| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00159/И |
| Дугаар | 137/ШШ2024/00148 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 137/ШШ2024/00148
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг ..... хороо, .......... тоотод байрлах З.С.Г ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар ........., регистрийн дугаар ......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын ....дүгээр баг, ......... тоотод оршин суух, Х овогт А.З /РД:.........., утас:........../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,319,841.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.С.Г ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЗЗ.С.Г ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. А.З нь 2023 оны 11 сарын 19-ний өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/2023/0101130101001518 тоот “Зээлийн гэрээ” байгуулж 2,150,000 төгрөгийг зээлж, 1 ширхэг “IPHONE 11 PRO” загварын гар утас”-ыг “Ант онлайн молл” ХХК-аас авсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийн хэртэл зээлэндээ нийт 217,000.00 төгрөг төлсөн ба 2024.01 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 128 хоног алдалттай байна. Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг “Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь”-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 “зээл зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө” Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.” тус тус заасныг ноцтой зөрчиж байна. Улмаар зээлдэгч нь өнөөдрийн байдлаар /2024.05.24/ үндсэн зээлийн үлдэгдэл 1,993,775.78 /нэг сая есөн зуун ерэн гурван мянга долоон зуун далан таван төгрөг далан найман мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн өр 301,047.77 /гурван зуун нэг төгрөг дөчин долоон мянган төгрөг далан долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,018.38 /хорин таван мянга арван найман төгрөг гучин найман мөнгө/ төгрөг нийт 2,319,841.93 /хоёр сая гурван зуун арван есөн мянга найман зуун дөчин нэгэн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болсон байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч Зөгий санхүүгийн групп ББСБ нь дээрх төлбөрийн үлдэгдэлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдийн томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.
Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,993,775.78 /нэг сая есөн зуун ерэн гурван мянга долоон зуун далан таван төгрөг далан найман мөнгө/ төгрөг, үндсэн хүүний өр 301,047.77 /гурван зуун нэг мянга дөчин долоон төгрөг далан долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,018.38 /хорин таван мянга арван найман төгрөг гучин найман мөнгө/ төгрөг нийт 2,319,841.93 /хоёр сая гурван зуун арван есөн мянга найман зуун дөчин нэгэн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг болон зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А.З нь З.С.Г ББСБ ХХК-аас 2,319,841.93 төгрөгний Iphone 11 pro загварын гар утас авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 2,319,841.93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.С.Г ББСБ ХХК нь хариуцагч А.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,319,841.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.З нь зээлийн гэрээний үүрэг 2,319,841.93 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч А.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.С.Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,319,841.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.З нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 52,067.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 26,033.7 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 26,033.7 төгрөгийг хариуцагч А.З-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ