Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00090/И |
Дугаар | 137/ШШ2024/00071 |
Огноо | 2024-04-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2024/00071
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,747,896 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сум Сүүж баг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Ц нь тус аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сангаас 2021 оны 03 дугаар сарын 05- ны өдөр 3 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дууссан байна. Түүнчлэн иргэн Г.Ц нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 9,084,456 төгрөг, хүү 673,184 төгрөг, нийт 9,757,640 төгрөгийг төлж, үлдэх үндсэн зээл 5,915,544 төгрөг, хүү 678,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,154,310 төгрөг, нийт 7,747,896 төгрөгийг төлөөгүй нь нэг талаар төрөөс иргэдэд олгож буй хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэгт саад учруулсан нь төрийн ашиг сонирхол зөрчсөн, нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгч бусад иргэдийн зээл авах боломжийг хязгаарласан нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул прокурор төрийн байгууллагыг төлөөлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэл болж байна. Иймд иргэн Г.Ц зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,747,896 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр прокурорын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Эрдэнэ сум тоотод оршин суух, Х овогт Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Ц нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага болох 7,747,896 төгрөгийг 2024 оны 04 сараас эхлэн 2024 оны 09 сарыг дуустал хугацаа буюу нийт 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Г.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Г.Ц 7,747,896 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ц хүлээн зөвшөөрсөн байх тул 7,747,896 төгрөгийг 2024 оны 04 сараас 09 сарын хооронд бүрэн төлж барагдуулах хугацааг зөвшөөрч байна. Иймд хариуцагч Г.Ц холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Г.Ц холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7,747,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 7,747,896 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 04 сараас 2024 оны 09 сарыг дуустал хугацаанд буюу нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид тайлбараа шүүхэд ирүүлж эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ц холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,747,896 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 7,747,896 төгрөгийг 2024 оны 04 сараас 2024 оны 09 сарыг дуустал хугацаанд буюу нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 138,916 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ц улсын тэмдэгтийн хураамж 138,916 төгрөгийн 50 хувь болох 69,458 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА