Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/02306

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 02 өдөр   Дугаар 102/ШШ2024/02306 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:....байрлах И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.С-т холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 99,200,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 34,699,661 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, А.А, хариуцагч Ч.С, түүний өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Ч.Стэй 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ... дугаартай, 121.5 м.кв талбай бүхий орон сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 119,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Тус үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг хариуцагч нь Өмнөговь аймгийн ... дугаартай, 20,000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрын эзэмшлийг 35,000,000 төгрөгөөр, ... суманд байрлах өөрийн дайргын карьераас 84,500,000 төгрөгийн үнэ бүхий дайргыг худалдагч талд нийлүүлж, дайргын үнийг тухайн үеийн үйлдвэрийн үнээр тооцохоор тохиролцсон. Хариуцагч Ч.С нь үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийн охин Э.А өмчлөлд шилжүүлэн авсан. Харин гэрээний төлбөрийг хариуцагч төлөөгүй учир талууд нийт төлбөрийг 100,000,000 төгрөг болгон багасгаж, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр талууд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэвч 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 800,000 төгрөг шилжүүлснээс өөрөөр төлбөр төлөөгүй учир худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 99,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

2. Хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 64,500,339 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд худалдагч үл хөдлөх хөрөнгөд бүрэн засвар хийж хүлээлгэн өгнө гэсэн боловч засвар хийж өгөөгүйн улмаас өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийх аргаггүй болж 24,699,661 төгрөгийн засвар хийсэн. Баримт байхгүй учир энэ зардлыг төсөв зохиолгож үнэлгээ гаргуулсан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10-20 мм 400 м.куб 10,000,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн. Иймд нэхэмжлэгчээс 34,699,661 төгрөгийг гаргуулж, үндсэн нэхэмжлэлээс хасаж тооцож өгнө үү. гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, итгэмжлэл /хх 5/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хх 6-7/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ч.Сийн хүсэлт /хх 8/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 9/, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 10-11/, М.Урнаагийн хаан банкны дансны хуулга /хх 12/, Ис ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 15, 21-ны өдрийн мэдэгдэл /хх 13-14/, хариуцагчаас Ө ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/17-1 дугаар тодорхойлолт /хх 52/, Х ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн итгэмжлэл /хх 53-55/, Зарлагын баримт /хх 57-61/, үл хөдлөх хөрөнгийн засварын ажлын төсөв /хх 88-108/, х ХХК-ийн гэрчилгээ, дүрэм /хх 121-125/, Л ХХК-ийн тайлбар /хх 165/, Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ /хх 166-171/ тус тус шүүхэд гарган өгчээ.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Г.Г /хх 81-83/, Г.Г /хх 130-133/ нарыг асууж, флаш диск дэх бичлэгт үзлэг хийжээ./хх 134-164/                 

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 99,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 33,699,661 төгрөгийн хэмжээгээр эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргах замаар харилцан тооцуулна гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ... дугаартай, 121.5 м.кв талбай бүхий орон сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 119,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

Ингэхдээ дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг хариуцагч нь ... дугаартай, 20,000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрын эзэмшлийг 35,000,000 төгрөгөөр, ....байрлах өөрийн дайргын карьераас 84,500,000 төгрөгийн үнэ бүхий дайргыг худалдагч талд нийлүүлж, дайргын үнийг тухайн үеийн үйлдвэрийн үнээр тооцохоор тохиролцсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ч.С нь 10,000,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн, 24,699,661 төгрөгийн засварын ажил хийсэн, эдгээр зардлаа төлбөр барагдуулах гэрээний тооцоонд оруулаагүй гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч Ч.С нь үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийн төрсөн охин Э.А-н өмчлөлд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй бөгөөд талууд гэрээний төлбөрийг 100,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ч.Сийн хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.

Үүний дараа хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 800,000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогджээ.

7. Талууд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны зоорийн давхарт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015769 дугаартай, 121.5 м.кв талбай бүхий орон сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 119,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ... дугаартай, 121.5 м.кв талбай бүхий орон сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн төрсөн охин Э.А-н өмчлөлд шилжүүлсэн тул Иргэний хуулийн 252 дүгээр зүйлийн 252.1 дэх хэсэгт Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ зааснаар гэрээний зүйл эрхийн хувьд доголдолгүй байжээ.

Хэдийгээр гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгөд бохир хальсан, хана засварласан үйл баримт тогтоогдох боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж зааснаар доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Мөн талууд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ч.Сийн хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гаргахдаа доголдлын талаар, 2019 оны 5-7 дугаар сард хийсэн засварын талаар хэлэлцээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагчийн нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргаж, надаас олон дахин шаардаагүй байсан бол төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөрийг төлөх байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан учир зарим хэсгийг нь төлөхгүй. гэсэн тайлбараас үзэхэд төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүрэгт 99,200,000 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.

8. Хариуцагч 10,000,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн, 24,699,661 төгрөгийн биет байдлын доголдол илэрсэн, доголдолтой холбоотой шаардлагаа хугацаандаа гаргасан, төлбөр барагдуулах гэрээндээ эдгээр зардлаа тооцсон болохоо нотлоогүй сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн талуудын тооцоо нийлсэн төлбөр барагдуулах тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх бусад, тухайлбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.

 

9. Иймд хариуцагч Ч.Сээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 99,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ИХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Сээс 99,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, хариуцагч Ч.Сийн гаргасан 34,699,661 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 653,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ