Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00050/И |
Дугаар | 137/ШШ2024/00069 |
Огноо | 2024-04-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2024/00069
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,300,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Төв талбай Капитрон банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Б нь Капитрон банктай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр "Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ" байгуулан 3,000,000.00 төгрөгийн зээлжих эрхийг 24 сарын хугацаатай, сарын бэлэн гүйлгээ 3 хувь, бэлэн бус гүйлгээ 2 хувийн хүүтэйгээр нээлгүүлсэн. Зээлжих эрхийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу банкны зүгээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №3016-2022/26 тоот зээлийн гэрээ, №3016-2022/26-01 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 5,077,133.38 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай дахин санхүүжүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №3016-2022/28-01 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр LG брэндийн телевизор, Daewoo брэндийн хөргөгч, Elko брэндийн угаалгын машиныг тус тус барьцаалсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар 3016-2022/26 тоот зээлийн гэрээний мөнгөн төлбөрт үндсэн зээлээс 2,064,983 төгрөг, үндсэн хүүнд 1,083,281.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,620.27 төгрөгийг нийт 3,153,885.1 төгрөгийг төлсөн байна. Тус банк нь зээлдэгч О.Б гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг шаардаж, мэдэгдлүүдийг хүргүүлэн нэмэлт хугацааг олгож байсан боловч үр дүн гарсангүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 3,012,151 төгрөг, зээлийн хүү 274,383 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,061 төгрөг болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,300,595 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 9 дүгээр хэсэг 133 дугаар байрны 33 тоотод оршин суух, Б овогт О.Б , утас: шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлага болох 3,300,595 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төв нь О.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,300,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 3,300,595 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,300,595 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 3,300,595 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,759.52 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 33,879.76 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Б 33,879.76 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА