Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 109/ШШ2023/0026

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Ч.Б-т өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-т өндөр насны тэтгэвэр тогтоолгох материал өгсөн өдрөөс буюу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн малын эмч буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Ч.Б, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нарын хооронд “Ч.Б-т өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-т өндөр насны тэтгэвэр тогтоолгох материал өгсөн өдрөөс буюу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн малын эмч буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б миний бие 1986 оноос хойш сум, багт малын эмчээр тасралтгүй ажиллаж байна. Миний ажиллаж байх хугацааны нийгэм, цаг үеийн байдлаас шалтгаалан малын эмчээр ажиллаж байсан хэдий ч тухайн үйл явдал бүрхэгдэж байсан учраас эрхэлж байсан ажил буюу малын эмчээр ажиллаж байсан үйл явдлаа тодорхой болгож, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Ингээд миний малын эмчээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон учраас 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Х сумын Нийгмийн даатгалын байцаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт, холбогдох баримтуудыг өгсөн. Гэтэл өргөдөл хүсэлт авснаас хойш сар орчмын дараа дээрх малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу нийгмийн даатгалын байцаагч надад өгсөн. Энэ хариуг авсны дараа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “ ... малын эмчээр ажиллаж байсан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн агуулгатай өргөдөл гаргасан. Гэтэл 2010-2012, 2018-2020 онуудад захирал болон малын эмчийн ажлыг давхар хийж байсан тул эдгээр жилүүд хүнд нөхцөлийн жилд орохгүй гэсэн хариу өгсөн. Дээрхи жилүүдэд малын эмчээр ажиллаж байсан үйл явдал шүүхээр тогтоогдсон, “Х” ХХК нь мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг ганц хүнтэй буюу зөвхөн миний нэр дээрхи аж ахуйн нэгж, энэ байдлыг иргэнд ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байсаар байтал давхар ажил хийж байсан гэж ашиггүй байдлаар шийдвэрлэсэнд нь гомдолтой.

Иймд иргэн Ч.Б-т надад өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох материал өгсөн өдрөөс буюу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн малын эмч буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие малын эмч мэргэжлээр 40 гаруй жил ажиллаж байна. 1988 онд Алтанбулагийн техникум төгсөөд өнөөг хүртэл малын эмчээр ажиллаж байна. Цэцэрлэг сум болон Х суманд малын эмчээр ажилласан. 1999 онд төрийн өмчийн шийдвэр тогтоолоор мал эмнэлэг хувьчлагдсан. Энэ үед “Х” ХХК-ийг үүсгэн байгуулсан ч энэ нөхцөл байдлаар малын эмчээр ажиллаагүй гэж үзэж байгаад гомдолтой байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б 1988 онд Алтанбулгийн техникумыг төгсөөд энэ цаг үеэс хойш малын эмчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Энэ цаг хугацаанд Х ХХК-д захирлаар ажилласан гэдгийг үгүйсгэхгүй хэдий ч эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хандах ёстой. Энэ нь төрийн байгууллагын хууль дээдлэх зарчимтайгаа нийцэх үйл явц гэж үзэж байна. Энэ үүднээсээ аж ахуйн нэгжийн хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цаг хугацаа нь малын эмчээр ажилласан үйл баримтыг иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгосон. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр. Хуулийн хүчин төгөлдөр байгаа шийдвэрийг иргэн аж ахуйн нэгж хэн ч бай биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага биелүүлэхгүй. Малын эмчээр ажиллаж байсан нөхцөл байдлыг үгүйсгэж өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй бөгөөд хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай байгаа. Ч.Б нь 1988 оноос хойш малын эмчээр өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Энэ дунд 4 жил сумын хурлын даргаар ажилласан. Бусад цаг хугацаанд малын эмчээр ажиллаж байгаа үйл баримт шүүхийн шийдвэрээр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар ч тогтоогдсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х сумын иргэн Ч.Б-ийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00346 тоот шүүхийн шийдвэрийг хянаж үзэхэд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4-ын "5 дахь заалтад тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтанд: хөдөө аж ахуйн малын бага эмч санитарч орно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохдоо нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй гэж заасан. 2010-2012, 2018-2020 онуудад ХХХХК-иас төлсөн шимтгэл нь захирал болон малын эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан тул эдгээр жилүүд хүнд нөхцөлийн жилд хамаарахгүй болно. Мөн 1998-2001 оны хооронд сайн дурын даатгал төлсөн хугацаагаа шүүхээр шийдвэрлүүлэхдээ малын эмчээр ажилласнаар тогтоолгосон байна. Иймд хүнд нөхцөлийн 12 жил 6 сар ажилласан байх болзлыг хангахгүй байх тул 2023 оны 07 сарын 28-наас эхлэн өндөр насны тэтгэврийг хөнгөлттэйгээр тогтоох боломжгүй байна гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1980-1998 оны хооронд ажилласан 9 жил 5 сарын хугацаа нь бүрдсэн. 1998-2001 онд сайн дурын даатгал төлсөн байхад малчнаар ажилласан гэж тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. 2006-2012, 2012-2020 онд ХХХК-ийн захирал гэсэн албан тушаалтай орж ирсэн учраас хүнд нөхцөлөөр ажилласан хугацаанд оруулж болохгүй. Сүүлд хэрэгт авагдсан баримттай танилцлаа, эдгээр баримтыг хараад Ч.Б-ийг оруулах боломжтой гэж үзэж байна. Харин Ч.Б 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс материалаа бүрдүүлж өгсөн гэж хэллээ. Өргөдөл бичээд нийгмийн даатгалын дэвтэртэй задгай ирсэн. Бид 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс тогтоох боломжгүй. Өөрт байгаа материалаа одоо гаргаж өгч байна. Малын эмчээр ажиллах сертификат эрхээ авсан байна. Малын тарилга хийсэн баримтад өөрийнх нь нэр байгаа учраас тогтооё гэж байгаа болохоос биш 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж тогтоолгон гэдгийг зөвшөөрөхгүй 11 дүгээр сараас тогтооно гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, иргэн Ч.Б нь 1966 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 57 нас /5 сар, 21 өдөр/-тай, Архангай аймгийн Х сумын 2 дугаар баг А гэх газарт оршин сууж, тус сумандаа малын эмчээр ажилладаг байна. (Хавтаст хэргийн 3 дахь тал)

2. Ч.Б нь Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгаас 1984 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 258 (256) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 578483 дугаарын цэргийн батлахтай халагджээ. (Хавтаст хэргийн 96 дахь тал)

   3. Иргэн Ч.Б 1988 онд малын бага эмч, 2004 онд Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургуулийг Малын их эмч, мал эмнэлгийн бакалавр зэрэгтэй төгссөн байна. (Хавтаст хэргийн 153-155 дахь тал)

   4. Ийнхүү 1988 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш малын эмчээр ажилласан бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00346 дугаар шийдвэрээр малын эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгожээ. (Хавтаст хэргийн 81-88 дахь тал)

   5. Нэхэмжлэгч Ч.Б нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргасныг тус хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч Өргөдөл, гомдлын бүртгэлд 57 дугаарт бүртгэгджээ. (Хавтаст хэргийн 92-95 дахь тал)

6. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/544 дүгээр албан бичгээр “ ... таны ажилласан жилийн хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жилүүд 9 жил 5 сар 16 өдөр ажилласан байна. 2010-2012, 2018-2020 онуудад “Х” ХХК-н нийгмийн даатгалын шимтгэл нь захирал болон малын эмчийн ажлыг давхар хийж байсан тул эдгээр жилүүд хүнд нөхцөлийн жилд орохгүй. Иймд хүнд нөхцөлөөр тэтгэвэрт орох болзол хангагдахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна ...” гэх хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 4 дэх тал)

   7. Улмаар иргэн Ч.Б-ээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Ч.Б-т өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-т өндөр насны тэтгэвэр тогтоолгох материал өгсөн өдрөөс буюу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн малын эмч буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаргаж, шүүхэд маргажээ. (Хавтаст хэргийн 1-2 дахь тал)

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

8. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй хэмээн заасан.

9. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1. Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр ..олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллаган гаргана. гэж,

10. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.-т Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 3/-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр”, 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.” гэж тус тус зохицуулжээ.

11. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалын хавсралтаар “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (цаашид "хууль" гэх)-д заасан нөхцөлийн дагуу тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг цахим хэлбэрээр болон эх баримт бичиг (цаашид "баримт бичиг" гэх)-ээр бүрдүүлэх, тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авах, түүний бүрдлийг нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) хянахад энэхүү журмыг баримтална., Хоёр. Өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг, хянах, 2.1.Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч (иргэн)-аас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 6-д заасан баримт бичгээс гадна доор дурдсан баримт бичгийг хянан хүлээн авна. Үүнд:  2.1.1.Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;  2.1.2.Иргэний үнэмлэх;  2.1.3.Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр;, 2.18.2.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтооход Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг баримтална., 2.18.3.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрт заасан ажил, мэргэжил, албан тушаал нь энэ журмын  2.18.2-т заасан жагсаалтад байгаа ажил, мэргэжил, албан тушаалтай тохирсон байна., 9.8.Даатгуулагч (иргэн)-ийн энэ журмын 9.1-9.6-д заасан шимтгэл төлж ажилласан нийт хугацаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай, ..., Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад заасан нийгмийн даатгалын шимтгэл төлбөл зохих хугацаа (үүнээс,... , хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, хуулиар тогтоосон ажил мэргэжлээр ажиллаж шимтгэл төлсөн  байвал зохих хугацаа)  болон цэргийн алба хаасан байвал зохих нийт хугацаа болон тэтгэвэр тогтоолгох насны нөхцөлийг хангасан тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага түүний тэтгэвэр тогтоолгох энэ журамд заасан баримт бичгийг хүлээн авна.” гэж зааснаар өндөр насны тэтгэврийг хуулийн хугацаанд хөнгөн шуурхай тогтооход оршино.

12. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл 34.-т “....., малын эмч, ... ” гэж заажээ.

13. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд иргэн Ч.Б нь малын эмчээр ажиллаж байсан, хуульд заасан болзолд нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн байх шаардлагуудыг хангасан байх тул нэхэмжлэгч Ч.Б нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3/-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна гэж дүгнэв.

14. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас тодруулбал, гэрч Б.Б-ийн мэдүүлэгт “ ... Ч.Б нь 1993-1994 оны үед улсын мал эмнэлэг гэж байхад малын эмч хийж байсан. Тэрнээс өмнө Асгат багийн малын эмч, Могой багийн малын эмч хийж байсан. Улсын мал эмнэлэг хувьчлагдахад энэ хүнийг тухайн үеийн хүмүүс ярилцаж байгаад хувийн мал эмнэлэг байгуулж эмчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Түүнээс хойш малын эмч болон захирлын ажлыг хийж байгаа, ... сумын Засаг даргын Тамгын газарт мал эмнэлгийн асуудал хариуцсан байцаагч ажилладаг, малын эмч гэж бол  байдаггүй, Ч.Б нь 2010-2012, 2018-2020 онд ч малын эмчээр ажиллаж байсан ...” гэх мэдүүлэг; (Хавтаст хэргийн 147-149 дэх  тал)

15. Гэрч Д.М-ын “ ... Ч.Б нь 1992 оноос хойш Х сумын Жарантай багийн малын эмчээр ажиллаж байгаа, сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг хариуцсан байцаагч нь мал эмнэлгийн үйл ажиллагаанд л хяналт тавьдаг, тэрнээс малын эмчийн ажил хийдэггүй ...” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 150-151 дэх тал)

16. БНМАУ-н Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хөдөө аж ахуйн техникумд 1982-1988 онд малын бага эмчээр, Хөдөө, аж ахуйн их сургуулийг 2004 онд Малын их эмч мэргэжлээр төгссөн байна. (Хавтаст хэргийн 153-155 дэх дахь тал)

17. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн газраас Малын их эмч Ч.Б-т мал эмнэлгийн ажил үйлчилгээг гүйцэтгэх мэргэжлийн итгэмжлэлийг 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гурван жилийн хугацаатай 1302 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээ, 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай Б/1302 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл таван жилийн хугацаатай Б/1302 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээг тус тус олгожээ. (Хавтаст хэргийн 156-158 дахь тал)

18. Мөн малын эмч Ч.Б-т 2005 онд Улсын мал эмнэлэг,ариун цэврийн төв лабораторид зохион байгуулсан “Малын өвчний оношлогоо, магадлан шинжилгээний хялбар аргууд” сургалтад хамрагдсан сертификат, малын их эмч Ч.Б-т 2006 онд  “Хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх ерөнхий сургалт”-д оролцсон сертификат, малын эмч Ч.Б-т 2008 онд Орчин үеийн мал эмнэлгийн эм бэлдмэл, багаж хэрэгсэл, халдварт халдваргүй өвчнүүд, мал эмнэлгийн албаны бизнес үйл ажиллагааны чиглэлийн сургалтад хамрагдсан 14/218 дугаартай сертификат, 2010 онд Хсумын Мал эмнэлгийн улсын аж ахуй нэгжид “Архангайн түншлэл-2010” нэгдсэн арга хэмжээнд шилмэл мал тусгай байрын гэрчилгээ, малын эмч Ч.Б-т 2010 онд Орчин үеийн мал эмнэлгийн эм бэлдмэл, багаж хэрэгсэл, халдварт халдваргүй өвчнүүд, мал эмнэлгийн албаны бизнес үйл ажиллагааны чиглэлийн сургалтад хамрагдсан сертификат, Ч.Б-т 2011 онд Бог малын зохиолмол хээлтүүлгийн техникч сургалтад хамрагдсан 3/12 дугаартай гэрчилгээ, малын эмч Ч.Б-т 2011 онд уралдааны адуунд өргөн тохиолддог шингэн алдалт бахардалт, хөлний бэртэл гэмтэл, халдварт халдваргүй өвчин эмгэгийг орчин үеийн арга, техник ашиглан оношлож, эмчлэх онол, дадлага хосолсон сургалтад хамрагдсан гэрчилгээ, Ч.Б-т 2011 онд “Бод мал үржүүлгийн техникч” сургалтад хамрагдсан гэрчилгээ, 2011 онд мал эмнэлэг, үржлийн тэргүүний нэгж, Ч.Б-т 2019 онд “Мал эмнэлгийн удирдах ажилтан” мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификат, Ч.Бт 2019 онд аймгийн Засаг даргын жуух бичиг, 2020 онд мал эмнэлгийн тэргүүний нэгж,  Ч.Б-т 2018 онд  Мал амьтдын халдварт болон халдваргүй өвчнүүд, эрдсийн дутмагшил, жижиг амьтны эмгэг болон бизнесийн чиглэлийн онол, дадлага хосолсон сургалтад хамрагдсан гэрчилгээг тус тус олгосон байна. (Хавтаст хэргийн 159-173 дахь тал)

19. Түүнчлэн 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Хсумын Могой багийн малчин өрхүүдийн адуунд ивомек тарьсан жагсаалт, 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хсумын Асгат багийн малчин өрхүүдэд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн жагсаалт, 2011 онд Х сумын Могой багийн малчин өрхүүдэд боом өвчнөөс сэргийлэх тарилга хийсэн жагсаалт, 2011 онд Х сумын Асгат багийн малчин өрхүүдэд боом өвчнөөс сэргийлэх тарилга хийсэн жагсаалт, 2012 онд Х сумын Мал амьтдын халдваргүй өвчний бүтэн жилийн мэдээ, 2012 оны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэн жилийн мэдээ, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн малт тарилга хийсэн акт №4, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн малд тарилга хийсэн акт №3, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хсумын Өгөөмөр багийн малчин өрхүүдэд малын боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийсэн жагсаалт, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Х сумын Өгөөмөр багийн малчин өрхүүдэд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан жагсаалт, 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Хсумын Асгат багийн өрхүүдэд Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн цуваа, 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хсумын Могой багийн малчин өрхүүдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн цуваа зэрэг баримтууд хэрэгт авагдсан бөгөөд тухай бүр малчин өрхүүдийн малчин тэмдэг, гарын үсгээр баталгаажуулжээ. (Хавтаст хэргийн 176-190 дэх тал)

20. Нэхэмжлэгч Ч.Б нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга, Х сумын Засаг дарга нартай №01 дугаартай “Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хамтран ажиллах гурвалсан гэрээ”-г байгуулсан, мөн Архангай аймгийн Х сумын Жарантай багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны 141, мөн сумын Могой багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01, мөн сумын Өгөөмөр багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн а/247 дугаар албан бичгүүдэд “ ... Ч.Б нь малын эмч мэргэжилтэй ба сүүлийн 30 жил тасралтгүй мал эмнэлгийн үйлчилгээг малчдад хүргэж байгаа ...” гэж дурдсан байна. (Хавтаст хэргийн 191-196 дахь тал)

21. Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Б нь 1988 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Х суманд малын эмчээр ажиллаж байгаа болон нь нотлогдож байна.

22. Мөн Иргэн Ч.Б нь 2023 оны 5 дугаар сард Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандаж, тус шүүх 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00346 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт Ч-ийн Б-ийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл малын бага эмчээр, Архангай аймгийн Х сумын Хамтын зориг нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малын бага эмчээр, Архангай аймгийн Х сумын мал эмнэлэгт 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Асгат, Могой багийн малын эмчээр, Х сумын Асгат, Могой багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоожээ. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. (Хавтаст хэргийн 77-88, 135 дахь тал)

23. Дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Ч.Б нь малын эмчээр нийт 20 жил, 4 сар, 15 өдөр ажилласан болох нь тогтоогдсон байна.

24. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, 23.3. дахь хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, 11.2. дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан.

25. Иймд тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Б-ийн Архангай аймгийн Ц сумын Ч бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл малын бага эмчээр, Архангай аймгийн Х сумын Хамтын зориг нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Асгат, Могой багийн малын эмчээр, Х сумын Асгат, Могой багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл, 2004 он 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малын эмчээр  ажиллаж байсан байдлыг тогтоосон, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, шийдвэртэй холбогдуулж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

26. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэжээ.

27. Гэтэл хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримттай буюу иргэн Ч.Б-ийн малчнаар ажиллаж байсан эсэх үйл баримттай маргаж өндөр насны тэтгэврийг хүнд нөхцөлөөр тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болжээ. Мөн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

28. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, аливаа нөхцөлийг хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд дахин нотлох, түүнийг шалгах эрх хэмжээг аль ч төрийн байгууллага, албан тушаалтан эдлэхгүй.

29. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ “ ... Ч.Б нь 2010-2012, 2018-2020 онд “Х” ХХК-ийн захирал болон малын эмчийн ажлын давхар хийж байсан, 1998-2001 онд сайн дурын даатгал төлсөн хугацаагаа шүүхээр малын эмчээр ажилласан гэж тогтоолгосон ...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

30. Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, .. нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, мөн хуулийн 21 дугаар зүйлийн 2/ “нийгмийн даатгалын байгууллага” гэж .. төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, .. тэтгэвэр, ... олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг;  4/” нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон .. хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг; 5/ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж .. даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг ; гэж тус  тус зааснаар иргэн нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, улмаар шимтгэл төлснөөр ажилласан жил, тэтгэврийн даатгалын эрх нээгдэх, эрх зүйн орчныг бий болгоход хуульчилжээ. 

31. Нэхэмжлэгч Ч.Б-ийн хувьд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 1988 оноос хойш малын эмчээр ажилласан, энэ байдлаа Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгож, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00346 дугаар шийдвэрийн дагуу Ч.Б-ийг малын эмчээр 20 жил, 4 сар, 15 өдөр ажилласан болохыг тогтоосон буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол, шаардлагыг хангасан иргэн байна.

32. Монгол Улсын Үндсэн хууль, түүнийг даган гарсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох журмын дагуу иргэн өндөр наслах, эд мөнгөний тусламж авах буюу өндөр насны тэтгэвэр авах эрхтэй.

33. Нэхэмжлэгч  Ч.Б нь малын эмчээр ажиллах явцдаа Монгол Улсын төрийн өмчийн хорооны 1999 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 527 дугаар тогтоолоор Архангай аймгийн Хсуман дахь Мал эмнэлгийн үржлийн алба “Х-” улсын үйлдвэрийн газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Х” ХХК-ийг үүсгэн байгуулж, мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан нь түүнд хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзах үндэслэл болохгүй. (Хавтаст хэргийн 105-108, 174 дэх тал)

34. Өөрөөр хэлбэл, иргэн Ч.Б нь мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг “Х” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал гэх боловч энэ нь Ч.Б-ийн Архангай аймгийн Х сумын Могой, Өгөөмөр, Асгат, Жарантай багт малын эмчээр ажиллаж мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа бодит нөхцөлийг үгүйсгэхгүй юм.

35. Нөгөөтээгүүр, Архангай аймгийн Х суманд мал эмнэлэг буюу малын эмчийн ажил үүргийг төрийн албан хаагч гүйцэтгэдэггүй, уг ажлыг хувийн мал эмнэлгээр дамжуулан малын эмч /одоогоор тус суманд 2 аж ахуй нэгж бүхий малын эмч байдаг гэх/ хэрэгжүүлдэг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 147-151 дэх тал)

36. Дээрх нөхцөлөөс үзэхэд малын эмчээр ажиллахдаа мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжийн захирлаар давхар ажилласан нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй гэх агуулгаар холбогдох хуулийн зохицуулалтыг хэлбэрийн төдий тайлбарласан хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захирлын албан тушаалыг эрхэлж байсан нь тухайн иргэний малын эмчээр ажилласныг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

37. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл материал өгснийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл, гомдлын бүртгэлийн 57 дугаарт бүртгэж авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 93 дахь тал)

38. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан хугацаа болох 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөр тооцохгүй бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг бүртгэсэн өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг нөхөн олгох нь зүйтэй гэж үзэв.

39. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.4. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ  нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  3 дахь хэсгийн 3/, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Ч.Б-т өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.Б-т хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОДОНТУЯА