Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0415

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г*******” ХХК нь “М*******” ХХК-иас тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8025/5349 нэгж талбарын дугаар бүхий 10000 м.кв газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар шилжүүлэн авч, газар эзэмших эрх үүссэн байна.

Дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг удирдлага болгон “Г*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Дээрх байдлыг судлан үзэхэд “Г*******” ХХК нь 2014 оноос 2016 оны 03 дугаар сар хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд төрийн байгууллагын албан хаагчдын хайхрамжгүй буруутай үйл ажиллагааны улмаас “Г*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нь “Г*******” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...” заасны дагуу “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар хариу тайлбараа ирүүлсэн байх бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г*******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.БАТСҮРЭН