Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1523

 

 

А.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдуламыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1036 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1708 02843 1083 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 6 сарын баривчлах ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар нэмж нэгтгэн нийт 4 сар 10 хоногийн баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 655 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ял шийтгүүлж ял эдэлж байгаа,

Б.Бнь 2017 оны 8 дугаар сарын 5-наас 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл болох “А.Халхын хар” гэх нэртэй фэйсбүүк хаягаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ц.Дйг “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл урьдчилгаа төлбөртэйгөөр худалдахаар тохиролцон хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 84-6а тоотоос иргэн Ц.м5 удаагийн үйлдлээр интернет банкаар нийт 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.А биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 1 сар 18 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аоногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бдавж заалдах гомдолдоо: “... Амаржаргал овогтой Анхбаяр миний бие 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Уг гэмт хэрэг дээр маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа болно. Хүсэлт гаргах болсон шалтгаан нь миний бие 2017 онд ял авсан, уг ял минь дуусаагүй явж байгаа боловч шинээр үйлдэл нэмэгдэн 6 сарын хорих ял нэмүүлсэн. Шинээр үйлдэгдсэн гэмт хэрэг нь 2017 оны хэрэгт нэмж нэгтгүүлж чадаагүй болохоор ахин шийтгүүлсэн. Миний бие нь 2017 оноос хойш өөхөн эдийн хавдартай болсон. Мөн ар гэрийн байдал минь хүнд, хэцүү байгааг харгалзан үзэж 2017 онд шийтгүүлсэн үндсэн ялыг минь дууссаны дараа шинээр гарч ирсэн үйлдэлд минь ял оногдуулж өгнө үү хэмээн хүсэлт гаргаж байна. ...” гэжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Бнь 2017 оны 8 дугаар сарын 5-наас 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл болох “А.Халхын хар” гэх нэртэй фэйсбүүк хаягаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ц.Дэлгэрмөнхийг “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл урьдчилгаа төлбөртэйгөөр худалдахаар тохиролцон хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 84-6а тоотоос иргэн Ц.м5 удаагийн үйлдлээр интернет банкаар нийт 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Оюунхишигийн “...Хүү Дэлгэрмөнх фэйсбүүкээр машин үзэж байгаад нэг хүнээс машин худалдаж авахаар болсон. Тухайн үед Дэлгэрмөнх дүү болох Мөнх-Эрдэнийн тусламжтай Мөнх-Эрдэнийн дансаар машин зарна гэсэн хүний данс руу нийт 4.900.000 төгрөгийг гэрээсээ шилжүүлсэн...” /хх 109/,

гэрч Ц.Мөнх-Эрдэнийн “...Би нийтдээ 4.900.000 төгрөг шилжүүлсэн. Анхбаяр дараа нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2 сая төгрөг Отгонцэцэг буюу манай бэр эгчийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Анхбаяр хэлэхдээ машин нь бүтэх гээд байна торгуулийн мөнгө гээд мөнгө дутаад байна, над руу буцаагаад 500.000 төгрөг явуулчих гэхээр нь буцаагаад 500.000 төгрөгийг Анхбаярт шилжүүлсэн...” /хх 130/,

гэрч Ч.Цолмонгийн “...Дэлгэрмөнх “лизингээр Приус-20 загварын машин авна, эхнэрийн зээлийг аваад урьдчилгаа 5 сая төгрөг Хаан банкны дансаар шилжүүлсэн” гэж хэлсэн...” /хх 54-55/,

гэрч Ц.Мөнх-Эрдэнийн “...Анхбаяр гэж танилцуулаад, “Би Замын-Үүдийн хил дээр байна, хэдэн төгрөгийн хэрэг болоод байна, нэг машинаа хямдхан зарах гээд байна, надад одоо 3.800.000 төгрөгийн хэрэг болоод байна, чи энэ мөнгийг өгчихвөл нэг машиныг сонгоод 9.000.000 төгрөгөөр ав, би 14 хоноод очно” гэхэд би “манай ахад 5.000.000 төгрөг байгаа” гэсэн чинь “үлдэгдэл 4.000.000 төгрөгөө хувь лизинг хийгээд авч болно” гэсэн...” /хх 62-63, 130/,

гэрч Б.Буянзаяагийн “...40 орчим насны эрэгтэй хүн “ах нь дансаар чинь дамжуулаад мөнгө авчих уу, картаа үлдээчихсэн байна” гэхээр нь би дансаа хэлээд мөнгө орж ирэхээр нь картаа өгсөн. Тэр хүн нэг хүнтэй утсаар яриад миний дансыг тэр хүндээ өгч байсан...” /хх 56-57/,

гэрч Г.Ууганчимэгийн “...Миний Хаан банкны 5100199877 гэсэн дугаар картыг Анхбаяр хэрэглэдэг байсан...” /хх 71-72/,

гэрч Г.Дашнямын “...5114247693 дугаартай Хаан банкны данс миний нэр дээр байдаг. 2017 онд Анхбаяр ах надаас “банкны картаа өгөөч, хүнээс мөнгө аваад өгье” гэж хэлж байсан. Тэгээд би нэг удаа хүнд ашиглуулж байсан...” /хх 132/,

шүүгдэгч А.А яллагдагчаар өгсөн “...Ц.м, Ц.Дэлгэрмөнх нартай биечлэн уулзаж байгаагүй, утсаар холбогдож байсан. Ц.ммобайл банкаар нийтдээ 4.000.000 төгрөг авч байсан. Би үүнээс авч 2.500.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлгүүд /хх 155-157/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ч.Цолмонгийн өргөдөл /хх 30-32/,

банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-36-43/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч А.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс А.Анхбаярыг “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Анхбаярыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 1 сар 18 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Бнь “... Миний бие нь 2017 оноос хойш өөхөн эдийн хавдартай болсон. Мөн ар гэрийн байдал хүнд, хэцүү байгааг минь харгалзан үзэж 2017 онд шийтгүүлсэн үндсэн ялыг минь дууссаны дараа шинээр гарч ирсэн үйлдэлд минь ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

“Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын 2-т заасан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад “Өөхөн эдийн хавдар” гэх өвчин багтаагүй, энэ өвчний талаарх холбогдох баримт, эмнэлэг-хөдөлмөр магадлалын комиссоос гаргасан дүгнэлт зэрэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч А.А гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэмт буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А үйлдэл нотлогдон тогтоогдсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.А үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 36 дугаар тогтоол, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 81 дугаар тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 821 дугаар яллах дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1036 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1036 дугаар шийтгэх тогтоол зэрэгт хохирогч “Ц.Дэлгэрмөнх”-ийг “Ц.Мөнхдэлгэр” гэж буруу бичиж, хайнга хариуцлагагүй алдаа гаргасан байгааг хойшид анхаарвал зохино.

            Иймд шүүгдэгч А.А гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1036 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1036 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН  

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ