Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/64

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яргуй овгийн Ц-ы Б-д холбогдох эрүүгийн 1717000350016 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Завхан суманд 1993 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хорио цээрийн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 6 дугаар баг, Бор-Ухаа гэх газар оршин суух, /ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хангайн 47 дугаар гудамж 14Б тоот/ улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Яргуй овгийн Цогтсайханы Банзрагч /РД:ОГ93072113/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор-Ухаа” гэх газар иргэн О.О-той маргалдан түүний баруун мөрөн тус газар өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор-Ухаа” гэх газар иргэн О.О-той маргалдан түүний баруун мөрөн тус газар өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ц.Банзрагч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэх мэдүүлэг

 

1.2. Хохирогч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

…Сүмбэр сумын 6 дугаар баг Бор-Ухаа гэх газар Цогийн хороон дээр бууц гаргахаар очсон. Манай нөхөр Б, Ц-гийн хүү Б, Аялгуу нар нэрмэл архи уусан. Тэгээд Б-аа нь манай нөхөр Б-тай муудалцсан. Тэгэхээр нь би больцгоо амарцгаа гэж хэлсэн чинь намайг доромжлоод байхаар нь чи ээж шигээ хүнийг яагаад доромжлоод байгаа юм гэж маргалдаж байгаад Б-аа Аялгуу нар малаа ялгана гээд явсан. Тэгээд шөнө 23 цагийн орчим манай нөхөр хүү бид 3-ыг өвөлжөөний вагончиг дотор унтаж байхад Б А нар дахиад 10 литр нэрмэл архитай ирсэн. Тэр 3 хамт ууж байхад Б-аа намайг дахиад хэл амаар доромжлоод байхаар нь би нөхрийнхөө бакалан гутлыг Банзг аа руу аваад шидсэн чинь түүний нүүрэн тус газар нь оносон. Тэгсэн Б-аа босож ирээд намайг элдвийн үгээр доромжлоод миний баруун талын цээж, эгэм рүү хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед ухаан алдаад уначихсан байсан. Сэрэхэд миний баруун гар даагдахгүй болчихсон байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

1.3. Гэрч З.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би эхнэр О хүү Д нарын хамт 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Ухаа гэх газар Цогоо гэдэг айлын хорооны хөрзөн ховхолж байхад Ц-ийн хүү Б, А нар малаа ялгачихаад ирсэн. Тухайн үед 19 цаг болж байсан. Тэр 2 ирэхдээ 2 литр нэрмэл архи авчирсан. Түүнийг уугаад дуусгаад Б Аялгуу 2 буцаж гараад 10 литр нэрмэл архитай ирсэн. Тэрнийг ууж байхад Банзрагч бид 2 хөрзөнгөөс болж муудалцсан юм. Тэгээд би машины өндөрлөгөөн дотор ороод унтсан. Тэгтэл Б гадуур үглээд яваад байхаар нь манай эхнэр О түүнийг унт гэж хэлсэн чинь хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн эхнэр О миний тайлаад тавьсан байсан бакалан гутлыг аваад Б руу шидсэн. Тэгээд байж байхад А О эгч ухаан алдчихлаа гэхээр нь гарсан чинь манай эхнэр газар уначихсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ 2.5 литр нэрмэл архи аваад Банзрагчийн хамт тэдний хороон дээр байсан малчин Б-д очсон. Тэгээд Банзрагч Баярсайхан бид 3 авчирсан нэрмэлээ уусан. Тэгээд Б бид 2 малаа харахаар яваад буцаж ирэхдээ дахиад 10 литр нэрмэл архи аваад хороон дээр ирж Б-тай уусан. Тэгээд би согтоод унтсан. Хүмүүс том дуугараад байхаар нь сэрсэн чинь Б, Б нар маргалдаж байсан. Тэгээд би боль гээд тэр хоёрын голоор орж салгасан. Тэгтэл Б-ны эхнэр Б руу дайрсан ба Б Б-ны эхнэрийг гараараа баруун талын мөр лүү нь түлхэх шиг болсон харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Тэгтэл эхнэр нь газар унасан. Б-ны эхнэр нь хүүхдийн хамт ингэж байж чадахгүй явлаа гээд явган явсан ба удалгүй араас нь Б Б бид 3 очиж авчирсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/

 

1.5. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 323 дугаартай дүгнэлтэд: 

- О.О-ын биед тархи доргилт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал баруун мөрөнд цус хуралт гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/

 

1.6. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийг байцаасан тэмдэглэлд:

Дээрх О.О-д учирсан тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, О.О-д үүссэн тархи доргилт нь баруун мөрөнд хөлөөр өшиглөх болон гараар цохиход үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/

 

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч Г.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б миний ач байгаа юм. Хөдөө аж ахуйн сургууль төгссөн. Сургуульд сайн сурдаг байсан. Ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй, миний хажууд архи тамхи хэрэглэдэггүй. Сая эхнэр нь төрөөд ам бүл гурвуулаа амьдарч байгаа гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/

 

2.2. Гэрч М.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б бид хоёр 2016 онд танилцсан. Сая бид 2 анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Миний хань төлөв даруу зантай, өөртөө итгэлтэй, юманд шургуу ханддаг, шудрага зантай, архи уухаараа ямар нэг ааш зан гаргадаггүй шууд унтчихдаг юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Яргуй овгийн Ц-ны Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ба-д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ