Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Зүмбэрэл |
Хэргийн индекс | 102/2023/04976/И |
Дугаар | 102/ШШ2024/02189 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/02189
2024 оны 05 сарын 10 өдөр Дугаар 102/ШЗ2024/09818 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.З-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М-с хариуцагч Б.З нь 2019 оны 01 дугаар сарын 16-ны өдөр 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөхгүй, холбогдох хаяг дээрээ байхгүй байсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хариуцагч Б.З-н гэрийн хаягийг тодруулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Б.З-с зээлийн төлбөр 15,000,000 төрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.М, н.Н нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Хамтран зээлдэгчээр Б.З нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойно гарын үсэг зурсан байдаг. Энэ нь тухайн зээлийн гэрээний балны өнгөнөөс ч харагдана. Зээлийг н.Н нь төлөхгүй байсан бол Б.З-с зээлийн төлбөр, хүү алдангийн хамт нэхэмжлэх боломжтой байсан. 2022 оны 1 сард анх шүүхэд хандсан нь анхнаасаа алдангийг өсгөх гэсэн санаа байсан гэж харж байгаа. Б.З бол зээлийн гэрээнд өгсөн гэрийн хаягтаа одоог хүртэл амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл н.Н-тай асуудал нь даамжраад ирэхээр хамтран зээлдэгч Б.З руу хандаж байгаа. Б.З, н.Н нар нь гэр бүлийн хүмүүс байсан. Одоо бол гэрлэлтээ цуцлуулсан. Б.З н.Н-с энэ талаар асуухаар наад асуудал чинь компани шилжүүлээд шийдсэн, ямар нэгэн маргаан байхгүй. Харин хэд хэдэн удаа би зээл авсан тэрний асуудал яригдаад байгаа гэдэг тайлбар өгдөг. Харин н.Н-г гэрчээр оролцуулахаар болсон боловч хаяг нь олдохгүй байгаа. Тэгэхээр өөр байдлаар нотлоход хүндрэл үүсээд байна. Иймд зээлийн төлбөрийг бүрэн төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Б.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: удахгүй төлөгдөөд дуусчих боломжтой гэхээр нь зээлийн гэрээнд сүүлд нь гарын үсэг зурсан. Мөн тухайн зээлийн гэрээ нь 10 хувийн хүүтэй буюу хэт өндөр хүүтэй байгаа. Энэ нь нийтийн тогтоосон зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, мөн хүчээр гарын үсэг зуруулсан. Иймд тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь үндэслэлтэй байгаа учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сэтгэцийн ямар нэг асуудалгүй л бол ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа ойлгох ухамсартай хүн гэж харж байгаа. Гэтэл одоо ингээд хүчээр гарын үсэг зуруулсан юм шиг яриад байна. Мөн энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл байхгүй. Тухайн үед Б.Золзаяа, н.Нямдаржаа нар нь гэр бүлийн харилцаатай байсан. Тэгэхээр гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан уу, хувийн хэрэгцээндээ зарцуулсан уу гэдэг нь бидэнд хамааралгүй. гэв.
5. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээ /хх 3/, С.М хаан банкны дансны хуулга /хх 4/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг /хх 5/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2662 дугаар шүүгчийн захирамж /хх 6/, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ /хх 128-129/, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ /хх 130/, хариуцагчаас Б.Н, С.М нарын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ЦХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хх 118/, Б.Н-н хаан банкны хуулга /хх 119/ тус тус шүүхэд гарган өгчээ.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С.Мын хаан банкны дансны хуулга /хх 62, 71-74/, Б.Н-гийн хаан банкны дансны хуулга /хх 75-92/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц ХХК-ийн лавлагаа /хх 68-69/ гаргуулжээ.
6. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь сөрөг нэхэмжлэлтэй хамт хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт Б.З-с 27,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний нөхцөлийг ойлгоогүй, сүүлд нөхөн гарын үсэг зурсан, хүүгийн хэмжээ хэт өндөр үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.М, Б.З, Б.Н нар 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр хамтран зээлдэгч Б.Н-ийн хаан банкны ... дугаар дансанд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, С.М-ын хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Хариуцагч энэхүү зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зурсан гэсэн боловч энэхүү байдлаа баримтаар нотолж чадсангүй.
Үүнээс гадна нэхэмжлэгч С.М нь Б.Н-д 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлсэн 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг бэлнээр, 5,000,000 төгрөгийг дансаар, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн гэрээнүүд, С.М-ын хаан банкны дансны хуулга, Б.Н- хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Түүнчлэн Б.Н, С.М нарын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Ц ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 20,000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан боловч нэхэмжлэгч 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь С.М-ын хаан банкны дансны хуулга, түүний тайлбараар тогтоогдож байна. Харин энэхүү гэрээнд хариуцагч Б. болон Б.Ннарын зээлсэн 15,000,000 төгрөгийн талаар тусгагдаагүй бөгөөд зээлийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсонгүй.
9. Зохигчид 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдэгч нарт шилжүүлсэн тул талуудын хооронд 15,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө шилжүүлснээр мөнгөн зээлийн гэрээ байгуулагддаг тул хариуцагч зээлсэн мөнгийг төлж, гэрээгээр тохиролцсон үүргээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй болжээ.
10. Зохигчид 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсноос хойш талууд гэрээг сунгаагүй байна.
Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдэгч 1,500,000 төгрөгийг зээлийн хүүд төлж, үлдэгдэл нэг сарын хүүд 1,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
11. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүүд 16,500,000 төгрөг шаардах эрхтэй болжээ.
12. Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэл хангалтгүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээн, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус зааснаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийг нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.З-с гаргуулахаар шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй зааснаар 2019 оны 3 дугаар сарын 16-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги хуримтлагдахад хариуцагч Б.З буруугүй юм.
Зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон, зээлийг сунгах хүсэлт гаргаагүй тохиолдолд зээлдүүлэгч хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн үр дагаврыг зээлдэгчид нэмж үүрүүлэх нь шударга бус үр дагавар үүсгэнэ.
Нэхэмжлэгч нь хуульд заасан хэлбэрээр шаардлага гаргаагүй шалтгаанаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2662 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжлаад олсон гэж тайлбарласан боловч хариуцагч Б.З-ийн хаяг зээлийн гэрээнд зааснаас өөрчлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг буруу тодорхойлж нэхэмжлэл гаргасны үр дагаврыг хариуцагч Б.Зо- хариуцахгүй. Нэхэмжлэгч Б.З-ийн бүртгэлтэй хаягийн дагуу шаардлага гаргасан гэдгээ нотлоогүй болно.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагын алдангитай холбоотой хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
13. Хариуцагч зээлийн гэрээний нөхцөлийг ойлгоогүй, сүүлд нөхөн гарын үсэг зурсан, хүүгийн хэмжээ хэт өндөр үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болжээ. Мөн Хариуцагч нь Б.Н-гийн хаан банкны дансны хуулгыг түүнээс гаргуулан /хх 119/ шүүхэд өгсөн атлаа Б.Н-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад дэмжлэг үзүүлээгүй, өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжтой байсан боловч ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх бусад, тухайлбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
14. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З-с 240,450 гаргуулан нэхэмжлэгч С.М-т олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дэх хэсэгт заасныг баримтлан Б.З-с 16,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М-т олгож, үлдсэн 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З-с 240,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ