Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/02295

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 02 өдөр   Дугаар 102/ШШ2024/02295 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ш нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.У холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Я.У, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Ш нь Я.У-тай 2011 онд танилцаж, хамт амьдарч байгаад 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү У.Т-г төрүүлсэн бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хоорондын таарамжгүй байдлын улмаас миний бие 2015 оноос хойш АНУ-д амьдарч байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй тул Я.У-с гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Бид 8 жилийн хугацаанд тусдаа амьдарч байна. Бидний хооронд хүүхдийн асрамж, тэтгэмж, эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 3/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 5/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 5/, сургуулийн тодорхойлолт /хх 16/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ний өдрийн тэмдэглэл /хх 4/, хариуцагчаас гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Я.У болон С.Ш нар 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү У.Т төржээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

6. Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Талууд гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн У.Т-г эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай харшлахгүй юм.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.У, С.Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү У.Т-г эх С.Ш-н асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ