Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2024/00528

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* *******, ******* оршин суух, ******* овгийн холбогдох

Зээл 1,344,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Б. нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2,400,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй сар бүрийн 30-ны өдөр 240,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл төлж дуусгахаар зээлж авсан.

Зээлээ хугацаандаа төлөхгүй, хэлж сануулахаар хэл амаар доромжилж харьцдаг байсан. Мөнгөө цаг хугацаандаа хийхгүй намайг хохироож байгаа тул үлдсэн 1,344,000 төгрөгийг төлүүлмээр байна.

2. Зохигчийн эвлэрлийн гэрээнд: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч Т. болон хариуцагч Б. бид 1,344,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэлийн гэрээ байгуулав. Үүнд:

3.1. Хариуцагч Б. нь 1,344,000 төгрөгөөс 672,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, үлдэгдэл 672,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлнө.

3.2. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.

3.3. Зохигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б. нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 672,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор үлдэгдэл 672,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.д төлөхөөр төлөхөөр эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Т.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 36,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 672,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор үлдэгдэл 672,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 36,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАТ