Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | С.Отгонтуяа |
Хэргийн индекс | 128/2023/0843/З |
Дугаар | 128/ШШ2023/0873 |
Огноо | 2023-11-21 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2023/0873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дэвжих үүд ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Энхбат
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Энхжаргал
Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Мөнхбат
Гуравдагч этгээд: Дөрвөлжийн бэл
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Эрхэмбаяр нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр, түүний өмгөөлөгч С.Энхбат, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Энхжаргал, Ч.Мөнхбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК нь анх шүүхэд Монгол Улсын Сангийн яам-д холбогдуулж Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагаар ихэсгэн маргаж байна.
2. Хэргийн нөхцөл байдлын талаар:
2.1. Анх Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай А/203 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 208, 209 дүгээр тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор улсын нөөцөд худалдан авах бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээ, үнийг Нэгдүгээр хавсралтаар, худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байх ба мөн тушаалын нэгдүгээр хавсралтын №1-д Гэр, ширхэг, 242, нийт үнэ 1,462,000,000 төгрөг гэж, хоёрдугаар хавсралтад Худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүн-ийг дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэжээ.
Ийнхүү байгуулагдсан Тендерийн Үнэлгээний хороо-оос ОБЕГ/202306009 дугаартай Улсын нөөцөд гэр худалдан авах цахим нээлттэй тендерийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зарлаж, урилгыг www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсанд болон Зууны мэдээ сонинд тус тус байршуулсан ба урилгад тендерийн материалыг хүлээн авах өдрийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минут гэж, тендерийг мөн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут-д нээхээр заасан байна.
Үүний дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас ...Улсын нөөцөд гэр худалдан авах тендерийн баримт бичигт холбогдуулан гаргасан Сайн оюут үлэмж ХХК-иас ирүүлсэн гомдлоор тендерийг түдгэлзүүлсэн тухай 2023 оны 07 дугаар 21-ний өдрийн 03-02/1122 дугаар албан бичгийг захиалагч Онцгой байдлын Ерөнхий газарт хүргүүлсэн байна.
2.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас ОБЕГ/202306009 дугаартай Улсын нөөцөд гэр худалдан авах тендерийн баримт бичгийг хянан үзээд, захиалагчийг тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг оруулан, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэн, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах агуулга бүхий 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03/1157 дугаар албан бичгийг мөн Онцгой байдлын Ерөнхий газарт хүргүүлжээ.
Захиалагч буюу Онцгой байдлын Ерөнхий газраас дээрх албан бичгийн дагуу Улсын нөөцөд гэр худалдан авах ОБЕГ/202306009 дугаартай тендерийн баримт бичгийн Хоёрдугаар бүлэг, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.4 Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Шаардлагатай гэх өөрчлөлтийг оруулсан ба, энэ тухай хариуг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 8/1698 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн байна.
2.3. Хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газрын ... Улсын нөөцөд гэр худалдан авах ОБЕГ/202306009 дугаартай тендерийн Үнэлгээний хороо тендерийн урилгад заасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут-д тендерийг нээхэд нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК, Дөрвөлжийн бэл ХХК, Өнөмонгол гэр ХХК гэх 3 аж ахуйн нэгж тендерийн ирүүлсэн.
Үүний дараа тендерийн Үнэлгээний хороо хуралдаж, цахим тендер оролцогчдыг сонгон шалгаруулсан ба Дэвжих үүд ХХК, Дөрвөлжийн бэл ХХК, Өнөмонгол гэр ХХК-ийг тус тус шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзсэн, улмаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэх үндэслэлээр Дэвжих үүд ХХК-ийн тендерийг шалгаруулан, тус компанитай гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт, зөвлөмжийг тус тус гаргаж захиалагч Онцгой байдлын ерөнхий газрын даргад хүргүүлсэн болох нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ОБЕГ/2023066009 дугаар бүхий Улсын нөөцөд гэр худалдан авах нээлттэй тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, мөн өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлт, Зөвлөмж /1 дэх хавтаст хэргийн 63-71 дэх тал/-ийг хүргүүлсэн байна.
Цаашлаад захиалагч Онцгой байдлын ерөнхий газрын даргаас гэрээ байгуулах эрх олгох тухай 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/1793 дугаар албан бичгийг нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК-д, тендерээс татгалзсан тухай 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/1795 дугаар албан бичгийг Дөрвөлжийн бэл ХХК-д тус тус хүргүүлжээ.
2.4. Дөрвөлжийн бэл ХХК нь тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч Сангийн гомдол гаргасан ба Сангийн яамнаас оролцогчийн гомдлыг хянан үзэж, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/6960 дугаар албан бичгээр Дэвжих үүд ХХК-ийг тендерт шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй байна гэж дүгнэн, Дэвжих үүд ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/1793 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх мэдэгдэн, уг хугацаанд захиалагчийн шийдвэр болон үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүний дараа Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин хуралдаж Өнөмонгол гэр ХХК-ийг тендерийн баталгаагаа цуцлуулсан үндэслэл үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзэж, үлдэх оролцогч болох нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК, гуравдагч этгээд Дөрвөлжийн бэл ХХК-ийн материалд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн ба дээрх 2 компаний тендерээс татгалзаж, Улсын нөөцөд гэр худалдан авах ОБЕГ/202306009 дугаар бүхий цахим нээлттэй тендерий хуульд заасны дагуу зохион байгуулахыг захиалагч Онцгой байдлын ерөнхий газрын даргад Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмж /1 дэх хавтаст хэргийн 88-97 дахь тал/-ийг тус хүргүүлсэн байна.
Улмаар Үнэлгээний хороо-ы зөвлөмжийн дагуу захиалагч Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 дугаар албан бичгээр ... захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6990 дугаар албан бичгээр хүчингүй болгосон тул 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/1793 дугаар албан бичээр олгосон гэрээ байгуулах эрх цуцлагдсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК-д хүргүүлжээ.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. Дэвжих Үүд ХХК-ийн тендерт санал болгосон үнэ ,370,166,000.00 төгрөг байх ба ижил төстэй барааны гэрээний мэдээлэл /маягт 5/, ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл /маягт №7/-д тусгасан 8 гэрээний тус бүрийн үнэ нь тус компанийн санал болгосон тендерийн үнийн дүнгийн 50 хувьд хүрэхгүй байх тул дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн. Захиалагчаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албан бичгийн дагуу Тендерийн өгөгдлийн хүснэгт-ийн ТШЗ 18.6.4-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл-ийг Шаардлагатай гэсэн өөрчлөлтийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр tender.gov.mn сайтын Холбогдох бичиг баримтууд хэсгийн Тодруулга хэсэгт оруулсан байсан. Үүний дагуу бид ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэлд тусгагдсан 8 гэрээг илгээсэн тул Сангийн яамны шийдвэрийн 1 дэх хэсэг үндэслэлгүй;
4.2. Хариуцагч Сангийн яамны шийдвэрийн 2-т Дэвжих Үүд ХХК тендерт Стандарт, хэмжил зүйн газраас олгосон Монгол гэрийн модны /9406/ MNS0370:2021 стандартын тохирлын гэрчилгээ ирүүлсэн байх боловч эсгий туурга, дотуур болон гадуур цагаан бүрээсний шаардлагад заасан стандартад нийцэхийг нотлох баримт ирүүлээгүй байх тул дээрх техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн.
Тендерийн өгөгдлийн хүснэгтэд стандартын тохирлын гэрчилгээ, лавлагаа лабораторийн шинжилгээний бичиг зэрэг тусгай нөхцөл шаардаагүй учраас бид харьцуулсан нийлүүлэгчийн тодорхойлолт дээр бараа бүтээгдэхүүнийхээ стандарт, чанар, хийцийн талаар тодорхой тусгаж өгсөн. Монгол гэрийн модны /9406/ MNS0370:2021 стандартын тохирлын гэрчилгээнээс гадна Монгол гэрийн эсгийний MNS0296:2012 стандартын тохирлын гэрчилгээг 2023 оны 07 дугаар сарын 05-нд авсан.
Харин гэрийн дагалдах материал буюу гадуур, дотуур цагаан бүрээс MNS0414-1:2012 болон гэрийн хөшиг MNS0414-1:2012-ийг стандартын дагуу үйлдвэрлэдэг оёдлын үйлдвэр болох Өнө Мөнх гэр ХХК-тай байгуулсан хугацааны гэрээний дагуу худалдан авдаг, иймээс учраас тендерийн захиалагчийн зүгээс тусгайлан шаардаагүй нэмэлт нотлох баримтуудыг ирүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэх;
4.3. Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ... шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд Сангийн яамны шийдвэрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын нөөцөд гэр худалдан авах тендер шалгаруулалтыг дахин зарласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэл болгон маргаж байна.
4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад өнөөдрийн шүүх хуралдаанаар хариуцагч Сангийн яам, Онцгой байдлын ерөнхий газарт гаргасан актуудыг хүчингүй болгох боломжтой гэж дүгнэж байна. Тендерийн үндсэн гол үзүүлэлтүүд бүрэн хангагдсан үндсэн стандартыг бас хангасан баримт бичгийг хавсаргасан. Дэвжих үүд ХХК-ийн тендерийн материалыг чадавхийн болон туршлагын өөр бусад шаардлагыг хангасан талаар үнэлгээ хийсэн талаар дурдсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь заалтад тус тус зааснаар мөн хуулийн 14 дугаар зүйлийн 14-16 дугаар зүйлд заасан захиалагчаас тогтоосон чадавхийн шаардлагыг техникийн тодорхойлолтыг бусад нөхцөл шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд нийцсэн тендер гэж үздэг.
Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлээд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж заасан. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар тендерийн үнийн шалгуурыг үнэлж үнэлж 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх нь үнэлгээний хороо захиалагчид, хуулиар олгогдсон эрх хэмжээ чиг үүргийн хүрээнд нь байна.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан худалдан авах ажиллагаанд баримтлах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцэж байна гэж үзэж байна. Сангийн яам тендер шалгаруулахтай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1.энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хүчингүй болгох өөрчлөх гэж заасны дагуу өөрчлөхдөө энэ хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн болохыг маргаан бүхий актын холбогдох хэсэгтээ заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй байна гэж үзэж байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 55.1.гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд багтаан хянан шийдвэрлэнэ гэсэн хугацааг тоолоод үзэх юм бол нэг хоногоор хэтрүүлсэн. Хууль ёсны дагуу хийгдэж шалгарсан байхад ингэж хууль бусаар тендерийг цуцалж байгаа Сангийн яам ямар байр суурьтай байгааг ойлгохгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын журам дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Сангийн яам аль аль нь энэ тендертэй холбоотой шийдвэр хуульд нийцсэн эсэх асуудлаар өөр өөрийнхөө харьяалах асуудлаар хянаж шийдвэрлэх эрхтэй.
Монгол гэр үйлдвэрлэлийн онцлогийг нь бас судлах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Манайх дулааны улиралд модоо бэлтгэдэг, хатаадаг, боловсруулдаг, эсгийгээ боловсруулж бэлтгэх гээд олон шат дамжлага гар ажиллагаа ордог. Манай компанийн хувьд улсын нөөцийг бэлтгэх өндөр хариуцлагатай ажилд тендерийн шаардлагыг хангаж энэ тендерт дурдаад байгаа 266 гэрээг зун наадмаас хойш 4 сарын хугацаанд 30 гаруй хүнтэйгээр тасралтгүй ажиллаж үйлдвэрлэж бэлтгэж болгосон байгаа. Тэгэхээр энэ байдал нь Сангийн яамнаас гаргасан шийдвэр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа нэг гол нэг үндэслэл болж байна. Тийм ч учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэлийн шаардлага буюу Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 9 дугаар сарын 19-ний өдрийн 03/6960 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр ирсэн шийдвэрийг түүнд нийцүүлэн гарсан буюу Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2001 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
4.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг шүүх анхаарч үзээсэй. Тендерийн үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн бол мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-ээс 55.3.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг Сангийн яам гаргах эрхтэй. Гэтэл хэрэгт авагдсан маргаан бүхий 9 дүгээр сарын 19-ний өдрийн Сангийн яамны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар заалтыг зөрчсөн гэж ярьдаг. Гэтэл 6 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа талаараа маргаан бүхий актад тусгаагүй. Хийсвэрээр таамаглаж Сангийн яамны шийдвэрийг зөвтгөх үндэслэл байхгүй.
Энэ хэрэгт гуравдагч этгээдийн эрх ашиг бол хөндөгдсөн гэж харахгүй байна. Захиалагчаас тодорхой шаардлага стандартыг гаргаад тэмдэг дараад хүлээж авсан байна. Бүгд л ижилхэн тэнцсэн гэсэн үг. Зарчмын хувьд төсвийн хэмнэлттэй байх, хамгийн бага үнэ санал болгосон энэ тендерийг шалгаруулаарай гэсэн хуулийн зохицуулалтыг баримтлаад нэхэмжлэгч компани шалгарсан байна.
Тэгэхээр гуравдагч этгээд энэ хуулийг зөрчлөө гэдэг байдлаар гомдол гаргаагүй. Захиалагчийг стандарт шаардлагыг биелүүлэхгүй байна гэдэг. Ийм гомдол гаргаад л тэрийг нь стандарт шаардлага нь нийцэж байна уу үгүй юу гэдэг агуулгаар хянасан. Маргаан бүхий 9 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрийн нэг дэх заалт дахь тендер шалгаруулалт нь Тендер шалгаруулах журмын 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан шаардлагыг Дэвжих үүд ХХК хангаагүй байна гэж Сангийн яам үзээд байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дахь заалтыг зөрчсөн учраас захиалагчаа ТШЗ 18.6.4 гэдэг заалтаа хас гэдэг байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт өгсөн. Онцгой байдлын ерөнхий газар үүний дагуу хасаад буцаасан.
Сангийн яам энэ маргаан бүхий шийдвэрээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хассан шийдвэрийн дагуу 50 хувьдаа хүрээгүй, шаардлагыг биелүүлээгүй байна гэж үзээд эрх олгосон шийдвэрийг цуцалж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад зарим нэг баримтыг нээлттэй цахимаар явагдаж байгаа болохоор сүүлд өгч болно.
Хариуцагч Онцгой байдлын ерөнхий зарим баримтуудыг нэмж өгч болно энэ бол нээлттэй гэж хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хууль дээдлэх ёстой гэж ярьж байгаа шигээ хуульд үндэслэсэн шийдвэр гаргаагүй. Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч манай тендер бол хууль ёсны дагуу байсан гэж хэлсэн. Харин Сангийн яамнаас нэгэнтээ хүчингүй болгосон юм чинь арга ядаад бид нар дахиж зарласан гэж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд Сангийн яамны шийдвэрийг захиалагч эс зөвшөөрвөл гомдол гаргана гэсэн заалт байхгүй. Тэгэхээр төрийн дээд байгууллага гэдэг утгаараа энэ хуулийн зохицуулалт нь ч гэсэндээ захиалагч шийдвэрээ хамгаалах боломжгүй болгосон.
Шударгаар шалгарсан компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа ийм үр дагавар гарч байна. Тэгэхээр сая хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчийн хэлж байгаа тайлбараар хууль ёсны гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Яг энэ маргааны хувьд зөвхөн энэ тендер шалгаруулалт эсвэл энэ 2 компанийн асуудал голлох чухал асуудал гэхээсээ илүү Сангийн яамны байр сууринаас захиалагчийг хууль мөрдүүлдэг болох тал дээр авч хэрэгжүүлж байгаа. Сангийн яам шийдвэр гаргахдаа хуульд заасан зарчмуудыг дурддаг. Тэр зарчмуудтай холбоотойгоор Сангийн яам бараг 20 гаруй дүрэм журам боловсруулдаг. Энэ дүрэм журмуудыг мөрдөх нь мөрдөөд мөрдөхгүй нь мөрдөхгүй ийм нөхцөл байдалд байгаа. Мөрдөхгүй байхаар яадаг вэ гэхээр эцсийн дүн дээрээ компаниуд захиалагчийг хууль зөрчих үйлдлийг нь бараг өөгшүүлж Онцгой байдлын ерөнхий газрыг нэхэмжлэгч өмөөрч Сангийн яамнаас айж байгаад шийдвэр гаргачихсан юм байна гэж хэлээд байна.
Бие даасан байгууллага буюу үнэлгээний хороо хуралддаг, өөрийн гэсэн эрхтэй газар. Хэрвээ Сангийн яамны шийдвэр эцсийнх байдаг, хууль тогтоогч тийм хүсэл зоригтой байсан бол Сангийн яам шууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг үндэслээд энэ компанид гэрээ байгуулахыг хүчингүй болгоод гэрээ байгуулж шууд өмнөөс нь ажлыг нь хийж явна.
Гэтэл хууль тус тусынх нь бүрэн эрхийг нь тус тусад нь тодорхой заасан. Жишээ нь захиалагчийн эрх, үүрэг дээр үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэж гэрээ байгуулах эрх олгосон. Өөр хэн ч ирж гэрээ байгуул, гэрээ байгуул эсвэл татгалз гэж хэлэхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйл дээр тодорхой заасан. Тийм болохоор Сангийн яамны шийдвэр дандаа үнэлгээний хороог дахин үнэлэх шийдвэр гаргаарай гэж шийдвэрлэдэг.
Энэ асуудлаар Сангийн яамны гомдол хянах эрх дуусгавар болоод шүүхээр шаардлагатай бол хянагддаг хуулийн зохицуулалттай. Гэтэл Онцгой байдлын ерөнхий газар бие дааж шийдвэр гаргаад тусдаа үнэлгээний хорооны тэмдэглэл хийгээд н.Цогбаяр гэх хурандаа билүү дэд хурандаагийн гарын үсгээр гаргачихсан шийдвэрээ Сангийн яамнаас болсон гэдэг ийм тайлбарыг нэхэмжлэгчээс гаргаж байгааг ойлгохгүй байна. Эсвэл хоорондоо тэгж ярилцсан юм уу? Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч магадгүй үнэлгээний хороонд ордоггүй болохоор мэдэхгүй байж магадгүй.
Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хэлбэрээр орох юм бол худалдан авах ажиллагааны цахим систем 24 цагаар ажиллаж байгаа. Би хариу тайлбарт хавсаргаж өгсөн.
Тэр оруулсан цаг нь 18 цаг 37 минут гэж байгаа. Үнэхээр энэ асуудал дээр Онцгой байдлын ерөнхий газар тусдаа саналтай байгаа бол үзүүлэх боломжтой. Төрийн худалдан авах ажиллагааны газраас энэ асуудлаар би аль ч талыг маргахгүй байна гэж ойлгож байна. Захиалагч ямар нэг шалтгаанаар аль нэг талд нь богино хугацаа олгодог асуудал нь худалдан авах ажиллагаанд хардалт сэрдлэгийг төрүүлдэг. Ил тод бус байдал болгодог асуудлыг зохицуулсан Сангийн яамны олон журмууд байгаа.
2019 оны 255 дугаар журмын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт байгаа. Хэрвээ цахим систем дээр тендерт оролцоод эсвэл захиалагчийн аль нэг нь ажлын цагийг дууссаны дараа эсвэл амралтын өдөр баримт бичиг мэдээлэл оруулах юм бол түүнийг дараагийн ажлын өдрөөр хүлээн авсанд тооцно гэж заасан. Онцгой байдлын ерөнхий газар өөрөө текст оруулснаа хууль ёсны шийдвэр гэж үзлээ гэж бодоход түүнийг хэзээ мэдсэн гэдэг нь Онцгой байдлын ерөнхий газрын ажлын цаг хэзээ эхэлдэг юм тэр цагаас л эхэлнэ.
Тэгээд 9 цаг 30 минутад шалгахад нэг цагийн дотор компаниудад тендерт бэлдэх боломжгүй. Бид нар ер нь тендерт оролцохдоо шөнө дөлөөр ажилла гэж шаардаж болохгүй. Энийг л шаардаж байгаа. Тийм болохоор яг албан ёсны шийдвэрээ гарга. Онцгой байдлын ерөнхий газар улсын нөөцөд гэр авах нь зайлшгүй шаардлагатай байсан болохоор шууд нээсэн юм байна гэж ойлгосон. Гэтэл огт тийм нөхцөл байдал одоог хүртэл ажиглагдаагүй. 11 дүгээр сар болж байна.
Шүүхээс ямар нэгэн байдлаар даалгавар өгөөгүй байхад өөрсдөө сайн дураараа тендер шалгаруулалтыг зогсоогоод нээлтээ хийхгүй л байж байна. Өмнөх тендер шалгалтынхаа үр дүнгээр авна гэдэг хүлээлттэй байна уу, шүүхийн шийдвэрийг заавал гарахыг хүлээж байна уу? Төрийн ажил процессоороо яваад шүүх шийдвэрлэх юм бол тэр үед зогсоно. Тийм нөхцөл байдал байхгүй. Яараагүй юм бол яагаад 5 хоногоор хугацааг нь сунгаад албажуулаад бичгээр гаргаад оролцогчдоо мэдэгдээгүй юм бэ гэдэг зүйлийг бид нар захиалагч байгууллагаас шаардаж байгаа. Тэрнээс биш энэ нэхэмжлэгч компанитай холбоотойгоор бид нар буруутгаад байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэгч компани аз таараад бүрдүүлчихсэн баримт бичиг нь тэр өөрчилсөн шаардлагад нь нийцэж байж. Өмнө нь бүрдүүлсэн байсан өөр компаниудад энэ боломж олдоогүй байна гэдэг асуудлыг ярьж байгаа юм.
Тендер шалгаруулалтын баримт бичиг зөрчсөнийг одоо хууль зөрчсөн гэж тооцож шийдвэрлэж болохгүй гэдэг үндэслэлийг би анх удаа л сонсож байна. Тендер шалгаруулалтын баримт бичиг нь өөр хуулиас ургаж гараагүй. Энэ тендер шалгаруулалтын баримт бичгийг яаж батлах талаар энэ хууль дээр тодорхой заасан 19 дүгээр зүйл дээр тендерийн баримт бичиг бэлдэх гэж тэгээд дээрээс нь оролцогчдод олгох хугацааны талаар техникийн тодорхойлолтын талаар захиалагчийн хийж байгаа энэ бүх үйлдлүүд энэ хуулийн дагуу зохицуулагдаж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар тендерийн баримт бичиг батлагдаж байгаа. Тэр тушаалын үндэслэл нь энэ хуулийн дагуу байгаа байх. Тендерийн үнийг үнэлэх гэж үнээр нь эрэмбэлэх гэсэн агуулгатай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1 дэх хэсэгт нэг үе шаттай тендер шалгаруулалт хийнэ гэхээр мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хяналт шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.
Тэр үед үнийн тухай ярих ба нэхэмжлэгчийн яриад байгаа хэмнэлттэй үр ашигтай байх зарчмын асуудал яригдаж эхэлнэ. Тэрнээс өмнө нийлүүлэх гэж байгаа бараа материалыг үнэхээр найдвартай юу, нийлүүлэх боломжтой юу, шаардлагад нийцэх үү, гэрээний үүргийн гүйцэтгэл болоход дутуу гэдгээс сэргийлэх зорилгоор хянан үзэж байгаа юм.
Тийм шаардлагагүй бол бид нар ийм олон баримт бичгийг шаардах шаардлагагүй шууд үнийг нь яриад л явж болно. Гол яриад байгаа зүйл нь захиалагч өөрөө юу хүссэн юм түүнийг юу гэж тодорхойлсон юм. Стандартууд нотолж байгаа гэж маргаад байгаа зүйл бол өөрийнх нь бичсэн нэхэмжлэгч компанийн боловсруулсан хүснэгт. Тендерийн нээлтээс хойш тендерийн агуулгад үнийн талаар өөрчлөлт оруулдаггүй. Агуулга гэдэг бол нийлүүлэх гэж байгаа барааны чанарын асуудал.
Тендерийн нээлтээс хойш тендерийн талаар үг, үсэг, техникийн чанартай өөрчлөлтүүдийн талаар л асуудаг болохоос биш нэмэлт баримт бүрдүүлж байгаад шалгаруулж болдоггүй. Цахим тендер болохоороо нээлттэй, дуртай аргаараа байдаг юм биш. Энэ нь яг нөгөө нээлтээс хойш татаж авсан мэдээлэлд огт өөрчлөх боломжгүй энэ системийн өгөгдөл боломжгүй байдаг.
Өрсөлдөгч компаниудад ямар боломж олгож байна вэ гэхээр тендерийн хүлээн авах эцсийн хугацаа дуусах үед ирсэн баримт бичигтэй танилцах эрхийг нь системээр ажлын 5 хоногийн хугацаанд олгодог. Сангийн яам заавал ийм хуулийн зүйл заалт бичсэн гомдлыг хүлээж авах ёстой юм шиг, түүнийг нь тэрнийх нь дагуу шийдвэрлэх ёстой юм шиг гомдол гаргагч компани өөрөө тендерийн баталгаагаа эрсдэлд оруулаад шударга бус байна гэж үзээд тэр үндэслэлээ өөрийнхөөрөө тодорхойлоод ирүүлдэг.
Сангийн яам мэргэжлийн байгууллагын хувьд мэргэшсэн ажилтантай, бие даасан үнэлгээний хороотой этгээдийн хувьд захиалагч байгууллагад нь хандаад явуулдаг. Зөвхөн энэ компанид нэг хувийг нь хүргүүлсэн. Тэгэхээр тендер шалгаруулалтын талаар буруу ойлголттой байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бид нар аль ч тендерийг хянаж үнэлж чадахгүй. Таван зарчим бариад бид нар алийг нь шалгуулах юм бэ. Эцсийн дүндээ тендер шалгаруулалтын баримт бичиг дээр л бууна. Тэр нь энэ хуулийн л дагуу хийгдсэн. Үүний дагуу Сангийн яам шийдвэрлэсэн. Захиалагч энэ асуудлаараа үнэхээр яаралтай шаардлагатай байсан бол шийдвэрээ гаргаад нэг бол дараагийн тендер шалгаруулалтаа яаралтай зарлаад улсын нөөцөд гэр авах асуудал нь шийдэгдэх байсан байх.
Би өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч гэсэн Онцгой байдлын ерөнхий газрын өмнөөс нийтийн ашиг сонирхолд ямар хохиролтой байх талаар хэлж мэдэхгүй байна гэж тайлбараа хэлж байсан. Яагаад гэвэл үнэхээр мэдэхгүй байна. Нэн шаардлагатай гэж үзээд л тэр орой текстэн мэдээлэл оруулаад маргааш өглөө нь түүнийхээ дагуу үнэлсэн юм шиг харагддаг. Гэтэл одоо өөрсдөө сайн дураараа тэрийгээ зогсоосон байгаа. Тэгэхээр яаралтай биш байсан юм бол ядаж 5 хоногийн хугацаа олгоход Сангийн яам шийдвэрээ албажуулаад гаргахыг нь шаардана. Техникийн тодорхойлолтын стандартын хувьд мөн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хянаж байгаа. Тэр гомдолд дурдсан үндэслэл нь стандартуудын агуулгаар байсан. Заавал одоо хуулийн зүйл заалтын тэдийг гэж бичсэнээрээ Сангийн яам хумигдаж хянах ёстой агуулга байхгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бичиг ч гэсэн шууд захиалагчийн өмнөөс техникийн тодорхойлолтод нь өөрчлөлт оруулдаггүй. Өөрчлөлт оруулаарай гэж захиалагч байгууллагад даалгаад захиалагч байгууллага ажлын 3 хоногийн дотор хэлээд хариугаа хүргүүлсэн байна.
Гэхдээ хүргүүлэхдээ яг өөрчлөлт оруулсан албан бичиг үйлдээгүй. Энэ 2 байгууллагын хооронд хийгдсэн тэр албан бичгийг бусад оролцогч мэдэх үүрэггүй. Яагаад гэвэл тендерийн баримт бичиг түүний хэсгүүд цахим систем дээр нийтлэгдэж байж бид нар олон нийтэд ил болж журамласан гэж ойлгож байгаа. Жишээ нь ковидын үед 5 дахь өдөр ажлын оройн цагаар хэдэн тэрбумын тендер шалгаруулалт зарлаад даваа гаргийн өглөө нээчихсэн гээд маргаан үүсэж байсан. Тэгсэн мөртөө энэ хянан үзэх үнэлэх шийдвэр гаргах хугацаа нь маш урт хугацаанд Сангийн яам мөн адилхан шийдвэрлээд л явж байсан. Тэгэхээр энэ асуудал дээр ийм тайлбартай байна гэв.
6. Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийг хуулийн дагуу хууль хэрэгжүүлж хийсэн гэдгээ дахин хэлье. Хариуцагч Сангийн яам нь бараг дарамтлаад Сангийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хоёрын хоорондын маргаан болох гээд байна. Хуулийн дагуу хийсэн, аж ахуй нэгжийн гомдлын дагуу зохих өөрчлөлт хийсэн, Сангийн яамны албан бичгийн дагуу тендерийг хүчингүй болгосон энэ үйл явц хуулийн дагуу хийгдсэн. Тендерт шалгаруулалтаас өмнө хийгдсэн нэг аж ахуй нэгжийн гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шалгасан энэ гомдлыг цахим дээр бүртгэж авсан.
Тендер нээхээс өмнө үүнтэй холбогдуулан өөр гомдол гараагүй. Сангийн яамны гаргасан албан бичигтэй холбоотой 2 үндэслэл байгаа. Тендер хүчингүй болгох үндэслэл байгаа. Нэгдүгээр үндэслэл шалгуур үзүүлэлттэй холбоотой асуудал байгаа юм 50-аас доошгүй хувь 2 удаа гэсэн энэ шалгуур үзүүлэлттэй холбоотой асуудал. Энэ шалгуур үзүүлэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан аж ахуй нэгжүүдийн гомдлын дагуу бид нар тендерийн баримт бичигт цахимд өөрчлөлт оруулснаараа тухайн холбогдох албан бичгийг нь захиалагч өөрөө гүйцэтгээд тамга тэмдэг дарагдаж албажсанаараа хүчин төгөлдөр болдог.
Тийм учраас хүчин төгөлдөр тухайн нэг аж ахуй нэгж давуу байдал үүсгээд нэг аж ахуй нэгжийг нь хасах гэсэн нөхцөл байдал үүсгээгүй гэж үзэж байна.
Стандартын асуудлын хувьд 5 ханатай иж бүрэн гэр худалдан авах тухай тендер зарлагдсан байгаа. Иж бүрэн гэр гэдэгт мэдээж зөвхөн гэрийн модыг нь авна гэж ганц стандарт заахгүй. Энэ техникийн тодорхойлолт дээр бүрэн бичигдчихсэн байгаа техникийн тодорхойлолтоор 4 стандарт эсгий эдлэл, дотуур гадуур цагаан бүрээс гээд 4 стандарт дурдагдсан байгаа. Ингээд энэ 4 стандартад нийцсэн гэрийг худалдаж авна.
Тэрнээс биш хэн нэгэн ингээд мод эвлүүлээд хөрөөдөж хадаж наачхаад гэр гээд худалдаж авахгүй гэдгийг техникийн тодорхойлолт дээр нь тодорхой заасан. Мэдээж энэ техникийн тодорхойлолтод заасан ажил үйлчилгээг урьд өмнө нийлүүлж байсан гэдгийг 3 аж ахуй нэгж нотолсон нотлох баримтуудаа ирүүлсэн байгаа.
Гэхдээ эдгээр стандартад нийцсэн тохирлын гэрчилгээтэй байна гэдэг шалгуур үзүүлэлтийг бид нар тухайлан заагаагүй. Хамгийн бага үнийн дүнтэй аж ахуй нэгжээ шалгаруулаад хуулийн дагуу энэ тендер хийгдсэн гэж үзэж байгаа. Стандарт шаардаагүй биш шаардаж байгаа. Стандартад нийцсэн гэр худалдаж авна гэдгийг шаардана. Техникийн тодорхойлолт дээр бүр дэлгэрэнгүй дурдсан байгаа. Тохирлын гэрчилгээтэй байна гэдгийг тухайлан заагаагүй. Харин Сангийн яамны энэ албан бичиг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд нийцүүлэн гаргасан албан бичиг байгаа. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл нь гомдлыг хянан шалгах 2 эрх бүхий этгээдэд холбогдсон зүйл заалт. Гаргасан гомдлыг шийдвэрлэсэн шийдвэрт нь хариу гомдол гаргах болон тайлбар гаргах тухай зүйл заалт байхгүй. Захиалагчийн зүгээс Сангийн яамны гаргасан албан бичгийг гүйцэтгэх үүрэгтэй л болохоос биш энэ нь нийцэхгүй байна нийцэж байгаа тухай гомдол гаргах тухай зүйл заалт 55 дугаар зүйлд угаасаа байхгүй.
Тийм учраас үнэлгээний хороо дахин хуралдаж үнэлгээгээ дахин хийсэн. Тэр үнэлгээгээр бол гуравдагч этгээдийн түншлэлээр оролцсон байсан учраас түншлэлийн аж ахуй нэгжийн өөрийнх нь бие даасан орлого үнэлгээ нь тэнцээгүй. Тийм учраас тэр тендер үндсэндээ бүхэлдээ хүчингүй болоод дахин зарлагдсан. Дахин зарлагдсан энэ процессыг сая бас тайлбарлаж байна. Энэ нэхэмжлэгч талтайгаа тохиролцчихсон гэж хардаж байгаа бол Авлигатай тэмцэх газарт өг шалгуул гэж Сангийн яаманд албан ёсоор хэлье. Тийм зүйл байхгүй. Тендер явдаг журмаараа явсан. Сангийн яамны ирүүлсэн бичигт манайх гомдол гаргах болон эсэргүүцэх шүүхэд хандах зүйл заалт энэ тендерийн хууль дээр байхгүй.
Тийм учраас үнэлгээний хороо хуралдаж энэ тендерийг хүчингүй болгоод дахин зарласан тендерийн хугацаа дуусаагүй байна. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Онцгой байдлын ерөнхий газраас зарласан тендерт оролцсон. Онцгой байдлын ерөнхий газар гэрээ хийсний дараа хуулийнхаа хугацаанд шийдвэрээ гаргасан. Гэвч одоо манай компани шийдвэрийг 2, 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй талаар Сангийн яаманд гомдол гаргасан. Эхний үндэслэл нь ижил төстэй туршлагын асуудал байсан.
Сангийн яамны төлөөлөгчийн хэлсэн үгтэй санал нийлж байна. Үүн дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Дэвжих үүд ХХК-ийн өмгөөлөгч болон хуулийн зөвлөхүүд маш зөв юм ярьж байна. Худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиараа зохицуулах ёстой.
Мөн хуулийн нэг дэх хэсэгт байгаа зорилт дээр энэ хуулиар бүх худалдан авах ажиллагааг зохицуулна гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1.2 дахь заалтад техникийн тодорхойлолтын талаар заасан. Техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа захиалагч Монгол улсын стандарт болон бусад холбогдох стандартын дагуу боловсруулна. Хэрвээ байхгүй бол Монгол улсад дагаж мөрдөж байгаа олон улсын стандарт бусад бичиг баримтын дагуу тодорхойлолтыг боловсруулж гаргаж өгөх ёстой.
Үүний дагуу боловсруулсан гэж би ойлгож байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд тендерийн үнэлгээ хийхтэй холбоотой асуудлыг зохицуулсан байгаа. Үнэлгээний хорооны юуг харгалзан үзэж үнэлгээ явуулах ёстой вэ? Тендерийн чадавх болон туршлагыг үнэлэх гэж байгаа. Барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн итгэмжлэл гэх 2 зүйлийн аль нэгийг нь сонгож эсвэл аль алиныг нь сонгохыг захиалагч шийдэх байх. Үүний дагуу үнэлгээгээ хийх ёстой. Стандартын гэрчилгээний талаар дурдсан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэргэжлийн хүн биш болохоор сайн ойлгохгүй байх шиг байна. MNS0370:2021 гэдэг стандарт бол монгол гэрийн модны стандарт байгаа юм. Энэ гэрийн модны стандарт гэдэг нь гэрийн тойрог нь хэд байх ёстой, тооны диаметр хэд байх, хэдэн унь, ханатай байх, хана нь ямар байх, мод нь ямар хатуулагтай байх, чийглэг ямар байх ёстой юм гэсэн стандарт. Захиалагч бусад стандартуудыг тавьчихсан байгаа MNS5801:2007 Монгол гэрийн эсгийний стандарт байгаа. Монгол гэрийн эсгий 8 дамжлагаар явах ёстой тэр стандартын гэрчилгээ авсан компани нь стандартын бүхэл бүтэн технологийн шугамыг бүтэн гүйцэд байлгаж байж энэ гэрчилгээг авдаг. Тендер нээх үед Дэвжих үүд ХХК-ийн материал дотор байгаагүй. Дараагийн асуудал нь Монгол гэрийн зөөлөн эдлэлийн стандарт байгаа. MNS MNS 0414:2012, 0414-1:2012 стандарт болохоор Монгол гэрийн зөөлөн эдлэл буюу монгол гэрт ордог дотуур, гадуур цагаан бүрээс, брезентэн бүрээс өрхний стандарт байгаа юм. Энэ стандартуудын дагуу манай компаниас шаардлагатай бичиг баримтаа гаргаж өгөөгүй учраас хангаагүй гэж үзэж байгаа юм. Аливаа бараа ажил үйлчилгээг төрийн байгууллага бараа ажил үйлчилгээг худалдаж авахдаа заавал энэ стандартыг маш сайн мөрдөх ёстой.
Хувийн хэвшлүүд худалдан авалт хийхдээ төрийн байгууллагаас илүү мундаг болсон. Яг стандартынхаа дагуу ямар стандарттай юм тэр стандартынх нь дагуу авдаг болсон. Яг тендер нээх явцад Дэвжих үүд ХХК-ийн материалд стандартын гэрчилгээ зөвхөн 0370:2021 гэрийн мод үйлдвэрлэх стандартын гэрчилгээ л ирсэн байсан. Тиймээс бид гомдол гаргасан. Гомдлын дагуу Сангийн яам үндэслэлтэй байна гэж үзсэн. Захиалагчийн техникийн тодорхойлолт дээр стандарт хангасан барааг авна гэж заасныг стандартаа нотлохгүй байж болно гэж ойлгосон. Хуульд тусгасан байгаа тодорхой заалтуудаа хангахгүй бол болохгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчээс Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ
2.1. ...анх тендерийн баримт бичгийн Хоёрдугаар бүлгийн Тендерийн өгөгдлийн хүснэгт-ийн ТШЗ 18.6.4-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл хэсэгт Шаардлагатай санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ доод тал нь 2 удаа гэх шаардлага тавигдсан байсан. Захиалагчаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар-ын албан бичгийн дагуу Тендерийн өгөгдлийн хүснэгт-ийн ТШЗ 18.6.4-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл-ийг Шаардлагатай гэх өөрчлөлтийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтын Холбогдох бичиг баримтууд хэсгийн Тодруулга хэсэгт оруулсан байсан. Бид дээрх тодруулга өөрчлөлтийн дагуу ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэлд тусгагдсан 8 гэрээг илгээсэн тул хариуцагчийн шийдвэрийн энэ хэсэг үндэслэлгүй гэж,
харин хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн үндэслэлийг ...tender.gov.mn сайтын Холбогдох бичиг баримтууд хэсгийн Тодруулга хэсэгт 2023-08-09 18:17 цагт буюу ажлын цаг дууссаны дараа зөвхөн текстэн хэлбэрээр оруулсан мэдээллийг тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй, Үнэлгээний хороо-ны журмын 4.10, хуулийн 6.1, 24.1, 46.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн, тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоогүй гэх агуулга бүхий тайлбараар татгалзан маргаж байна.
2.2. Анх Улсын нөөцөд гэр худалдан авах ОБЕГ/202306009 дугаартай тендерийн баримт бичгийн II бүлэг. Тендерийн өгөгдлийн хүснэгт-ийн ТШЗ 18.6.4-т Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Шаардлагатай Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ доод тал нь 2 удаа /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/ гэж заасан байсан ба үүний дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тендерийн баримт бичгийг хянан хариу мэдэгдэхийг шаардсаны дагуу захиалагч нь тендерийн баримт бичгийн дээр дурдсан хэсгийн Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ доод тал нь 2 удаа гэсэн хэсгийг хасаж tender.gov.mn худалдан авах ажиллагааны цахим хуудасны Холбогдох бичиг баримтууд хэсгийн Тодруулга хэсэгт ТШЗ 18.6.4-т Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Шаардлагатай гэх өөрчлөлтийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг 17 минутад нийтэлжээ.
Дээрх байдлаар тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулахдаа захилагч болон Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн хуулийн гэж товчлох/ холбогдох зохицуулалтыг болон хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас батлан гаргасан журмын зохицуулалтуудыг тус тус зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
2.3. Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор, мөн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.5-д ... үнэлгээний хорооны... ажиллах журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, 47.9-д Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна гэж тус тус зааснаар Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн сан бүрдүүлэх журам-ыг /цаашид Журам-ын гэж товчлох/ баталжээ.
Журам-ын Дөрөв-ийн 4.1-д Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна, 4.9-д хуулийн 47.7-д зааснаар үнэлгээний хорооны шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх..., 4.10-д Үнэлгээний хороо бараа, ажил, үйлчилгээний онцлогоос хамааруулан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жишиг баримт бичигт нийцүүлэн тендерийн урилга, тендерийн баримт бичиг, түүнд оруулах нэмэлт өөрчлөлт, тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл зэрэг баримт бичгийг боловсруулж, үнэлгээний хорооны гишүүдийн олонх дэмжсэн баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн батлуулахаар захиалагчид хүргүүлнэ гэж тус тус заасан байна.
Дээрхээс үзвэл тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах тохиолдолд Үнэлгээний хороо хуралдаж гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд холбогдох мэдээллийг агуулсан баримт бичгийг боловсруулан хуульд нийцүүлэн батлуулахаар захиалагчид хүргүүлэх, ийнхүү хүргүүлэх шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байхаар, захиалагч нь Үнэлгээний хороо-ны шийдвэр /хурлын тэмдэглэл/-ийг үндэслэн тендерийн баримт бичигт зохих өөрчлөлтийг оруулахаар ойлгож хэрэгжүүлэхээр байна.
Гэтэл Үнэлгээний хороо-оос дээрх журмын зохицуулалтыг зөрчин тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлээгүй энэ асуудлаар Үнэлгээний хороо-оос шийдвэр /хурлын тэмдэглэл/ гаргаагүй байна. Энэ талаар хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...тендерийн баримт бичигт цахимд өөрчлөлт оруулсан, захиалагч өөрөө албан бичгээ үйлдээд тамга дарж албажуулан хүчин төгөлдөр шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж заасныг зөрчсөн байна гэж үзлээ.
2.4. Түүнчлэн Үнэлгээний хороо-оос тендерийн баримт бичигт оруулсан дээр дурдсан өөрчлөлтийг tender.gov.mn цахим хуудасны Тендерийн баримт бичиг, Тодруулга хэсэгт мэдээлэл-ийн хэлбэртэйгээр оруулахдаа тендерийн урилгад заасан тендер хүлээн авах хугацаанаас 15 цаг 13 минутын өмнө буюу 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг 17 минутад /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/ оруулсан нь тогтоогдож байна.
Тендерийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана гэж заасан ба мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.1.3-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар баталсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын Гурав-ын 3.2.4-т Тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргасан бол хариу албан бичгийг гарсан өдөр нь цахим системд нийтлэх, шаардлагатай бол тендерийн баримт, бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, 3.9-д Захиалагч тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийн хариуг хүсэлт гаргагчийн нэрийг дурдалгүйгээр албан бичгээр гаргаж, түүний хуулбарыг цахим систем дэх тендерийн баримт бичгийн тодруулга хэсэгт нийтэлнэ, 3.16-д Захиалагч болон тендерт оролцогч ажлын цаг дууссаны дараа эсхүл амралтын өдөр цахим системд оруулсан баримт бичгийг холбогдох этгээд дараагийн ажлын өдөр хүлээн авсанд тооцно гэж тус тус заажээ.
Дээрхээс үзвэл тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах тохиолдолд захиалагчаас хариуг албан бичгээр өгөх, тухайн албан бичгийг тендерийн баримт бичгийн тодруулга хэсэгт нийтлэхээр, захиалагч, түүний байгуулсан Үнэлгээний хороо-ны ажлын цаг дууссаны дараа цахим системд оруулсан баримт бичгийг холбогдох этгээд дараагийн ажлын өдөр хүлээн авсанд тооцохоор журамлан зохицуулсан ба тодруулбал тодруулга хэсэгт тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл-ийг захиалагчаас гаргасан хариу албан бичиг-ээр нийтэлсэн байхаар ингэхдээ хэрэв ажлын цаг дууссаны дараа нийтэлсэн бол уг мэдээллийг дараагийн ажлын өдрийг дуусах хүртэл хугацаанд холбогдох этгээд мэдэх боломжтой байхаар тус тус ойлгож хэрэгжүүлэхээр байна.
Түүнчлэн тендерийн баримт бичигт оруулах өөрчлөлт нь тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу захиалагчаас өгөх тодруулга, нэмэлт мэдээлэл-д хамаарахгүйгээс гадна Үнэлгээний хороо-ны тодруулга хэсэгт оруулсан тендерийн баримт бичгийн өөрчлөлтийн талаарх мэдэлээл нь албан бичиг-ийн хэлбэртэй биш байгааг дурдах нь зүйтэй.
Зүй нь хэрэв Үнэлгээний хороо захиалагчийн тендерийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийг нийтлэхээр бол Онцгой байдлын ерөнхий газрын даргын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 8/1698 дугаар албан бичгийг /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/ тодруулга хэсэгт нийтлэхээр байжээ.
Нөгөөтэйгүүр тендерийн урилгад тендерийн материалыг хүлээн авах өдрийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минут гэж, тендерийг мөн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут-д нээхээр тус тус заасан ба Үнэлгээний хороо tender.gov.mn-ийн цахим хуудасны тодруулга хэсэгт оруулсан тендерийн баримт бичгийн өөрчлөлт гэх мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг 17 минут буюу ажлын цаг дууссаны дараа оруулж нийтэлсэн, дараагийн ажлын өдөр 08 цаг 30 минутад эхэлсэн гэж үзэхэд тендерт оролцогч болон холбогдох этгээд нь тухайн өөрчлөлтийн талаарх мэдээллийг 01 цаг 13 минутын хугацаанд амжиж үзэх, мэдэх боломжтойгоор тогтоосон байх тул захиалагч болон Үнэлгээний хороо-г Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, ...хариуцлагатай байх зарчмыг болон тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгох зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх тохиолдолд захиалагчаас бусад (нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК-аас тухайн өөрчлөлтийг мэдэж тендерийн материалаа бэлтгэсэн гэж тайлбарладаг) тендерт оролцогч, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт гомдол гаргасан Сайн оюут үлэмж ХХК-д тус тус тендерийн баримт бичигт оруулсан гэх өөрчлөлтийг мэдэгдсэн гэж үзэх боломжгүй тул захиалагч болон тендерт оролцогч ажлын цаг дууссаны дараа цахим системд оруулсан баримт бичгийг холбогдох этгээд дараагийн ажлын өдөр хүлээн авсанд тооцно гэх журмын зохицуулалтыг мөн зөрчсөн гэж үзнэ.
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.
Захилагч болон Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, цахим хуудсанд нийтлэхдээ тендерийн хууль болон журмын холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул ... захиалагчаас тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.4-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл-ийг Шаардлагатай гэх өөрчлөлт оруулсаны дагуу манайх 8 гэрээг илгээсэн, иймээс хариуцагч Сангийн яамны шийдвэр үндэслэлгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.
2.5. Нэхэмжлэгчээс Сангийн яамны манай компанийг тендерт эсгий туурга, дотуур болон гадуур цагаан бүрээсний шаардлагад заасан стандартад нийцэхийг нотлох баримт ирүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд стандартын тохирлын гэрчилгээ, лавлагаа лабораторийн шинжилгээний бичиг зэрэг тусгай нөхцөл шаардаагүй гэж, харин хариуцагчаас ... тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан эсгий туурга, дотуур болон гадуур цагаан бүрээс нь стандартад нийцэх нотлох баримт ирүүлээгүй байсан тул нэхэмжлэгчийн тендерийг техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэх агуулгатай тайлбарыг гарган нэхэмжлэгчийн үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.
Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19-д техникийн тодорхойлолт гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор, 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна, 11 дүгээр зүйлийн 11.1.2-т үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх, ... гэж тус тус заажээ.
Улмаар Улсын нөөцөд гэр худалдан авах ОБЕГ/202306009 дугаартай цахим нээлттэй тендерийн баримт бичгийн I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ) 19.3-д Тендерт оролцогчийн санал болгож буй бараа нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримт, ...тус тус тендерт ирүүлнэ гэж зааснаас үзвэл тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолт-д заасан санал болгож буй бараа нь үндэсний стандартыг хангаж байгааг нотлох баримтыг буюу стандарт, тохирлын гэрчилгээг тус тус тендерт ирүүлэхээр байна.
Тодруулбал тендерт оролцогч нь Улсын нөөцөд гэр худалдан авах ОБЕГ/202306009 дугаартай цахим нээлттэй тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолт-ын /1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал, арын нүүр/ д/д 1-д заасан 5 ханатай гэрийн мод MNS 0370:2021 тохирлын гэрчилгээнээс гадна мөн тодорхойлолтын:
д/д 6-ийн барааны нэр хэсэгт Эсгий туурга чанар байдал хэсэгт MNS 5801:2007 стандартын шаардлага хангасан хонины цэвэр ноосон бор эсгийгээр хийж, хоолой болон ирмэгийг хөвөрдөж, оёсон чийггүй хуурай байна. 5м-ээс дээш урт, 1,8м өргөнтэй, 2 талдаа 30-50 см-ийн зөрлөгтэй, 8 ширхэг оосортой, 4 ширхэг гогцоотой байна,
д/д 8-ын барааны нэр хэсэгт Гэрийн бүрээс, үндсэн хэмжээ техникийн шаардлага MNS 0414:2012 стандартын шаардлагад нийцсэн сайн чанарын цуу ямбуугаар гэрт тааруулан хийсэн оосор бүч оёсон, 2 давхар оёдолтой, 100 см зөрлөгтэй байна,
д/д 9-ийн барааны нэр хэсэгт Гэрийн бүрээс, үндсэн хэмжээ техникийн шаардлага MNS 0414-1:2012 стандартын шаардлагад нийцсэн сайн чанарын цуу ямбуугаар гэрт тааруулан хийсэн оосор бүч оёсон, 2 давхар оёдолтой, 100 см зөрлөгтэй байна гэж тус тус заасны дагуу эсгий туурга, гэрийн гадуур, дотуур бүрээсний шаардлагад заасан стандартад нийцэхийг нотлох баримт буюу тохирлын гэрчилгээг тендерийн баримт бичигтээ хавсарган ирүүлэхээр байна.
Нэхэмжлэгч нь дээр дурдсан тохирлын гэрчилгээнээс зөвхөн нэгийг буюу түүнд Стандарт хэмжил зүйн газраас 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр олгосон УБД 6825 дугаартай Монгол гэрийн мод MNS 0370:2021 Тохирлын гэрчилгээ-г тендерт ирүүлсэн нь болох нь ОБЕГ202306009-гэр дэв.үүд цахим тендерийн материал /Онцгой байдлын ерөнхий газраас цахимаар ирүүлснийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан, PDF- Дэвжих-үүд ХХК, маягт, мэдэгдэл гэх хэсгийн 10 дахь хуудас/-иар тогтоогдож байна.
Иймээс Тендерийн хуулийн 16 дугаар зүйл ийн 16.1. Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно, 16.1.7. барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл гэж заасанд нийцүүлэн ...нэхэмжлэгчийн тендерийг техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн үнэлсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэсэн хариуцагч Сангийн яамны шийдвэр үндэслэлтэй.
Мөн тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ) 19.3-д Тендерт оролцогчийн санал болгож буй бараа нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримт, ...тус тус тендерт ирүүлнэ заасан тул хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... стандартад нийцсэн тохирлын гэрчилгээтэй байх шалгуурыг бид тухайлан заагаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлд хамааруулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ Монгол гэрийн эсгийний MNS0296:2012 тохирлын гэрчилгээ, 2022 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр Өнө мөнх гэр ХХК-тай байгуулсан Бараа материал худалдан авах гэрээ, мөн компаний 2022 оны 1 дүгээр сарын 17-ний өдрийн №001/32 Тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 12-15, 17 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг хавсарган шүүхэд ирүүлсэн, гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт дээрх баримтуудыг тендерийн материалд хавсаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул шүүхээс эдгээрийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
Дээрхийг бүхэлд нь дүгнэвэл хариуцагч Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчээс ... шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд Сангийн яамны шийдвэрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын нөөцөд гэр худалдан авах тендер шалгаруулалтыг дахин зарласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж байна.
Өмнө дурдсанчлан гуравдагч этгээд Дөрвөлжийн бэл ХХК-ийн гомдлоор Сангийн яамнаас тендерийг хянан үзэж, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/6960 дугаар шийдвэрийг гаргасан ба үүний дараа Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК, гуравдагч этгээд Дөрвөлжийн бэл ХХК-ийн материалд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн, Үнэлгээний хороо-ны зөвлөмжийн дагуу захиалагч Онцгой байдлын ерөнхий газрын даргаас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 дугаар албан бичгээр /1 дэх хавтаст хэргийн 83 дахь тал/ ... 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/1793 дугаар албан бичгээр олгосон гэрээ байгуулах эрх цуцлагдсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК-д хүргүүлсэн байна.
Сангийн яамнаас тендерийг хянан үзсэн тухай маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаар шийдвэрийг шүүхээс хуульд нийцсэн буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн, энэ тохиолдолд хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын дарга буюу захиалагч нь маргаан бүхий акт болох Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаар шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тендерт дахин үнэлгээ хийсэн, цаашлаад тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд тус тус албан бичгээр хүргүүлсэн байна.
Тендерийн хуулийн 29 дүгээр зүйл ийн 29.1-д Захиалагч ... бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагч /захиалагч/-аас шалгараагүй үндэслэлийн тухай тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдэж, түүнд хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлсэн байх тул ийнхүү мэдэгдсэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 дугаар албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулахгүй, зохицуулалтгүй буюу мэдээллийн шинжтэй баримт бичиг болно.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ..., эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54 дүгээр зүйлийн 54.1.1. захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж заасныг тус тус баримтлан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 дугаар албан бичиг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.7, 46 дугаар зүйлийн 46.4, 47 дугаар зүйлийн 47.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/6960 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дэвжих үүд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА