Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/730

 

 

 

 

 

2021             8             05                                          2021/ДШМ/730

                                                           

 

     Б.Дд холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Ө.Б,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ды гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 0266 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржгин овгийн Бгийн Д, 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял,

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд иргэн Ө.Бгийн нүүр тус газар цохиж, эрүүл мэндэд нь 2 шүдний булгаралт, уруулд язралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2021 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баялаг дэлгүүрийн орчим иргэн Ө.Бийн хоолойг үүрч явсан цүнхний оосроор нь боо газарт унагааж, цээж дээр нь хөлөөрөө гишгэж, улмаар түүний үүрч явсан жижиг цүнхийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржгин овогт Бгийн Дыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар, хүч хэрэглэж довтлон дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Ды цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч Ө.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Даас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх надад ял оногдуулахдаа хэргийн зүйлчлэлийг буруу тогтоож, хохирогч Ө.Бийн өгсөн мэдүүлэг нь нотолгооны ямар ч баримтаар тогтоогдохгүй байхад түүний “...миний хоолойг үүрч явсан цүнхний оосроор боон газарт унагааж, цээжин дээр хөлөөрөө гишгэж, үүрч явсан жижиг цүнхийг дээрэмдсэн. ...” гэх мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед аюултай нөхцөл байдал, гэмтэл бэртэл учраагүй. Хэрэг гарсан өдрөө хохирогчийг эмчийн үзлэгт оруулаагүй. Хоолойн хэсэгт улайлт, ором үүссэн зэрэг нөхцөл байдал огт тогтоогоогүй зэрэг нь хохирогчийн “...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, ямар ч гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэгтэй зөрчилдөж байгааг шүүх тогтоож хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ө.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эмчилгээ хийлгэсэн баримт болон эмнэлгийн тодорхойлолтыг авч ирсэн. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ө.Бгийн хувьд хохиролтой холбоотой баримтаа иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан учраас иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. Шүүгдэгч Б.Ды хувьд, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгч Б.Д нь тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, хоолойг нь боосон зэрэг нөхцөл байдлуудаа үгүйсгэдэг. Хохирогч Ө.Б, түүний хүү Гантөмөр нарын өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Тухайн дээрмийн гэмт хэргийг үйлдэж, эд зүйлийг нь авч зугтаагаагүй бол шүүгдэгч Б.Д 2-3 айлын хашаа дамжин зугтах шаардлагагүй байсан. Цагдаагийн байгууллагаас дуудлага авч очиход айлын амбаар дээр гарч нуугдсан байдалтай байж байсан. Тэгэхээр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч  Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд иргэн Ө.Бгийн нүүр тус газар цохиж, эрүүл мэндэд нь 2 шүдний булгаралт, уруулд язралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

2021 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баялаг дэлгүүрийн орчим иргэн Ө.Бийн хоолойг үүрч явсан цүнхний оосроор нь боон газарт унагаж, цээж дээр нь хөлөөрөө гишгэж, улмаар түүний үүрч явсан жижиг цүнхийг авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ө.Бийн “...Би Эркагийн гэрт байсан танихгүй залууг “явъя” гэж хэлээд гэрээс авч гараад гэр рүүгээ харихаар явж байтал гэнэт тэр залуу намайг нарийн гудамжны аман дээр миний жижиг цүнхний оосроор хоолойг боосон. Би тухайн үед бага зэрэг уучихсан байсан болохоор амархан газарт унасан. Намайг газарт унасан байхад тэр залуу миний цээж дээр хөлөөрөө гишгэж байгаад жижиг цүнхийг татаад аваад зугтаачихсан. ...” /хх 22-23/,

хохирогч Ө.Бгийн “...2020 оны 10 дугаар сарын 03-нд найз нартайгаа Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах +25 нэртэй бааранд ороод үйлчлүүлээд пиво уугаад сууж байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирэхэд манай ширээний хажууд нэг танихгүй залуу очсон байхаар нь би “юун залуу вэ, явчих” гэхэд цаанаас нь саарал хувцастай залуу ирээд миний үүдэн шүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Уг залууг Д гэж байсан. Эрүүлжүүлэхэд оруулсан. 180.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. ...Намайг хиймэл шүд хийлгэх шаардлагатай гэсэн, одоогоор хийлгэж чадаагүй байна. ...” /хх 16-17/,

гэрч Б.Гантөмөрийн “...23:30 цагийн үед манай аав гэртээ хүнд дээрэмдүүлчихлээ гээд хувцас нь шороо болсон байдалтай орж ирсэн. Цүнх болон цүнхэнд байсан эд зүйлсийн хамт аваад явчихсан гэж хэлсэн. ...Ганцаараа нөгөө залууг хайгаад хойд гудамжаар явсан. Тэгтэл төв засмал замын урд талын гудамжинд аавын цүнхийг барьчихсан, төв зам руу гарах гээд нөгөө залуу явж байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод “та яагаад хүний эд зүйл дээрэмдээд явчихаж байгаа юм” гээд хэлтэл үг хэлэлгүй намайг түлхээд 626 дугаартай хашааг даваад орчихсон. ...Цагдаагийн бүрэлдэхүүн ирсний дараа эрүүгийн мөрдөгч Ганбаяр, аавын дүү Өнөбат бид гурав 625 тоот хашаан дээр очиход хашааны хажуу талын нүүрсний амбаар дээр нөгөө залуу хэвтэж байсан. ...” /хх 24-25/,

гэрч М.Алтанцэцэгийн “...Цэнхэр цамцтай залуу манай ширээн дээр ирээд юм яриад  байсан. Цаанаас Б ирээд уг залууг “яв” гэсэн. Тэгэхэд цаанаас нь өндөр залуу ирээд Бгийн уруул хэсэгт нэг удаа цохисон. ...” /хх 19/,

шүүгдэгч Б.Ды яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухаарч байгаа. ...” /хх 165-166/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “...Ө.Бгийн биед 2 шүдний булгаралт, уруул  язралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх 2 шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх 12307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 140-141/,

 “Дамно” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №БЗДЗ-21-60 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43-44/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 58-59/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар, хүч хэрэглэж довтлон дээрэмдэх тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Д нь хохирогч Ө.Бийн хоолойг үүрч явсан цүнхний оосроор нь боож, газарт унагаан, цээж дээр нь хөлөөрөө гишгэж, улмаар түүний үүрч явсан жижиг цүнхийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн, хохирогч Ө.Бгийн нүүр тус газарт цохиж, эрүүл мэндэд нь 2 шүдний  булгарал, уруулд язралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байх тул шүүгдэгч Б.Ды гаргасан “...хохирогчийг боосон гэх үйл баримт тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Ө.Бг энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсан байх тул хохирогч Ө.Бгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хохирлын баримтыг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Д нь өмнө Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар түүний эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийг өршөөн хэлтрүүлсэн баримт /хх 147, 61/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Дыг өршөөлд хамааруулах үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.Ды өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 166 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ды гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Д нь энэ өдрийн байдлаар 166 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ