Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2023/0034

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Н.                      

Хариуцагч: Завхан аймгийн нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн ******* 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаартай захирамжийн Н.ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Анх Завхан аймгийн ******* 2020 оны 10 сарын 13-ны өдрийн А/378 дугаартай захирамжаар маргаан бүхий газар болох Улиастай сумын багийн ******* гудамж ******* тоот хэсэгт байршилтай 1000 м.кв газрыг Д.ид худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/510 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.ад олгохдоо 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хууль ёсны өв залгамжлагч Н.ад уг 1000 м.кв газрыг анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан ба хууль зөрчиж эзэмшүүлсэн буюу “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр дээрх 2020 оны А/378 дугаар захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаартай захирамжаар хүчингүй болгосон.

3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь “газар эзэмших эрхийн гэрчилгээг өвийн журмаар шилжүүлэн авсан. Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлээгүй гэх үндэслэл хууль ёсны өвлөгчид хамаарахгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тухайн газрыг дуудлага худалдаа явуулалгүйгээр эзэмшүүлсэн нь хууль бус ба энэхүү үндэслэл өвлөгчид нэгэн адил хамаарна” гэж маргаж байна.

 4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай нөхөр овогтой нь Завхан аймгийн ******* 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 378/2 тоот захирамжаар Завхан аймгийн Улиастай сумын 4-р баг, ******* гудамж, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 1000 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн ба эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж 2021 оны 03 сарын 24-ний өдөр газар эзэмших гэрчилгээг олгосон байсан. Тухайн газарт 20х30 харьцаатай үйлчилгээний төв, өдөр өнжүүлэх төв, 24 цагийн хоолны газар ажиллуулах улмаар бусад талбайг авто зогсоолын зориулалтаар ашиглахаар тохижуулна гэж төлөвлөж байсан бөгөөд нөхөр Д. маань 2020 оны сараас эхлэн элэгний хорт хавдраар оношлогдон бүтэн нэг жил 1 сарын хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 12 сард нас барсан харамсаад барамгүй уй гашууд автуулсан. Ингээд эхнэр Н. миний бие Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн уг газрыг өвлөн эзэмшихээр 2022 оны 07 сарын 07-ны өдрийн өвлөх эрхийн ******* тоот гэрчилгээг авсан. Уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Завхан аймгийн ******* 2022 оны 10 сарын 18-ны өдрийн А/510 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.ад шилжүүлэх тухай" захирамжаар Н. надад Завхан аймгийн Улиастай сумын 4-р баг, ******* гудамж, ******* хаягт байрлалтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай 1000м.кв газрыг эзэмшүүлсэн. Мөн өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаартай 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан Гэтэл Завхан аймгийн ******* 2023 оны 08 сарын 01-ний өдрийн А/317 тоот захирамжаар "Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал тусгагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, эрх зүйн зөрчилтэй" нь тогтоогдсон тул 2022 оны 10 сарын 18-ны өдрийн А/510 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжигдсэн Н. миний эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг тус хүчингүй болгосон нь хууль бус юм. Манай талийгаач нөхөр болон би тус тусдаа хувь хүн Монгол Улсын иргэний үнэмлэхтэй, надаас өмнө газар эзэмшигч болж гэрээгээр эзэмшээд явж байсан. Харин тусдаа өв залгамжлалын журмаар газар эзэмших болж шинээр газар эзэмших гэрээ байгуулан эзэмшиж байсан. Учир нь манай нөхөр 2020 оны 10 сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* захирамжаар дээрх газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан ч тухайн үедээ гэрчилгээг нь олгоогүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй удаж байгаад (гэрээ гэрчилгээг газрыг эзэмших боломжгүй) 2021 оны 3 сарын 24-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаартай 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Тухайн үед газрын тухай хуульд зааснаар иргэнээс шаардагдах бүх бичиг баримт болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн байна. Нөхөр маань захирамж гарснаас хойш 1 сарын дараагаас хүнд өвчнөөр өвдөж, нас барах хүртлээ эмнэлгийн байгууллагаар явж сүүлдээ эмнэлгийн байгууллага авахгүй хэмжээнд хүрч, гэрээрээ буюу ардаар эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Гэтэл шинээр томилогдсон Завхан аймгийн нь тухайн газрыг хүчингүй болгохдоо гэрээний зориулалтын дагуу буюу 2021 оны 03 сарын 24-ний өдрөөс 2023 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай нөхөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш сарын дараа нас барсан ба 2 жилийн хугацаа болоогүйгээс гадна захирамж гарснаас хойш 1 сарын дараагаас болон газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс хойш нас барах хүртлээ тухайн газраас зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүнд өвчнөөр өвдсөн. Өөрөөр хэлбэл тухайн газрыг нас барах хүртлээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 7 cap ашиглаагүй юм. Газар эзэмшүүлсэн гэрээний хугацаа буюу 15 жилийн хугацааны зөвхөн 7 сар өнгөрсөн ба тэр хугацаанд газар эзэмшигч нь өөрөө хүндээр өвдөж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Тэр үед юун газартаа юм барих тэр хүнд өвчинтэй бүтэн жил тэнцэлдсэн. Нөхөр маань нас барсны дараа миний бие маш их сэтгэл санаагаар унаж нэг хэсэгтээ амьдралын хамгийн хэцүү үеийг миний бие туулсан хань ижлээ алдаад 6 сарын дараанаас хүн амьтантай юм ярилцах хэмжээнд очиж сэтгэл санааны байдал арай дээрдэж эхэлсэн тул нөхрийнхөө үлдээсэн газрыг өв эрхийн гэрчилгээгээр өвлөн авахаар нотариатад материалаа бүрдүүлэн өгөхөд намайг өвлөн авах эрхтэй бөгөөд ямар нэгэн зөрчилгүй байна гээд Завхан аймгийн тойргийн нотариатч Л. *******ын ******* тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн байсан. Уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Завхан аймгийн засаг даргад хандсаныг Завхан аймгийн нь ямар нэгэн зөрчилгүй гэж үзэн хянасны эцэст Завхан аймгийн ******* 2022 оны 10 сарын 18-ны өдрийн А/510 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.ад шилжүүлэх тухай" захирамжаар Н. надад Завхан аймгийн Улиастай сумын 4-р баг, ******* гудамж, ******* хаягт байрлалтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай 1000 м.кв газрыг 13 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Мөн тухайн өдрийн огноотой Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаартай гэрээ байгуулан тухайн эзэмшихээр шинээр газар эзэмших гэрээ байгуулсан газрыг миний бие газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 1 жил ч болоогүй байхад Завхан аймгийн нь 2 жил дараалан өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус юм. Миний эзэмшлийн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж байгаа тул 2024 оны 10 сарын 19-ний өдөр цуцалж хүчингүй болгох ёстой. Гэтэл 9 сар болж байхад газар эзэмших эрхийг маань ноцтой зөрчиж миний газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан байна. Надад 9 сар ашиглуулчхаад газрын төлбөрөө авчхаад 2 жил газрын төлбөрөө төлөөгүй гэж газрыг маань цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 4 сар 15 хонож байхад газрын төлбөрөө 3 жилээр нь төлсөн ба 2021, 2022, 2023 оны газрын төлбөрөө газрын албаны дансанд тушаасан байхад газрын төлбөрөө төлөөгүй гэж цуцалсныг гайхаад олохгүй байгаа. Миний эзэмшлийн газрыг анх эзэмшүүлэхдээ дуудлага худалдаанд ороогүй тухайн жилийн болон ерөнхий төлөвлөгөөнд ороогүй гэж бас нэг үндэслэлээр цуцалсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь би нөхрийнхөө нэр дээрх газрын шилжүүлэн авсан хувь хүн ба анх төрөөс шинээр газар олгохдоо баримтлах ёстой тухайн жилийн төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөө, дуудлага худалдаа нь надад огт хамаагүй би тэрийг яаж мэдэх вэ? дээ. Би зөвхөн газар эзэмшигчээс өвийн журмаар шилжүүлэн авсан хоёрдогч газар эзэмшигч юм. Завхан аймгийн анхнаасаа надад шилжүүлэхдээ ямар нэгэн зөрчилтэй гэж үзвэл шилжүүлэх захирамж гаргах шаардлагагүй байсан. Гэтэл өөрөө захирамж гарган газрын эрхийг шилжүүлчхээд 9 сарын дараа өмнөх хүн чинь төлөвлөгөөнд оруулаагүй, дуудлага худалдаагаар аваагүй байна гээд миний газрыг эрхийг цуцалж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл би төрөөс нийтийн эзэмшлийн газрын анх авсан иргэн биш надад хамааралгүй гэж үзэж байна. Би тэр төлөвлөгөөнд орсон байна уу, дуудлага худалдаанд орсон байна уу ороогүй бол би авахгүй гэж хэлж чадахгүй, мэдэх ч үгүй байсан. Надад газрыг өвийн журмаар баримт бичгээ бүрдүүлээд авах хууль юм гэлээ гэж хэлснээс таны өвлөн авах гэж байгаа газар нь хууль бус газар танд олгогдохгүй гэж мэдэгдээгүй шилжүүлэх захирамжаар шилжүүлж өгсөн. Тухайн жилийн болон ерөнхий төлөвлөгөө, төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар олгох газар шинээр эзэмшүүлсэн газарт яригдахаас өвийн журмаар шилжүүлэн авсан газартай хамааралгүй юм. Миний эзэмшлийн газар нь бусдын эзэмшлийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, бусдын газар эзэмших эрхэд халдаагүй, газрыг хууль бусаар эзэмшээгүй ба хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг маань цуцалсанд хөгшин настай хань ижлээ алдсан хүний хувьд маш их гомдолтой байна. Захирамж гарсан тухайгаа надад мэдэгдээгүй би өөрөө хөөцөлдөж байж 2023 оны 08 сарын 30-ны өдөр Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас орж авсан, надад зөвхөн канондсон хуулбарыг хуулийн мэргэжилтэн нь өгсөн. Иймээс Завхан аймгийн ******* 2023 оны 08 сарын 01-ний өдрийн А/317 тоот захирамжийн Н.ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх газар эзэмшихтэй холбоотой асуудал ярих боломж байхгүй гэж үзэж байна. 2 тусдаа хүн байгаа юм. Тус тусдаа нийгмийн харилцаанд ордог. Хамтран эзэмшиж байгаа тохиолдолд тусдаа асуудал яригдана. Хамтран эзэмшиж байгаад нэг нь нас барсан тохиолдолд анхны дуудлага худалдаанд оролцох боломжтой байсан. Гэтэл анхны эзэмшигч нь Газрын тухай хуульд заасан өргөдлөө гаргаад, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд саналаа гаргаад түүн дээр нь сумын нь цохолт хийж, газрын даамалдаа даалгасан. Өөрийнх нь хүссэн  газар нь олгогдоогүй. Энэ нь зүй ёсны зүйл байна. Байгууллагын орц, гарц байсан учраас хажуу талд нь газар олгосон асуудал байна. Үүнийг зөвөөр ойлгох шаардлагатай гэж үзэж байна. 600 м.кв газрыг хүсэхдээ шууд олгож өгөөч гээгүй. Төлөвлөгөөнд тусгаж өгөөч. Төлөвлөгөөнд тусгасны дараа хуульд заасан журмын дагуу олгож өгөөч гэсэн байгаа юм. Маргаан бүхий захиргааны акт нь дуудлага худалдааны журмыг зөрчсөн байна гэсэн. Захирамжийн агуулга Н.ад холбогдох хэсгийг хүчингүй болгосон байгаа юм. Тухайн захирамжийн агуулга Н.ад чиглэж байгаа зориулалтын дагуу ашиглаагүй байна. Дуудлага худалдаанд оруулаагүй байна. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэсэн заалтаар Н.ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна. Шууд утгаараа Н.ад чиглэсэн захиргааны акт байна. Н. дуулга худалдаанд оролцох эрх бүхий этгээд мөн үү гэсэн асуудал яригдаж байна. Н. энэ газрыг өөр зохицуулалтаар буюу өвлөх эрхийн дагуу авсан.   Анхны газар эзэмших эрхтэй холбоотой үүргээ сумын Засаг даргыг биелүүлээгүй байна гэж харж байна. Дуудлага худалдаа зарлах эрх болон төлөвлөгөөнд тусгах эрх нь байсан. Төлөвлөгөөндөө тусгасан юм байна. Харин дуудлага худалдаа явсан эсэх нь тодорхойгүй байна. Анхны газар эзэмшигч нас барсан. Өвлөх эрх нээгдэж байна. Энэ нь давхар агуулгатай байна. Нотариатын асуудал яригдана. Нотариатын үйлдэл дээр шүүхийн журмаар өөр маргааны асуудал яригдана. Өөрөөр хэлбэл Н.ын гэрчилгээг хүчингүй болгохын тулд өв залгамжлалын гэрчилгээ нь хүчингүй байх ёстой. Хүчингүй болгохын тулд хууль хяналтын байгууллагаар шалгагдаад эсвэл өөр газар эзэмшигч хүсэлт гаргах ёстой. Нотариатын үйлдэлд захиргааны хэргийн шүүхэд хандаад энэ нь хууль журмын дагуу шийдэгдэж хүчингүй болсны дараа газар эзэмших эрхийг хүчингүй болгох асуудал яригдана. Эзэмших захирамж хүчинтэй байна. Нотариатын үйлдэл гэрчилгээ нь хүчинтэй байна. Гэтэл Н.ыг дуудлага худалдаанд ороогүй байна гэж хүчингүй болгож байгааг хүлээн авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүрэн дэмжиж байна гэв.  

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Аймгийн ******* 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамжаар иргэн Д.ид Улиастай сумын багийн Шагж аваргын дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах газрыг худалдаа нийтийн үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Мөн аймгийн ******* 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/510 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.ад залгамжлалын журмаар шилжүүлсэн байна. Улмаар аймгийн ******* 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамжаар иргэн Н.ын газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг хүчингүй болгосон байна. Ингэж хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 33 дугар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Мөн газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6, 40.2, 40.4 дахь заалтуудыг үндэслэсэн байна. Эндээс хамгийн гол асуудал нь газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт хамаарч байна. Тухайн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох хуулийн заалтыг зөрсөн байна. Монгол улсын иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно, 527.2-д Өвлөгч ямар нэг нөхцөл заах буюу болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй, мөн 527.3-д заасны дагуу Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ гэж заасан байх тул тухайн газрыг дуудлага худалдааны зарчмаар аваагүй ч гэсэн өв залгамжлагчид мөн адил дуудлага худалдааны зарчмаар олгоогүй гэсэн шаардлага нэгэн адил үйлчлэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан төрөөс нийтийн эзэмшил газрыг анх авсан иргэн би биш, надад хамааралгүй, өвийн журмаар авсан гэж үзэж болохгүй юм. Тухайн газар нь дуудлага худалдааны зарчмаар олгогдохоор заагдсан байна. Таны эзэмшиж буй газар бусдын газартай ямар нэг хэлбэрээр давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Захирамж хүчингүй болгох мэдэгдэх хуудсыг аймгийн ******* тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан. Хүчингүй болсон захирамжийн хуулбарыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гардуулж өгсөн. Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тухайн газрын зориулалтыг амралт зугаалгын бүс, хүүхдийн парк гэж тодорхойлсон байна. 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй гэдэг нь харагдаж байна. Иймд аймгийн ******* 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/317 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна ...гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2-д заасан үндэслэл нь өнөөдрийн маргаантай ямар ч холбоогүй байна гэж харж байна. Хамгийн гол нь газрын дуудлага худалдаа явагдаагүй гэсэн үндэслэл байгаа юм. Монгол Улсын Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1.Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно, 527.2-д Өвлөгч ямар нэг нөхцөл заах буюу болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй, 527-д Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ гэж заасан байх тул тухайн газрын дуудлага худалдааны зарчмаар аваагүй нь өв залгамжлагч дуудлага худалдааны зарчмаар аваагүй гэсэнтэй нэгэн адил үйлчлэх юм байна гэж үзэж байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б. нь Завхан аймгийн ******* 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/317 дугаар захирамжийн Н.ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Завхан аймгийн ******* 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/317 дугаар захирамжийг нэхэмжлэгч Н.ад 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Захиргаа хууль зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С. гардуулж энэ талаар тэмдэглэл үйлдсэн ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргаснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг  хэтрүүлээгүй байна.

4. Итгэмжлэл шилжүүлэх эрхийн тухайд: Завхан аймгийн ******* 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/361 дүгээр захирамжаар Н.ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн д холбогдох захиргааны хэрэгт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.*******ийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан бүрэн эрхийг эдлэхээр итгэмжлэлд тусгайлан заасан байна. Төлөөлөгч Д.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2.7-д зааснаар “төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх” эрхийн хүрээнд тус газрын захиргаа хууль зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.д итгэмжлэлийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна.

5. Маргаан бүхий захирамж түүний үндэслэлийн тухайд: Завхан аймгийн ******* 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/317 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1 Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ыг үндэслэн  Завхан аймгийн ******* 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.ад шилжүүлэх тухай” А/510 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

5.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Завхан аймгийн ******* 2023 оны А/317 дугаар захирамжийн Н.ад хамаарах үндэслэл нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт ба тухайн газрыг дуудлага худалдааны зарчмаар олгох хуулийн заалтыг зөрчсөн гэх үйл баримтыг дурдаж иргэн /Д./-д аймгийн ******* 2020 оны А/378 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй, дуудлага худалдааны зарчмыг зөрчиж эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч Н. өвийн журмаар шилжүүлэн авсан нь түүнд хамаарах хуулийн зөрчил гэж тайлбарлаж байх тул энэ хүрээнд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй ба маргаан бүхий захирамжид дурдсан, хэргийн оролцогчдын маргаагүй бусад үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй байна.

5.2 Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг тодорхойлсон ба 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан ба Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын 5 дахь хэсгийн 2-т баг, хөл бөмбөгийн тоглоомын талбайн баруун хойд хэсэгт 0.1 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тусгасан байна.

5.3 Завхан аймгийн ******* 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/378 дугаар захирамжаар иргэн /Д./-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэсэн байх боловч дуудлага худалдаа явуулалгүйгээр Улиастай сумын багт газар эзэмших хүсэлт гаргасан иргэн /Д./-д худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 1000 м.кв газрыг баг, Шагж аваргын гудамж, ******* тоотод 15 жилийн хугацаатай эзэмшүүлснээр 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрхийн нэгж талбарын ******* дугаар бүхий гэрчилгээ олгосон нь тус шүүхийн үзлэгийн хүрээнд авагдсан маргаан бүхий газрын байршилтай тохирч байна.

5.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн газрыг иргэн /Д./-д аймгийн ******* 2020 оны А/378 дугаар захирамжаар дуудлага худалдаагүйгээр эзэмшүүлсэн, ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж аймгийн ******* 2022 оны А/510 дугаар захирамжаар Н.ад өвийн журмаар шилжүүлэн эзэмшүүлсэн уг газрыг анхнаасаа дуудлага худалдаагаар олгогдоогүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон гэж тайлбарлаж байх боловч дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй байхад дуудлага худалдаагаар олгох ёстой байсан гэх үндэслэлээр анхдагч газар эзэмшигчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг өвийн журмаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцэхгүй байна.

5.5 Учир нь маргаан бүхий газрыг эзэмших эрх анх 2020 онд иргэн /Д./-д Завхан аймгийн ******* захирамжаар үүсэж 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч гэрээ байгуулагдсан, иргэн /Д./ 2021 онд нас барсан, нэхэмжлэгч маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2022 онд өвийн журмаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч газар эзэмших гэрчилгээ гаргуулж гэрээ байгуулсан, тухайн гэрээнд заасан зөрчил гаргаагүй, аймгийн ******* Н.ад өвийн журмаар газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон А/510 дугаар захирамж нь Газрын тухай хууль, тогтоомж зөрчсөн гэх нөхцөл байдал, мөн А/510 дугаар захирамжийн үр дагавраар аливаа этгээдийн газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.6 Өөрөөр хэлбэл анхдагч газар эзэмшигч иргэн /Д./-д аймгийн ******* 2020 оны А/378 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх үйл явц хууль бус болсон буюу дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн газрыг дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр ас эзэмшүүлснийхээ дараа дуудлага худалдаагаар эзэмшүүлэх байсан гэх үндэслэлээр анхдагч газар эзэмшигч /Д./-с нэхэмжлэгч Н.ад ******* 2022 оны А/510 дугаар захирамжаар өвийн журмаар шилжсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй үйлдэл нь учир шалтгааны хувьд зөрчилтэй, ******* А/378 дугаар захирамжид хамаарах үйл баримт, үр дагаврыг ******* А/510 дугаар захирамжаар эрх олгогдсон этгээдэд хамаатуулан хэрэглэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

5.7 Завхан аймгийн ******* 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.ад шилжүүлэх тухай” А/510 дугаар захирамж нь ..., Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэж газар эзэмшигч Д. нас барсан тул 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өвлөх эрхийн ******* тоот гэрчилгээг үндэслэн хууль ёсны өв залгамжлагч Н.ад маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 “Газар эзэмшигч нас барсан, ..., тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасантай нийцсэн байна.

Иймд Завхан аймгийн ******* 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/317 дугаар захирамжийн Н.ад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн ******* 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Захирамжийн холбогдох хүчингүй болгох тухай” А/317 дугаар захирамжийн Н.ад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР