Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2024/00087/И |
Дугаар | 137/ШШ2024/00098 |
Огноо | 2024-04-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 137/ШШ2024/00098
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Ул хот Х дүүрэг, ........ дугаар хороо ......хотхон ..... байр .... тоотод оршин байрлах, “Г” ХХК /улсын бүртгэлийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум дугаар баг гудамжны тоотод оршин суух, Б овогт Б.Б -д холбогдох
“Зээлээр худалдан авсан түлшний төлбөр 5,196,000 төгрөг, алданги 2,598,000 төгрөг нийт 7,794,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Иргэн Б.Б хүсэлтийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний 23-558 тоот “Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-г 9-н сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авсан болно. Гэтэл иргэн Б.Б нь тус компанийн “Замын-Зуур-2” ШТС-аас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө 5,196,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн Б.Б холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба Б.Б нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд Б.Б 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө 5,196,000 төгрөг, энэхүү “Зээлийн гэрээ”-ний 2.3-д заасны дагуу алданги /50 хувьд нийцүүлэн тооцов/ 2,598,000 төгрөг нийт 7,794,000 төгрөг гаргуулах маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: “...Миний бие Б.Б нь Г ХХК-ийн нэхэмжилсэн 7,794,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлээр худалдсан түлшний төлбөр 5,196,000 төгрөг, алданги 2,598,000 төгрөг нийт 7,794,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага түлшний төлбөр 5,196,000 төгрөг, алданги 2,598,000 төгрөг нийт 7,794,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,660 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 139,660 төгрөгийн төлөх хувиас 50 хувь хөнгөлж 69,830 төгрөгийг, төрийн сангаас 69,830 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б холбогдох зээлээр худалдан авсан түлшний мөнгө 5,196,000 төгрөг, алданги 2,598,000 төгрөг нийт 7,794,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 69,830 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 69,830 төгрөгийг хариуцагч Б.Б тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н