Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0670

 

 

                                                 С.О-ын нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд А.Т-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Д.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0586 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлоор, С.О-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0586 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-ын гаргасан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх талаар. Монгол Улсын Ерөнхий Сайдын 2016 оны 131 дүгээр захирамж Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн гарсан. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу бодит нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэлийг зааж, захиргааны актыг гаргах ёстой. Маргаан гарсан тохиолдолд захиргааны актад дурдсан нөхцөл байдал, түүнд заасан хууль зүйн үндэслэлийг шүүх хянана.

Харин хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа захиргааны актад дурдаагүй нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тайлбарласныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь /тухайлбал, Сонгуулийн тухай хууль/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д нийцэхгүй болсон. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг оролцогчоос “нуух” ёсгүй бөгөөд захиргааны акт гарч, маргаан үүссэний дараа бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг “нөхөж” олж, захиргааны актын үндэслэлээ тайлбарлах, түүнийг нь шүүх хүлээн авах нь захиргааны үйл ажиллагаа ил тод нээлттэй байх зарчимд үл нийцнэ.

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг нь Ерөнхий сайдад тодорхой албан тушаалтныг томилох эрх олгосон заалт болохоос чөлөөлөх буюу сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргах эрх олгоогүй. Гэтэл уг заалтыг үндэслэн С.О-ыг ажлаас нь чөлөөлсөн захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт болно.

Харин Эрчим хүчний зохицуулах хорооны даргыг ажлаас чөлөөлөх эрх олгосон хууль зүйн үндэслэл нь Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3.5 дахь хэсэг юм. С.О-ыг ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргасан нь Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3.5 дахь хэсэгт нийцэхгүй хууль бус захиргааны акт юм.

С.О нь Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд томилогдсон. Өөрөөр хэлбэл, тэрээр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уг албан тушаалыг гүйцэтгэх, хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхгүй байх эрхтэй. Гэтэл томилсон хугацаанаасаа өмнө хариуцагч өөрөө түүнийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Тодруулбал хариуцагч өөрөө С.О-ыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний зохицуулах хорооны дарга ажилд томилсон атлаа энэхүү шийдвэрээ зөрчсөн нь нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн талаар. Захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүгч М.Цэцэгмаа нь бие даасан биш хэргийн оролцогч /гуравдагч этгээд/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ердийн харилцаанаас илүү дотны харилцаатай гэдгээ өөрөө нотлон С.О-ын нэхэмжлэлтэй Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргээс татгалзсан атлаа /нийт шүүгчдийн хуралдаанд өөрөө хэлсэн/ уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-д заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, шүүгч нь бие даасан биш хэргийн оролцогчтой ердийн харилцаанаас илүү дотны харилцаатай үндэслэлийн улмаас уг хэргийг шийдвэрлэхээс татгалзсан атлаа хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

Нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хэргийн бусад оролцогчид Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжид маргаагүй байхад уг асуудалд дүгнэлт өгч шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг ноцтой зөрчсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.О нь 2016 оны УИХ-ын сонгуульд нөхөн нэр дэвшсэнийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн нь хууль зөрчсөн эсэх талаарх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 0025/ШШ2016/0008 шийдвэрээр нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээр нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин өөрөөр нотолж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг зөрчсөн.

Шүүх хууль, хэм хэмжээ тогтоосон акт зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар. Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Засгийн газар эрчим хүчний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.1.2-т “эрчим хүчний зохицуулах хороог байгуулах, дүрмийг нь батлах...”; Засгийн газраас баталсан Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3.5-д “Хорооны дарга...-ийг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 3.5.1-д “томилсон хугацаа дууссан”, 3.5.2-т “өөрөө хүсэлт гаргасан”, 3.5.3-д “эрүүл мэндийн хувьд цаашид ажиллах боломжгүй болсныг эрх бүхий эрүүл мэндийн байгууллага тогтоосон”; 3.5.4-д “хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 3.5.5-д “хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гаргасан болон гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон” гэж заасан.

С.О нь Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд томилогдсон, уг шийдвэр нь хүчинтэй байгаа ба нэхэмжлэгч, хэргийн аль нэг оролцогч маргаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, С.О-ын Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдсон хугацаа дуусаагүй байхад түүнийг ажлаас нь чөлөөлсөн захиргааны актыг хуульд нийцсэн гэж шүүх үзсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3.5.1-д заасныг тус тус зөрчсөн.

Шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар. С.О-ыг ажлаас чөлөөлөхдөө Ерөнхий сайд нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг үндэслэл болгосон байдаг.

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Зохицуулах хорооны дарга...-ыг Ерөнхий сайд ... томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж заасан. Хуулийн уг заалт нь Ерөнхий сайдад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, гишүүнийг томилох эрхийг олгосон болохоос тэдгээрийг чөлөөлөх эрхийг олгоогүй. Гэтэл эрх олгоогүй заалтыг үндэслэн С.О-ыг ажлаас захиргааны байгууллага чөлөөлснийг шүүх зөвтгөн шийдвэр гаргасан нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг буруу, тухайн заалтаар зохицуулагдаагүй асуудлыг зохицуулсан гэж ойлгож хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх Захиргааны ерөнхий хууль хэрэглээгүй талаар. Нэхэмжлэгч хариуцагчийг маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль хэрэглээгүй нь хууль зөрчсөн үндэслэл болсон гэж маргасан.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа мөн хуульд захирагдана. Гэтэл Ерөнхий сайд 2016 оны 131, 132 дугаар захирамжийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа С.О-аас ямар нэг тайлбар, сонсох ажиллагааг хийгээгүй бөгөөд хийсэн талаарх нотолгоог шүүхэд ирүүлээгүй. Ийнхүү захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн байхад шүүх Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатанд буцаах, эсхүл нэхэмжлэлийг хангах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамжаар Засгийн газрын тухай хуулийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс чөлөөлж, мөн өдрийн 132 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Эрчим хүчний тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар А.Т-ыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар томилжээ.

Нэхэмжлэгч С.О нь “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Намайг Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 6 жилийн хугацаатай томилсон. Гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 6 жилийн хугацаа дуусаагүй байхад шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамж гарган гэнэт ажлаас чөлөөлсөн. Дахин 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “С.О-ыг ажлаас чөлөөлөх тухай” 131 дүгээр захирамж, “А.Т-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилох тухай” 132 дугаар захирамжуудыг гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар А.Т-ыг томилохын тулд намайг хууль зөрчин ажлаас чөлөөлсөн 88 дугаар захирамжийнхаа алдааг засч шинээр захирамж гаргасан гэх боловч надад энэ талаар мэдэгдээгүй, хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй, мөн өнөөдрийг хүртэл тэр захирамжийг гардуулж, тайлбарлаж өгөх үүргээ биелүүлэлгүй Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3.6-д зааснаас үзвэл Зохицуулах хорооны дарга нь 3 жилийн хугацаатай томилогдох, хэрэв уг дарга хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бол шинээр томилогдсон дарга нь өмнөх даргын бүрэн эрхийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр зохицуулагдсан байна. Нэхэмжлэгч С.О Эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга биш байсан тул түүнийг Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу 3 жилийн хугацаагаар томилох ёстой байхад 6 жилийн хугацаагаар томилсон нь хууль зөрчсөн. С.О Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа ёс зүйн, мэргэжлийн, санхүүгийн ноцтой гэж үзэх алдаануудыг давтамжтай гаргаж байсан бөгөөд үүнийг нь илрүүлэх, арилгах арга хэмжээг тухайн үед ажиллаж байсан эрхэлсэн сайд аваагүй байсан. Мөн 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн өдрөөсөө чөлөөлөгдөх ёстой байхад ажил, албан тушаалаа эрхлэхийн хамтаар сонгуульд өрсөлдөж Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.

Маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131, 132 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг болон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар томилсон, түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлд Эрчим хүчний зохицуулах хорооны бүтцийг хуульчилсан байх бөгөөд мөн зүйлийн 8.3-т “Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний... саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж заасныг Зохицуулах  хорооны даргыг “2, 4, 6” жилийн хугацаагаар томилж байхаар зохицуулсан гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд С.О-ыг Зохицуулах хорооны даргаар анх томилохдоо 6 жилийн хугацаагаар томилсон нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т нийцжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч С.О-ын хувьд нэгэнт Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл томилогдсон байхад анхан шатны шүүх “С.О-ын хувьд Эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга биш тул Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу Зохицуулах хорооны даргаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 3 жилийн хугацаатай томилогдох ёстой байсан ба улмаар түүний ажиллах хугацаа дуусгавар болж, томилолтын хугацааг сунгасан шийдвэрийг тухайн үед нь Ерөнхий сайдаас гаргаагүй байна. Иймд С.О-ын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 3 жилийн ажиллах хугацаа дуусгавар болсон, тухайн үед хуулийн дагуу түүний томилолтын хугацааг сунгасан шийдвэрийг гаргаагүй байсан тул Монгол Улсын Ерөнхий сайд нь өөрийн эрх хэмжээний хүрээнд түүнийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй байна.

Иймээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захирамж актыг хүчингүй болгож, түүнийг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын ажилд эгүүлэн тогтоох үндэстэй.

Дээрх байдлаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж хуульд нийцээгүй тул түүнийг үндэслэн гуравдагч этгээд А.Т-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар тушаалын 1 дэх заалт хууль бус болно.

Түүнчлэн анхан шатны шүүх “С.О Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөхдөө Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажил, албан үүргээ гүйцэтгэсээр байсан болох нь тогтоогдсон, энэ нь Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч С.О нь 2017 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан эсэх, ажлаа хүлээлгэн өгөхдөө зохих хуулийн заалтыг зөрчсөн эсэх асуудал нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болоогүй байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, улмаар уг дүгнэлт нь шийдвэрийн үндэслэл болсон гэж үзэхээр байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “С.О нь Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа ёс зүйн болон мэргэжлийн, санхүүгийн ноцтой гэж үзэж болох алдаануудыг давтамжтайгаар гаргаж байсан...” гэж тайлбарлах боловч энэ нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаас гадна мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд ямар мэдээллийг тусгах, сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр явуулах талаар нарийвчлан зохицуулжээ.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулаагүй үндэслэлээ “2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд нь эрхэлсэн асуудлын хүрээн дэх байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үр дүнг танилцуулах болоход С.О ирж уулзахгүй байсан тул түүний ажлыг хэлэлцэх, дүгнэх боломжгүй байсан. Тэрээр захиргааны актыг гарах гэж байгаа талаар мэдэж байсан гэдэг нь тухайн үед ажилд огт ирэхгүй байснаар нотлогдоно” гэж тайлбарласан нь үндэслэлгүй, учир нь захиргааны байгууллага сонсох ажиллагаа огт явуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрснөөс гадна нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл хүргүүлээгүй байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн М.Цэцэгмаа шүүгч нь хэргийн оролцогч /гуравдагч этгээд/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ердийн харилцаанаас илүү дотны харилцаатай үндэслэлийн улмаас уг хэргийг шийдвэрлэхээс татгалзсан атлаа хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх гомдлын тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвхатан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандан шүүгч М.Цэцэгмаагаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 390 дүгээр захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд мөн шүүгч М.Цэцэгмаагаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин болон нэмэгдлийг 3,895,671.41 төгрөгөөр тооцож[1], 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр /Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн боловч мөн сард ажлын 9 хоногийн цалин бодогджээ/-өөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 179 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 32,738,271.4 төгрөг /3,895,671.41 : 21.3 = 182,895.3, 182,895.3 х ажлын 179 хоног=32,738,271.4/-ийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-т 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 32,738,271.4 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

                   ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН