Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 0674

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга:И.Буманбаяр

улсын яллагч: Ч.Чимгээ

хохирогч : Л.О

түүний өмгөөлөгч : С.Ганхуяг

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Л.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Л Ч холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706015970138 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Л Ч, 1980  оны 7 дугаар сарын 08-ны өдөр  Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд   боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул  дүүргийн  дугаар хороо Рапид харшийн  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:СЛ80070818,

Холбогдсон хэргийн талаар:

           Л.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул Алтай хотхоны 106-95 тоотод дүү Л.О маргалдан үснээс нь зулгаах, алгадах зэргээр хүч хэрэглэсэнээс  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Л.Ч   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хохирогч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 28-ны шөнө би хоёр хүүхэдтэйгээ гэртээ унтаж байхад 03.00 цагийн үед манай хаалгыг тогшсон. Онгойлгож өгөхөд манай ах согтуу байсан. Би урд нь ахтайгаа муудалцсан асуудалтай байсан. Би тэр талаар ахынхаа эхнэрт хэлж байсан. Манай ах орж ирээд би тийм асуудал үүсгээгүй гэдэг байдлаар надтай маргалдсан. Бид хоёр өглөө 07.00 цаг хүртэл ярилцаж байхад манай хүүхдүүд сэрсэн. Намайг архи аваад ир гэхээр нь би архи авчираад өгөхөд тэр архийг ууж байгаад эхнэртээ манай гэрт байгаа талаар хэлсэн. 11.00 цагийн үед найз нь эхнэртэй нь хамт орж ирсэн. Гаднаас дахиж нэг шил архи авчираад тэр гурав ууж байгаад. Намайг архи уух уу? гэхэд би “маргаан болох байх архи уухгүй” гэж хэлсэн. Тэр хэд архи уугаад байж байхад Б архи нь дуусах гэж байна чи хороолцохгүй юм уу? гэхэд нь би нэг хундага архи уусан. Эгч намайг хамт гаръя гээд бид хоёр хамт гарсан. Эгч гадаа гараад машиндаа суугаад тамхи татаж байхад ах араас нь хүүхдээ тэвэрч гарч ирэхэд нь би хүүхэд чинь ханиадтай байгаа хүндэрчихнэ гээд орсон. Гэрт ороод байж байтал ах эгч хоёр маргалдаад байхаар нь тамхиныхаа хэрүүлийг гэртээ очиж хий гэж хэлэхэд намайг гараараа 2, 3 удаа цохьсон. Босч ирээд маргалдаад хэрүүл хийж байхад нэг мэдэхэд намайг үсдчихсан хаалганы тэнд явж байсан. Би архины шил авч шидэх гэж байгаад газар унагаасан. Би дайрч давшилсан намайг ална гээд над руу хутга авч шидсэн. Найз нь эхнэртэй нь хамт ахыг авч явсан. Нөгөөдөр нь эмнэлэгээр явж байхдаа Солонго эгч рүү залгаж эмнэлэгээр явж байгаа талаар хэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд тархины хавантай гэж гараад эмнэлэгт хэвт гэхээр нь би эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг өгсөн. Одоо болтол өөрийнхөө зөв гэж боддог байх надаас уучлалт гуйгаагүй намайг 2 хүүхдийн маань хажууд зодсон манай 2 хүүхэд айдастай болсон байгаа. Бид хоёр эцэг нэгтэй аавыг өнгөрсөнөөс хойш бие биенийгээ мэдсэн. Чин сэтгэлээсээ надаас уучлалт гуйгаагүй цаашид ер нь холбогдох шаардлага байхгүй гэж бодож байна гэв.

        Шүүгдэгч Л.Ч   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Одончимэгийн гэрт нь эхнэр бид 2 очсон байсан. Тэгээд О гадаа гарч эхнэр Б хамт дэлгүүр гарсан. Тэгтэл эхнэр тамхи татаад үнэртүүлээд ороод ирсэн. Би тамхи татдаггүй болохоор нь уурласан. Тэгээд л эхнэрээ тамхи татлаа гээд уурлахад О хажуунаас танай эхнэр тамхи татна уу татахгүй байна уу  таньд  ямар хамаатай юм бэ гэж уурлаж над руу дайрсан. Тэгээд би чамд хамаагүй гээд цааш нь түлхсэн чинь ширээн дээр байсан шилтэй архи авсанаа надруу далайхаар нь би түүнийг давараад байгаарай гэж хэлээд нэг удаа алгадсан. Эхнэрээ явъя гээд гарах гэхэд араас гутал тавчик шидээд байхаар нь  гараас нь барьж  чадалгүй үснээс нь барьж авсан чинь тэрээр бөгсөөрөө газар суусан. Тэгээд л би гараад явчихсан. О бид хоёр эцэг нэгтэй эх ондоотой улсууд юм. Намайг ахаа гэж хэлээд л гүйж байдаг юм гэжээ. /хх-ийн 16/

        Хохирогч Л.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 12.00 цаг өнгөрч байхад Ч эхнэр Б нь ирсэн ба Б Ч дэлгүүр явуулахаар нь би Б хамт явсан. Тэгээд дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн архи авсан. Тэр архийг Ч найзтайгаа уусан. Эхнэр нь бараг уугаагүй намайг уу гэхээр нь би уугаагүй. Би Б хамт гадаа машин дотор нь сууж байтал Ч дотроос хүүхдээ нүцгэн аваад гараад ирсэн. Тэгээд бид нар буцаад гэрлүү бүгдээрээ орцгоосон. Гэрт орж ирээд том өрөөнд Ч эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж та ханиадтай хүүхэд хүйтэн салхинд авч гарч ирлээ таны буруу ш дээ та нар наад хэрүүлээ гэр орондоо хийцгээ гэтэл Ч босож ирээд миний зүүн хацар чих хавь руу гараараа цохьсон. Би орлуу даваад газар унаад босож ирэхэд лахин нүүрний зүүн тал руу цохиж унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд хэрэлдсэн чинь миний үснээс гарандаа ороогоод том өрөөний голоос үүд хүртэл чирсэн. Тэр үед найз нь биднийг салгасан. Тэгээд намайг жижиг өрөөний хаалган дээр зогсож байтал Ч гал тогооны өрөөнд орсоноо тохой хирээний урттай том балиус хутга авч гарч ирээд энэ мууг алчихъя гээд надруу чиглүүлээд шидэхэд нь би хажуу тийшээ болоход хутга нь хаалганд оносон. Түүнийг эхнэр,  найз 2 нь аваад гарсан. Ч манай аав Л эхнэр болох Ш хүүхэд байгаа юм. Манай аав амьд байхдаа 2007 онд бид нарыг танилцуулж байсан юм. 2010 онд аав нас барж түүнээс хойш харьцаагүй байж байгаад 2013 оноос ирж очдог болцгоосон юм. Ууж идэхээрээ их ширүүн юм байлаа гэжээ. /хх-н 7-11,36-37/

        Хохирогч Л.О эмчилгээний зардалтай холбоотой баримт хүлээн авсан байна. /хх-н 12-13/

         Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 11.00 цаг өнгөрч байхад нөхөр Ч дүү О гэрээс нь авах гэж очсон. Намайг очиход тэдний гэрт нөхөр Ч, найз У, дүү О нар байсан. У, Ч нар 1 шил 0.75 литрийн архи уугаад талдаа орж байсан. Архи нь дууссан байсан тул хоол унд ойр зуурын юм авах гээд О бид хоёр хамт гарсан.  Орж ирээд авчирсан архийг өгөөд О бид хоёр уг архинаас 2 хундага л уусан байх. Үлдсэнийг нь У, Ч хоёр уусан. Түүний дараа дахин О бид хоёр хоол ундны юм авах гээд гарсан. Орж ирэхдээ би тамхи татаад орж ирсэн чинь нөхөр мэдээд надад уурласан. Түүнээс болж О дундуур орж нөхөр Ч муудалцаж О архины шил аваад ахруугаа шидэх гэхээр нь би булааж авсан. Ч түүнээс болж уурлаад дүүгээ алгадсан. У бид хоёр салгасан. Тэр үед О үснээс нь зулгааж байсан. Тухайн үед О гаргаж байсан ааш авирыг нь харахад орилж хашгираад хэвийн биш л санагдсан. Уг нь тэгж их архи уугаагүй 2 хундага л уусан байх. Тэд нар эцэг нэг эх ондоотой хүмүүс юм гэжээ. /хх-н 19-21/

          Гэрч Д.У мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 09-10 цагийн орчимд шиг санаж байна найз Ч дуудхаар нь Харуул Алтай хотхонд түүний дүү О очсон. Очиход Ч 1 шил 0.75 литрийн архи дөнгөж задалж байсан. Тэднийд дүү О нь л байсан. Уг архийг Ч бид хоёр ууж байтал О эмнэлэг явна гэж байснаа болиод уг архинаас уусан. Тэгж байтал Ч эхнэр Б орж ирсэн. Түүнийг хоол ундны зүйл мөн нэг шил архи авахуулахаар дэлгүүр гаргасан. Б О хамт гарсан. Тэр хоёр буцаж орж ирэхдээ Б тамхи татаад ороод иртэл Ч уурласан. О хажуунаас нь наад хэрүүлээ гэртээ очиж хийцгээ тамхи татах татахгүй нь чамд хамаагүй гэсэн. Тэгээд маргалдаж эхэлсэн. О архитай шил далайтал Ч уурлаад түүнийг алгадсан.  О нөгөө өрөөнд оруулсан чинь орилсон./хх-ийн 22-25/

              Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох тогтоол /хх-н 26/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11158 тоот

          1.О биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-н 27/  

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  28-29/

           Л.Ч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41-42/

    Л.Ч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-34, 43-44/,

    Л.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 29/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт  /хх-н 31/ зэрэг болно.          

          Л.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул Алтай хотхоны 106-95 тоотод дүү Л.О маргалдан үснээс нь зулгаах, алгадах зэргээр хүч хэрэглэсэнээс  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Л.О биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11158 тоот дүгнэлт/хх-н28/

          Хохирогч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …Гэрт ороод байж байтал ах эгч хоёр маргалдаад байхаар нь тамхиныхаа хэрүүлийг гэртээ очиж хий гэж хэлэхэд намайг гараараа 2, 3 удаа цохьсон. Босч ирээд маргалдаад хэрүүл хийж байхад нэг мэдэхэд намайг үсдчихсан хаалганы тэнд явж байсан. Би архины шил авч шидэх гэж байгаад газар унагаасан. Би дайрч давшилсан намайг ална гээд над руу хутга авч шидсэн. Найз нь эхнэртэй нь хамт ахыг авч явсан. Нөгөөдөр нь эмнэлэгээр явж байхдаа С эгч рүү залгаж эмнэлэгээр явж байгаа талаар хэлсэн. Эмнэлэг үзүүлэхэд тархины хавантай гэж гараад эмнэлэгт хэвт гэхээр нь би эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн, гомдолтой байна гэсэн мэдүүлэг

         Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн … Орж ирэхдээ би тамхи татаад орж ирсэн чинь нөхөр мэдээд надад уурласан. Түүнээс болж О дундуур орж нөхөр Ч муудалцаж О архины шил аваад ахруугаа шидэх гэхээр нь би булааж авсан. Ч түүнээс болж уурлаад дүүгээ алгадсан. У бид хоёр салгасан. Тэр үед О үснээс нь зулгааж байсан. Тухайн үед О гаргаж байсан ааш авирыг нь харахад орилж хашгираад хэвийн биш л санагдсан гэсэнм мэдүүлэг /хх-н 19-21/

          Гэрч Д.У мөрдөн байцаалтад  өгсөн … Тэр хоёр буцаж орж ирэхдээ Б тамхи татаад ороод иртэл Ч уурласан. О хажуунаас нь наад хэрүүлээ гэртээ очиж хийцгээ тамхи татах татахгүй нь чамд хамаагүй гэсэн. Тэгээд маргалдаж эхэлсэн. О архитай шил далайтал Чулуунбаатар уурлаад түүнийг алгадсан гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч Л.Ч мөрдөн байцаалтад өгсөн … эхнэрээ тамхи татлаа гээд уурлахад О хажуунаас танай эхнэр тамхи татна уу татахгүй байна уу  таньд  ямар хамаатай юм бэ гэж уурлаж над руу дайрсан. Тэгээд би чамд хамаагүй гээд цааш нь түлхсэн чинь ширээн дээр байсан шилтэй архи авсанаа надруу далайхаар нь би түүнийг давараад байгаарай гэж хэлээд нэг удаа алгадсан. Эхнэрээ явъя гээд гарах гэхэд араас гутал тавчик шидээд байхаар нь  гараас нь барьж  чадалгүй үснээс нь барьж авсан чинь тэрээр бөгсөөрөө газар суусан. Тэгээд л би гараад явчихсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Л.Ч холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. Иймд Л.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв..

        Шүүгдэгч Л.Ч нь прокуророос санал болгосон 450.000 төгрөгийн  торгох ялыг хүлээн зөвшөөрч нэг сарын дотор төлнө гэж байгааг дурьдах нь зүйтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, Л.Ч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

        Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзаж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С овогт Л Ч  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    Л.Ч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар    Л.Ч нь торгох ялыг 1 /нэг сарын/  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан    Л.Ч нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.  Л.Ч  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Л.Ч  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, Л.Ч бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН