Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 201/МА2020/00008

 

2020        02          17                                                  201/МА2020/0008

     “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    “Т” ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 138/ШШ2019/00934 дугаар шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК-д холбогдох 152 730 723 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч В.Даваанямын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “Т” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ТП/2019/02 болон 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ТП/2019/09 дугаартай Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдан авагчийн хүсэлтийн дагуу шатахуунаа тасралтгүй нийлүүлсэн. Гэтэл хариуцагч тал дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан хугацаанд огт гүйцэтгээгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироож байна. Иймд шатахуун зээлээр худалдан авсан үндсэн төлбөр 106 953 336 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс алданги 45 777 387 төгрөг буюу нийт 152 730 723 төгрөгийг нэхэмжилж байна.

...Хариуцагчийн төлөөлөгчийн ярьж байгаа тооцоолол үндэслэлгүй гэж үзэж байна. “Т” ХХК-ийн өглөг авлагын тайлангаар 2019 оны 08 дугаар сар дуустал 141 753 336 төгрөгийн шатахуун авч 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 24 800 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 34 800 000 төгрөгийн төлөлт хийж 106 953 336 төгрөгийн авлага үлдсэн. Хариуцагчийн тайлбараар 300 000 төгрөгөөс дээш үнэтэй шатахуун авсан тохиолдолд литр тутмыг 2200 төгрөгөөр тооцох ёстой гэж ярьж байна. Үүнийг талуудын хооронд байгуулсан

гэрээгээр тохироогүй. Хариуцагч тал тухайн шатахууныг зээлээр авсан учир хөнгөлөлт яригдах боломжгүй. Хариуцагч байгууллагад өгсөн картаар ямар ч төрлийн шатахууныг литр тутмыг 50 төгрөгөөр хөнгөлөх боломжийг бид олгосон. Хариуцагч талд олгосон мастер карт, дэд картуудыг Монгол улсын маш олон аймаг, цэгүүдэд ашигласан байсан. Манай байгууллагын салбар бүр өөр өөр жижиглэнгийн үнэтэй байдаг. Энэ нь тээвэрлэлтийн зардал болон бусад зардлаас хамаарч өөр байж болдог. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ дуусаад үүнээс хойш 10 хоногийн дотор буюу 2019 оны 05 дугаар сарын 10-ны дотор төлбөрөө хийх ёстой байсан. Иймд төлөгдөөгүй үнийн дүн нь 106 953 336 төгрөг бөгөөд 156 хоног хугацаа хэтэрсний алданги 45 777 387 төгрөг гарч байна. Манай байгууллага талуудын хооронд байгуулсан гэрээг л баримталсан. Зөвхөн гэрээний үйлчлэх хугацаанд алданги тооцно гэсэн ойлголт байхгүй. Харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстойг хуулиар зохицуулсан. 2 гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хоёулаа дууссан. ...Хариуцагч тал хямдралтай байсан үеийн ханшийн зөрүү гэж ярьж байна. Энэ асуудлыг гэрээгээр тохироогүй бөгөөд ханшийн зөрүү нь хариуцагч талд хамааралгүй тул төлөх ёстой үнийн дүнгээс 18 000 000 төгрөг хасагдах ёстой гэсэн тайлбар нь үндэслэлгүй.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Давааням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоёр компанийн хооронд шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан. Эхний гэрээ 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Гэрээний үнийн дүн нь 24 800 000 төгрөг. 2 дахь гэрээ нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан бөгөөд дуусах хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байсан. Гэрээний үнийн дүн нь 23 700 000 төгрөг байна. Гэрээт хугацаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 40 498 449 төгрөгийн өр үүсгэж бүтээгдэхүүн авсан. Үүнээс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 24 800 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний хугацааны үлдэгдэл 5 698 449 болсон. Гэрээний хугацаанд шилжсэн бүтээгдэхүүний үнээс л алданги тооцох ёстой. Ингээд тооцохоор нийт 5 698 448 төгрөгийн алданги гарч байна. Хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтаар 2 849 224 төгрөг болно. Ингээд үндсэн төлбөрийн хамт 8 547 673 төгрөгийг төлөх ёстой. Нэхэмжлэгчийн алданги тооцсон байдлыг хүснэгтээс харахад хийсэн тооцоолол нь маш ойлгомжгүй байна.  ... Гэрээний хугацаа дууссанаас хойш олон удаа шатахуун авсан байдаг. Гэрээний хугацаа дууссанаас хойш хийсэн нийлүүлэлтээс анз тооцох ёсгүй. Зээлийн гэрээг бичгээр сунгалт хийсэн зүйл огт байхгүй байна. Нэхэмжлэгч байгууллага 300 000 төгрөөс дээш дүнтэй шатахуун авсан тохиолдолд 1 литрийг 2200 төгрөгөөр тооцож өгдөг. Үүнийг нотолж хариуцагч талын зүгээс 18 000 000 төгрөг байна гэж тооцож гаргасан. Иймд энэ хөнгөлөлтийг төлөх ёстой үнийн дүнгээс хасаж тооцуулах саналтай байна. Үлдэгдэл 106 953 336 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 138/ШШ2019/00934 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 106 953 336 төгрөг, алданги 5 544 752 төгрөг, нийт 112 498 088 /нэг зуун арван хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэс петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 232 635 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 921 604 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 720 440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэс петролиум” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Давааням давж заалдах гомдолдоо: “... Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас ХХАГ-ний үүргийн биелэлт 106 953 336 төгрөг, алданги 5 544 752 төгрөг, нийт 112 498 088 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Хариуцагчийн зүгээс алданги тооцохдоо Иргэний хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, буруу тооцсон байна гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Хоёр компаний дунд гэрээ байгуулагдаж, шатахуун зээлээр авсан үйл баримттай маргаагүй. Эхний гэрээ 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдаж, гэрээний хугацаа 4 сарын 30-ны өдөр дууссан. Гэрээний үнийн дүн 24 800 000 төгрөг. 2 дахь гэрээ 2019 оны 3 сарын 21-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 4 сарын 30-ны өдөр дууссан. Гэрээт хугацаанд 2019 оны 5 сарын 10-ны өдрийн байдлаар 40 498 499 төгрөгийн өр үүсгэж бүтээгдэхүүн авсан. Үүнээс 2019 оны 4 сарын 30-ны өдөр 24 800 000 төгрөг, 2019 оны 5 сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг тус тус төлсөн. Гэрээт хугацааны үлдэгдэл 5 698 449 төгрөг болсон. Үүргийн зөрчил энд л яригдана. Үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцохоор алданги 2 849 224 төгрөг гарч байгаа юм. Иймээс үүргийн нийт гүйцэтгэлд 106 953 336 төгрөг, алдангид 2 849 224 төгрөг, нийт 109 802 560 төгрөг бидний тооцооллоор гарч байгаа юм. Шүүхээс алдангийг буруу тооцож, хариуцагчаас 112 498 088 гаргуулсан нь буруу юм. Иймээс шүүхээс тогтоосон төлбөрөөс 2 695 528 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч гомдолдоо “анхан шатны шүүх иргэний хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, буруу тооцсон байна” гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ. Энэхүү гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, 222.1.3-т “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ”, 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан 2019.01.09 болон 2019.03.21-ний өдрүүдэд байгуулагдсан гэрээний 3.1.4-т “Гэрээгээр тогтоосон хугацаанд үнийг төлөхийг худалдан авагчаас шаардах эрхтэй, мөн барагдуулаагүй тохиолдолд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй”, 3.2.7-д “төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй нөхцөлд энэхүү гэрээний 5.2-т заасан алдангийг шатахуун нийлүүлэгчийн нэхэмжилсэн тухай бүрт төлнө”, 5.2-т “худалдан авагч тал төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар шатахуун нийлүүлэгч талд алданги тооцож төлнө” гэсэн төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцон зохицуулсан. Гэтэл хариуцагч гомдолдоо 2019.01.09 болон 2019.03.21-ний өдрүүдэд байгуулагдсан гэрээний “... гэрээт хугацаанд нийт 40 498 449 төгрөгийн өр үүсгэж бүтээгдэхүүн авсан байна. Үүнээс 2019 оны 4 сарын 30-ны өдөр 24 800 000 төгрөг, 2019 оны 5 сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг тус тус төлсөн. Гэрээт хугацааны үлдэгдэл 5 698 449 төгрөг болсон. Үүргийн зөрчил энд л яригдана.” гэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь анхан шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан цаг хугацааны байдлаар болон хууль гэрээнд заасан цаг хугацаа, тохиролцсон нөхцөл байдлыг харгалзан алдангийг тооцсон нь хуульд нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь дээр дурдсан хууль болон гэрээнд заагдсан хугацааг хэтрүүлсэн үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гомдлын шаардлагыг гаргасан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно.

1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д “худалдан авагч нь шатахууны төлбөрөө 2019.04.30-ны дотор тооцоо нийлэн худалдагч талын дансанд бүрэн шилжүүлсний дараа дахин худалдан авах эрх үүснэ...” гэж төлбөрийг бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн болно. Гэтэл 40 498 449 төгрөгийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй буюу 24 800 000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэсэн ба 15 498 449 төгрөгийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд 2019.05.22-ны өдөр хүртэл 22 хоног хугацаа хэтрүүлсэн. Энэ хугацаанд 1 726 824 төгрөгийн алданги тооцогдож байгаа болно.

2. Хариуцагч тал үлдэгдэл 15 498 449 төгрөгийн төлбөрөөс 2019.05.22-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 5 498 449 төгрөгийн төлбөрийг 2019 оны 6, 7, 8 сард худалдан авсан 106 953 336 төгрөгийн шатахууны төлбөрийн хамт өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй нэхэмжлэгчийг хохироож байгаа. Иймд хууль зүйн үндэслэлгүй гомдлын шаардлагыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Т” ХХК-иас гэрээний үүргийн биелэлт 152 730 723 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-тай 2019 оны 01 сарын 09-ний өдөр ТП/2019/02 дугаар бүхий Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2019 оны 03 сарын 21-ний өдөр ТП/2019/09 дугаар бүхий Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулж, 2019 оны 01 сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд 141 753 336 төгрөгийн шатахууныг гэрээнд заасан хугацаанд үнийг төлөх тохиролцоотой авсан ба хариуцагч нь 2019 оны 04 сарын 30-ны өдөр 24 800 000 төгрөг, 05 сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус төлж, үлдэх 106 953 336 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримтууд тогтоогдсон байна. Хариуцагч энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 5-8, 11 дэх талууд/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг / ИХ-ийн 243, 262, 263, 232.3, 232.7/ зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч В.Давааням нь алдангийг багасгуулахаар давж заалдах гомдол гаргасан боловч түүний гаргасан гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. 

Хариуцагчийн төлөөлөгч В.Даваанямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 138/ШШ2019/00934 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч В.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч В.Даваанямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                  Ж.ДОЛГОРМАА

                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ