Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00653

 

М.Батхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 102/ШШ2016/00721 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 687 дугаар магадлалтай,

М.Батхүүгийн нэхэмжлэлтэй

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д холбогдох,

Ажилд эгүүлэн  тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Батхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч М.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зорчигч тээврийн автобус 1 НӨҮГ-т  жолоочоор ажилд орж, тасралтгүй 7 жил 2 сар ажилласан, энэ хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хариуцлагатай хийж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-н даргын Б/1681 дүгээр тушаалаар хяналтын камерыг санаатайгаар хаасан, түлш хулгай хийхийг завдсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Тушаалд заасан зөрчлийг би гаргаагүй бөгөөд түлш хулгайлахыг завдсанаа өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж худал гүтгэж бичсэн байна. Тухайн 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шугаманд явж байхад түлш дууссаны улмаас Зорчигч тээврийн үйлдвэрийн үүдний инженер лүү залгаж түлш дууслаа яах вэ гэхэд аргалаад ир гэж хэлсэн. Түлш дууссан байхад хулгай хийхийг завдсан гэдэг нь үндэслэлгүй. Сүүлийн 2 сар нормын түлш нь огт хүрэлцэхгүй, өөрөөсөө 42 литр түлшний үнийг төлж хохирч байсан. 39 номерын жолооч н.Өлзий-Орших түлш дууссан байсныг гэрчилнэ. Өнгөрсөн жил миний унаж явсан автобусны паарны шланк задарч шинэ шланк сольж тавихад надад метр орчим хэмжээтэй шланк үлдээсэн. Энэ бол миний ажлын багаж, ямар ч жолооч шланктай явах ёстой. Миний барьдаг автобусны шатахууны дайжиг ажилладаггүй тул түлшээ шалгахын тулд шланк хэрэглэдэг байсан. Мөн автобусны банк өндөр мэдрэгчтэй “жи пи эс” төхөөрөмж суурилуулсан байдаг учраас түлш авах ямар ч боломжгүй. Намайг олон удаа шатахуун хулгай хийсэн гэж үндэслэлгүй худлаа тайлбар бичсэнд гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, Ц.Баясгалан нар шүүхэд гаргасан тайлбартаа: М.Батхүү нь 2008 онд хуучнаар Автобус-1 НӨҮГ-т автобусны жолоочоор ажилд орж, 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. М.Батхүү нь 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ч-1 чиглэлд хуваарьт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа автобусны хяналтын камерыг удаа дараа унтрааж, бусдын автобусны түлшнээс зөвшөөрөлгүй авах буюу хулгай хийхийг завдаж, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.9, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.8 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1681 тоот захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Ч-1 чиглэлд үйлчилгээнд явж байхдаа автобусны хяналтыг камерыг санаатайгаар унтраасан бусдын автобуснаас түлш хулгай хийхийг завдсан үйлдлээ 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн арга хэмжээ тооцох сахилгын хурлаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаарх баримт хэрэг авагдсан. Байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг түлш хулгайлсан гэж үзээгүй, түлш хулгайлахыг завдсан гэж үзсэн. Энэ талаар байгууллагын дотоод журамд тодорхой заасан. Ингээд хөдөлмөрийн гэрээний 5.1.9, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.1.8-д заасныг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд М.Батхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 102/ШШ2016/00721 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1681 тоот тушаал хуулийн үндэслэлгүй тул Мэндбаярын Батхүүг өмнө эрхэлж байсан Нэгдүгээр баазын жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Батхүүд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.162.765 төгрөгийг хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас гаргуулж олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 58.468 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 687 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00721 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Батхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 687 дугаар шийдвэрийг хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн “тухайн өдөр М.Батхүү 4-1 чиглэлд хуваарьт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа автобусны хяналтын хоёр камерыг алчуур болон малгайгаараа хааж сав шаланк авч буусан талаар маргахгүй байна. Дээрх 2 камерыг хааж шаланк, сав авч буусан үйлдэл тогтоогдсон хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.9-д Байгууллагын шатахуун, тос, хулгайлахыг завдсан гэх зөрчлийг гаргасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарч байна” гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн өдөр 4-1 чиглэлд яваагүй бөгөөд Баянхошуу ДЦС-3 чиглэлд явж байсан. Шүүхийн тогтоогдсон гэж үзээд байгаа 2 камерыг хааж шпанк, сав авч буусан үйлдэл нь шатахуун хулгайлахыг завдсан гэх дүгнэлтэнд ямар шалтгаант холбоогоор хүрсэн, мөн хэдэн литр шатахууныг хулгайлахыг завдсан гэдэг нь тодорхойгүй, ийм асуудал болоогүй, нотлох баримтгүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага гаргажээ.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/1681 тоот тушаал гаргаж, жолооч М.Батхүүтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.9, хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.8 дах заалтыг баримтлан “...өөрийн хариуцсан автобусанд байрлах хяналтын камерыг санаатайгаар хаасан, түлш хулгай хийхийг завдсанаа өөрөө хүлээн зөвшөөрсөн ...” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэх бөгөөд “...шатахуун, тос, эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлахыг завдсан, энэ нь холбогдох баримтаар нотлогдсон” бол ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцжээ /хавтаст хэргийн 30 дугаар тал/.

Түүнчлэн автобусны хяналтын камерыг санаатай болон санамсаргүй унтраах, салгах, байрлал, чиглэлийг өөрчлөх, камерын дуранг хаах, автобус троллейбусны аккумляторыг салгасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар хөдөлмөрийн дотоод журмын 10.1.14-т заасан байна /хавтаст хэргийн 62 дугаар тал/.

М.Батхүү нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ч-1 чиглэлд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа автобусны хяналтын камерыг алчуур болон малгайгаар хааж, улмаар шланк болон сав авч бууснаа үгүйсгээгүй байна /хавтаст хэргийн 66, 74-80 дугаар тал/.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “...М.Батхүү нь тухайн автобусны хяналтын камерыг байнга асаалттай байлгах үүрэг хүлээсэн эсэх нь нотлогдоогүй, ...гэмт хэрэг үйлдэхийг завдаж байсан эсэхийг холбогдох байгууллагад хандан шалгуулаагүй...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна. 

Ажил олгогчийн тушаалын үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 687 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Батхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ