| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0177/э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 41
М.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар магадлалтай, М.М- холбогдох 1708005310477 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-н М-.
М.М- нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд орших Хүй долоон худагт Наадмын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн М.Ц-тэй маргалдан баруун мөр, гар луу нь түлхэж цохисны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 680,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.М-гаас 14,556,676 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ц-д олгож, хохирогч М.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М- түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг дараах үндэслэлээр хянуулахаар гомдол гаргаж байна.
М.М- нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт заасан түргэн ажиллагаанд хянаж нэвтрүүлэх цэг дээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж байсан. Түүний ажиллаж байсан бүс дээр хохирогч нь нөхөртөйгээ ирж зөвшөөрөгдсөн бүсээс цааш нэвтрэх буюу журам зөрчихийг шаардсан. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна.
Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.М- холбогдох эрүүгийн хэргийг зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан "Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” шаардлагыг хангасангүй. Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “ ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг анхаарах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “Хохирогч М.Ц-гийн зүгээс шүүгдэгч М.М-гийн амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус ба тулгарсан довтолгоон байсан гэх нотлох баримт хэрэгт цуглаагүй байна” /магадлалын 6 дугаар хуудас/ гэснийг зөвшөөрөхгүй.
Шүүгдэгч М.М- холбогдож байгаа хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэрч Д.Э- мэдүүлэг /1хх-н 44-45 хуудас/. Гэтэл түүнд холбогдох хэрэгт шүүхээс үндэслэлтэй, үнэн зөв дүгнэлт өгсөнгүй. Гэхдээ М.М-гийн энэ үйлдэл өөрийнх нь албан үүргээ гүйцэтгэж явсны эсрэг, мөн түүний эрүүл мэндийн эсрэг хууль бусаар дайрсан, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байсан. Энэ тухай Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн ... эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тодорхой заажээ. Түүнчлэн ”Аливаа хүн ... аргагүй хамгаалалт хийх эрхтэй”, “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2, 3-т заажээ. Дээрхээс дүгнэхэд, М.М- нь иргэн М.Ц-гийн эсрэг аргагүй хамгаалалтыг хийсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч М.М-г гэм буруутайд тооцохдоо, “... Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тусгасангүй. Өөрөөр хэлбэл М.М- холбогдох прокурорын яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлал зэргийг үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотолно гэснийг тодруулалгүй орхигдуулжээ. М- нь тухайн үед албан үүргээ гүйцэтгэн явж, албан ёсны шаардлага тавьснаас биш иргэн М.Ц- маргалдан түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах санаа зорилго, гэмт хэргийн сэдэлт байгаагүй. Тэрээр энэ тухай удаа дараа мэдүүлдэг. Хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон байдал гэж заасан. “Гэмт хэргийн улмаас” гэснийг зөвшөөрөхгүй. Шүүгдэгч М- нь дээрх маргааны явцад буюу санамсаргүй байдлаар хохирогчийн биед хөнгөн, дараа нь хүндэвтэр гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хохирогчийн биед гэмтэл үүсч болох нөхцөл байдлын талаар шүүх эмнэлгийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан. Ер нь Монгол улсад эмчлэгдэх боломжтой атал ОХУ руу явсан, гадаад руу зорчсоны болон тэнд байхдаа ресторанд хооллосны зардал, рублийн ханшийн албан ёсны мэдээг Монгол банкнаас аваагүй, хэвлэлийн бага хурал зарласны хураамж зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй байж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж шүүгдэгч эмзэглэж, хөнгөн гоомой шийдвэр гарлаа гэснийг анхаарна уу.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т зааснаар буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ... дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг хуульд заасан шаардлагыг хангаж тусгасангүй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М- оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” / магадлалын 6 дугаар хуудас/ гэж дүгнэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. М.М- нь Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу ... гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах ... зорилгоор ... шаардлага тавьж”, албан үүргээ биелүүлж явсан. Түүнээс биш иргэн М.Ц- маргалдан түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулаагүй. Тийм санаа зорилго, гэмт хэргийн сэдэлт байгаагүй. Харин хохирогчийн буруутай ажиллагаа байсан уу. Цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.4-т заасан “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн албан хаагч ... -ийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх” үүргээ иргэн М.Ц- хэрхэн биелүүлснийг шалгаж тогтоогоогүй нь учир дутагдалтай болжээ. Түүнчлэн М.М-д холбогдох хэргийн “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн”, “Уг хэрэг аргагүй хамгаалалтын байдалд үйлдэгдсэн” зэрэг нөхцөл байдлуудад анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй, үнэн зөв дүгнэлт хийсэнгүй.
Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “ ... Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй” гэжээ. Энийг зөвшөөрөхгүй. Энэ үйл явдал 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр болсон. М.М- холбогдох хэргийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал нэг жил өнгөрснөөс хойш буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт: “ ... тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 1.2-т “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан” үед “Анхан шатны шүүхийн шийдвэр ... хуулийн хүчин төгөлдөр болно” гэжээ. Дээрхээс үзвэл М.М- холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэхээс өмнө дууссан байх тул “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульд заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд дээрх үндэслэлээр хууль зөрчигдөж байгаа тул М.М- холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчид хүндэвтэр хохирол учирсан. Гэм буруугийн шинж байна уу гэдэг нь өөр хууль зүйн үр дагавар үүсгэнэ. Зөвшөөрөгдсөн бүсээс цааш нэвтрэх буюу журам зөрчиж хохирогч нь хууль бус үйлдэл хийж эхэлсэн. М- цагдаагийн албан хаагчийн дагуу иргэнд шаардлага тавьсан. Хохирогч нь цагдаагийн хууль ёсны шаардлагыг эс зөвшөөрч малгайг нь авч шидсэн байгаа юм. Хохирогчийн энэ үйлдлүүдийг зогсоохын тулд гарыг дээрээс нь доошоо түлхэж хүнд гэмтэл учруулсан байдаг. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах саналтай байна гэв”.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан гомдлыг үндэслэн М.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
М.М- нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд орших Хүй долоон худагт Наадмын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн М.Ц- маргалдан баруун мөр, гар луу нь түлхэсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд болсон үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн хэдий ч түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, М.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар М.М- нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр, Хүй долоон худаг гэх газар Үндэсний баяр наадмын хамгаалалтанд ажиллаж, Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт заасан “гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүл хийх, байнгын болон түр ажиллагаатай хянаж-нэвтрүүлэх цэг ажиллуулах, хяналт тавих” чиг үүргийг тушаалын дагуу гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ үед түүний хянаж нэвтрүүлэх цэг дээр иргэн М.Ц- нөхрийн хамт ирж, тодорхой шалтгааны улмаас зөвшөөрлөөр нэвтэрч буй бусад хүмүүстэй барьцан, зөвшөөрөгдсөн бүсээс цааш нэвтрүүлэхийг шаардаж, уг хууль бус шаардлагаа заавал биелүүлэхийг тулгаж, мөн М.М-гийн зүгээс тавьсан хууль ёсны шаардлага, тайлбарыг эсэргүүцэж, улмаар хувь хүний хувьд халдашгүй байх эрхэд нь халдан дүрс бичлэг хийх, малгайг нь авч шидэх зэргээр зүй бус авир гарган, хууль бус үйлдлүүд хийсэн байна.
Энэ үед М.М- зөвшөөрөгдсөн бүсээс цааш нэвтрэх боломжгүйг тайлбарлан, тэдний тавьсан шаардлага хууль зөрчиж байгааг болохыг хэлж, ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхдээ тухайн үүссэн нөхцөл байдлын талаар өөрийн удирдлагад холбоогоор мэдээллэж байсан ба түүний үйлдэл, тавьсан шаардлага нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь хэсэгт заасан “...хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах ..” заалтад нийцсэн байна.
Иргэн М.Ц- албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн ажилтныг үргэлжлүүлэн хэл амаар доромжилж, олон нийтийн сүлжээгээр цацна хэмээн гар утсаар бичлэг хийхэд М.М- мөн өөрийн утсаар тухайн иргэний үйлдэл хөдөлгөөн, гаргаж буй зан авирыг бичиж бэхжүүлсэн байх бөгөөд М.Ц- М.М-гийн нүүрэнд тулган бичлэг хийх үед тэрээр бичлэгийг болиулах зорилгоор зүүн гараараа утастай гарыг нь барьж доош дарж түлхсэний улмаас М.Ц-гийн биед баруун мөрний мултрал, түүнээс үүдэлтэй хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтын талаар М.Ц- болон түүний нөхөр, гэрч С.Отгонбаяр нар өөрөөр мэдүүлж буй боловч маргааны шалтгаан, эхлэл өрнөл, М.Ц-гийн дээрх хууль бус үйлдлийн талаар хэргийн шийдвэрлэлтэнд хувийн ямар нэгэн сонирхолгүй, хэрэг гарах үед хажууд нь байсан гэрч Д.Э- мэдүүлэг нь хэргийн талаар авагдсан бусад нотлох баримттай харилцан уялдаатай, бодитой байх шаардлагад нийцсэн гэж дүгнэхээр байгаа болно.
Дээр дурдсан нөхцөл байдалд бусдын биед гэмтэл учруулсан М.М-гийн үйлдэлдээ хандаж буй хандлага, сэдэл, санаа зорилго нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулахаар, хууль бусаар санаатай халдаж буй гэм буруугийн шинжийг бүрдүүлэхгүй харин түүний гэм бурууг үгүйсгэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан шинжийг агуулж байна гэж үзэв.
Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл /эс үйлдэл/ гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог.
Иймд М.М- холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Хэдийгээр М.М- холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч М.Ц-д учирсан гэм хор, хор уршгийг арилгах талаар иргэний хариуцагчийн үүргээс чөлөөлөгдөхгүй тул хохирогч хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокуророос М.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэм буруугүйгээр хохирол учруулах” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН