Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/729

 

 

 

 

 

2021               8             05                                       2021/ДШМ/729

                                                       

 

Б.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хоролоо,

шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор К.Чимгээгийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр Б.Цд холбогдох 1910027370343 дугаартай эрүүгийн хэрэг болон шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэсэн эрүүгийн 2006 02705 0073 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тайж овгийн Бийн Ц, 1958 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 17 дугаар гудамжны 28 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЧА58121009/;

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Д, А.А, Г.У нараас тус бүр 5.000.000 төгрөгийг залилан авч, бусдад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт Бийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Б.Цд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цгээс 4.048.000 төгрөгийг хохирогч Ц.Дт, 4.435.800 төгрөгийг А.Ад, 5.230.000 төгрөгийг Г.Уд тус тус гаргуулан олгож, хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Цд сануулж шийдвэрлэжээ.

Прокурор К.Чимгээ бичсэн дүгнэлтдээ: “...Яллагдагч Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний хооронд “Бүгд найрамдах солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Д, А.А Г.У нараас тус бүр 5.000.000 төгрөгийг залилан авч, бусдад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийтгүүлсэн байдаг. Иймд яллагдагч Б.Цд холбогдох Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Цд холбогдох эрүүгийн 1910027370343 дугаартай хэргийг эрүүгийн 2006027050073 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулах үндэслэлээр прокурорт буцаалгаж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Д.Хоролоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор К.Чимгээгийн бичсэн дүгнэлтийг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Цд ял шийтгэл оногдуулах нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байгаа учраас прокурорын бичсэн дүгнэлттэй санал нийлж байна. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Ц нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолоор 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний хооронд “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Д, А.А, Г.У нараас тус бүр 5.000.000 төгрөгийг залилан авч, бусдад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цд хорих  ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хүчин чадал, ач холбогдлыг эргэн хөнддөгөөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд бүрэн нийцсэн байхын зэрэгцээ мөн хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмыг чанд баримтлахыг шаардсан онцгой ажиллагаа байдаг.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл, шалгуур, хамрах хүрээ, илрэх хэлбэр, хүрэх үр дүн, гарах үр дагаврыг хууль зүйн хувьд нэг бүрчлэн хуульд тодорхой заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг хэлбэрэлтгүй тогтоох чухал баталгаа болж өгдөг.

Хэргийг сэргээн шалгах үндэслэлд нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч тухайн үед мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна.

Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадах учиртай.

Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцэд нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.

Б.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Солонгос улсын виз гаргана гэж иргэн Э.Балжиннямыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах,

2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янмал” оймсны үйлдвэрийн оффисын байранд Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргана гэж иргэн С.Номинг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөгийг бэлнээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогдон Баянзүрх дүүргийн прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд “...Б.Цд холбогдох өмнөх шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэрэг болон одоо шүүхэд шилжиж ирсэн хэргүүд нь цаг хугацааны хувьд ойролцоо үйлдэгдсэн, сүүлд илэрсэн 2 үйлдэл нь өмнө шийтгүүлсэн 3 үйлдлийн өмнөх болон дундах хугацаанд хамаарч, бүгд нэг аргаар үйлдэгдсэн байгаагаас үзэхэд, дээрх 5 үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй бөгөөд нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ. ...” гэж дүгнэжээ.

Энэ нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн гэж үзэхээр байна. 

Б.Цгийн дээрх бүх үйлдлүүд нь нэг зүйл, хэсгээр зүйлчлэгдэхээр байх тул тэнссэн шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл бүрдээгүйн улмаас ял оногдуулах, нэмж нэгтгэх боломжгүй бөгөөд залилах гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасан нөхцөлд хамаарч байна гэж үзэв.

Иймд прокурор К.Чимгээгийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн 1910027370343 дугаартай, 2006 02705 0073 дугаартай хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Цд холбогдох эрүүгийн 1910027370343 дугаартай, 2006 02705 0073 дугаартай хэргүүдийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурор К.Чимгээгийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг хүлээн авсныг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ