| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00434/И |
| Дугаар | 131/ШШ2024/00541 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2024/00541
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын ******* оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие ******* суманд төрсөн. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Сургууль төгссөнөөс хойш цэргийн албанд татагдах хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр зөвлөмжийн хуудас
- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 734 дүгээр архивын лавлагаа
- Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр Нэгдэлд гишүүнээр элсүүлэх тухай тогтоол
- Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр Ерөнхий боловсролын 8 дугаар анги төгсөж, илгээлтээр ирсэн охид, хөвгүүдийг ажилд томилох тухай тогтоол
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа
- Баянхонгор аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр албан бичиг
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/316 дугаар албан бичиг, регистрийн карт/Ц.*******/
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 311 дугаар албан бичиг, Баянхонгор аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет/Ц.*******/
- Гэрч Д.******* мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр/Д.Орсоо/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.1. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 734 дүгээр архивын лавлагаанд ******* ******* нь ******* сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар 1985-1989 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх хүсэлт ирүүлснээс 1986 онд нотлох баримт гарлаа гэжээ.
Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:
- Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн хурлын 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт 1986 онд 8 жилийн дунд сургууль төгсөж, Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллахаар ирсэн нэр бүхий 32 охид, хөвгүүдийг нэгдлийн гишүүнээр элсүүлсүгэй,
Уг тогтоолын хавсралтаар батлагдсан ******* сумын Цэцэглэлт нэгдэлд гишүүнээр элссэн охид, хөвгүүдийн нэрсийн жагсаалт-ын 8 дугаарт ******* *******, 1970 онд төрсөн, 7 дугаар хэсэгт
- Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр тушаалын 1 дэх заалтад 1986 онд ерөнхий боловсролын 8 дугаар анги төгсөж, Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр ирсэн 28 охид, хөвгүүдийг хавсралт ёсоор үйлдвэрлэлд хуваарилан ажиллуулсугай,
Уг тушаалын хавсралт нэрсийн жагсаалтын 18 дугаар хэсэгт ******* *******-адуучин гэж тус тус тэмдэглэжээ.
2.2. Боловсролын лавлагаа:
Баянхонгор аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр албан бичигт ******* ******* нь 1986 онд тус сургуулийг төгссөн бүрэн дунд боловсролтой нь үнэн гэжээ.
2.3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет:
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаанд ******* ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/207 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 298 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 630689 дугаарын цэргийн батлахтай халагдсан-ыг тодорхойлжээ.
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 311 дугаар албан бичгийн хавсралт Баянхонгор аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-д овог нэр: Цэдэвийн *******, 1969 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 18 настай, яс үндэс халх, Баянхонгор аймаг, ******* сум, 7 дугаар хэсэгт оршин суух, 1986 онд 7 дугаар хэсэгт адуучин/адуунд сайн/ ажилтай, 1985 онд ******* сумын 8 жилийн сургууль төгссөн, мэргэжилгүй гэжээ.
2.4. Иргэний улсын бүртгэлийн мэдээлэл:
Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/316 албан бичгийн хавсралт БНМАУ-ын хүн амын регистрийн карт-д Баянхонгор аймгийн ******* сумын хөдөөд оршин суух, ******* ******* нь Цэцэглэгт нэгдэлд 1986 оноос эхлэн мал аж ахуйд адуучнаар ажилтай гэжээ.
2.5. Гэрчийн мэдүүлэг:
Гэрч Бөхчүүд овогтой Дагвын ******* мэдүүлэгт: Би Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж байгаад 1983 онд хөдөө гарсан. 1984 оноос 1988 он хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. 1990 оны 11 дугаар сараас эхлэн 1994 он хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдэл болон компанид малчнаар ажиллаж байсан.
Ц.******* надтай хамт 1986 оноос 1987 оныг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тухайн нэгдэлд малчнаар ажиллаж байхад Ц.******* нь 8 дугаар ангиа төгсөөд малчнаар илгээлтээр ирж байсан. Ц.******* нь 1987 оны 10 дугаар сард цэрэгт татагдсан. Ц.******* нь тухайн нэгдэлд адуу малладаг байсан гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, шүүхээс бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг, цэргийн албан хаагчийн анкет, регитсрийн карт зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ц.******* нь 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ц.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Ц.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 734 дүгээр архивын лавлагаанд ******* ******* нь ******* сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар 1985-1989 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх хүсэлт ирүүлснээс 1985-1989 онуудад цалингийн баримтаас энэ хүнтэй холбоотой мэдээлэл гараагүй болно гэжээ.
Үүнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр зөвлөмжийн хуудсаар 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч Ц.*******д зөвлөжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу Ц.******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* *******г 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ