Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/732

 

 

 

 

 

 

2021                 8            05                                        2021/ДШМ/732

                       

 

Ж.Ж, Ю.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Б.Нгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шүүгдэгч Ю.Дийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Нгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Ж, Ю.Д нарт холбогдох 2009 02421 0070 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ч овгийн Жгийн Ж, 1975 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

            Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

            Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ял,

            Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан;

2. Зоригт бэйсийн хошуу овгийн Юрагийн Д, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХП86042811/;

Ж.Ж, Ю.Д нар нь бүлэглэн Б.Нгийн ... тоот хашаанд байрлуулж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох саарал өнгийн 20 тонн контейнер, мөн дотор нь байсан нэр бүхий 82 төрлийн  эд зүйлсийг 2020 оны 4 дүгээр сард өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж, бусдад 4.041.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Ж.Ж, Ю.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Жгийн Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Зоригт бэйсийн хошуу овгийн Юрагийн Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завших гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Дийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 20 тоннын контейнерыг хохирогч Б.Нд олгож, шүүгдэгч Ю.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн өмгөөлөгчөөс нэхэмжилсэн 2.000.000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Д.Алтанцоожийн нэхэмжлэлээс 300.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхин, цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Д, Ж.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Н давж заалдах гомдолдоо: “...Хэргийн холбогдогч Ж овогтой Жд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ж.Ж нь эцэг ондоо, төрсөн дүү Ю.Дийн хамтаар гэмт хэргийг үйлдсэн төдийгүй, контейнерыг зөөж тээвэрлэхэд хажууд нь байсан, мөн зарж борлуулж мөнгийг нь өөрийн дансаар шилжүүлж авах зэргээр гэмт хэрэгт оролцсон нь хэргийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байхад шүүгч гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, Ж.Жы үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Мөн Ж.Ж нь мэдүүлэхдээ “...Дүү Ю.Дид Хэрлэн ахаас ажлын хөлсөнд тооцож надад энэ контейнерыг өгсөн юм гэж худал итгүүлсэн. ...” гэсэн нь зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар төдий байсаар байтал шүүгдэгч нарын мэдүүлгийг илүүтэйд үзэж, гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, Ж.Жы гэмт үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэснийг зөвшөөрөх үндэслэлгүй. Миний контейнерт хадгалагдаж байсан эд зүйлсийг үнэн зөвөөр үнэлж, гүйцэд шалган тогтоогоогүй. Миний алга болсон эд зүйлсээс Ю.Д нь гэртээ байгаа талаараа шүүх хуралд мэдүүлсэн, миний эзэмшлийн контейнер хаана байгаа нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл надад ирээгүй байх бөгөөд дээрх хоёр шүүгдэгч нар зарим эд зүйлсийг гэртээ байгаа талаараа мэдүүлж ирсэн, контейнер доторх эд зүйлсийг хэрхэн, ямар байдлаар үгүй хийсэн эсэх талаар бүрэн гүйцэд шалган тогтоогоогүйгээс гадна үнэлээгүй орхигдсон зүйлс байгаад гомдолтой байна. Иймд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж, хэргийг бүрэн гүйцэд шалгуулах хүсэлтэй байна. ...” гэжээ.

Хохирогч Б.Нгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийлмэл гэмт хэрэг гэж үзэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн контейнерыг ах, дүү хоёр нийлж хулгайлж зарсан. Контейнер дотор байсан эд зүйлсийг хулгайлсан. Нөгөөх нь контейнерыг зарсан. Ийм 2 төрлийн гэмт хэргийг нэг төрлийн гэмт хэрэг болгож оруулсан нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дүгээр хэсэгт Ж.Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ хоёр хүн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн. Хавтас хэргийн 20 дугаар хуудсанд Ж.Жы дансанд мөнгө ордог. 2.200.000 төгрөгөөр хоёулаа автомашин авсан. Автомашин авсан мөнгө нэхэгдсэн учраас зарсан гэж мэдүүлсэн байдаг. Контейнер дотор байсан эд зүйлсийг хавтас хэргийн 21-22 дугаар хуудсанд 83 төрлийн эд зүйлс байдаг. Контейнер болон эд зүйлсийн үнэлгээг тус тусад нь үнэлэх байтал 4.000.000 төгрөг гэхээр контейнерын үнэлгээ орхигдож тооцогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж, хэргийг бүрэн гүйцэд шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Ю.Дийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хавтас хэргийн 24 дүгээр хуудсанд 20 тонн контейнерыг битүүмжилсэн байгаа. Уг битүүмжилсэн контейнерыг шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Б.Нд олгуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэг Ж.Ж, Ю.Д нарыг бүлэглэн Б.Нгийн ... тоот хашаанд байрлуулж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох саарал өнгийн 20 тонн контейнер, мөн дотор нь байсан нэр бүхий 82 төрлийн  эд зүйлсийг 2020 оны 4 дүгээр сард өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж, бусдад 4.041.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Жгийн Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Зоригт бэйсийн хошуу овгийн Юрагийн Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завших гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Дийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анзаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж, 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр талаар заажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт “...шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Жы үйлдэл нь хууль бус шинжтэй, түүнийг хүсч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэжээ.

Хавтас хэргийг судлахад гэрч Д.Алтанцоожийн “...Би ... тоотод очиж контейнерын эзэн болох Д, Ж гээд ах, дүү хоёроос 20 тн саарал өнгийн контейнерыг 2.400.000 төгрөгөөр худалдан авсан. ...” /хх 63-66/ гэсэн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн баримт байхгүй байхад шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй Ж.Жы үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь дээрх хуулийн шаардлагад үл нийцнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Жы завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн прокурорын дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасныг зөрчжээ.  

Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нд учирсан 82 төрлийн эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж заасан шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Нгийн гаргасан “...Ж.Жд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухай шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Ж, Ю.Д нарт холбогдох 2009 02421 0070  дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл шүүгдэгч Ж.Ж, Ю.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВы