Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02714

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02714

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.М, түүний өмгөөлөгч Ю.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч С.У, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.М миний бие 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №24/24 дугаартай Тохижилт, эд хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмж, менежментээр хөлсөх гэрээ /цаашид Түрээсийн гэрээ гэх/-г М ХХК-тай байгуулан Гранд виндов үйлчилгээний төвийн подволд байрлах караокийг 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож, урьдчилгаа 2 сарын түрээсийн төлбөр 18,000,000 төгрөгийг Төрийн банкны ...тоот дансанд шилжүүлсэн. Тухайн үед хугацаа дууссан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өгсөн 04/0172 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлэн тусгай зөвшөөрөлтэй хэмээн хууран мэхэлж тус гэрээг байгуулсан бөгөөд үйл ажиллагаа явуулах боломжгүйг мэдсэн. Учир нь тухайн тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай олгосон хугацаа нь дууссан байна. Мөн иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4 дахь хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Тус түрээсийн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуулийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд хуульд заасан бүртгүүлэх журмыг зөрчсөн. Мөн хуулийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул түрээсийн төлбөрийг буцааж өгч тус түрээслүүлсэн караокег хүлээн авах үүрэгтэй. Тус караокег хүлээн ав хэмээн мэдэгдэхэд захирлууд битгий хүлээн ав гэсэн гээд 9 хоногийн дараа хүлээн авсан. Иймд 18,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Манай компани нь 2023 онд өөрсдийн эзэмшлийн 5 давхар барилгын гадна болон дотор заслыг орчин үеийн загвар дизайнд нийцүүлэн их хэмжээний хөрөнгө оруулалт хийж засварласан ба подволын давхрын караокег хөлслүүлэхээр 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ө.Мтай "Тохижилт, эд хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмж менежментээр хөлслөх гэрээ байгуулсан. Тухайн үед түрээслэх зар тавьсны дагуу бид түрээслэх сонирхолтой олон ААН, иргэдтэй уулзаж туршлага, менежмент, тогтвортой удаан хугацаанд ажиллуулах зэрэг хүсэлт шаардлагад нийцсэнээр нь тухайн иргэн Ө.Мыг сонгож 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэвч иргэн Ө.М нь үйл ажиллагаа явуулаад 10 хоног хүрэхгүй хугацааны дараа түрээслэхээ болилоо гэж манай нягтлан бодогчтой ярилцаад эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн акт үйлдсэн байдаг. Энэхүү үйлдэл нь тус гэрээний 3.6 дахь заалт болох"... Хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах тохиолдолд өөрийн оронд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр хөлслөгчийг санал болгох ба нэг сарын өмнө бичгээр мэдэгдэж төлбөрийн болон бусад зөрчилгүй бол хамтран шийдвэрлэнэ" гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймэрхүү дураараа аашилдаг хөлслөгч түрээслэгчээс хөлслүүлэгч ба түрээслүүлэгч иргэн байгууллагын эрх ашгийг хамгаалах, бизнесийн тогтвортой байдлыг хангах шаардлагын хүрээнд түрээсийн гэрээний хугацаа болон гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 320 дугаар зүйлд заасан байдаг. Иймд энэхүү гэрээ нь нэг жил буюу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр юм. Мөн гэрээний 3.6 дахь заалтыг үндэслэн иргэн Ө.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Тохижилт, эд хөрөнгө, тавилга тоног төхөөрөмж менежментээр хөлслөх гэрээг-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хүсэлт гаргажээ. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэрээ болно. Мөн тусгай зөвшөөлөөр үйл ажиллагаа эрхлэх хугацааг тодорхой хугацааны давтамжтайгаар холбогдох хяналт шалгалтын байгууллагаар шалгуулж сунгуулдаг ба тусгай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ өгсөн огноо болон зөвшөөрөл олгосон хугацаагаар нь ямарваа нэгэн зөрчилгүй гэдгийг мэдэх боломжтой юм. Иймд манай байгууллага нь нэхэмжлэгч талын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04/0172 дугаартай тусгай зөвшөөрөл /хх 6/, Галын аюулгүй байдлын дүгнэлт /хх 7/, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйжүүлэлт хийсэн үйлчилгээний акт /хх 11/, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах түншлэлийн гэрээ /хх 12-13/, хариуцагчаас М ХХК-ийн дүрэм /хх 17-22/, Согтууруулах ундаагаар үйлчлэх аж ахуйн нэгж улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт авах бүртгэлийн хуудас /хх 27/, Итгэмжлэл /хх 29, 83, 84/, М ХХК-ийн Тохижилт, эд хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмж менежментээр хөлслөх 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/24 дугаар гэрээ /хх 30-41/, М ХХК-ийн дүрэм /хх 92-94/, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/10 дугаартай Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран ажиллах гэрээ /хх 100-101/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 02/19 дүгээр хяналт шалгалтын удирдамж /хх 103/ тус тус шүүхэд гарган өгчээ. Хэргийн 8-10, 104 дугаар хуудас дахь баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй тул нотлох баримтаар шинжлэн судлаагүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа /хх 67-73, 98/ гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд 18,000,000 төгрөг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд зааснаар төлбөр буцаан төлөхгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талууд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/24 дугаартай "Тохижилт, эд хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмж менежментээр хөлслөх гэрээгээр .... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг ашиг олох зорилгоор түрээслүүлэх, түрээслэхээр тохиролцсон болох нь М ХХК-ийн Тохижилт, эд хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмж менежментээр хөлслөх тухай 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/24 дугаар гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь 18,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд хариуцагч 18,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрчээ.

Мөн талууд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээний зүйлийг буцаан хүлээлцсэн талаар маргаагүй болно.

7. Хариуцагч нь ....дугаартай үл хөдлөх хөрөнгийг ашиг олуулах зорилгоор, сарын 9,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

Энэхүү гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй, энэ тохиолдолд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй юм.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд талуудын байгуулсан гэрээг хоёр талын санаачилгаар цуцалж, урьдчилан төлсөн төлбөрийг буцаан шаардсан гэж үзэхээр байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд талууд түрээсийн зүйлийг буцаан хүлээлцсэнээр нэхэмжлэгч зорилгоор хэрэгжүүлэх боломжгүй болсон тул зохигч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан зааснаар түрээсийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх замаар гэрээний зүйлийг буцаан шилжүүлж, түрээсийн гэрээг дуусгавар болгосон учир тухайн гэрээний зүйлийн эрхийн доголдол буюу тусгай зөвшөөрөлтэй байсан, доголдол арилгахыг шаардсан, гэрээг цуцлах хугацааг баримталсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.

 

9. Түүнчлэн хариуцагч нь гэрээний 3.6 дахь хэсэгт Хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах тохиолдолд өөрийн оронд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр хөлслөгчийг санал болгох ба нэг сарын өмнө бичгээр мэдэгдэж, төлбөрийн болон бусад зөрчилгүй бол хамтран шийдвэрлэнэ... зааснаар урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхгүй байх үндэслэлгүй байна.

 

Түрээсийн гэрээ нь талуудын чөлөөт хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагддаг бөгөөд гэрээг цуцлах эрхийг бусад этгээдийг олж барьцаанд бариулах замаар хязгаарласан хэлцлийн энэхүү хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл заасан хүчин төгөлдөр бус байна.

 

10. Нэхэмжлэгч түрээсийн зүйлийг 3 хоног ашиглаад гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэдгээ нотолж чадаагүй бөгөөд талууд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлцсэн тул 9 хоног түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ.

 

Иймээс талууд гэрээндээ эхний хоёр сарын түрээсийн төлбөрийг сард 9,000,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд өдөрт 290,322 төгрөг, 9 өдөрт 2,612,903 төгрөгийн түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээнд үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх төлбөрийг хасаж, хариуцагчаас 15,387,097 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 234,885 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

12. Хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Н-вт 1 сарын хугацаатай итгэмжлэл олгосон бөгөөд олгосон эрхийг тодруулахыг шаардахад 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24/14, 24,14 дугаартай албан бичгүүдээр 2 итгэмжлэл олгосон бөгөөд сүүлийн итгэмжлэлд хугацаа заагаагүй тул 1 жилийн хугацаад олгосон гэж үзлээ. Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүрэгтэй танилцсан, түүний сонгосон өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар итгэмжлэл олгосон хугацааг 1 жилийн хугацаатай гэсэн тул шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхээр хангагдсан гэж үзэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 15,387,097 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,612,903 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 234,885 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

         

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ