Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/731

 

 

 

 

 

 

2021               8             05                                          2021/ДШМ/731                     

 

 

     Ц /С/-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

                                                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Ц /С/, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, орчуулагч Ц.Цэрмаа,

хохирогч Ц.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Б.Оюунсүрэн, Ц.Батзориг нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц /С/-д холбогдох эрүүгийн 2008003691593 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц /С/, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанси хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн дугаар: ..., гадаад паспортын дугаар: .../;

Шүүгдэгч Ц /С/ нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” түүхий эдийн зах дээр иргэн Ц.Нтэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, газар унахад нь хөлөөрөө өгзөг рүү өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун чамархайн хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц /С/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц /С/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц /С/-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц /С/ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц /С/-оос 270,000 төгрөгийг хохирогч Ц.Нт төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Н нь нэхэмжилсэн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц /С/-оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 110,000 төгрөгийг шүүгдэгч Ц /С/-оос гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц /С/-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдолдоо: “... миний үйлчлүүлэгч Ц /С/-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “... шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Гэтэл уг эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор нь хэт нэг талыг барьж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан талаар: Тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 344 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий прокурорын тогтоолоор тус хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Уг дүүргийн Ерөнхий прокурорын шийдвэрийг миний үйлчлүүлэгч Ц болон өмгөөлөгч надад мөрдөгч болон прокурорын зүгээс танилцуулаагүй. Хэрэв уг тогтоолыг танилцуулсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах”, мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу дээд шатны прокурорт Ц болон өмгөөлөгч миний бие гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл уг тогтоолыг танилцуулаагүй тул Ц болон өмгөөлөгч миний гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас мэдүүлэг аваагүй орхигдуулсан, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Уг хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоож чадаагүй, хэт нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хавтаст хэргийн материалтай танилцахад яллагдагч Ц нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгт хохирогч гэх Нийг зодоогүй, гар хүрээгүй, тухайн үед манай хамаатны дүү Хуй Фун, ченж Энхбаатар, эхнэр Алтаншагай нар байсан талаар мэдүүлдэг. Гэтэл дээрх этгээдүүдийг гэрчээр асууж тодруулаагүй. Оролцогчийн эрхийг хязгаарласан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болно. Тухайлбал, Цуй тао таогийн гэрчээр өгсөн: “2019 оны 12 дугаар  сарын 26-ны өглөө 09 цагт үйлдвэр дээрээ мах авахаар ирээд байж байтал гаднаас Н хүү Шинэбаяр 2 ирээд Н намайг үгийн зөрүүгүй турба төмөр бариад цохих гэхээр нь би зугтаасан чинь манай эхнэрийн нурууг цохиод авсан. Эхнэр шагай намайг аваад гарах үед би хиллэдэг хил дээр нь очтол Н миний хилийг аваад шидэх гэхээр нь тавиулж хилээ аваад газар тавиад тэндээс холдсон, намайг зодох гэхээр нь холдсон Нт гар хүрч зодоогүй харин Н миний хүзүүг маажсан, Шинэбаяр миний нүүрэнд гараараа цохисон. ...тухайн үед манай хамаатны дүү Хуй фун байсан, ченж Энхбаатар болон хэд хэдэн ажилчин байсан” гэх мэдүүлэг /хх-28, 81 х/, Цуй тао таогийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өглөө тухайн үед Алтаншагай байсан, хөлдөөгч дотор махны ченж Энхбаатар байсан /утас нь 99182441/, хөлдөөгч дотор мах буулгаж байсан ажилчид байсан, Нийн биед гар хүрсэн удаа байхгүй. Намайг Хятад хүн гэдэг утгаараа айлган сүрдүүлээд байгаа гэж бодож байна. Харин ч эсрэгээрээ миний биед гар хүрсэн. ..." гэх мэдүүлэг /хх-162-163х/ зэргээс тухайн хэрэг гарах үед ченж Энхбаатар, түүний хамаатны дүү БНХАУ-ын иргэн Хуй Фун, мах буулгаж байсан ажилчид байсан байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд дээрх ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх гэрч нарыг байцаагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно..." гэж заасан байдаг. Хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоохын тулд өмгөөлөгчийн зүгээс хяналт тавьж буй прокурорт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “дахин шинжээч томилох, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх ченж гэх Энхбаатарыг гэрчээр асуулгах” хүсэлт гаргасан. /хх-140-141х/, Уг хүсэлтийг хяналтын прокуророос хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №127 дугаартай прокурорын тогтоолоор өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. /хх-142х/ Гэтэл одоог хүртэл прокурорын тогтоол бүрэн биелэгдээгүй, гэрчээр ченж Энхбаатарыг асууж тодруулаагүй. Мөрдөгч нь прокурорын тогтоолыг хэрэгжүүлээгүй. Үүнд хяналтын прокурор нь хяналтаа тавьж чадаагүй өдийг хүрч байна. Иймд хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх гэрч Алтаншагай, БНХАУ-ын иргэн Хуй фун, ченж Энхбаатар нарыг гэрчээр асууж, прокурорын тогтоолыг хангуулах, хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай байна гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх прокурорын тогтоол биелэгдээгүй, оролцогчийн хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг хязгаарласан, гэрч нарыг асуугаагүй талаар өмгөөлөгчийн хэлсэн тайлбар дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолдоо дурдаагүй. Зөвхөн гэрч Төмөртогоогийн өгсөн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хохирогч “эх Н нь намайг толгой руу цохиж, өгзөг рүү өшиглөсөн” гэдэг бол гэрч Төмөртогоо нь “өгзөг рүү өшиглөсөн зүйл байхгүй” гэж хохирогчоос зөрүүтэй мэдүүлдэг. Гэрч Төмөртогоо нь хохирогч гэх Нийн нэг нутгийн хүмүүс бөгөөд Н нь анх Төмөртогоог авчирч Цгийн үйлдвэр дээр ажиллуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч гэх Нтэй хамаарал бүхий этгээд байдаг. Гэтэл хохирогч, гэрчийн дээрх зөрүүтэй мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зааж бичнэ” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн дээрх тайлбар дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, нотлох баримтыг дурдаагүй, дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1323 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шинжээч эмч Ц.Бадрал нь дүгнэлт гаргахдаа 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Натур эмнэлгийн КТГ зураг, 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн аарцагны КТГ зураг, 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн тархины КТГ зургийг үндэслэн дүгнэлт гаргасан байх бөгөөд уг шинжээч эмч Ц.Бадралын дүгнэлтээр иргэн Нийн биед гэмтэл тогтоогдоогүй байдаг. Гэтэл гомдол гаргаснаас хойш дахин 11 сарын дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийн биед дахин шинжээч томилж дүгнэлт гаргасан байдаг. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1335 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр "...Хохирогч Нийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Натур эмнэлгийн толгойн компьютер томографын зураг болон 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн толгойн МRI-ын зургуудыг дахин уншуулахад баруун чамархайн тархины эдэд нягтрал ихэссэн голомтлог цусан хураатай, тархилаг эд бага зэргийн хавантай, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан зэрэг өөрчлөлтүүд тогтоогдсон байна . “4 дэх хэсэгт” дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 43 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Нийн биед учирсан баруун чамархайн хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэж тус тус дүгнэлт гаргасан. Гэтэл сүүлийн 2 шинжээчийн дүгнэлт нь дүгнэлт гаргахдаа хохирогч гэх Нийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн КТГ-ын зураг болон 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн толгойн МRI-ын зургуудыг үндэслэсэн байдаг. Гэтэл тухайн хэрэг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн шинжээчийн дүгнэлт гаргах болсон нотлох баримт нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн МRI зураг болон. 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр авахуулсан КТГ-ын зургуудад үндэслэж гаргасан нь үндэслэлгүй, тухайн нотлох баримт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авагдаагүй байдаг. Түүнчлэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1335 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 43 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд Нийн биед баруун чамархайн хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл учирсан гэж дүгнэдэг. Гэтэл шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Энхбаяр нь “Нийн биед цусан хураа гэмтэл биш цус хуралт гэмтэл үүссэн. Энэ 2 гэмтэл нь өөр өөр гэмтлүүд гэж тайлбарладаг. Цусан хураа гэмтэл нь шингэн байдаг, цус хуралт гэмтэл нь эдгэрэлтээс шалтгаалдаг 14 хоногийн өмнө эдгэрч болдог" гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нь гаргасан дүгнэлтээ тайлбарлаж чадахгүй, цусан хураа, цус хуралт гэмтэл үү гэдгээ ялгахгүй эргэлзээтэй дүгнэлт гаргасан байхад хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 12 дугаар  сарын 26-ны өдөр миний үйлчлүүлэгч Ц болон түүний эхнэр Алтаншагай нар нь Н болон түүний хүү Шинэбаяр нарт зодуулсан гэж дуудлага өгч, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан байна. Энэ тохиолдолд тухайн гомдол мэдээллийг хэрхэн шийдсэн, зөрчлийн арга хэмжээ авсан бол хэнд ямар арга хэмжээ авсан талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай байхад хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт байхгүй. Мөрдөгч, прокурор хэт нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, прокурорын тогтоол биелэгдээгүй, тухайн үед байсан гэрч нарыг асуугаагүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоож чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 586 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг болгож хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц /С/-ийн өмгөөлөгч Ц.Батзориг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.  Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан “Нотолбол зохих байдал”-уудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэг учрал болсон гэх газар хохирогч Ц.Н, гэрч Б.Төмөртогоо нөхрийн хамт, Ц.Нийн төрсөн хүүхэд гэрч М.Шинэбаяр, шүүгдэгч Ц, түүний дүү Хуй Фен, хамтран амьдрагч эмэгтэй Н.Алтаншагай, ченж Энхбаатар, түүний ажилчид болох хэд хэдэн хүн байсан тухай Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтвортой мэдүүлдэг. Гэтэл дээрх этгээдүүдээс хохирогч Ц.Нтэй хамаарал бүхий этгээдүүд болох түүний хүү М.Шинэбаяр, хохирогч Ц.Н, гэрч Б.Төмөртогоо нараас мэдүүлэг авснаас өөрөөр хэргийн газарт байсан бусад этгээдүүдээс огт мэдүүлэг авахгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Дээрх үйл явдал нь эд хөрөнгийн маргаантай харилцаанаас үүдэлтэй ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн санаа зорилгоор мөрдөн шалгах ажиллагаанд оролцож гадаадын иргэний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэсэн санаа зорилго хохирогчийн талд байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн газарт байсан хэрэг учрал болсон эсэх талаар бодит мэдүүлэг өгөх боломжтой этгээдүүдээс мэдүүлэг авахуулахаар прокурорт хүсэлт гаргаж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр прокурор 127 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч мөрдөгч прокурорын тогтоолд заасан ажиллагааг хангаагүй, мэдүүлэг авбал зохих этгээдүүдээс мэдүүлэг авч болсон үйл явдал үнэн эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа явуулаагүй нь хэрэг хэт нэг талд шалгагдах шалтгаан нөхцөл болжээ гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Шийтгэх тогтоолд дурдсан гэм буруутай гэж үзэж буй нотлох баримтууд нь хохирогч Ц.Н, түүний нөхөр гэрч Д.Мягмар, төрсөн хүү М.Шинэбаяр, гэрч Б.Төмөртогоо нарын мэдүүлэг болон 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1335 дугаартай шинжээчийн дүгнэлт байдаг. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас хойш хохирогч эмнэлгийн байгууллагад очилгүй өөрийн нөхөр Д.Мягмараар толгойгоо бариулж гэртээ байсан гэх шалтгаан нөхцөл нь шинжээчийн дүгнэлтэд заасан хөнгөн хохирол учрах боломжтой байхыг үгүйсгэхгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч нар уг үйл явдлыг боломжтой ч гэж хариулдаг. Нөгөөтэйгүүр нэг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн мэдүүлэг, ашиг сонирхол бүхий гэрч Б.Төмөртогоогийн мэдүүлэгт хөтлөгдсөн. Эдгээр мэдүүлгүүд нь хэргийн газарт байсан бусад гэрчийн этгээдүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэх бүрэн боломжтой атал энэхүү ажиллагаа огт хийгдээгүй нь хэргийг бүрэн дүүрэн шалгаж чадаагүй, мухарлан шалгаагүй гэж үзэж байгаа тул дээрх ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь гэм буруугүй хүнд ял халдаахгүй байх явдал юм. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг тогтоогоогүй. Гэмт хэрэг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэх боловч уг өдөр шүүгдэгч, хохирогч нар уулзаж, түүнээс 1 хоногийн дараа буюу маргааш өдөр нь буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгийн маргаан болж хэрэг учрал болсон тухай асуудал яригддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар дээрх хугацааг 25-ны өдөр гэж тогтоосон гэдэг боловч мэдүүлэг болгоны 25 эсвэл 26 байсан уу гэдэг цаг хугацааг засварласан байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ хугацааг хохирогч, шүүгдэгч нар 26-ны өдөр байсан 25-ны өдөр уулзсан тухай хэлдэг. Миний үйлчлүүлэгч 25-ны өдөр Христийн төрсөн өдөр гээд найзуудтайгаа ресторанд хоол идсэн. Энэ өдрийн маргааш нь энэхүү маргаан болсон тухай шүүхэд мэдүүлэг өгдөг. Христийн төрсөн өдрийг Олон улсын хэмжээнд 12 дугаар сарын 25-ны өдөр болдог гэдгийг хэн бүхэн мэддэг билээ. Яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа”-г яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана гэдэг заалтыг хэрэгжүүлээгүй. Учир нь, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж 26-ны өдөр болсон үйл явдлаас 1 хоногийн өмнө мэт бичсэн нь яллах дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу бичигдээгүй гэж үзнэ. Хэргийн газрын нөхөн үзлэгийг хийж, туршилт явуулах, хэргийн газарт байсан гэх шүүгдэгчийн хамтран амьдрагч Н.Алтаншагай, төрсөн дүү Хуй Фен, ченж Энхбаатар, түүний ажилчид гэх хүмүүс, гэрч Б.Төмөртогоогийн нөхөр гэх этгээд зэрэг хүмүүсээс хууль сануулж мэдүүлэг авах, хэрэг учрал болсон өдөр хохирогч Ц.Н, түүний хүү М.Шинэбаяр нар шүүгдэгч Ц болон түүний хамтран амьдрагч н.Алтаншагай нарыг зодсон гэх асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл ногдуулсан гэх баримтуудыг зохих журмын дагуу хуулбарлан хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэснээр хэргийн үнэн зөв тогтоогдох боломжтой болох юм. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг тус тус ноцтой зөрчсөн. Иймд шүүгдэгч Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа нотлох баримтууд нь ашиг сонирхлын зөрчилтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц /С/-ийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны тодорхой, ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Шүүх “Хэргийн бодит байдлыг тогтоох” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зарчим алдагдсаныг анхаарч үзээгүй.  Тухайлбал, яллагдагч Ц мэдүүлэгтээ “...Махны ченж Энхбаатар, түүний ажилчид, хятад улсын 3 иргэн болсон явдлыг харсан. ...” гэжээ. Тухайн үед байсан, хэргийн эцсийн шийдвэрт ашиг сонирхолгүй Төмөртогоогоос гадна эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зарчимд нийцэх байжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүсээс гэрчээр мэдүүлэг аваагүй нь мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан зарчмаар явагдаагүй, хэт нэг талыг барьж явагдсаныг илэрхийлж байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд яг хажууд нь байгаагүй, тухайн үйл явдал болсон эсэхийг хараагүй гэр бүлийн гишүүдийн дамжмал мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Эдгээрээс дүгнэхэд илт нэг талыг барьж цуглуулсан, хангалттай бус нотлох баримтын хүрээнд буюу шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанчлан “дамжмал нотлох баримт”-д дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн зөрчил мөн. Шинжээчийн дүгнэлтийг гэм буруутайд тооцох гол нотлох баримт болгосон нь буруу. Учир нь, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийгэмд аюултай гэм буруутай «үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлсон. Гэтэл Цгийн яг ямар үйлдэл нотлогдсон, түүнийг зөвхөн Төмөртогоогийн мэдүүлэг дангаараа нотлох эсэх, мөн хэргийн эцсийн шийдвэрт ямар ч сонирхолгүй Энхбаатар болон хятад улсын 3 иргэнээс гэрчийн мэдүүлэг авахад Төмөртогоогийн мэдүүлэг батлагдах эсвэл үгүйсгэгдэх эсэх. Хэрэв үгүйсгэгдэх тохиолдолд Цгийн үйлдэл гэмт хэрэг болох эсэх гэсэн зайлшгүй дүгнэвэл зохих хууль зүйн асуудал, үр дагаварт шүүх огт дүгнэлт хийгээгүй нь байна. Мөн түүнчлэн Ц болон Н, тэдний гэр бүлийн гишүүдийн хооронд газар, үйлдвэрийн барилга, компанийн хувьцаа шилжүүлэх талаар эд хөрөнгийн маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тухай хохирогчийн мэдүүлэгт олонтоо дурдагддаг. Цг гэм буруутайд тооцуулж, Монгол улсаас албадан гаргуулах ашиг сонирхол байгааг дурдсаар байтал шүүх энэ үйлдэлд анхаарал хандуулаагүй. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ялангуяа мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй байхад нэг талыг барьсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр өөрөө “Хууль ёсны байх” шаардлагад нийцсэн эсэхэд эргэлзээ төрж байгаад анхаарна уу. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Цг цагаатгаж өгнө үү. . ...” гэжээ.

Хохирогч Ц.Нийн өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Cui Тао Тао нь 2019 оны 8 дугаар сард Сонгинохайрхан 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг, дээр нь баригдсан 240м2 сэндвичин байшингийн хамт иргэн Ц.Нийн хүү М.Шинэбаярт нотариатаар батлуулан А.Алтаншагай гэгч монгол эмэгтэйн нэрээс шилжүүлэн худалдсан байдаг юм. М.Шинэбаяр нь худалдаж авсан газар дээрээ 440м2 хэмжээтэй өргөтгөл барьсных нь дараа буюу тухайн оны 10 дугаар сарын сүүлч үеэс А.Алтаншагай нь газраа шилжүүлэхээ болилоо гэж дүүргийн газрын албанд мэдэгдээд улмаар шинээр баригдсан өргөтгөлийн барилгыг өөрийнхөө нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Мөн Cui Тао Тао нь А.Алтаншагайтай гэр бүл, эр эмийн харьцаатай байснаа нууж “гадаадын иргэнд газар олдохгүй учраас монгол хүний нэр дээр авсан миний газар, миний өмч хөрөнгө” гэж М.Шинэбаярт ойлгуулж худалдаа наймаа хийчихээд зарагдсан зүйлээ буцааж авах болохоор “Минийх биш Алтаншагайнх байсан учраас тэр уурлаад байна” гэж бодит байдлыг нууж байсныг М.Шинэбаяр, түүний эх Ц.Н нар хожуу мэдээд түүнээс хойш тэдний хооронд таарамжгүй харьцаа үүсч, улмаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр энэ асуудлаас болж хэрэлдэж маргалдаад салсан. Маргааш нь буюу 26-ны өдөр тухайн махны үйлдвэрийн оффиссын өрөөнд А.Алтаншагай “Би энэ хятад хүнээс жирэмслээд юу ч үгүй хоосон үлдчих гээд байна” гэж М.Шинэбаярт амьдралын зовлон бэрхшээлээ ярьж байх үед хөргөлтийн зоорины өрөөнд Cui Тао Тао, Н хоёр маргалдаж тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг юм. Тухайн үед зоорины өрөөнд тэр хоёрын дэргэд барилгын ажил хөлсөөр хийгээд ажлын хөлсөө бүрэн гүйцэд авч чадаагүй авлагатай байсан Төмөртогоо гэдэг эмэгтэй л байсан байх ба үйлдвэрийн хашаанд бол хэд хэдэн хятад монгол хүмүүс байсан гэдэг нь мөрдөн байцаалтаар ч, шүүхийн хэлэлцүүлгээр ч нотлогддог. Хэрүүл зодооныг нүдээрээ харж Нийг цохиулаад унасан газраас нь өргөж дэмнэн босгож, түшиж М.Шинэбаяр, А.Алтаншагай, Cui Тао Тао нарын байсан өрөө рүү авч орсон хүн нь Төмөртогоо. Энэ гэрч Нтэй болон Cui Тао Тао-тай ямар ч хамааралгүй болж буй асуудлыг хөндлөнгөөс харж байсан цорын ганц гэрч гэдэг нь тогтоогдсон. Харин Нийн хүү М.Шинэбаяр, нөхөр Мягмар нар нь тухайн асуудлыг дамжмал байдлаар гэрчилсэн байдаг. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдэх үед дэргэд нь харж байсан хөндлөнгийн хүн худал мэдүүлснээс үүсэх үр дагавар буюу худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээх ёстойг ойлгож, худал мэдүүлэхгүй гэдгээ баталж гарын үсэг зурж шууд гэрчилсэн гэрч байхад хашаанд байсан, болсон зүйлийг нүдээр хараагүй Энхбаатар болон Cui Тао Тао-д хамаатан садан хятад хүмүүсийн гэрчээр оролцуулбал нэг талд бэлтгэгдсэн гэрчүүд болохоор байх тул тэднээс мэдүүлэг авах шаардлагагүй юм. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хохирогч Нийн нөхөр, хүүгээс мэдүүлэг авсныг “нэг талыг барьж шалгасан” гэж дүгнэж байгаа бол тэдний мэдүүлгийг нотлох баримтаас хасаад, зөвхөн гэрч Төмөртогоогийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож үнэлсэн ч хохирогч Нийн мэдүүлгийг давхар нотолж баталгаажуулна. Иймээс хэргийг нэг талыг барьж шалгасан, шийдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. М.Шинэбаяр нь эхийгээ гаднаас Төмөртогоогоор түшүүлээд ёолж, орилсон байдалтай, Cui Тао Тао-д цохиулсан тухай яриад орж ирэхэд нь гэнэт уурлаж босож ирээд Cui Тао Тао-г барьж авч цохих гэхэд нь Алтаншагай, Төмөртогтох, Н нар хориглож салгаснаар түүнийг зөөлөн буйдан руу түлхэж унгасан байдаг ба энэ асуудлыг Алтаншагай цагдаад хандахдаа “Шинэбаяр, Н нар нь миний нөхөр Cui Тао Тао-г болон 8 сартай жирэмсэн намайг бүлэглэн турба төмрөөр цохьсон” гэж гомдол гаргаж шалгуулсан. Алтаншагайн биед заавал гэмтсэн болж гэмтлийн зэрэг гаргуулах гэж, өмгөөлөгчтэйгөө хамт хүсэлт гаргаж хэд хэдэн удаа шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн боловч “жирэмсний хордлого, хүндрэл байна, гэмтэл аваагүй байна” гэсэн дүгнэлт удаа дараа гарснаас М.Шинэбаяр, Ц.Н нарт холбогдуулж шалгасан 200800170 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан байсан. Харин цагдаагийн мөрдөгч нь Шинэбаяраас “Чиний Cui Тао Тао -г заамдан авч буйдан руу түлхэж унаган эрх чөлөөнд нь халдсан үйлдэлд захиргааны шийтгэл ногдуулах ёстой” гэж 100,000 төгрөг бэлнээр аваад, эх Нийн нэрээр торгуулийн хуудас өөрөө бичиж, 200800369 тоот хэрэг бүртгэлтийн хэрэгт хийсэн, харин Нийг Ciu Тао Тао цохиж унагасан асуудлыг жичид нь эрүүгийн журмаар шалгана гэж хэлж ойлгуулснаас Н, Шинэбаяр нар хуулийн байгууллага үнэн зөвийг олох байх гэж итгээд энэ асуудлын араас явалгүй тэр чигт нь орхисон байдаг. Харин прокуророос 200800170 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаахдаа Ciu Тао Тао-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд даалгасан байхад хариуцлага тооцолгүй, Монгол хүний эрх, эрх чөлөөнд халдсан хятад хүнийг өөгшүүлж, ял шийтгэл завшуулсан, мөн шүүх эмнэлгийн шинжээч Ц.Бадрал шинжээчийн дүгнэлт гаргахдаа хохирогч Нийг шүүх эмнэлэгт үзүүлж, шүүх эмнэлгийн шинжээчийн зааснаар доод давхарт нь байдаг Натур эмнэлэгт үзүүлж компьютер томографын зураг авхуулахыг зөвлөсний дагуу хохирогч үзүүлээд эргэж шүүх эмнэлэг рүү очиж мэдэгдэх гэхэд нь шинжилгээ хийсэн эмч Л.Мөнхбаатар “та наад оношилгооны зургаа аваад яаралтай эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэ, имрайн шинжилгээ хийлгээрэй, шүүх эмнэлэг оношилгоо шинжилгээний 1 хувийг манайхаас авдаг” гэж зөвлөн явуулсан байсан. Н энэ гэмтлийн улмаас эмнэлэг, уламжлалт ангаах ухааны аргаар эмчлүүлж, сувилуулж удаан хугацаанд тууштай явсны үр дүнд эдгэрсэн байдаг. Компьютер томографын шинжилгээ, оношилгоогоор тухайн үед Нийн тархинд “1,2 х 0,5 хэмжээтэй цусан хураа үүссэн” болохыг тогтоосон байхад анхны шинжээч дүгнэлт гаргахдаа энэ хэсгийг хасч “Нийн биед гэмтэл учраагүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байснаас тухайн үед хэрэг хаагдсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн үед Cui Тао Тао-ийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ц.Бадрал нь өөрийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас энэ хэсгийг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй байна лээ гэж буруугаа хүлээж байсан. Компьютер томографын шинжилгээний цусан хураатай гэсэн оношилгооны бичиг болон сидиг дахин шүүх эмнэлэгт өгч, нэмэлтээр имрайн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахад “Нийн биед хөнгөн гэмтэл учирсан байна” гэж Г.Энхбаатар шинжээч 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1335 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ шинжээчийн дүгнэлтийг Cui Тао Тао болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан эс зөвшөөрч комиссын бүрэлдэхүүнтэй дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэсэн ч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлтээр Нийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг дахин нотолсон дүгнэлт гарсан. Мөн комиссын бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээч Энхбаярыг гаргасан дүгнэлтээ шүүх хуралдааны үед зөв тайлбарлаж чадаагүй тухай бичжээ. Гэвч шинжээч нар онлайнаар шүүх хуралдаанд оролцсон ба техникийн нөхцөлөөс хамаараад зарим хэлж байгаа зүйл нь сайн сонсогдохгүй байсан ч шинжээч Энхбаярын хувьд комиссын бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийхэд Нийн тархинд 1.2х0.5 хэмжээтэй цусан хураа үүссэн гэмтэл учирсан нь КТГ-ын шинжилгээгээр тогтоогдсон байсан. 2020 оны 12 дугаар сард өгсөн имрайн шинжилгээгээр эдгэрч, цусан хураа арилсан байсан. Тухайн хүний биеийн эрүүл мэндийн онцлогоос шалтгаалж эдгэрэх хугацаа янз бүр байж болно гэдгийг ойлгомжтой тайлбарлаж байсан. Иймээс шинжээчийн дүгнэлтийг буруу гарсан, шүүх эргэлзээтэй дүгнэлтийг голлох нотлох баримт болгосон гэж шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнээд байгаа нь нотлох баримтад суурилсан хуульчийн дүгнэлт биш. Харин үйлчлүүлэгчийнхээ мэдээлэлд хэт туйлширсан хувь хүний үзэл бодол, таамаглал байна гэж үзэж байна. Хуульчийн хувьд дүгнэлт хийхэд, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Төмөртогоогийн “худал мэдүүлснээс үүсэх үр дагавар”-ыг ойлгож үнэн зөв өгсөн мэдүүлэг, шинжлэх ухааны үндэслэл бүхий шүүх эмнэлгийн шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүдээр давхар нотлогддог, бас хэргийг шийдвэрлэсэн анхан шатны прокурорын тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан дээд шатны прокурорын тогтоолоор Cui Тао Тао нь Нийг гэмтэл учруулахгүйгээр зодсон асуудалд зөрчлийн хуулиар хариуцлага тооцохыг даалгасан байдал зэрэг нотлох баримтууд нь Cui Тао Тао-г гэмт үйлдэл хийснийг нотолсон байдаг тул шүүх хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтуудыг бодитойгоор үнэлж, шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Маргаанаас болж зодуулсан гэдгээ хохирогч удаа дараа мэдүүлдэг нь үнэн. Олон зуун сая төгрөгөө шингээж өөрсдийн хүч хөдөлмөрөөр босгосон 440 м2 барилгын объектоо бусдын хууль бус эзэмшилд алдсан хүн энэ тухай ярихгүй байхын аргагүй. Энэ нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан субъектив талыг маш тодорхой болгодог. Харин Cui Тао Тао-т Монгол улсаас албадан гаргах эсэх шийдвэрийг Н гаргахгүй шүү дээ. Баярбаясгалан өмгөөлөгчийн гомдолд: Прокурор нь өмнөх жил нь өөрийнх хаалгасан хэргийг сэргээсэн талаараа Ciu Тао Тао-д мэдэгдэлгүй шалгаж гомдол гаргах эрхийг нь хязгаарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар дурдсан байх ба энэ талаар хохирогч талаас тайлбар хийх шаардлагагүй юм. Мөн Cui Тао Тао-ийн дүү Хуй фун, ченж Энхбаатар нарыг байцаалгүй хэргийг дутуу шалгасан гэжээ. Эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдэгдэх үед дэргэдээс нь харж байгаагүй ба 1 га хэмжээтэй үйлдвэрийн хашаан дотор байсан харилцагч нар тул шууд гэрчлэхгүй. Одоо тэднээс мэдүүлэг аваад ч хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Мэдээж Cui Тао Тао нь тэдэнд юу гэж хэлэхийг нь зааж өгсөн байх боломжтой шүү дээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгасан одоогийн 2008001193 тоот хэргээс гадна Cui Тао Тао М.Шинэбаярыг залилж хохироосон гэх мэдээлэлтэй нэг, Н, М.Шинэбаяр нар Cui Тао Тао, Алтаншагай нарыг бүлэглэн зодсон гэх мэдээлэлтэй бас нэг хэрэг прокурорын архивт хадгалагдаж байгаа ба би үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор үйлчлүүлэгчээсээ авсан мэдээллийн үнэн зөвийг бататгах үүднээс хуульд заасан журмын дагуу прокурорт хүсэлт гаргаж, эдгээр хэрэг бүртгэлтийг хаасан хэргүүдийн нотлох баримттай бүрэн танилцаад хууль зүйн дүгнэлт гаргасан болно. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар тэдгээр хэргүүдтэй танилцаж нөхцөл байдлын бодит үнэнд дүгнэлт хийлгүйгээр тэр хэргүүдэд байгаа нотлох баримтуудыг энэ хэрэгт нэгтгүүлж харагдуулсангүй дутуу шалгалаа гэж ойлгож гомдолдоо тусгасан байна. Энэ нь өмгөөлөгч хүн хэргийн бодит байдалд бодитой дүгнэлт хийж, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд өөрөө судалж мэдэх ёстой зүйлийн нэг юм. Шүүгдэгч талын зарим өмгөөлөгч нар шиг сэжиг таамгийг хэн ч дэвшүүлж, ярьж, бас бичиж чадна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс яагаад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Cui Тао Тао, Н хоёрын болон тэдний гэр бүлийнхний хооронд болсон асуудлыг 2 өөр хэрэг бүртгэлт нээж, 2 өөр мөрдөгчөөр шалгуулаад “ээжийгээ зодуулсныг мэдээд Cui Тао Тао-г заамдаж авч, түлхэж унагасан М.Шинэбаярын үйлдлийг 100,000-аар торгоно” гэж мөнгө нэхэж бэлнээр аваад дараа нь ээжийнх нэр дээр торгуулийн хуудас бичиж хэрэгт хийв? Яагаад дүүргийн ерөнхий прокурор Эрдэнэбилэг Cui Тао Тао-г Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд даалгасан байхад ямар ч хариуцлага тооцолгүй орхисон юм бол?. Ciu Тао Тао-г “М.Шинэбаярыг залилсан” гэх асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж, прокурорын байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Алтаншагайн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн нь яаж байгаа юм бол?. Яагаад маргалдаж буй өмч хөрөнгийн байршил нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад Баянзүрхийн иргэний хэргийн анхан шатны шүүх асуудлыг шийдэх гээд бас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа хойшлуулаад жил гаруй хугацаа өнгөрөөж байгаа юм бол?. Арай эрүүгийн хэрэг яаж шийдвэрлэхийг харж, бас цаг хугацааны хувьд Cui Тао Тао-гийн Ц.Нийг зодсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг, эсвэл өршөөлийн хууль гарч түүнд ашигтай нөхцөл үүсэхийг хүлээж, ашиг сонирхлын холбоо тогтоосон юм биш биз? гэх мэт хардлага, сэжиг таамаг дэвшүүлээд байж болно шүү дээ. Энэ мэтээр талуудаас бие биеэ хардаж сэрдэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр гарахад огт нөлөөлөөгүй тул шүүх хэргийг шударгаар, хуульд нийцүүлэн шийдсэн гэж үзэж байна. Иймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ямар нэгэн хүн зодоогүй. Анх Ц.Н цагдаад мэдүүлэг өгөхдөө “...тухайн үед намайг зодож байхад 3 хүн байсан. Төмөртогоо, би, Ц байсан. Намайг зодсон. ...” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх хуралдаан дээр Ц.Н тайлбар хэлэхдээ “...тухайн үед олон хүн намайг зодуулж байгааг харж байсан. ...” гэж хэлэхэд Ц.Нийн өмгөөлөгч болон прокуророос “...та буруу ярьж байна. ...” гээд хэлж байсан. Эндээс үзэхэд, зөрүүтэй мэдүүлэг өгч байна. Би Ц.Нийг зодоогүй. Намайг зодсон гэж байгаа тухайн үед агуулахад хүн байхгүй байх нөхцөл байхгүй. Мах, бараа буулгаж байсан учраас эзэн нь харж байсан. Тухайн үед олон хүн байсан нь тодорхой байна. Бодит байдлыг гэрчлэх гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Хамгийн гол шалтгаан нь би энэ хүнийг зодоогүй байхад яагаад намайг зодсон, яагаад намайг гэмт хэрэгтэн болгох гээд байгаа бэ гэхлээр бид нарын дундах эд хөрөнгийн маргаан байгаа. Тэр маргаан нь Иргэний шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Ц.Н намайг заналхийлж “... би чамайг Монгол улсаас хар тамга даруулаад гаргах болно. ...” гэж дарамталж хэлдэг байсан. Тухайн өдөр 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байсан. Би тодорхой санаж байна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нь Христийн төрсөн өдөр буюу баярын өдөр байсан. Би багаасаа эхэлж Монгол улсад сурч, хүмүүжиж, боловсрол эзэмшсэн. Миний амьдрал Монгол нутагтай холбоотой. Надад буруу үйлдэл хийх хүсэл зорилго байхгүй. Цаашид миний амьдрал, бизнестэй холбоотой явагдах учраас хууль зөрчих үндэслэл байхгүй. Иймд Монгол улсын хуулиар хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Цгийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор, шүүх тал бүрээс нь үнэн бодиттой эргэлзээгүй тогтоох үүрэгтэй гэж заасан. Гэтэл уг хэрэгт эргэлзээтэй нотлох баримтууд олон байна. Тухайн хэргийг харсан гэх гэрч, хохирогч хоёрын мэдүүлэг нь зөрүүтэй байдаг. Мөн хохирогч Ц.Нийн 1 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг нь 11 дүгээр сарын 6-ны өдөр өгсөн мэдүүлгүүд нь зөрж байдаг. Тэгэхээр, хэргийг бүрэн бодиттой эргэлзээгүй тогтоосон нэг ч нотлох баримт байхгүй байна. Гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан бол гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл шүүгдэгч Ц /С/ ямар үйлдэл, хэзээ, хаана гаргасан вэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг заасан. Гэтэл энэ гэмт хэргийг хэзээ гарсан гэдгийг прокуророос тогтоож чадаагүй. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэмт хэргийн үйл явдал нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон гэсээр байтал прокурорын яллах дүгнэлтэд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж бичсэн. Гэрч Мягмар, Шинэбаяр нарын мэдүүлэгт 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж байдаг. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэдгийг хэвлэсэн байдлаар бус дараа нь балаар өөрчилж зассан байдаг. Мөн шүүгдэгч нь хохирогчтой ашиг сонирхлын хувьд нэгдмэл этгээд байдаг.  Хэрэв шүүхээс гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна. Хэрэг болсон үйл явдал 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг тооцох аргачлалыг өөрчилсөн. Хэрэг болох үед аргачлал нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж байсан. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хууль өөрчлөгдөөд яллагдагчаар татах хүртэл гэж өөрчилж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд 1.10 дугаар зүйлд хууль буцаан хэрэглэх  зохицуулалт үйлчлэхгүй гэж заасан. Үндсэн хуулийн цэц 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон. Тэгэхээр, хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Үйл явдал анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж байхад энэ үйл явдал гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гарсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэмт хэрэг гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Ц.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг зодсон гэдэг нь бүх нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Яагаад гэмт хэрэг 2019 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдөр гарсан гэж үзэж байна вэ гэхлээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Ц /С/ манай оффист ирж намайг хараагаад явсан. Бид нарын маргалдаж буй асуудал нь объектыг нь би худалдаж авсан. Түүнээс болж маргалдсан. ...” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хятад улсын иргэн Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Төмөртогоо, Мягмар, Шинэбаяр нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 1335 дугаартай дүгнэлтээр үйлдсэн хэрэг нь нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн үйл баримт нотлогдсон байдал, хөөн хэлэлцэх хугацааг яагаад буцаан хэрэглэх боломжгүй байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн. Шүүгдэгч Ц нь хохирогчийн эмчилгээний зардалд 270.000 төгрөг төлсөн байдаг. Шүүгдэгч Цгын эрүүл мэндэд гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй. Хавтас хэргийн 29 дүгээр хуудсанд мөрдөгчөөс өгсөн тогтоолд тэмдэглэгдсэн байгаа. Шүүгдэгч мэдүүлэгтээ миний биед гэмтэл учраагүй гэж мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 Прокуророос Ц /С/-д 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” түүхий эдийн зах дээр иргэн Ц.Нтэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж, газар унахад нь хөлөөрөө өгзөг рүү өшиглөж эрүүл мэндэд нь “баруун чамархайн хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг хангалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар заавал шалгахаар заажээ.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь үнэлж тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны үед хийхээр хуульчилжээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаартай /1хх 142/ тогтоолоор Ц-гийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан “...тухайн үйл баримт болох үед тэнд байсан нөхцөл байдлыг мэдэх ченж Энхбаатар гэгчээс гэрчийн мэдүүлэг авах” хүсэлтийг хүлээн авч, хангасан боловч түүнээс мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д Прокурор хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаахаар заасан бөгөөд энэ ажиллагааг мөрдөгч заавал хэрэгжүүлэх нь эрүүгийн хэрэгт прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үзнэ.

Иймд, прокурорын тогтоолыг заавал хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай бүхий л нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг мөрдөгч, прокурор хийснээр хэргийн талаарх эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгах, түүнчлэн нотлох баримтын зөрүүтэй байдлаас эргэлзээ бүхий нөхцөл үүссэн ч шүүхээс хэргийг шийдвэрлэхэд бүх л нотлох баримтуудыг харьцуулан судалж, шалгаж, үнэлж дүгнэлт хийх боломжийг бий болгосон байдгаараа мөрдөн шалгах ажиллагааны ач холбогдол оршдог.

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгөх хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй байдал нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд буруу дүгнэлт хийх, ач холбогдол бүхий нотлох баримтын зөрүүтэй байдал үүсэхэд аль нотлох баримтыг үнэлж, нөгөөг нь үгүйсгэх үндэслэлийг тайлбарлах асуудал орхигдож, зөвхөн хязгаарлагдмал хүрээнд явагдсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугларсан нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийх нөхцөл бүрддэг.

Иймд Цгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Батзориг нарын гаргасан давж заалдах гомдлын “... хохирогч Ц.Нтэй хамаарал бүхий хүмүүсээс авсан гэрч нарын мэдүүлгээр ялласан, хэрэгт нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн үед хамт байсан ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх гэрч Алтаншагай, БНХАУ-ын иргэн Хуй фун, ченж Энхбаатар нарыг болон тэнд байсан ажилчдыг асуух, прокурорын тогтоолыг хангуулахаар ченж Энхбаатарыг гэрчээр асуух, хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай байна” гэсэн үндэслэлүүдийг хүлээн авч, энэ магадлалд заасан мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Цд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц /С/-д холбогдох эрүүгийн 2008003691593 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ц /С/-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                     ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ