт банкны ... тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 103,492,050 төгрөг орсон бол миний дээрх данснаас Г.Нгийн дээрх 4 дансанд 86,351,300 төгрөг буцаж орсон байна. Үүнээс 17,140,750 төгрөгийн зөрүү үүсэж байгаа бөгөөд энэ нь гааль, тээвэр Г.Нгийн ломбардны зээл болон Г.Н өөртөө эд зүйлс авсан зардал байна. Тухайлбал Г.Нгоос гааль гэх утгатайгаар 8,300,000 төгрөг шилжүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаалийн төлбөрт 8,280,000 төгрөг төлсөн. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Г.Нгийн захиалсан жимсний тээвэрт 2,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг тус тус төлсөн. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гинж ав гэж 2,000,000 төгрөг шилжүүлсэн ба тус 2,000,000 төгрөгөөр нь гинж авч Г.Нд өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т ХХК буюу Сайн ломбарданд 1,113,200 төгрөг, 498,820 төгрөг, Начин заан ломборданд 2,122,890 төгрөг тус тус төлж Г.Нгийн авсан зээлийг хаасан. Миний бие Д.Гань Г.Нгоос 95,335,810 төгрөг зээлэх хүсэл зориг байгаагүй бөгөөд тус мөнгө нь Г.Нд буцаан шилжүүлсэн ба зөрүү мөнгө нь Г.Н гийн хэрэгцээнд зарцуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү. гэв.
5. Нэхэмжлэгчээс Д.Га-н голомт банкны дансны хуулга /хх 7-8/, Д.Гын хаан банкны дансны хуулга /хх 10, 58-59/, голомт банкны мемориалын баримт /хх 54-56/, хариуцагчаас итгэмжлэл /хх 41-42/, апостиль гэрчилгээ /хх 40/, Бат хөрш уул ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орчуулга /хх 45-46/, мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02-02-182/92 дугаартай дүгнэлт, түүний хавсралт /хх 94-102/, Г.Нгийн голомт банкны дансны хуулга /2хх 117-146/, Г.Нгийн хаан банкны ... дугаартай дансны хуулга /2хх 147, 158-164/ тус тус шүүхэд гарган өгчээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Нгийн хаан банкны дансны хуулга /хх 69-70/, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Б.Туяа /2хх 15-17/, Ж.И, Г.О нарыг /2хх 205-211/ асууж, Б.Т болон Д.Га нарын харилцан зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 77-115/ үйлдэж, өөрийн санаачилгаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг /хх 103/, Г.Нгийн хаан банкны ... дугаартай дансны хуулга /хх 114-149/, Д.Га-н голомт банкны ... дугаартай дансны хуулга /хх 151-222/, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3/1902 дугаартай албан бичгийн хавсралтад заасан баримт /2хх 221-250/ бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хамтран ажиллаад эрсдэлд орсон тул төлөхгүй гэжээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Г-с 95,335,810 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, мөнгө зээлж аваагүй, харилцан шилжүүлээд үлдсэн зөрүү төлбөрийг нэхэмжлэгчид зарцуулсан гэж маргажээ.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөг тус тус Г.Нгийн хаан банкны ... дугаар дансанд шилжүүлсэн болох нь Г.Н болон Д.Гын хаан банкны дансны хуулга, голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч Д.Гань Г.Нд 86,351,300 төгрөг шилжүүлсэн бөгөөд Г.Н буцаан 103,412,050 төгрөг шилжүүлсэн гэсэн тооцоолол гаргасныг хариуцагч зөвшөөрснөөс гадна Г.Нгийн голомт банкны дансны хуулга, Г.Нгийн хаан банкны ..., ... дугаартай дансны хуулга, Д.Га-н голомт банкны ... дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна. Түүний шилжүүлсэн 86,351,300 төгрөгт үндсэн нэхэмжлэлээр шаардсан 25,000,000 төгрөг хамаарчээ.
Түүнчлэн Д.Габолон Г.Н нар Турк улсаас жимс импортлон зарж борлуулахаар хамтран ажилласан болох нь гэрч Б.Туяагийн ... Д.Га надтай холбогдохдоо манай ахын найзууд байгаа юм гээд Турк улсад байгаа хүний утасны дугаарыг өгч, тэр хүнтэй уулзаач гэсэн. Ганбаяр өөрөө тээврийн жолоочоо олсон. Би Га-ын холбосон н.Бек гэх хүнд мөнгийг өгсөн., гэрч Ж.И-н ... Ганбаяр өртэй байгаа, энэ жимсийг оруулж ирээд өрөө дарья гэж хэлсэн, Г Н нар хамтран амьдарч байсан, гэрч Г.О-н ... удалгүй Г найзыгаа дагуулж ирээд хамтрах уу жимсний бизнес эрхлэх гэж байгаа би ахаасаа мөнгө зээлсэн гэж байсан. Г И-г дагуулж ирсэн гэсэн мэдүүлгүүд, Б.Т болон Д.Га нарын харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Улмаар Д.Га болон Г.Н нарын импортлон оруулж ирсэн 20 тн нимбэг, оранж, мандарин, апельсин нэрийн жимс нь хөгцөрч, муудаж ялзарсан тул устгалд оруулсан болох нь мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, түүний хавсралтаар тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Г, Д.Га нар нь Г.Нтой зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсоны үндсэн дээр 43,000,000 төгрөг шилжүүлсэн болохоо, хариуцагч Г.Н нь Д.Га-тай зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсоны үндсэн дээр 95,335,810 төгрөгийг зээлсэн болохоо тус тус баримтаар нотлоогүй байна.
9. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Г болон Г.Н нар зээлийн гэрээ байгуулахаар хүсэл зориг нэгдээгүй буюу дансандаа 18,000,000 шилжүүлсэн авсныг зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг өөрийг нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгохгүй. Энэ талаар нэхэмжлэгч Д.Г нь Г.Нтой утсаар ярилцаж, тохиролцсон гэсэн боловч түүнийгээ нотлоогүй, хариуцагчийн эсэргүүцлийг үгүйсгэж чадахгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Д.Г нь Д.Га-тай тохиролцож, түүний даалгаснаар Г.Нгийн хаан банкны дансанд 18,000,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэхээр байх тул түүнтэй холбоотой шаардлагаа гэрээний нэг тал болох Д.Г-т холбогдуулан гаргах боломжтой юм.
10. Нэхэмжлэгч Д.Га болон хариуцагч Г.Н нар Турк улсаас жимс импортлон зарж борлуулахаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ заасан хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно зааснаар талууд хамтран ажиллахаар амаар тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцвал зохино. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Га43,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу Г.Нд шилжүүлсэн үйл явдал тогтоогдоогүйгээс гадна хамтын үйл ажиллагаанд зориулсан гэж үзсэн тул энэ хэмжээгээрээ эрсдэл үүрнэ.
11. Мөн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх боловч нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Г.Н нарын харилцан бие биедээ шилжүүлсэн мөнгө бүрийг зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Талууд хамтын үйл ажиллагааны хүрээнд болон хувийн дотно харилцаатай байхдаа бие биедээ харилцан шилжүүлсэн мөнгөө буцаан авах зорилгоор шилжүүлсэн, зээлсэн гэдгээ нотолж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна.
Үүнээс гадна хариуцагч Г.Н 83 удаагийн үйлдлээр 35,524,260 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн хооронд Д.Га-н өмнөөс бооцоо тавьж тоглоход нь зориулан н.О, н.Э нарын дансанд шилжүүлсэн гэх боловч түүнийгээ зээлэхээр тохиролцсон, өөрөө хамт бооцоо тавиагүй болохоо баримтаар нотолсонгүй. Энэ талаар хариуцагчаас тодруулахад зарим үед хамт бооцоо тавьдаг байсан гэжээ.
Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн үед н.О-ын хаан банкны дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн шинжтэй байхаас гадна н.О-н дансны хуулгаар Д.Га болон Г.Н нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг үйл явдлыг тогтоохгүй гэж үзлээ.
12. Түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэр Д.Га болон Г.Н нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэний улмаас 43,000,000 төгрөг Г.Н шилжүүлсэн авсан үйл баримт тогтоогдож байх тул Д.Гын шилжүүлсэн 18,000,000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй болжээ.
13. Иймд нэхэмжлэгч нарын зээлийн гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн Д.Г-аас 95,335,810 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Г.Нд холбогдох 43,000,000 төгрөг гаргуулах Д.Г, Д.Га нарын үндсэн нэхэмжлэл, Д.Г-т холбогдох 95,335,810 төгрөг гаргуулах Г.Н гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 792,579 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ