Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02912 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э-” ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 800 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.З, өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие тус шүүхэд өмнө нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын олговор гаргуулахаар “Э-” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00587 дугаар шийдвэр гарч миний биеийг “Э-” ХХК-ийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 200 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 334 867 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 836 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь ажилд эргүүлж аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир амьдралын чадвар муудсан. Иймд миний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх, нийт 11 сарын цалин 13 200 000 төгрөг гаргуулж, ээлжийн амралтын хөлс 800 000 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх, нийт 3 сарын цалин 3 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ц.Б- нь “К-” ХХК-д ажиллаж байсан нь үнэн боловч нэгдүгээрт, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, хоёрдугаарт, ажлаас буруу халсан байгууллага шүүхийн шийдвэрийг эс биелүүлж ажилд аваагүй тохиолдолд хүн ажил хийж амьдралаа залгуулах эрхтэй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болсон баримтуудаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй боловч татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч тал гардан авсан боловч хугацаандаа тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх хууль зүйн дагавартай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч Ц.Б- нь ажлаас халагдах тушаалаа авахаар ирээгүй. Ирээгүй хүнийг би ажлаас чөлөөлж, мөн ажилд авах боломжгүй. Мөн өмнө ажлаа хаяад явахдаа манай үнэтэй багаж хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй. Ингэж хүлээлгэн өгч, тойрох хуудсаа зуруулаагүй тул манайх ажлаас халаагүй байсан. Ц.Б-ыг ажлаас халаагүй байхад яаж ажилд нь эгүүлэн тогтоох вэ гэдгийг би ойлгохгүй байна. Ц.Б- нь шүүхийн шийдвэр гарсны дараа надтай уулзаагүй. Одоо бодоод байхад манай байгууллагаас урт хугацааны цалин нэхэмжлэх зорилготой байсан байх гэж бодож байна. Ц.Б- нь иргэний үнэмлэхийн хаяг дээрээ амьдардаггүй удаж байгаа гэдгийг би сонссон. Ийм байдалтай байхад би яаж бичиг баримтыг нь шилжүүлэх байснаа ойлгохгүй байна. Мөн Ц.Б- нь ажилгүй байсан гэх хугацаандаа “К-” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллан цалин авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлж байсан, мөн “Э к-” ХХК-д 10-аад сая төгрөгийн ажил хийсэн гэж сонссон. Иймд эдгээр орлогыг нь хасуулан, үлдэх төлбөрийг төлж болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч “Э-” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-ад олгож, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Э-” ХХК-д даалгаж, ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 290 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 241 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ц.Б- нь манай компанид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж, ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Ц.Б- нь 2018 оны 8 дугаар сард удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй тавьсан шаардлагыг эсэргүүцэн ажлаа хаяж явсан. Үүнээс хойш ажилдаа огт ирэлгүй байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандан ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож ажилдаа буцан орох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Манай компанийн зүгээс түүнийг ажлаас халаагүй өөрөө ажлаа хаяж явсан гэж маргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан. Бидний зүгээс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалд гомдол гаргаагүй бөгөөд Ц.Б-ыг ажилдаа эргэж орохыг нь хүлээсэн боловч огт ирээгүй бөгөөд 2019 оны 3 дугаар сард “К-” ХХК-д автоматикийн инженерээр ажилд орсон байсан. Үүнээс хойш тэрээр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргаж ажилгүй байсан хугацааны цалинд 16 800 000 төгрөг, амралтын олговорт 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас 16 800 000 төгрөгийг гаргуулж холбогдох бичилт хийхийг даалгаж харин амралтын олговрыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Манай компанийн зүгээс шүүхэд мэтгэлцэхдээ Ц.Б- нь үндэслэлгүйгээр ажлаа хаяж явсан, шүүхийн шийдвэр гарсан боловч ажилдаа эргэж орох талаар огт хандаагүй буюу ажилдаа ирээгүй, нөгөө талаар уг хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сард өөр ажилд орсон учраас “К-” ХХК-аас авч байгаа цалинг хасуулж зөрүүг нь олгож болно гэж тайлбарласан. Ц.Б- нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн “К-” ХХК-аас цалин авсан байх бөгөөд холбогдох баримтыг тус компани шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн. Уг баримтаас харвал Ц.Б- нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн “К-” ХХК-д үндсэн ажилтнаар ажиллаж нийтдээ 2019 оны 10 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд 6 851 388 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогдож байгаа юм. Ц.Б-ын дээр үйлдэл буюу “К-” ХХК-д 2019 оны 3 дугаар сард ажилд орсон байдал нь угаасаа манай компанид буцаж орох санаа зорилгогүй байсныг тодорхой нотолж байгаа болно. Шүүхээс хэрэг маргааны шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал, цаашлаад нэхэмжлэгчийн хүсэл сонирхол нь бодит байдалтай, холбогдох нотлох баримттай нийцэж байгаад дүгнэлт хийх ёстой байтал огт анхаарч үзэлгүй шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна. Нөгөө талаар шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон байна. Энэ зүйлд Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан 16 800 000 төгрөг гаргуулах гэснийг дээр дурьдсан авч байсан цалин болох 6 851 388 төгрөгийг хасч 9 948 612 төгрөг болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 800 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажилгүй байсан гэх хугацаанд өөр байгууллагад ажиллан цалин авч байсан учир хасч тооцуулна гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Б-ыг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00587 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 836 магадлалаар ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шүүхийн шийдвэрээр Ц.Б-ын сарын дундаж цалин хөлсийг 1 200 000 төгрөгөөр тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны буюу 14 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 16 800 000 төгрөгийг хариуцагч “Э-” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-ад олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Өөрөөр хэлбэл, ажлаас хууль бусаар чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний хэмжээгээр тооцож ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч Ц.Б- нь ажилгүй байсан хугацаандаа “К-” ХХК-д кип автоматикийн инженерээр ажиллаж, цалин хөлс авсан болох нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг, түүнд хавсаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “К-” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9/145 тоот албан бичгээр тогтоогдож байх боловч энэ нь талуудын маргаж байгаа харилцаанд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалснаас үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй ба нэхэмжлэгчээс өөр этгээдтэй гэрээ байгуулан ажил үүрэг гүйцэтгэж байсан нь хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй./хэргийн 146-156 дугаар тал/

 

            Харин шүүхээс нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Учир нь ээлжийн амралт гэдэг нь ажилтны тухайн жилд ажилласан хугацаанд олгогдох амралт байдаг учраас ажиллаагүй хугацааны олговрыг гаргах хууль зүйн үндэслэлгүй.

 

            Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 16 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс хариуцагчийн зүгээс 6 851 388 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 573 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                                       ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

                   

                                                                                                       С.ЭНХТӨР